Улс төрийн үйл явдлын хувьд өнгөрч байгаа долоо хоног “буцлам” байлаа. Нам жим байсан Төрийн ордон ээлжит бус чуулган нээлтээ хийснээр хөдөлгөөнд орж, шахуу хөтөлбөртэйгөөр хуралдаж, цаг үеийн тулгамдсан хуулийн төслүүдийг баталлаа. Мөн Засгийн газрын түвшинд С.Зориг агсны хэргийг эргэн харж, тус хэрэгт холбогдогчдыг эрүүдэн шүүсэн болохыг тогтоогоод байна. Түүнчлэн Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаяр прокурор Е.Сагсайг шүүгдэгч, яллагдагч нарын эхнэртэй бэлгийн харьцаанд ордог болохыг зарласан нь халуун сэдэв байлаа.
Өнгөрөгч долоо хоногийн халуун сэдвүүдэд мөн Сангийн сайд асан С.Баярцогтын оффшор дансны дуулиан нэрлэгдэж байна. УИХ-ын сул гишүүдээр нэрлэгдээд байгаа Ж.Батзандан, Л.Болд нар ч анхаарлын төвд байлаа. Тэд долоо хоногийн эхний өдөр “УИХ-д суудалтай шинэ нам” байгуулах болсноо зарласан нь улс төрийн үйл явдлыг “буцлам” болгосон юм. Ингээд энэ долоо хоногт болж өнгөрсөн улс төрийн онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна.
УИХ-ын ЭЭЛЖИТ БУС чуулган нээлтээ хийлээ
УИХ-ын ээлжит бус чуулган 2019.03.18-наас 03.29-ны өдрүүдэд хуралдах товтойгоор даваа гарагийн өглөө нээлтээ хийсэн. Цаг үеийн тулгамдсан олон асуудал байгаа тул ээлжит чуулган ачаалалтай ажиллахыг УИХ-ын дарга Г.Занданшатар нээлтийн үеэр анхааруулж байлаа. Тэрбээр УИХ-ын ээлжит бус чуулганыг нээж хэлсэн үгэндээ “Улстөрчид хариуцлагагүй, эв нэгдэлгүй ажиллаж байгаагаас улс орон ядуурал, өрийн дарамтад нэрвэгдэж байна. Хагаралдан тэмцэлдэхдээ улс орон уруудан доройтож байсан түүхийг санаж эх орныхоо ирээдүйн төлөө эв нэгдлийг эрхэмлэн нэгдмэл цул байж Монгол Улсын хөгжлийн төлөө хүчээ нэгтгэн ажиллахыг цаг үе биднээс шаардаж байна” хэмээгээд ээлжит бус чуулганаар гурван чиглэлээр хүчээ нэгтгэж ажиллахыг УИХ-ын гишүүдэд уриалав.
1. Парламентат ёсыг бэхжүүлэх, хариуцлагыг эрхэмлэж, ёс зүйг дээдлэх нь УИХ-ын эрхэм зорилго. Тиймээс парламентын шинэчлэлийг зоримог хийж, түүнийгээ тууштай хэрэгжүүлэх нь ард түмний захиалга болж байна. Энэ хүрээнд УИХ-ын болон чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмж оруулсан гишүүдийн сахилга хариуцлагатай холбоотой заалтуудыг хэрэгжүүлж ажиллах нь чухал байна.
2. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар парламентын засаглалыг төгөлдөржүүлж, шүүх эрх мэдлийг хараат бус байдлыг хангах боломж энэ УИХ-д байгаа. Тиймээс Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсэг 11 удаа хуралдаж, эрдэмтдийн саналыг сонслоо. Энэ удаагийн УИХ Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хаврын чуулганаар хэлэлцэн баталж, түүхэн үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэж байна.
3. Төр иргэний харилцааны хариуцлагын гүүр бол парламент. Парламентын хяналтын чиг үүрэг доголдсоноор нийгэмд эргэлзээ төрүүлсэн олон асуудал хуримтлагдлаа. Тиймээс хуулийн хэрэгжилтийг хангах талаар УИХ анхаарч ажиллах болно гэсэн юм.
