WEEK in BRIEF I Нэр дэвшигчдийг тодруулж, "Ногоон автобус"-ны хэргийг нийтээрээ хэлэлцлээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2024 оны 05 сарын 25

Мэдээллийн ZINDAA.MN сайт өнгөрч буй долоо хоногт дэлхийд болон дотоодод болж өнгөрсөн онцлох үйл явдлын тоймыг хүргэж байна.


-УЛС ТӨРИЙН НАМУУД НЭР ДЭВШИГЧДЭЭ ТОДРУУЛЛАА-

Сонгуулийн ерөнхий хорооны тогтоолын дагуу Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцуулахаар бүртгүүлсэн нам, эвслүүд УИХ-ын сонгуульд оролцох нэр дэвшигчдээ тодруулж, нэрсийг Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлсэн нь өнгөрөгч долоо хоногийн онцлох үйл явдлын нэг байлаа.

Нам эвслүүд өнгөрөгч даваа гараг буюу тавдугаар сарын 20-ны өдөр хуралдаж, 13 тойрогт өрсөлдөх 78 нэр дэвшигч, жагсаалтаар сонгогдох 48 хүнээ тодруулсан юм.

МАН-аас: МАН-ын генсек Д.Амарбаясгалан Баруун бүс буюу Говь-Алтай, Завхан, Увс, Ховдод нэр дэвшихээр болж, Зүүн бүс буюу Дорнод, Сүхбаатар, Хэнтийд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар өрсөлдөхөөр болсон юм.

Харин тус намын жагсаалтад Засгийн газар, УИХ-ын нэг ч гишүүн багтаагүй юм.

АН-аас: Н.Алтанхуяг, Ч.Лодойсамбуу, С.Баярцогт, Ч.Өнөрбаяр, Ц.Уянга, С.Эрдэнэ нарын 78 хүн тойрогт өрсөлдөхөөр болсон бол намын дарга Л.Гантөмөр жагсаалтаар сонгогдох 48 хүний нэгдүгээрт бичигдсэн байна.

-НОГООН АВТОБУСНЫ СОНСГОЛ ХОЁР ӨДӨР ҮРГЭЛЖИЛСЭН Ч ҮР ДҮНД ХҮРСЭНГҮЙ-

-УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнээр ахлуулсан УИХ-ын Хянан шалгах түр хороо Нийслэлийн нийтийн тээврийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, парк шинэчлэх шаардлагын дагуу 2023 онд худалдан авсан автобусны худалдан авах ажиллагааны талаарх сонсгол хоёр өдөр үргэлжиллээ.

Шинжээч нарын зүгээс  “Тэнүүн огоо” компанийн Вьетнам улсаас оруулж ирсэн 100 ширхэг дунд оврын багтаамжтай автобуснаас 99 нь стандартын шаардлага хангаагүй. Ингэхдээ 94 автобус нь гэрлээрээ тэнцээгүй бол 71 автобус нь утааны үзүүлэлтээр тэнцээгүй гэдгийг хэлж байв.

Мөн найман автобус тормозны үзүүлэлтээр тэнцээгүй юм байна. “Тэнүүн огоо” компанийн захиалгаар дээрх автобусыг Монгол Улс руу оруулж ирсэн тээвэр зуучийн компани нь “Хуучин автобусыг тээвэрлэн оруулж ирж байна” гэдэг албан бичгийг хүргүүлж байжээ. Гэвч гаалийн байгууллага дээрх автобусыг хилээр нэвтрүүлэхдээ “Шинэ” гэж үзэн, хилээр нэвтрүүлсэн байх юм.

Вьетнам улсад угсарсан хуучин автобусыг ийнхүү шинэ хэмээн бичиг баримт бүрдүүлэн оруулж ирснээр 5.6 тэрбум төгрөгийн гаалийн татвараас чөлөөлөгдсөн байна.

