Улс төрийн хүрээнд өрнөсөн долоо хоногийн үйл явдлуудыг “Өглөөний сонин” тоймлон хүргэдэг. Тэгвэл өнгөрөгч долоо хоногт улс төрийн хүрээнд ямар үйл явдлууд олны анхааралд байсныг эргэн сануулъя.
МАН: ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХОРИГИЙГ ХҮЛЭЭЖ АВАХГҮЙ ГЭВ
Ерөнхийлөгч Х.Баттулга Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хүн амын орлогын албан татварын тухай хууль болон эдгээрийг дагалдаж батлагдсан хуулиудад бүхэлд нь хориг тавиад байсан. Эрх баригч намын бүлэг өнгөрөгч даваа гараг /2019.05.20/ өдөр хуралдан Төрийн тэргүүний хоригийг хүлээж авахгүй боломжгүй гэж, 100 хувь санал нэгдсэн талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдэгдсэн. Харин Төсвийн байнгын хороо хуралдах үеэрээ Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэхийг хойшлуулсан юм. Өнгөрөгч баасан гаригийн чуулганы нэгдсэн хуралдаанаар мөн хоригийг УИХ хүлээж авахаас татгалзлаа.
Мөн өдрийн бүлгийн хуралдаанаар УИХ дахь МАН-ын бүлгээс УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Ш.Раднаасэд нарыг буруугүй гэж үзэн, мэдэгдэл гаргалаа. Учир нь МАН-ын Хяналтын ерөнхий хорооноос Оюу толгойн гэрээг шалгасан ажлын хэсгийн дүгнэлтийг “Рио Тинто”-д өгсө Д.Дамба-Очир, Эрүүгийн хуулийн 1.10.2-т оруулсан хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой саналыг УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд оруулсан хэмээн “буруутгаж” таван жил намаас улс төрийн дэмжлэг авах эрхийг хязгаарлаад байсан юм.
* * *
ХҮСЭЛТ ГАРГАСАН ХҮҮХЭД БҮРТ ХҮҮХДИЙН МӨНГӨ ОЛГОНО
Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн хурал /2019.05.21/ Төрийн ордонд болох үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг хүсэлт гаргасан хүүхэд бүрт энэ оны зургадугаар сарын 1-нээс олгож эхлэхийг холбогдох хүмүүст даалгалаа. Түүнчлэн Хүүхдийн зуслангуудын хууль бус хувьчлал, зуслангийн эзэмшлийн газарт газар олгосон шийдвэрийг эргэж харах шаардлагатай гээд “Найрамдал” зуслангийн эзэмшлийн өмчийн газрыг хууль бусаар өмчилснийг судлан тогтоож, буцаан олгох, хууль бус шийдвэрийг судлах ажлыг зохион байгуулж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг БОАЖЯ болон нийслэлийн удирдлагуудад үүрэг болгосон юм. Олон улсын хүүхдийн “Найрамдал” зуслан анх 5220 га газартай байсан бол одоо 1200 га газар үлдээд байгаа аж.
* * *
АН: НЭГ САРЫН ТУРШ ЖАГСААЛ ЗОХИОН БАЙГУУЛНА ГЭВ
Ардчилсан намын дарга С.Эрдэнэ /2019.05.22/ Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханыг болон Засгийн газрыг огцрохыг шаардаж, бүх нийтийн эсэргүүцлийн жагсаал нэг сарын турш зохион байгуулах замаар тэмцлийн хурц хэлбэрт шилжих тухайгаа мэдэгдэв. Мах, бензин болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсч байгаа талаар өмнө нь шаардлага тавьсан ч хангалттай ажиллахгүй байна гэж үзжээ. Мөн 10 сая ам.долларын авлигатай холбогдсон сайдын асуудал дарагдаагүй байхад 1.2 сая еврогийн авлига авсан хэргийн асуудал гарч ирснийг онцоллоо.