Ж.Батзандан, Л.Болд нар УИХ-д суудалтай НАМ БАЙГУУЛНА
УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар УИХ-д суудалтай шинэ нам байгуулахаар шийдвэрлэснээ /2019.03.18/ албан ёсоор зарлалаа. УИХ-ын гишүүн Л.Болд энэ талаар мэдээлэхдээ “АН-аас Үндсэн хууль зөрчиж УИХ-ын гишүүдийг намаас хөөсөн. Үүний улмаас миний бие АН-ын удирдлагуудад сануулга өгч намаас гарсан. Гэсэн ч АН-ын удирдлагууд алдаагаа засах гэж оролдсонгүй. Ингэснээр УИХ дахь АН-ын бүлэг эрх зүйн чадамжгүй болсон. Энэ явдлын дараагаар Ж.Батзандан гишүүн бид хоёр сонгогчидтойгоо уулзахад сонгогчид маань 100 хувийн саналаар ард түмний сонголтыг үгүйсгэсэн АН-ын үйлдлийг буруутгаж байсан. Тиймээс бид шинэ ардчилсан, шинэ хөгжлийн төлөөх намыг байгуулж ажиллах болно. Бид Монголын хамгийн зөв бодлогуудыг хэрэгжүүлэх болно. Манай намын бодлого бол ард түмэн төрийн эрх мэдэл, ирээдүйнхээ эзэн байх болно. Шинэ цаг үе, шинэ Монголын, эрх чөлөөтэй Монгол хүний нам байх болно” гэсэн юм.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан "Монголыг хамгаалах улс төрийн хүчин Монголд хэрэгтэй байна. Монголд шударга ёсыг тогтоож чадах цоо шинэ хүчнийг Монголын ард түмэн үгүйлж байна. Тиймээс шударга ёс, хуульч ёсны төлөөх намыг байгуулж байна. Нам үүсгэн байгуулах их хурлыг ойрын хугацаанд хуулийн хүрээнд зохион байгуулах болно. Их хурлаар намын нэр, дүрэм, үзэл баримтлалыг баталж, Улсын дээд шүүхэд бүртгүүлэх болно" гэв.
ДЭЛГЭРЭНГҮЙГ МЭДЭЭЛЛИЙГ ЭНДЭЭС ҮЗНЭ ҮҮ!
С.Баярцогтын оффшор данс эргэн анхаарлын төвд оров
Швейцарын холбооны Улсад ажлын айлчлал хийсэн УИХ-ын дарга Г.Занданшатарыг дагалдан явсан УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан твиттер хуудсаараа дамжуулан /2019.03.15/ “Швейцарийн Холбооны Улсын “Credit Suisse AG” банкин дахь С.Баярцогтын оффшор дансны хуулгыг тээж очно” гэж мэдэгдэн, дараа нь "Швейцарийн Холбооны Улсаас "Credit Suisse AG" банк дахь С.Баярцогтын ам.долларын 3, еврогийн 2, нийт 5 дансны 2008.09.30-2013.12.31 хугацааны гүйлгээний дэлгэрэнгүй хуулгыг Монголын талд хүлээлгэж өгснийг авч ирлээ. ГХЯ-аар дамжиж АТГ-т хүргэгдэж байна" хэмээн жиргэсэн.
Уг мэдээллээ баталгаажуулж УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан "Энэ мэдээллийн дараа үгүйсгэж, гуйвуулсан зүйл их явж байна. Ялангуяа асуудлын талаар ямар ч ойлголтгүй, оролцоогүй, үүрэггүй, хийсэн ажилгүй хүмүүс ташаа мэдээлэл гаргаж байна. Швейцарийн талаас Монголын талд иргэн С.Баярцогтын оффшор хөрөнгө нийт таван дансаар орж, гарсан гүйлгээний баримтыг хүлээлгэж өгсөн. Энэ мэдээллийг айлчлалын бүрэлдэхүүн авч ирсэн. Энэхүү мэдээлэл нь журмынхаа дагуу Гадаад харилцааны яамаар дамжиж, АТГ-т хүргэгдэж байгаа” хэмээсэн.
