WEEK in BRIEF I “Хуримтлалын сан”-г нээж, жолоочийн зөрчлийн оноог хүчингүй болголоо

2024 оны 05 сарын 12

Мэдээллийн ZINDAA.MN сайт өнгөрч буй долоо хоногт дэлхийд болон дотоодод болж өнгөрсөн онцлох үйл явдлын тоймыг хүргэж байна.


 

 - “ХУРИМТЛАЛЫН САН”-Г НЭЭЖ, ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙГ ЭХЛҮҮЛЭВ - 

“Хуримтлалын сангийн мөнгөн хөрөнгийг удирдах, арвижуулах гэрээ”-г энэ сарын 9-нд Төв банктай байгууллаа. Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан баялгийн өгөөжийг хуваарилах суурь зарчим жинхэнэ утгаараа хэрэгжиж, иргэд байгалийн баялгаас орж ирэх орлогын 34 хувиа ийнхүү бодитоор хүртэж эхэллээ.

Өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах, тэр дундаа Хуримтлалын сангийн талаар тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Энэхүү шийдвэрийн дагуу Үндэсний баялгийн сангийн тухай хуульд заасан орлого төвлөрүүлэгч этгээд буюу “Эрдэнэс Монгол” ХХК-аас нийт 500 орчим тэрбум төгрөгийг Хуримтлалын сангийн Монголбанкин дахь дансанд төвлөрүүлж, уг эх үүсвэрийг орон сууцны хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрт оруулж, хуульд заасны дагуу холбогдох гэрээ байгуулж ажиллахаар тогтсон. Энэхүү “Хуримтлалын сангийн мөнгөн хөрөнгийг удирдах, арвижуулах гэрээ”-г Монголбанктай байгууллаа.

“Хуримтлалын сан”-гаас иргэдэд ипотекийн зээл олгох үйл ажиллагааг эхлүүлж байгаа юм. Өнөөдрийн байдлаар стратегийн ордуудын 34 хувьд ногдох ногдол ашиг “Хуримтлалын сан”-д төвлөрч, Үндэсний орон сууцжуулалтын хөтөлбөр идэвхжиж, 1.2 их наяд төгрөг бүрдээд байна. Ингэснээр 10 мянган айл өрх ипотекийн зээлд хамрагдах боломж нээгдсэн юм. Өмнө нь жилд 750 орчим тэрбум төгрөг ипотекийн зээлд зарцуулж байсан, орлогын эх үүсвэр хангалтгүй байсан. Хуримтлалын нэгдсэн сангаас 500 тэрбум төгрөг нэмснээр орон сууцны ипотекийн зээлийн квот арилж, зээлийн хүртээмж нэмэгдэж, зээлийн хүсэлтээ өгч, шаардлага хангасан иргэн бүр орон сууцны зээлд хамрагдах боломж бүрдээд байна.

 

- ГЭРЧ УУЖ БАЙСАН ЭМЭЭ ЗҮРХНИЙ ЭМТЭЙ АНДУУРЧ М.БАДАРЧИД ӨГСӨН ГЭВ - 

Үндэсний спортын арбитраас допингийн маргааныг хянаж дууссан талаар баасан гарагт мэдээлэл хийлээ. Үндэсний спортын арбитрын ерөнхийлөгч Г.Батзаяа “Монгол Улсын арслан М.Бадарч мэдэгдлийн хариуг ирүүлсэн. Энэ үед шинэ нөхцөл байдал үүссэн. Энэ нь юу вэ гэхээр шинээр гэрч гарч ирсэн. Гэрчийн хүсэлтээр нэрийг нь хэлэх боломжгүй. Өргөдлийн агуулга нь “Миний бие өөрийн биений онцлогийг харгалзан үзэж, Турк улсаас биеийн эсэргүүцэл сэргээх, эстрогений тэнцвэртэй байдлыг хангах бодис агуулсан эмийг өдөрт дөрвөн удаа ууж эхэлсэн. Эм хэрэглэж байх хугацаандаа зүрхний эмтэй андуурч М.Бадарчид өгсөн байж магадгүй гэж үзэж байна. Тиймээс энэ эргэлзээтэй асуудлыг шийдэх зорилгоор өөрийн хүсэлтээр гэрчээр оролцож байна” гэв.

