УИХ-ын хаврын ээлжит чуулганы нээлт болсон энэ долоо хоногийн өдөр бүхэн улс төрийн үйл явдлаар дүүрэн байлаа. “Стандарт” банканд төлөх “Эрдэнэт” үйлдвэрийн өрийг тэглэсэн явдал энэ долоо хоногийн гол дуулиан байв. Мөн Засгийн газар төрийн албан хаагч мөрийтэй тоглоом /казино/ тогловол албан тушаалаас буулгах тухай шийдвэр гаргасан нь олны талархлыг хүлээлээ. Түүнчлэн хууль, хяналтын байгууллагын шинэчлэлийн үйл явц үргэлжилж Улсын Ерөнхий прокуророор Б.Жаргалсайханыг томилов. Төрийн ордонд эдгээр үйл явц өрнөж байхад төв талбайд Гэр хороолол хөдөлгөөнийхөн гэр хорооллын иргэдийн амьдрах орчныг сайжруулахыг шаардаж, машинтай жагсагчид зээлийн хүүг хоёр дахин бууруулахыг уриалж, оюутнууд төлбөр нэмэхийг эсэргүүцэж, Ардчилсан намынхан УИХ-ыг тарахыг шаардан жагслаа. Ингээд ZINDAA.MN сайт өнгөрч буй энэ долоо хоногт болж өнгөрсөн улс төрийн онцлох зарим үйл явдлыг тоймлон хүргэж байна.
УИХ-ын 2019 оны хаврын ээлжит чуулган НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд заасны дагуу УИХ-ын хаврын ээлжит чуулган 2019.04.05-нд нээлтээ хийлээ. Энэ удаагийн чуулган иргэд, олон нийтийн хүсэн хүлээсэн, нийгмийн онцгой анхаарлыг татсан олон асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх гэж байгаагаараа онцлогтой.
Хаврын чуулганыг нээж УИХ-ын дарга Г.Занданшатарын хэлсэн үгэндээ “УИХ-ын гишүүд бид ард түмнийхээ төлөөлүүлж олгосон эрхийн томилолтоор төрийг түшиж яваа учир төрийн ёс зүй, сахилга, хариуцлага бүхнээс дээгүүр байх учиртай. Иймд тендер, концесс, хөрөнгө оруулалт, бизнес зээл зэрэг хувийн ашиг сонирхлын зөрчилтэй аливаа асуудалд оролцохыг хориглосон УИХ-ын гишүүний ёс зүй сахилга хариуцлагын дүрмийг боловсруулж УИХ-аар хэлэлцүүлэхийг Ёс зүйн хороонд чиглэл болгож байна” гэсэн юм. Тэрбээр үргэлжлүүлэн “Ард иргэдийн санал шүүмжлэл, төр, нийгмийн ахмад зүтгэлтнүүдээс Улсын Их Хуралд ирүүлсэн зөвлөгөө анхааруулгыг нэгтгэж үзвэл 1-рт Шүүх засаглалаа цэгцлэх, 2-рт Улсын Их Хурлын нэр хүнд унасныг засах шинэчлэл хийх, 3-рт Засгийн газар улсаа хөгжүүлж, иргэдийнхээ амьжиргааг өөд татахад чиглэсэн бодитой, үр дүнтэй, томоохон ажил хийх шаардлагатай байна гэсэн 3 үндсэн дүгнэлт гарч байна. Тиймээс хаврын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлын цар хүрээ өргөн, хуулиар зайлшгүй хэлэлцэн батлах ёстой асуудал олон байгаа тул Улсын Их Хурал ачаалал ихтэй, шахуу хуваарьтай ажиллах болно” гэсэн юм.
***
Төрийн албан хаагч казино тогловол албан тушаалаас нь буулгана
Энэ долоо хоногийн Засгийн газрын /2019.04.03/ хуралдаанаар Засгийн газрын 2019 оны 33 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн бүх шатны албан тушаалтны ёс зүйн дүрэмд өөрчлөлт оруулж дотоод, гадаадад мөрийтэй тоглоом /казино/ тоглохгүй байх заалтыг нэмж оруулах шийдвэр гаргалаа.