Харин Сангийн сайд асан С.Баярцогт оффшор дансны асуудалд өөрийн тайлбарыг хийхдээ “Т.Аюурсайхан гишүүний баатарлаг үйлсийг товчхон тайлбарлахад миний ойлгосноор дипломат шууданг тухайн улсын Элчин сайдын консулын газар бүх дипломат шуудангаа боож лацдаад дипломат паспорттой хүнээр өгч явуулдаг. Швейцарийн холбооны улсын прокурорын байгууллагаас ирүүлсэн болохоос ямар нэгэн банк хэзээ ч материал өгөхгүй. Зөвхөн тухайн дансны эзэмшигчийн хүсэлтээр материал гаргаж өгнө. Нөгөө талдаа тухайн орны прокурорын байгууллагын хүсэлтээр материал гаргаж өгдөг. Т.Аюурсайхан гишүүн дипломат шуудан авч ирж байхдаа нэгдүгээрт, задалж уншсан. Хоёрдугаарт, дипломат шуудан өгсөн хүн нь энэ дотор С.Баярцогттой холбоотой дансны хуулга материалууд байгаа гэж тайлбарласан болов уу гэж бодож байгаа юм.
Би нэгдүгээр сарын 11-нд АТГ-т гэрчийн мэдүүлэг өгөхдөө “Швейцарийн холбооны улсаас ирүүлэх гэж байгаа материалыг надад манай өмгөөлөгчөөр дамжуулан ирүүлсэн. Та нарт байгаа юу” гэсэн чинь “Байхгүй” гэсэн. АТГ-ынхан “Та үүнийгээ өгч болох уу” гэхээр нь “Болно. Миний ярьсан зүйлийг баталгаажуулж байгаа учраас энэ бүгдийг өгье” гээд өөрт байсан 700 гаруй хуудас бүх материалаа өгсөн.
2018 оны арванхоёрдугаар сарын 17-нд Швейцарийн холбооны улсын прокурорын байгууллагаас дансны бүх хуулга болон, банкны хоёр менежерийн мэдүүлгийг Монгол Улс руу явуулахаар болсон. Нийт 700 гаруй хуудас материал гэсэн үг. Үүнийг би нэгдүгээр сард АТГ-т сайн дураараа гаргаж өгсөн юм. Албажаад УИХ-ын даргын айлчлалын үеэр ирсэн юм шиг байна лээ. Би 2018 оны долугаар сарын 11-нд өмгөөлөгч хөлсөлсөн. Энэ хэрэг дээр эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэхийн тулд 2017 оны аравдугаар сарын 16-нд Швейцарийн холбооны улсын прокурор хэрэг нээсэн байгаа юм. Наашаа явуулсан материалуудаа “Ийм ийм материалууд явууллаа шүү” гээд үзүүлсэн байгаа юм. Швейцарийн тал ямар ч материалыг шууд хүсэлт тавьсан улс төрч, шударга тэмцэгч байсан өгөхгүй. Ямар хүмүүст өгөх вэ гэхээр тодорхой хууль хүчний байгууллагууд эрүүгийн хэрэг үүсгэж шалгаад шүүхээр оруулж байгаад өгдөг. Энэ бүх процесс жил гаруй үргэлжилсэн. Энэ хугацаанд АТГ, прокурорын байгууллага Швейцарийн талтай хамтарч ажилласан байх гэж бодож байна. Би АТГ-т гар утсаа барьж ороод “Миний өмгөөлөгчөөс 49 мэйл ирсэн. Энэ хэрэгтэй холбоотой материалууд энэ байна” гээд үзүүлсэн. АТГ хоёр сар хагасын өмнө надаас энэ материалуудыг авсан гэсэн үг.
Би өөрт байгаа материалуудаа гаргаж өгсөн ч манайхан итгэхгүй байсан. Дээрээс нь Швейцарийн холбооны улсаас ирсэн материалыг гаргаж өгсөн. Албан ёсоор АТГ, прокурорт ирээгүй учраас мэдээллүүд нь гарахгүй байсан юм. Азаар Т.Аюурсайхан гишүүн авч ирсэн юм шиг байна. Үүнд нь баяртай байгаа” гэлээ.