Нийтийн тээврийн парк шинэчлэлт хийж, автобус шинээр худалдан авахтай холбогдуулж, нийслэлд 15 хүний бүрэлдэхүүнтэй Ажлын хэсэг байгуулжээ. Гэвч энэхүү ажлын хэсэгт багтсан дарга болоод гишүүд нь энэхүү сонсголд гэрчээр оролцохдоо “Тэнүүн огоо” компанийн автобусыг шалгаад тэнцэхгүй байна” гэдэг асуудлыг нийслэлийн удирдлага болоод Нийслэлийн Тээврийн газрын дарга С.Жавхлантбаатарт мэдэгдсэн ч есдүгээр сарын 1-нээс өмнө автобуснуудыг оруулж ирсэн байх ёстой. Энэ ажлыг саадгүй үргэлжлүүлж байж санхүүжилт авах боломжтой гэдгийг тайлбарыг өгсөн гэж мэдүүлжээ. Тэр ч байтугай Ажлын хэсэгт багтсан гишүүд автобусыг үзээгүй хэр нь “Хүлээн авч болно” гээд гарын үсэг зуржээ. Нийслэлийн тээврийн газрын дарга асан С.Жавхланбаатар “Засгийн газраас чиглэл өгсний дагуу автобусыг хүлээн авсан. Дээрээс  автобусыг хурдан оруулж ирэх ёстой гэж үүрэгдэж байсан. Хэрэв энэ ажил саатвал санхүүжилт авах боломжгүй болох байсан” гэдэг тайлбарыг өгсөн юм.

Харин уг хэргийн хамгийн гол зохион байгуулагч гэгдэж буй Д.Сумъяабазарыг сонсголын хоёрдахь өдөр гэрчээр дуудсан ч ирээгүй юм.

-ИРАНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ ОНГОЦНЫ ОСЛООР АМЬ ҮРЭГДЛЭЭ-

Ираны Ерөнхийлөгч агсан Эбрахим Раиси, гадаад хэргийн сайд агсан Хосейн Амир Абдоллахиан болон бусад албаны хүмүүсийг тээвэрлэж явсан нисдэг тэрэг өнгөрсөн ням гарагт Ираны баруун хойд нутгийн Верзеган бүсэд осолдсон билээ. Тэд Азербайжанд болсон "Гыз Галасы" далангийн нээлтэд оролцоод, буцаж байжээ.
Ираны Ерөнхийлөгч Эбрахим Раисиг тавдугаар сарын 23-нд төрсөн хот болох Мешхедэд нь оршуулав.

Ираны тэргүүн дэд ерөнхийлөгч Мохаммад Мохбер тус улсын Үндсэн хуульд заасны дагуу нисдэг тэрэгний ослоор амь үрэгдсэн Ерөнхийлөгч Эбрахим Раисигийн үүргийг түр орлон гүйцэтгэхээр болсон юм.

Ерөнхийлөгчийн нөхөн сонгуулийг энэ оны зургаадугаар сарын 28-нд хийнэ.

-ТАЙВАНИЙН ЗАСАГ ЗАХИРГААНЫ ТЭРГҮҮН ҮҮРЭГТ АЖИЛДАА ОРОВ-

Тайванийн засаг захиргааны тэргүүнээр сонгогдсон Лай Чин-тэ тангараг өргөж, үүрэгт ажилдаа албан ёсоор орлоо.

Тэрбээр хэлсэн үгэндээ эх газрын Хятадад хандан Тайванийн улс төр, цэргийн заналхийллээ зогсоох, дэлхий дахиныг шинэ дайны айдсаас ангижруулахыг уриалжээ. Түүний хэлснээр, Тайванийн ирээдүй Тайванийн ард иргэд төдийгүй дэлхий дахинд чухал ач холбогдолтой. Хятад улс нь бодит байдалтай нүүр тулж, Тайванийн ард иргэдийн сонголтыг хүндэтгэн, мөргөлдөөнөөс яриа хэлэлцээг сонгож, тэгш эрх, харилцан хүндэтгэх зарчмыг баримтлан Тайванийн ард иргэдийн сонгосон засгийн газартай хамтран ажиллана гэдэгт найдаж буйгаа илэрхийлжээ. 

Тэрбээр “Эх газрын Хятад Тайванийн эсрэг хүч хэрэглэхээс татгалзахаас нааш бид Хятадын байр суурийг хүлээн зөвшөөрч, тусгаар байдлаасаа татгалзсан ч гэсэн Тайванийг нэгтгэх гэсэн Хятадын санаархал алга болохгүй гэдгийг ойлгох учиртай” гэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top