WEEK in BRIEF I Гадаадад байгаа монголчууд саналаа өгч эхлэн, В.Путин Зүүн Азид айлчлал хийлээ

2024 оны 06 сарын 23

Мэдээллийн ZINDAA.MN сайт өнгөрч буй долоо хоногт дэлхий нийтэд  болон дотоодод болж өнгөрсөн онцлох үйл явдлын ээлжит тоймыг хүргэж байна.


 

- МАН Г.САЙХАНБАЯРЫГ НЭР ДЭВШИГЧЭЭС ЭРГҮҮЛЭН ТАТАХ ШИЙДВЭР ГАРГАЛАА -

Өвөрхангай аймгийн Сант суманд хүний амь насыг хохироосон хэрэгт холбогдон шалгагдаж байгаа П.Отгонбаатар нь МАН-аас нэр дэвшигч Г.Сайханбаярын сонгуулийн штабтай гэрээ байгуулан ухуулагчаар ажиллаж байсан хүн юм. Иймд МАН-аас үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор нэр дэвшигч Г.Сайханбаярыг нэр дэвшигчээс эргүүлэн татах улс төрийн шийдвэрийг гаргалаа. Мөн хууль хяналтын байгууллагуудын холбогдох дүгнэлт гарах хүртэл энэ сэдвийг улс төржүүлэхгүй байхыг бусад нам болон улс төрчдөөс хүсэв.

Тэгвэл УИХ-ын сонгуулийн I тойрогт нэр дэвшигч Г.Сайханбаяр үүнийг улс төрийн захиалгат аллагад гүтгэгдэж байна гэж үзэж буйгаа илэрхийлсэн юм. Тэрбээр “Өвөрхангай аймгийн Сант суманд хүний амь эрсэдсэн явдалд, талийгаачийн ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлж байна. Цэргийн хүн, эцэг хүн, улс төрийн жудгийг бодож сонгуулийн сурталчилгаагаа зогсоогоод байна. Гэтэл АН-ын дарга Л.Гантөмөр, нэр дэвшигч нар намайг улс төрийн захиалгат аллагад гүтгэж байна. Тиймээс энэ асуудлаар би зохих газарт нь хандаж шалгуулна гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна” гэв.

Тэрбээр цаашид УИХ-ын сонгуульд өрсөлдсөн хэвээр байх бөгөөд нэр дэвшигч нас барсан эсвэл шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарсан тохиолдолд нэр дэвшигчээс татах үндэслэлтэй байдаг аж. Тиймээс хуулийн дагуу бусад үйл ажиллагаа үргэлжилнэ гэж мэдэгдлээ.

 

- ГАДААДАД БАЙГАА МОНГОЛЧУУДЫН САНАЛЫГ 23-НЫ ӨДӨР ХҮРТЭЛ АВНА -

Гадаадад байгаа иргэдийн Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураалтыг авч эхэллээ. Гадаад улсад байгаа иргэдийн саналыг 2024 оны зургаадугаар сарын 20, 21, 22, 23-ны өдрүүдэд авна. Гадаад улсад байгаа 13095 иргэн сонгуульд саналаа өгөхөөр сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгүүлсэн байна. Бүртгэлийг цахимаар зохион байгуулснаар Монгол Улсын Их Хурлын 2012 оны сонгуультай харьцуулахад санал өгөхөөр бүртгүүлсэн сонгогчийн тоо гурав дахин өссөн байна.

Сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэл нь баталгаажсан сонгогч энэ сарын 20, 21, 22, 23-ны өдрүүдэд 07:00-22:00 цагийн хооронд /орон нутгийн цагаар/ саналаа өгөхөөр бүртгүүлсэн тухайн Элчин сайдын яам, Ерөнхий консулын газар, Консулын газарт байрлах санал авах байранд гадаад паспорт эсхүл иргэний үнэмлэхтэйгээ биечлэн очиж саналаа өгнө. Гадаад улсад байгаа сонгогчид Монгол Улсын Их Хурлын 48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар буюу нам, эвсэлд саналаа өгөх юм. Сонгуулийн ерөнхий хороо саналын хуудсыг Төв комиссоор дамжуулан салбар комиссуудад хүргүүлсэн бөгөөд Дипломат төлөөлөгчийн газрууд сонгогч саналаа нууцаар, чөлөөтэй өгөх боломжийг хангасан байр бэлтгэсэн байна.

 

- Т-ARA ХАМТЛАГИЙН ДУУЧИН HYOMIN МОНГОЛД ИРЛЭЭ -

Өнгөрч буй долоо хоногт БНСУ-ын алдарт Т-Ara хамтлагийн дуучин Hyomin болон БНСУ-ын мисс Shin A Ra, инфлюүнсер Jin Ye Young нар Монголд ирсэн нь олны анхаарлыг татсан үйл явдал байлаа. Тэд хамтран ажилладаг "MAKE9" брэндийн V.I.P үйл ажиллагаанд оролцохоор манай улсад ирэв.

Энэ жил T-Ara хамтлаг байгуулагдсаны 15 жилийн ой тохиож буй. Тус хамтлагийн фэнүүд нь Монголд Hyomin-ы оролцсон үйл ажиллагаанд очихоор догдлон хүлээж байлаа. БНСУ-ын одод зорьж ирсэн арга хэмжээндээ оролцож, "MAKE9" брэндийн Монгол дахь салбар дэлгүүрт зочиллоо.