Сангийн сайд асан С.Баярцогтын хэлснээр АТГ-т байгаа материал Швейцариас ирсэн материалтай бүрэн нийцэж байгаа ба оффшортой холбоотой хэрэг удахгүй бүрэн дүүрэн шийдэгдэж, хаагдана гэсэн юм.
ДЭЛГЭРЭНГҮЙГ МЭДЭЭЛЛИЙГ ЭНДЭЭС ҮЗНЭ ҮҮ!
С.Зоригийн хэрэгт холбогдогч Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүснийг тогтоов
Өнгөрөгч долоо хоногийн халуун сэдвүүдийн нэг С.Зориг агсны хэрэг байв. С.Зоригийн хэрэгт анхаарч ажиллах талаар өнгөрөгч даваа гарагт /2018.03.18/ УИХ-ын ээлжит бус чуулганыг нээж хэлсэн үгэндээ УИХ-ын дарга Г.Занданшатар онцолсон. Тэрбээр “С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр олон нийт төдийгүй хохирогчийн ар гэрт ихээхэн эргэлзээ төрүүлж, Олон улсын парламентын холбоо /ОУПХ/-ны удирдах зөвлөлөөс хүртэл шийдвэр гарган, УИХ-д ирүүлсэн. Сая Швейцарьт хийсэн айлчлалын үеэр ОУПХ-ны төлөөлөл албан ёсоор уулзаж, гаргасан шийдвэрийнхээ хэрэгжилтийн асуудлыг хөндөж тавьсан. ОУПХ-ноос С.Зоригийн хэргийн асуудлаар хамтарч ажиллах санал тавьсныг хүлээж авах нь зүйтэй гэж үзэж байна” хэмээн мэдэгдсэн.
Үргэлжлүүлэн Засгийн газрын хуралдаанаар С.Зоригийн хэргийг авч хэлэлцсэн юм. Энэ талаар ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж тайлбарлахдаа “С.Зоригийн амь насанд халдсантай холбогдуулж эрүүдэн шүүх ажиллагаа явагдсан. 1937 оны бүх аргыг хэрэглэсэн. Энэ асуудлыг Аюулгүйн зөвлөл сонсох байх. Мөрдөн байцаалт явагдаж байгаа. Хоёр тагнуулын ажилтан цагдан хоригдсон. Шийдвэр гүйцэтгэлд тагнуулаас тавигдан, энэ бүх ажиллагааг зохион байгуулахад гар бие оролцсон бас нэг хүн хоригдсон. Би сайдын ажлаа буцааж авангуут нэг хүн халсан байх аа. Тагнуулын хүн яахаараа Шийдвэр гүйцэтгэлд хурандаа болчихоод ирж удирддаг юм гээд явуулсан. Яг энэ хүн шалгагдаж байгаа. Шалгалт цааш үргэлжилнэ.
Монгол Улсын ХЗДХ-ийн сайдын хувьд би гэм зэмгүй хүн хийгээгүй хэрэгт хилсээр шийтгүүлж, хүйтэн камерт яаж амьдардгийг нь үзье гэж би тэр хоёр ялтантай уулзсан. 20-25 жилийн ялтай. Шоронд ийм ялтай хүн тэсдэггүй. Ялангуяа ганцаарын чангад. Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эмнэлэгт хэвтүүлсэн. Миний чадаж байгаа зүйл тэр. Цаашдаа эмнэлэгт байлгаж байгаад гаргана гэж бодож байгаа.
Би Монгол Улсын ХЗДХ-ийн сайдын хувьд Т.Чимгээ, Б.Содномдаржаагийн ар гэрийнхнээс уучлалт гуйж байна. Би амьдралдаа уучлалт гуйж үзээгүй хүн. Одоо гуйж байна. Аймшигтай аргууд хэрэглэсэн. 1937 он сэргэснийг би нүдээрээ үзлээ. Би энэ хэрэг дээр тултал нь явна. Дахиж Монголын хуульчид хэзээ ч хүнийг харгис хэрцгий аргаар эрүүдэн шүүж, яргалдаг явдлыг гаргахгүйн тулд ситемийн шинжтэй өөрчлөлт хийх хэрэгтэй нь харагдаж байна” хэмээсэн билээ.