Аливаа улс төрийн болон төрийн албан хаагч олон нийтийн сайн сайхны төлөө өөрийн сайн дурын үндсэн дээр тангараг өргөж ажилладаг. Энэ нь Үндсэн хуульд заасан зарим заалтаас сайн дураараа татгалзах нөхцөлийг бүрдүүлдэг болохыг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ хэллээ. Тэрбээр “ОХУ, БНХАУ, Япон, Герман зэрэг улсад төрийн албан хаагчдыг казино тоглохыг хориглодог. Энэ төрлийн үйл ажиллагааг таслан зогсооход олон нийтийн хяналт чухал. Хэрэв удирдах албан тушаалтан казино тоглосон нь илэрвэл албан тушаалаас нь буулгах хүртэл арга хэмжээ авна. Шаардлагатай бол энэ дүрмийг хууль болгон УИХ-д өргөн барина” гэсэн юм.
***
“Онц их хуралдай” жагсаалд 40 мянган хүн оролцсон гэв
Өнгөрөгч долоо хоногт төв талбайд Гэр хороолол хөдөлгөөнийхөн гэр хорооллын иргэдийн амьдрах орчныг сайжруулахыг шаардаж, машинтай жагсагчид зээлийн хүүг хоёр дахин бууруулахыг уриалж, оюутнууд төлбөр нэмэхийг эсэргүүцэж, Ардчилсан намынхан УИХ-ыг тарахыг шаардан жагссан. Эдгээр жагсаалаас АН-ын жагсаалыг онцлоё.
Ардчилсан намаас баасан гарагт /2019.04.05/ Д.Сүхбаатарын талбайд “Онц их хуралдай” эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж, УИХ-ыг тарахыг шаардсан шаардлагаа УИХ-ын дарга, Ерөнхий сайдад гардуулснаар өндөрлөлөө. Жагсаалд Ардчилсан нам /АН/-ын дарга С.Эрдэнэ, дэд дарга Б.Пүрэвдорж, Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан, нарийн бичгийн дарга С.Эрдэнэболд, УИХ-ын гишүүн З.Нарантуяа, БГД-ийн Засаг дарга, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн С.Одонтуяа нарын АН-ын удирдлагууд оролцсон бөгөөд 40 гаруй мянган дэмжигчид жагсаалд оролцсон болохыг зохион байгуулагчид хэлж байлаа.
АН-ын зүгээс ардчилсан хувьсгалын 30 жилийн ой, Ардчилсан нам үүсгэн байгуулагдсаны 29 жилийн ойн хүрээн ардчиллын суурь зарчимд халдсан энэ удаагийн УИХ-ыг тарахыг шаардаж энэхүү эсэргүүцлийн жагсаалаа зохион байгуулсан юм. Жагсагчид “Онц их хуралдай” эсэргүүцлийн жагсаалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч болон эрх баригчдын хууль бус үйлдэл, ШХАБ-т элсэх асуудал, ЖДҮХС-ын луйвар, 60 тэрбумын схем, төрийн эрхийг хууль бусаар гартаа оруулах оролдлого, үнийн өсөлт, татварын дарамт зэрэг сүүлийн үед нийгэм, улс төрд үүсээд буй асуудлаар байр сууриа илэрхийлж УИХ-ыг тарахыг шаардаж байв.
***
40 сая ам.доллараар “Эрдэнэт” үйлдвэрийн ӨРИЙГ ХААЛАА
“Эрдэнэт үйлдвэр” Төрийн өмчит үйлдвэрийн газар /ТӨҮГ/ “Стандарт банк”-ны нэхэмжлэлийг хангаж, арбитрын шүүхийн шийдвэрийг биелүүлж, гадаад өр төлбөрийн асуудлаа бүрэн шийдвэрлэснийг Монгол Улсын шадар сайд Ө.Энхтүвшин, "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын ерөнхий захирал Х.Бадамсүрэн нар зарлалаа.