Тэрбээр эмнэлгийн дүгнэлт, зургуудыг хавсаргасан байлаа. Мөн “Давж заалдах комиссын шийдвэрийн дагуу талуудын хүсэлтийг хаалттай хэлэлцэх гэж байна” гэлээ.

Тэгвэл улсын арслан М.Бадарч өөрөө “Миний зүгээс хувь хүний хувьд хардалт байгаа. Тухайн үед 5-ын даваанд даваагаа наймаалцаач гээд 800 сая төгрөг санал болгосон юм. Эдгээр хүмүүсийн явуулга байж болзошгүй гэх хардлага бий. Хүний нэр дурдмааргүй байна. Илэрсэн гэх бодисын тухай би мэдэхгүй. Халуун савтай цай зэрэг ирэх тохиолдол байна. Өөрийн дэвжээний багш нар учир тэднийг хардах зүйл алга” гэсэн билээ.

 

 - ЖОЛООЧИЙН ЗӨРЧЛИЙН БҮРТГЭЛИЙН ОНОО ТООЦОХ ЖУРМЫГ ХҮЧИНГҮЙ БОЛГОЛОО - 

Монгол Улсын Засгийн газраас хүний эрх, эрх чөлөөг хязгаарласан, иргэдэд хүндрэл, чирэгдэл учруулсан, давхардал, хийдэл бий болгож буй журмуудыг судлан цэгцэлж, хоёр дахин бууруулах шийдвэр гаргасан. Энэ хүрээнд төрийн болон нутгийн захиргааны байгууллагуудад хуулиар тусгайлан эрх олгогдсон зохицуулалтад дүн шинжилгээ хийж, холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулсан юм.

Энэ ажлын хүрээнд “Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох журам”-ыг энэ сарын 6-ны өдөр хүчингүй болголоо. “Жолооны зөрчлийн бүртгэлийн оноо тооцох журам”-ыг хүчингүй болгосон шийдвэрийг 2024 оны тавдугаар сарын 10-ны өдрөөс дагаж мөрдөв. Уг журам нь хүний үндсэн эрх болсон “зорчих эрх”-ийг захиргааны акт буюу журмаар хязгаарлаж, Монгол Улсын Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Үндсэн хууль, бусад хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг гагцхүү хуулиар хязгаарлаж болно” гэж заасантай нийцэхгүй, зөрчиж байсан юм.

Дээрх журмыг хүчингүй болгосноор зөрчил гаргасан жолооч Зөрчлийн тухай хуулиар торгууль, шийтгэл хүлээгээд зогсохгүй давхар жолоочийн зөрчлийн оноо хасагдах, оноо нь дууссан тохиолдолд тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйд тооцогддог байсныг халж байна. Хууль зүй, дотоод хэргийн сайд журмаар дамжуулж, хүний эрхэд халддаг байдлыг таслан зогсоох бодлого баримталж байгаа бөгөөд өөрийн эрхлэх асуудлын хүрээнд батлагдсан 160 гаруй журмаас талыг нь буюу 80 орчмыг нь ийнхүү хүчингүй болгож байгаа юм.

 

- “ИХ ТЭНГЭР”-ЭЭС АЛДАГДСАН ЗУРГУУДЫГ Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ДҮҮГИЙНХЭЭС ХУРААН АВЧЭЭ - 

Одоогоос зургаан жилийн өмнө буюу 2018 онд Их тэнгэрийн аманд байрлуулсан уран зургуудад тооллого хийхэд 21 ширхэг уран зураг дутсан. Дээрх хэргийг цагдаагийн байгууллагаас сэргээн шалгахаар болж, шалгалтын ажиллагаа эхлүүлээд байгаа бөгөөд энэ хэрэгт холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн дүү Х.Болдбаатарын гэр болон ажлын байранд прокурорын зөвшөөрөлтэй нэгжлэгийн ажиллагаа явуулсан байна. Улмаар Х.Болдбаатарын эзэмшлийн гэх “Монгол арт” галлерейгаас 60 орчим уран зургийг хураан авчээ.