* * *
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: ХӨГЖЛИЙН БАНКНЫ ЗӨРЧЛИЙГ АТГ-Т ШАЛГУУЛНА
Монгол Улсын Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын дүнг /2019.05.22/ ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ танилцуулсан. Хөгжлийн банкны санхүүжүүлсэн төслүүдээс эргэн төлөлт авч чадаагүй томоохон төслүүдийг дурдвал “Хөтөл” ХХК-ийн 161.5 тэрбум төгрөгийн зээл эргэн төлөгдөөгүй мөн “Мон лаа” ХХК 5.6 тэрбум төгрөг, “ТОСК” ТӨҮГ 355.5 тэрбум төгрөг, “МАК цемент” ХХК 166.5 тэрбум төгрөг, “Кью Эс Си” ХХК 187.6 тэрбум төгрөг, “Бэрэн” групп 102.4 тэрбум төгрөг, “Эрэл” ХХК 99.5 тэрбум төгрөгийн зээлээ эргэн төлөөгүй байгаа гэдгийг онцолж байлаа. Түүний хэлснээр Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр, Аж үйлдвэрийн сайд асан Д.Эрдэнэбат, Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Шинэбаатар, Гүйцэтгэх захирал, Н.Мөнхбат, Хөгжлийн банкны холбогдох ажилтан, албан тушаалтнууд зээлдэгчид давуу байдал олгосон байж болзошгүй гэсэн зөрчил шалгалтаар илэрсэн. “Кью Эс Си” ХХК, болон “Хөтөл” ХХК нь нэг эзэнтэй байна гэдгийг хэллээ. Тиймээс шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдлыг шалгуулахаар АТГ-т шилжүүлнэ. Засгийн газрын зүгээс Хөгжлийн банк арилжааны банктай өрсөлдөхгүйгээр мега төслүүдийг санхүүжүүлэх ёстой гэж үзэн 20 тэрбум төгрөгөөс доош зээл олгохыг хориглох нь зүйтэй гэж үзсэн байна.
* * *
Ч.ХҮРЭЛБААТАР: “ЭРДЭНЭТ” ҮЙЛДВЭРТ ХИЙСЭН ШАЛГАЛТААР 2.2 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ЗӨРЧИЛ ИЛЭРСЭН
Засгийн газрын /2019.05.22/ хуралдаанаар “Эрдэнэт” үйлдвэрт 2016-2019 он хүртэлх хугацааны үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүнг хуулийн байгууллагад шилжүүлэхээр шийдвэрлэсэн. Шалгалтаар нийтдээ 20 төрлийн 2.2 их наяд төгрөгийн 39 зөрчил илэрсэн болохыг онцолж байлаа.
Компанийн аливаа мөнгөн гүйлгээг мөнгөн дүнгээр нь хуваан олон хүнд хариуцуулсан нь санхүүгийн сахилга батыг бүрэн алдагдуулсан үйлдэл гэв. Ашиг сонирхлын хэд хэдэн зөрчил байна. Дарханы хар төмөрлөгийн үйлдвэр, Хөтөлийн цемент, шохойн үйлдвэрүүд “Эрдэнэт” үйлдвэртэй гэрээ хийгээд урьдчилгаа байдлаар 103.6 тэрбум төгрөг авсан. 2019 оны дөрөвдүгээр сарын 1-ний байдлаар энэ хоёр аж ахуйн нэгжээс “Эрдэнэт” үйлдвэр 16.7 тэрбум төгрөгийн авлагатай байна. Үүнээс гадна 2016.11.03-ны өдөр 1.2 сая тонн зэсийн баяжмалыг Монголын зэс корпорациар дамжуулан худалдах гэрээ хийжээ.
* * *
Ц.НЯМДОРЖ: Х.НЯМБААТАР АА, ЧИНИЙ ТОДРОХ ГЭСЭН ӨВЧИН АМИНД ЧИНЬ Ч ХҮРЧ МЭДНЭ ШҮҮ
УИХ-ын чуулганы /2019.05.23/ нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Х.Нямбаатар Эрүүгийн хууль, Зөрчлийн хууль, Хөөн хэлэлцэх хугацаатай холбоотойгоор “Хууль зүйн сайдад хандаж өнгөрсөн жил бид хууль хэрэгжээд зургаан сар болоогүй байхад Хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой зохицуулалтаа өөрчлөөч гэдэг зөвлөмжийг 450 гаруй хуульч хоёр өдөр хуралдаж байж хүргүүлсэн. Гэтэл Засгийн газраас өнөөдрийг хүртэл Хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой зохицуулалтыг өөрчлөхөөр төсөл орж ирэхгүй байна. Олон хүн ял завшиж байгаа нь тодорхой болчихлоо. Үүнд өөрчлөлт оруулах асуудлыг ярих хэрэгтэй байна. ХЗДЯ-ны хуудсан дээр Эрүүгийн болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл бэлэн болоод жилийн нүүр үзэж байна. Яагаад Засгийн газраас оруулж ирэхгүй байгаа юм бэ” хэмээн асуув. ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж “Би цогцоор нь засах төсөл оруулж ирнэ. Өөрсдөө галзуу юм хийчихээд сүүлд нь надаас асуудгаа болиорой. Б.Пүрэвдорж, Х.Нямбаатар нарын нэрийг оруулж байгаад хэлчихье. Эрүүгийн хуулийг сайн хийсэн гэцгээгээд байсан. 400 хуульч цуглаж Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах талаар ярьсан гэдэг худлаа. Х.Нямбаатар надаас гуйж байж Зөрчлийн хуулиар Хууль зүйн их сургууль дээр зөвлөгөөн хийсэн санал нь над дээр ирсэн. Түүнд Хөөн хэлэлцэх хугацаа байхгүй. Иймэрхүү юм ярьдгаа боль. Нэг асуудал гарахаар эсвэл гоморхохоороо өөрөө хийж чадаагүй, буруу хийчихсэн зүйлийнхээ эзнийг өөр тийшээ хайдгаа боль. Х.Нямбаатар аа, чиний тодрох гэсэн өвчин чинь аминд чинь ч хүрч мэднэ шүү. Одоо зогс. Юу гэж ойлгоно уу, ойлго” хэмээн хэлсэн нь олон хүний анхаарлыг татав.
