WEEK in BRIEF I Хуучин гишүүдээ үдэж, шинэ гишүүнд горилогчдын марафон эхэллээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2024 оны 06 сарын 08

 

Мэдээллийн ZINDAA.MN сайт өнгөрч буй долоо хоногт дэлхий нийтэд  болон дотоодод болж өнгөрсөн онцлох үйл явдлын ээлжит тоймыг хүргэж байна.


-БАЯРТАЙ 2020 ОНЫ УИХ, ТҮҮНИЙ ГИШҮҮД-

Ололт амжилттай, дуулиан шуугиантай, барцад саадтай явсаар дөрвөн жил өнгөрч, 2020 онд бүрдсэн парламентын гишүүдийн бүрэн эрх өндөрлөхөд ганцхан сарын хугацаа үлджээ.

УИХ-ын найм дахь удаагийн сонгуулиар буюу 2020 онд бүрдсэн парламент өнгөрсөн долоо хоногт сүүлийн нэгдсэн хуралдаанаа хийсэн. Сүүлийн хоёр сарын турш дараагийн сонгуульд нэр дэвшихээр тодорсон гишүүд нь уварч цуварч бүсчилсэн том тойрог руугаа “шилэрсээр” хийлгүй хийдүүлсэн ажлаа ийнхүү бөөндөж, нэг ёсондоо “халтуурдаж” байгаа хэрэг.

Дараагийн УИХ-ын гишүүд орж ирээд өмнөх гишүүд ажлаа хийлгүй тарсан гэж шүүмжилнэ гэсэндээ, бас түргэн түүхий баталсан хуулийг нь “дүү гишүүд” засчихна биз хэмээн найдсандаа тэр. МАН, АН-ын бүлгийнхэн хуралдаанаа нэг мөр өндөрлүүлэв. Байнгын хороод ч отголов. Гэм нь Хууль зүйн байнгын хамгийн сүүлийн хуралдаанаар хэлэлцэх учиртай байсан Хүний эрхийн шинжтэй чухал хууль хэлэлцэгдэж чадалгүй үлдсэн юм.

-Н.НОМТОЙБАЯР ШҮҮХЭЭР ЯЛЖ, СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРОО УНАВ-

СЕХ-оос өнгөрсөн тавдугаар сарын 29-нд шаардлага хангаагүй 154 хүнийг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалсаны дотор “Үндэсний эвсэл”-ийн тэргүүн Н.Номтойбаяр, Ардчилсан намаас нэр дэвшүүлсэн Б.Хурц, С.Баярцогт нар багтсан билээ. Улмаар тэд Сонгуулийн ерөнхий хороог захиргааны хэргийн шүүхэд өсгөн юм.

Шүүх бүрэлдэхүүн Н.Номтойбаярыг нэр дэвшигчээр бүртгээгүй нь хууль бус гэж үзэн, түүнийг нэр дэвшигчээр бүртгэхийг СЕХ-нд даалгасан.

Харин АН-аас нэр дэвшүүлсэн Б.Хурц болон С.Баярцогт нарыг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан СЕХ-ны шийдвэр нь хуульд нийцсэн гэж үзсэнээр тэд сонгуульд өрсөлдөх эрхгүй болоод байна.

-ХАР ТАМХИНЫ ХЭРГЭЭР ГУРВАН БҮЛЭГ ЭТГЭЭДИЙГ СААТУУЛЛАА-

УИХ-ын гишүүн асан Р.Бурмаагийн хүү Ц.Тэмүүлэн АНУ-аас мансуурсан үедээ лайв бичлэг хийж, хар тамхичдын тухай мэдээлсэн.

Улмаар Хар тамхитай тэмцэх газраас шалгалтын ажиллагаа явуулж гурван бүлэг этгээдийг илрүүлэн шалгаж байна. Тэдний дотор урлаг соёлынхон, олны танил эрхмүүд, тэдний хүүхдүүд багтсаны дотор "Ургац хүдэр" ХХК-ийн захирал, Тод манлай уяач Л.Цандэлэгийн хүү Ц.Тогтуун,  Wolfizm буюу Б.Гэсэр, Epoch буюу Э.Гомбосүрэн, Өвөрмонголын дуучин Хомбоо нар байгаа юм.