T-Ara хамтлагийн гишүүд өмнө нь 2013 онд Монгол Улсад ирж тоглолт болон клипээ хийж байсан юм. Тэд 15 жилийн ойн баяраараа ирэх есдүгээр сард Хонконгт фэнүүдтэйгээ уулзаж, баяраа тэмдэглэхээр төлөвлөжээ.

 

- СТРАТЕГИЙН ИЖ БҮРЭН ТҮНШЛЭЛ БА ПУТИН, КИМ ЖОН УНЫ УУЛЗАЛТ -

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин БНАСАУ-д айлчилж, тус улсын удирдагч Ким Жон Унтай уулзлаа. Энэ нь 24 жилийн дараа Кремлийн удирдагч БНАСАУ-д хийсэн айлчлал юм.

Бүхэлдээ Кремль, Хойд Солонгосын удирдагч нарын уулзалт цаг хагасаас илүү үргэлжилж “Москва болон БНАСАУ-ын харилцаа шинэ цэцэглэлтийн үедээ явж байна” хэмээн Ким Жон Ун тодорхойлсон байна. Тэрбээр мөн дэлхий дахинд стратегийн тэнцвэрийг дэмжих Оросын үүргийг онцолжээ. ОХУ-ын Ерөнхийлөгчийн Олон улсын асуудал хариуцсан туслах Юрий Ушаковын мэдэгдсэнээр ОХУ, БНАСАУ-ын хооронд иж бүрэн стратегийн түншлэлийн тухай хэлэлцээрт гарын үсэг зуржээ. Ийм гэрээ байгуулах шаардлага нь дэлхийн нөхцөл байдлын гүн гүнзгий хувьсалтай холбоотой гэнэ. Мөн “Сүүлийн жилүүдэд хоёр улсын харилцаанд ихээхэн өөрчлөлт гарч байгаатай холбоотойгоор шинэ гэрээг байгуулж байна. Тус баримт бичиг Зүүн хойд Ази дахь тогтвортой байдлыг хангах зорилготой” гэв.

Улс орнууд найрамдал, эв нэгдлийг бэхжүүлж чадвал аливаа түрэмгийлэл бүтэлгүйтдэгийг Орос, БНАСАУ-ын түүх нотолж байна гэж БНАСАУ-ын хэвлэлүүд бичжээ. Хоёр орон нөхөрлөл, эв нэгдлийн уламжлалыг сахин хамгаалж, түүнийг тасралтгүй бэхжүүлсээр байх аж. Олон улсын тавцанд империалистуудын түрэмгий ажиллагаа, цэргийн явуулга, албадлага урьд өмнөхөөсөө илүү хурцдаж байгаа энэ үед Орос, БНАСАУ-ын найрамдал онцгой хурдаар бэхжиж байна хэмээн тус улсын хэвлэлүүд мэдээлсэн.

 

- В.ПУТИН ВЬЕТНАМД АЙЛЧЛАЛ ХИЙЛЭЭ - 

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин БНАСАУ-д айлчилсныхаа дараа зургаадугаар сарын 19, 20-ны өдрүүдэд Вьетнамын Коммунист намын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Нгуен Фу Чонгийн урилгаар Вьетнамд айлчлав. Тэрбээр Зүүн Азийн орнуудаар хийх айлчлалынхаа хоёр дахь зогсоолоор Вьетнамын нийслэл Ханойд ирж, ОХУ энэ бүс нутагт дипломат дэмжлэг үзүүлсээр байгааг харууллаа гэж шинжээчид тайлбарлаж байна.

Вьетнам, ОХУ нь нягт холбоотой бөгөөд 1950-иад онд Хойд Вьетнамд шинэ коммунист улс байгуулахад ЗХУ-аас үзүүлсэн цэрэг, эдийн засаг, дипломатын чухал дэмжлэгээс хойш олон арван жилийн түүхтэй. Өнөөдөр Вьетнамын эдийн засаг дэлхийн зах зээлд нэгдсэнээр өөрчлөгдсөн. Орос улс худалдааны түншийн хувьд Хятад, Ази, АНУ, Европоос хол хоцорчээ. Гэвч Вьетнам улс ОХУ-д үйлдвэрлэсэн цэргийн техникийг голчлон ашигладаг хэвээр байгаа бөгөөд Өмнөд Хятадын тэнгист газрын тосны хайгуул хийхдээ Оросын нефтийн компаниудтай түншилдэг.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(103.161.242.170) 2024 оны 06 сарын 24

Сайханбаяр гэдэг энэ нөхрийг шууд татах нь зөв шүү битгий сонгуульд оролцуул

0  |  0
ZOCHIN(101.189.22.137) 2024 оны 06 сарын 22

ER N BOL OVILGOGUI HOGIIN YMNUUD L TENEGEEREE TURII BARIJ HUN HUUDUH YMDAA... BI TANIHGUI CH ENE HUN TENEGUUDIIN UMNUUS ZOLIOS BOLOH ESGUI L GEJ BODOJIINO....HARIN UURUU ARHI UULGASAN BOL SHUUDEE....BURUUTAH BHLDAA...

0  |  0
Top