Түүнчлэн Засгийн газар ээлжит бус /2019.03.22/ хуралдаан зарлан С.Зориг агсны амь насаа алдсан хэрэгтэй холбоотой асуудлыг авч хэлэлцсэн юм. Шадар сайд Ө.Энхтүвшингийн хэлснээр "Засгийн газар энэ хэрэгт шийдвэр гаргахгүй. Хууль хяналтын байгууллага шийдэх ёстой. Гэхдээ энэ ажил олон жилийн туршид яаж явж ирсэн талаар тодруулсан. Эрүүдэн шүүсэн асуудлын тухайд бичлэг үзэхийг одоохондоо прокурор зөвшөөрөхгүй байгаа юм байна. Үнэхээр эрүүдэн шүүж, хэргийг хилсээр хүлээлгэсэн бол энэ хамгийн ноцтой асуудал. Тэр бичлэгийг ил болгох нь зүйтэй гэдэг дээр Засгийн газрын гишүүд санал нийлж, бичлэгийг үзэхээр тогтсон" гэсэн юм.
Н.Энхбаяр: Е.Сагсай прокурор намайг "САГСАЙДАЖ" ялласан
МАХН-ын дарга Н.Энхбаяр, нийслэлийн МАХН-ын дарга Э.Эрдэнэжамъяан нар /2019.03.21/ мэдээлэл хийж прокурор Е.Сагсайг бэлгийн дарамт үзүүлдэг болохыг зарласан. МАХН-ын дарга Н.Энхбаяр "Прокурорын байгууллагын Ё.Сагсайн тухай миний ярьсан бол үнэн. Хүмүүсийн хувь заяагаар тоглож, намайг "Сагсайдаж" ялсан хүн. Тэр хүний бичлэг байгаа" хэмээсэн бол Нийслэлийн МАХН-ын дарга Э.Эрдэнэжамъяан "Бидэнд нэг ч удаа худал ярьсан зүйл байхгүй. Зөвхөн бид мэдээд байгаа юм биш, хүмүүст өчнөөн баримт байгаа” хэмээгээд прокурор Е.Сагсай шүүгдэгч, яллагдагч нарын эхнэртэй бэлгийн харьцаанд ордог байсан гэх бичлэгийг олон нийтэд дэлгэлээ.
ДЭЛГЭРЭНГҮЙГ МЭДЭЭЛЛИЙГ ЭНДЭЭС ҮЗНЭ ҮҮ!
“Эрдэнэт үйлдвэр”-ийг төрийн өмчит үйлдвэрийн газар болгов
Засгийн газрын энэ долоо хоногийн хуралдаанаар “Эрдэнэт үйлдвэр” хязгаарлагдмал хариуцлагатай компанийг төрийн өмчит үйлдвэрийн газар болгон өөрчилж, дүрмийг нь баталлаа. Үйлдвэрийн газар нь өөрт олгогдсон эд хөрөнгийн үндсэн дээр өөрийгөө санхүүжүүлэх зарчмаар ажиллана. Мөн “Монголросцветмет” компанийг төрийн өмчит үйлдвэрийн газар болгон өөрчилж, дүрмийг нь батлав.