Хураагдсан уран зургуудын дунд “Монголын уран зургийн галлерей”-н тооллогоор дутсан хулгайд алдагдсан байж болзошгүй уран зураг, урлагийн бүтээлүүдийн нэрийг нь өөрчлөн, хадгалж байсан гэх мэдээлэл байна.

Энэ хэргийн талаар Цагдаагийн ерөнхий газраас тодруулахад “Х.Болдбаатарын тухайд шалгагдаж байгаа нь үнэн. Мөрдөн шалгах ажиллагаа дөнгөж эхэлж байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн юм.

 

 - ЭХ ОРНЫ ДАЙНЫ ЯЛАЛТЫН 79 ЖИЛИЙН ОЙН ЖАГСААЛ БОЛЛОО - 

ОХУ-ын Москва хотын Улаан талбайд жил бүрийн тавдугаар сарын 9-нд Ялалтын баярын парад болдог. Энэ жил Эх орны дайны ялалтын 79 жилийн ой тохиож буй. Ялалтын баярын парадыг Монгол орон даяар өргөн нэвтрүүлгийн ТВ8 телевиз шууд дамжуулан үзүүллээ.

Энэ жилийн Ялалтын баярын жагсаалд 9000 гаруй цэргийн алба хаагч, 70 нэгж цэргийн техник оролцож, Оросын нисэх хүчний уран нислэгийн үзүүлбэрээр төгслөө. Парадад мөн Украин дахь цэргийн ажиллагаанд оролцож байгаа цэргийн алба хаагчид оролцов.

ВИДЕО ҮЗЭХ: 

Одоогоос 79 жилийн өмнө 1945 оны тавдугаар сарын 9-нд фашист Герман үг дуугүй бууж өгөх гэрээнд гарын үсэг зурснаар Дэлхийн хоёрдугаар дайн Европ тивд дууссан гэж үздэг. Гитлерийн Германыг буулган авсан гэрээнд тавдугаар сарын 8-нд Европын цагаар 22:43 минутад гарын үсэг зурсан бөгөөд энэ мөчид Москвад тавдугаар сарын 9-ний 00:43 минут болж байсан тул баруунд тавдугаар сарын 8-ныг, Орос ба Зөвлөлтийн бүтцэд байсан орнууд тавдугаар сарын 9-нийг Ялалтын баярын өдөр гэж нэрлэн, 1945 оноос хойш тэмдэглэж ирсэн.

Ялалтын баярын өдөр дэлхийн олон орон, олон хотод болдог “Мөнхөд дурсагдах дайчид” жагсаал Улаанбаатар хотод ч болсон юм. Аугаа их эх орны дайны ялалтын 79 жилийн ой, Халх голын дайны ялалтын 85 жилийн ойн хүрээнд “Мөнхөд дурсагдах дайчид” хүндэтгэлийн жагсаал болж, иргэд Офицеруудын ордноос Жуковын талбай хүртэл алхаж, ЗХУ, БНМАУ-ын баатар Георгий Константинович Жуковын хөшөөнд цэцэг өргөн, Дэлхийн хоёрдугаар дайн, Халх голын дайн болон Чөлөөлөх дайнд оролцсон өвөг дээдсийнхээ гэгээн дурсгалыг хүндэтгэн хөргийг нь барин алхлаа.

Энэхүү арга хэмжээнд ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Евсиков тэргүүтэй Оросын албаныхан, монголчууд, Монголд ажиллаж, амьдардаг орос, буриад иргэд оролцсон юм.

ВИДЕО ҮЗЭХ: 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top