* * *
Х.БАТТУЛГА: УИХ БҮРЭН ЭРХЭЭ ХЭРЭГЖҮҮЛЭХ БОЛОМЖГҮЙ БОЛСОН ТУЛ ХУГАЦААНААСАА ӨМНӨ ТАРАХЫГ УРИАЛЖ БАЙНА
УИХ-ын чуулганы /2019.05.23/ нэгдсэн хуралдааны үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ыг тарахыг шаардаж үг хэллээ. Ерөнхийлөгч Х.Баттулга “Миний бие 2018.10.29-ны өдөр УИХ бүрэн эрхээ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон тул өөрөө тарах шийдвэр гаргахыг УИХ-д санал болгосон билээ. Тухайн үед УИХ-ын даргын алба хашиж байсан М.Энхболд уг саналыг УИХ-аар хэлэлцүүлэх боломжийг хаасан шийдвэр гаргаж надтай санал нийлэхгүй байгаагаа бичгээр илэрхийлэн өнгөрөөж байв. Үүнээс хойш хагас жил өнгөрөөд байхад УИХ-ын ёс зүй, шударга ёсны байдал дээрдсэнгүй. Үйл ажиллагаа нь сайжрахгүй улам дордож, иргэд сонгогчдын итгэлийг бүрэн алдахад хүрээд байна. Тиймээс УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон тул хугацаанаасаа өмнө тарах асуудлыг хэлэлцэн тогтоол гаргахыг та бүхэнд дахин санал болгож, уриалж байна” гэлээ. Ерөнхийлөгч үргэлжлүүлэн “Та бүхнийг улс төрийн эр зориг гарган үндэсний эрх ашгийг дээдлэн УИХ-ыг өөрөө тарах шийдвэрт хүрэхийг дахин уриалж байна. Та бүхэн зоригловоос Монголын төр өөрийгөө ариусган цэвэршүүлэх чадвартай болохыг монголчуудад төдийгүй дэлхий нийтэд харуулах буянт үйлс болох нь дамжиггүй” гэсэн юм.
* * *
НӨХӨН СОНГУУЛЬД НЭР ДЭВШИГЧИД ТОДОРЧ ЭХЭЛЛЭЭ
Хэнтий аймгийн Ардчилсан намын хороо /2019.05.24/ хуралдаж, УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд Ж.Оюунбаатрыг дэвшүүлэхээр болжээ. Намын хорооноос гарсан эл шийдвэрийг Ардчилсан намд хүргүүлж, Үндэсний бодлогын хорооны хуралдаанаар хэлэлцэн баталж өгөхийг хүсчээ. Ардчилсан намын шинэчилсэн Дүрмийн хүрээнд намын анхан, дунд шатны гишүүдийн саналаар тодорсон нэр дэвшигчийг хэлэлцэн батлах дүрэмтэй. Өөрөөр хэлбэл, Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны хуралдаанаар Ж.Оюунбаатарыг батламжлах юм. Харин Ардчилсан намын ҮБХ тавдугаар сарын 27-ны өдөр хуралдах юм байна.
Тэгвэл эл өдөр МАХН-аас намын дарга Н.Энхбаярыг 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд нэр дэвшүүлэх нь зүйтэй гэж үзэн 91.67 хувийн саналаар дэмжжээ. Санал хураалтад нийт 111 гишүүн оролцсон юм байна. Эрх баригч МАН маргааш Бага хурлаасаа нэр дэвшигчээ тодруулна.
Сэтгэгдэл ( 0 )