Түүнчлэн Засгийн газраас Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Захирагчийн ажлын албаны бүтэц, орон тооны хязгаарыг батлав. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч нь Хөгжлийн бодлого, Хүний хөгжил, нийгмийн бодлого хариуцсан хоёр орлогчтой байна. Мөн Хот байгуулалт, Инноваци, технологи, Агаар, орчны бохирдол, Зам, тээвэр хариуцсан төсөл, хөтөлбөрийн удирдагчдыг Засаг даргын орлогчтой дүйцэх түвшинд ажиллуулах юм. Харьяа 33 агентлагийн хоёрыг нэгтгэн, хоёрыг нэмж 34 агентлагтай байхаар тогтлоо.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын орон тоог 129 хүртэл, Захирагчийн ажлын албыг 55 хүртэл, БЗД, СХД тус бүрт 68 хүртэл, БГД, СБД, ХУД, Чингэлтэй дүүрэгт тус бүр 59 хүртэл, Багануур, Налайх дүүрэгт тус бүр 39 хүртэл /Захирагчийн ажлын албатай/, Багахангай дүүрэгт 25 /нормативаар ажиллах орон тоо орохгүй/ хүртэл байхаар тогтоов.
Оюутолгойд хийсэн шалтгалтын тайланг ҮАБЗ-д хүргүүллээ
УИХ-ын даргын захирамжаар Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж, санал дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг 2018 оны гуравдугаар сард байгуулж, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва ахлан ажилласан билээ. Ажлын хэсэг тайлангаа Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гурван гишүүн буюу Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт өнөөдөр /2019.03.22/ хүргүүллээ.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд УИХ-ын 12 гишүүн, төр, засгийн холбогдох байгууллагын ажилтнууд, улс төрийн 4 нам, 10 гаруй төрийн бус байгууллага, эвсэл хөдөлгөөн болон салбарын мэргэжилтнүүд, эрдэмтэн судлаачид багтан ажилласан байна.
АЖЛЫН ХЭСГИЙН САНАЛ, ДҮГНЭЛТ:
1. Хөрөнгө оруулалтын гэрээ, Нэмэлт өөрчлөлт оруулж дахин тодотгосон хувь нийлүүлэгчдийн гэрээ, Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө (Дубайн гэрээ) нь Монгол Улсын хууль тогтоомжид нийцсэн эсэх, эдгээр гэрээ болон холбогдох бусад гэрээний зүйл, заалтууд хоорондоо уялдаж байгаа эсэх;
2. Анхны хөрөнгө оруулалтын хэмжээ, хөрөнгө оруулалтын өөрчлөлтүүд, өөрчлөгдөх болсон үндэслэл, шалтгаан, өөрчлөгдсөнөөр Монгол Улсад үүсэх өр төлбөр, үр өгөөж;
3. Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө (Дубайн гэрээ)-ний дагуу гэрээнд орсон нэмэлт өөрчлөлт, үүнээс шалтгаалан Монгол Улсад оногдох ногдол ашиг, эзэмших хувь хэмжээнд үзүүлж буй сөрөг нөлөөлөл;
4. Төсөлд оруулсан хөрөнгө оруулалтын зарцуулалт, санхүүжилт авахаар Олон улсын банк, санхүүгийн байгууллагуудтай байгуулсан зээлийн болон барьцааны гэрээгээр Монгол Улсын шууд болон шууд бусаар хүлээх хариуцлага, эерэг, сөрөг талууд;
5. Төслийн Монгол Улсын нийгэм, эдийн засагт үзүүлж буй бодит нөлөөлөл;
6. “Оюу Толгой” ХХК-иас Монгол Улсад төлсөн нийт татварын хэмжээ, төлбөр, хураамжаар оруулсан мөнгөн орлого, зарлагын төлөвлөгөө, гүйцэтгэл;
7. “Оюу Толгой” ХХК-д ажиллагсдын тоо, тэдгээрийн цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэл төлөлт ба хөдөлмөрийн харилцаа, туслан гүйцэтгэгч, ханган нийлүүлэгч байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн тоо, тэдний төлсөн нийгмийн даатгалын шимтгэл гэсэн үндсэн чиглэлээр гаргасан байна.
ЗХЖШ-ын даргаар А.Ганбатыг томиллоо
УИХ-ын ээлжит бус чуулганаар /2019.03.22/ Зэвсэгт хүчний Жанжин штаб /ЗХЖШ/-ын даргаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс зөвшилцөхөөр өргөн мэдүүлсэн хошууч генерал А.Ганбатыг томилохыг дэмжлээ.