“Жаст групп” ХХК-ийн зээлд баталгаа гаргасан гэх үндэслэлээр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь “Стандарт банк”-нд үндсэн зээл, зээлийн хүү, шүүхийн зардал, сар тутам өсөн нэмэгдэх хүү гээд нийт 117 сая ам.долларын өрийг төлөх шийдвэрийг Лондонгийн Олон Улсын Арбитрын шүүх анх 2013 онд гаргасан байдаг. Иймд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ зуучлагч компанийн оролцоотойгоор багагүй хугацаанд үр дүнтэй хэлцэл хийсний дүнд талууд нэхэмжлэлийг гурав дахин бууруулж, харилцан тохиролцоонд хүрч, "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ нь Эрсдэлийн сангаасаа “Стандарт банк”-нд 40 сая ам.долларын төлбөрийг төлснөөр хэргийг эцэслэн шийдвэрлэж “Стандарт банк”-нд өр төлбөргүй болсон байна. Эрсдэлийн сангаас гаргасан мөнгөн хөрөнгийг Арбитрын шүүхэд маргаан гаргахад хүргэсэн гэм буруутай этгээдүүдээр төлж барагдуулах асуудлыг цаашид дотооддоо шүүхээр шийдвэрлүүлэх юм.
“Хэрвээ Арбитрын шүүхээс гаргасан шийдвэрийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ үл биелүүлж, нэхэмжлэлийг хангаагүй бол олон эрсдэл үүсэх байв. Тухайлбал гадны харилцагч байгууллагуудаас “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т төлөх төлбөрийн гүйлгээг царцаах, Арбитрын шүүхийн шийдвэрийг манай улсын хилийн гадна хэрэгжүүлэх, зэсийн баяжмалыг барьцаалах тус үйлдвэрийн эрх бүхий албан тушаалтнуудын олон улсад зорчих эрхийг хязгаарлах, "Стандарт банк" нэхэмжлэх эрхээ гуравдагч этгээдэд худалдаалах зэрэг эрсдэлт нөхцөл үүсээд байсан бол төлбөрийг барагдуулснаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь гадаад өр төлбөргүй боллоо” гэж Шадар сайд Ө.Энхтүвшин хэллээ.
***
Ерөнхий сайд Монгол цэргийн нэгдсэн холбооны тэргүүнээр сонгогдлоо
Төрийн ордонд /2019.04.04/ Монгол цэргийн нэгдсэн холбооны анхдугаар Их хурал болж, холбооны тэргүүнээрээ Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг сонгов. Холбооны Их хуралд УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, УИХ-ын гишүүн асан Р.Амаржаргал нарын улстөрчдөөс гадна цэрэг, цагдаагийн дарга нар, ахмад алба хаагч зэрэг 950 хүн оролцсон юм.
Монгол цэргийн нэгдсэн холбооны бүтэц зохион байгуулалтын хувьд тэргүүн болон Удирдах зөвлөлийн 31 гишүүн, Хяналтын зөвлөлийн таван гишүүнтэй байх аж. Холбооныхоо ээлжит Их хурлыг зургаан жилд нэг удаа, ээлжит бус хурлыг холбооны тэргүүний шийдвэрээр хуралдуулж байхаар тогтжээ. Холбооны зорилго нь залуу үед эх оронч үзлийг төлөвшүүлэн бодлого, үзэл баримтлалыг боловсронгуй болгох, түүнийг хэрэгжүүлэх арга замыг тодорхойлох чиглэлээр Монгол Улсын төр, иргэний нийгмийн байгууллагатай хамтарч ажиллан, дэмжлэг үзүүлэх гэж тодорхойлов.