Мөн тус газраас өнгөрөгч тавдугаар сард Өмнөговь аймагт ажиллагаа явуулсны дүнд Монгол Улсын хилээр онц их хэмжээний хар тамхи мансууруулах бодис хууль бусаар оруулж ирсэн 9 иргэнийг илрүүлж, өнгөрөгч долоо хоногт мөн саатуулаад байна.

Эдгээр иргэд өмнө нь ял шийтгэгдэж байсан гэх бөгөөд тэд хууль бусаар оруулж ирсэн мансууруулах бодисоо тээврийн жолооч нарт худалдан борлуулдаг байсан нь тогтоогдсон юм.

-МЕКСИКИЙН ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР АНХ УДАА ЭМЭГТЭЙ ХҮН СОНГОГДОВ-

Мексикийн ерөнхийлөгчийн сонгуулийн дүнгээр эрх баригч намаас нэр дэвшигч Клаудиа Шейнбаум сонгогчдын 58.3 хувийн санал авч, тус улсын ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Мехико хотын дарга Клаудиа Шейнбаум Мексикийн түүхэн дэх анхны эмэгтэй Ерөнхийлөгч болж байгаа юм.

Мексикийн Ерөнхийлөгч Андрес Мануэл Лопез Обрадор “Өнөөдөр алдрын өдөр болж байна. Яагаад гэвэл Мексикийн ард түмэн эрх чөлөөтэй бөгөөд ардчилсан замаар Клаудиа Шейнбаумыг манай бүгд найрамдах улсын тусгаар тогтносон амьдралын 200 жилийн түүхэнд анхны эмэгтэй Ерөнхийлөгчөөр сонголоо. Энэ бахархалт, өөрчлөлтийн цаг үед амьдрах аз тохиосон бүгдэд баяр хүргэе” хэмээн X хуудсандаа бичсэн байна.

Клаудиа Шейнбаум нь Мануэл Лопез Обрадорын тэргүүлдэг эрх баригч Morena намаас нэр дэвшсэн юм.     

-НАРЕНДРА МОДИ ЭНЭТХЭГИЙН ЕРӨНХИЙ САЙДААР ГУРАВ ДАХЬ УДААГАА СОНГОГДЛОО-

Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди зургаадугаар сарын 8-нд гурав дахь удаагаа тангараг өргөж байна. Тэрбээр Энэтхэгийн анхны Ерөнхий сайд Жавахарлал Неругээс хойш анх удаа тус улсын Ерөнхий сайдын албан тушаалыг гурван бүрэн эрхийн хугацаанд хаших анхны удирдагч болж байна.

Энэтхэгийн парламентын сонгуулийн дүнгээр Модигийн тэргүүлсэн Бхаратиа Жаната нам 240 суудал авч, засгийн газар бүрдүүлэхэд 32 суудал дутсан юм.  Засгийн газар бүрдүүлэхэд Энэтхэгийн парламентын доод Лок Сабха танхимын 543 суудлаас 272 суудал авах ёстой. Түүний намын тэргүүлсэн Үндэсний ардчилсан эвсэл нийт 292 суудал авсан тул Нарендра Модид өөрийн танхимыг гурав дахь удаа бүрдүүлэх боломж олгосон юм.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(66.181.186.237) 2024 оны 06 сарын 09

altani uurahaagasa ih hemjeeni alt hulgaailsan etgedin duu hurgen dabraad mongolin ard daralah gej uslere huzada iagaal suudin genuu.

0  |  0
zochin(66.181.186.237) 2024 оны 06 сарын 09

alt hulgaald danada uslere 1a husaad sugaan bilee

0  |  0
Top