***
Улсын ЕРӨНХИЙ ПРОКУРОРООР Б.Жаргалсайханыг томилов
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар гишүүдийн 94.6 хувийн саналаар Б.Жаргалсайханыг Улсын Ерөнхий прокуророор томилохыг дэмжлээ.
30 гаруй жил прокурорын байгууллагад ажилласан Б.Жаргалсайхан чуулганы үеэр УИХ-ын гишүүдэд хандан "Миний хувьд эрүүдэн шүүсэн асуудалд мэдээлэл бага байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслийн хэмжээнд л мэдээлэлтэй байна. Ер нь энэ баримтыг нотлох баримтын хэмжээнд авч үзэж, буулгах хэрэгтэй. Хэрэв үндэслэлтэй гэж үзвэл Улсын Дээд шүүхэд дүгнэлт бичнэ. Гэхдээ одоохондоо хэргийн материалтай танилцаагүй байна. Хэрэв Улсын Ерөнхий прокуророор томилогдвол хэргийн материалтай танилцах эрхтэй болох байх. Үнэхээр ил болгох зүйл байвал ил болгоно" хэмээн байр сууриа илэрхийлсэн.
Б.ЖАРГАЛСАЙХАНЫ НАМТАР:
1988-1990 онд Өвөрхангай аймгийн, Прокурорын Газарт хяналтын прокурор,
1990-1996 Тээврийн Прокурорын Газарт тээврийн прокурор,
1996-2000 онд Өвөрхангай аймгийн Прокурорын Газарт прокурор,
2009-2011 онд Улсын Ерөнхий Прокурорын Газарт хяналтын прокурор,
2011-2014 онд Тээврийн Прокурорын Газар тээврийн прокурор,
2014-2015 онд Улсын Ерөнхий Прокурорын Газарт хэлтсийн дарга,
01.07-2017.07.01 ХБАХТХэлтсийн дарга,
2017-2018 онд Улсын Ерөнхий прокурорын туслах, Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга, хууль цаазын тэргүүн зөвлөхөөр ажиллаж байна.
***
АН: С.Зориг агсны захиалагчийг зарлахыг Ц.Нямдорж сайдаас шаардлаа
УИХ дахь АН-ын бүлгээс /2019.04.05/ төрийн гурван өндөрлөгт шаардлага хүргүүлж байгаагаа мэдэгдсэн. Тэрхүү шаардлагад:
Энэ хаврын чуулганы хугацаанд эрхбаригчдаас удаах асуудлуудыг нэн яаралтай шийдвэрлэж, үлдэж буй бүрэн эрхийн хугацаандаа ард түмний өмнө амласан амлалтаа өчүүхэн ч гэсэн хэрэгжүүлэхийг шаардаж байна.
1. Жирийн ЖДҮ эрхлэгчдийн боломжийг зохион байгуулалттайгаар хулгайлж, албан тушаалаа урвуулан ашиглаж, хууль зөрчин концессын гэрээ байгуулж, татвар төлөгчдийн мөнгийг шамшигдуулагчдад хариуцлага тооцох.
2. Хувийн өмчийг дээдлэх, хуулийг сахин биелүүлэх зарчмаас эрх баригчид алхам алхмаар ухарч, эдийн засгийн тулгын чулуу болох Эрдэнэт, Оюутолгой, Тавантолгойн уурхайнуудыг улстөржүүлэн завхруулж, Монголын ирээдүйг ангал руу түлхэж буй үйлдлээ зогсоож, ард иргэдэд хохиролгүй шийдвэрлэх.
3. Төрийн бодлого хэрэгжих Засгийн газрын яам агентлаг, төрийн бусад байгууллагуудад улс төржилт хэрээс хэтэрч, архидалт, авлига хавтгайрч, аллага хүртэл гардаг байдлын хариуцлагыг эзэнгүйжүүлж буй Засгийн газрыг огцрохыг бид удаа дараа шаардах болно.
4. Хууль хүчний байгууллагын удирдлагуудыг солих, шинэчлэн томилохыг Ардчилсан нам дэмжиж байгаа ч гагцхүү Үндсэн хуулийн хүрээнд хийхийг шаардаж байна. Хуулийн хүрээнд хийсэн бүхэн шинэчлэл, өөрчлөлтийн зам руу явдаг учир зөвхөн нэг хүний эрх мэдлийн хүрээг тодорхойлж, дарангуйлал тогтоох эрмэлзлэлийг бид таслан зогсоох ёстой.
5. Удаа дараа олон жил хуульзүйн сайдаар ажилласан Ц.Нямдорж өөрийнхөө хариуцсан салбарын буруу бүхнийг бусад руу тохож, С.Зориг агсаны хэргийг захиалагч эзнийг зарлахгүйгээр замхруулан, займчуулах гэж байгаа үйлдлийг Ардчилсан нам чимээгүй өнгөрөөж чадахгүй. Хуульзүйн сайдаас захиалагч эзнийг нь шударгаар зарлаж, хэлмэгдүүлдэг, эрүүддэг, олон жил үргэлжилсэн үйлдлийн хаагуур нь өнгөрсөн юм бэ гэдэгт тайлбар нэхэж байна.
6. Ардчилсан үндсэн хуулиар олгогдсон төлөөлөх эрхийг хууль бусаар эдэлж, хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулах чадамжгүй болж, барьцаалагдсан УИХ өөрөө тарах ёстой гэдэг Ардчилсан намын гишүүдийн байр суурь хэвээр байна. Бидний шаардлага байр суурийг дэмжиж, дуу хоолойгоо нэгтгэж хамтран тэмцэхийг нийт иргэддээ уриалж байна гэжээ.
***
УИХ-ын гишүүд ялалт байгуулахын тулд ДАЛД ХАНДИВ авдгаа хүлээн зөвшөөрчээ
“Шилэн нам” авлигын эсрэг түншлэлээс МАН, МАХН, АН гэсэн улс төрийн намын санхүүжилтийн ил тод байдал, авлигын эрсдэлийн үнэлгээг нь тооцоолж үзжээ. Гэтэл судалгааны үр дүн тэдний хүлээж байснаас өөр гарсан байна.
Энэ талаар судалгааны багийн ахлагч, доктор Э.Гэрэлт-Од “Бид үндсэндээ улс төрийн намын санхүүжилтийн ил тод байдлыг дөрвөн хэлбэрээр судалсан. Улс төрийн намуудын тайлагнах тогтолцоо, мэдээллийн тогтолцоо, хяналтын тогтолцоо, хариуцлагын тогтолцооны хүрээнд судалгаагаа явууллаа. Өөрөөр хэлбэл, судалгааны анхны зорилго бол нам, эвслийн санхүүжилт ил тод байгаа эсэх, ардчилсан нээлттэй байна уу, иргэдийн оролцоог хэр хангаж байна, намынхаа гишүүдэд хуулиар тогтоосон үүргээ биелүүлж чадаж байна уу зэрэг асуултад хариулт хайсан. Гэхдээ судалгаанаас бидний хүсч байснаас тэс өөр үр дүн гарсан” хэмээн өнөөдөр /2019.04.03/ болсон хэвлэлийн бага хурлынхаа үеэр ярилаа.
Түүнчлэн "УИХ-ын гишүүд сонгуульд ялалт байгуулахын тулд далд хандив авдаг гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Жишээ нь, хэдхэн хоногийн өмнө “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцсон нэгэн УИХ-ын гишүүн “Манай компани улс төрийн намд хоёр тэрбум төгрөг хандивласан” гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Энэ бол ардчилсан нийгэмд байж болохгүй. Энэ бол ил болж байгаа нь. Харин ил болоогүй маш их санхүүжилт байдаг” хэмээн онцолсон юм.
Сэтгэгдэл ( 0 )