Хошууч генерал А.Ганбат нь Ардын армийн 019 дүгээр ангид сургуулийн салаан захирагч, БХЯ-ны долдугаар хэлтэс, ЗХЖШ-ын нэгдүгээр газарт офицер, Ардын цэргийн 126 дугаар нэгтгэлийн штабын даргын нэгдүгээр орлогч, оперативын тасгийн дарга, Зэвсэгт хүчний 131 дүгээр ангийн штабын дарга, захирагчийн нэгдүгээр орлогч, ЗХЕШ-ын Хэмжил зүй, техник хяналтын албанд улсын байцаагч, хэмжил зүйч, БХЯ-ны Стратегийн судалгааны хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, ЗХЕШ-ын Цэргийн удирдлага, стратегийн төлөвлөлтийн газрын орлогч дарга, хэлтсийн дарга, ЗХЖШ-ын сургалт, зохион байгуулалт эрхэлсэн орлогч дарга, ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, Цэргийн удирдлага, стратегийн төлөвлөлтийн газрын дарга, ЗХЖШ-ын тэргүүн дэд дарга, Ерөнхий зориулалтын цэргийн командлагч, Улаанбаатар Цэргийн хүрээний даргаар тус тус ажилласан ба 2005 онд хошууч генерал цол хүртжээ.
УИХ-аас дэмжсэн тул Монгол Улсын Ерөнхийлөгч хошууч генерал А.Ганбатыг ЗХЖШ-ын даргаар томилох зарлиг /2019.03.22/ гаргаснаар А.Ганбат ЗХЖШ-ын даргын үүрэгт ажлаа хүлээн авлаа.
Тендерийн хуульд 22 дахь удаагаа НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ оруулав
УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн 8 асуудлын эхэнд Тендерийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл байсан. Тендерийн тухай хууль буюу Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүдийн 86 хувь нь дэмжсэн.
Тендерийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газар 2018.05.11-ний өдөр, УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир нарын гишүүд 2018.06.08-ны өдөр өргөн мэдүүлснийг ийнхүү нэгтгэн хэлэлцсэн юм.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг 2005.12.01-ний өдөр баталж, 2006.02.01-ний өдрөөс эхлэн дагаж мөрджээ. Үүнээс хойш уг хуульд 21 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан хэдий ч хуультай холбоотой төрийн байгууллага, хувийн хэвшлийн дунд үл ойлголцол гарч, хууль шүүхийн байгууллагад хандсаар байна гэж төсөл санаачлагчид хэлж байлаа.
Одоогийн хуульд хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг «хамгийн сайн» үнэлэгдсэн тендер гэж үзнэ гэж заасантай холбоотойгоор тендерт ялсан этгээд чанар муутай, насгүй гүйцэтгэлийг хүлээлгэн өгч байна. Иймд чанар гэсэн ойлголтыг тендер үнэлэх гол шалгуур болгохыг зорьжээ.
Мөн сонгон шалгаруулалтыг өөрсдийн шалгуураар явуулж, авилга, хээл хахууль, албан тушаалаа урвуулан ашиглах, ашиг сонирхлын зөрчил үүсгэх, тэгш эрхтэйгээр өрсөлдөх боломжийг хязгаарласан, чанаргүй бараа, ажил, үйлчилгээг дэмжих нөхцөлийг таслан зогсоохын тулд “Монгол Улсын Хөгжлийн банкны үйл ажиллагаатай холбогдсон бараа, ажил, үйлчилгээ худалдан авахтай холбоотой харилцааг энэ хуулиар зохицуулахгүй” гэж заасныг хүчингүй болгохоор тусгажээ.
Тендер шалгаруулалт нь танил талаа харсан, давуу эрх олгосон хаалттай байдлаар шийдэгдсэн гэсэн сөрөг хардлагыг нийгэмд төрүүлсээр ирлээ. Үүнийг шийдвэрлэх зорилгоор худалдан авах ажиллагааны цахим системийг нэвтрүүлэх зохицуулалтуудыг нэмсэн байна.
Монгол Улсын гарал үүсэлтэй бараа, бүтээгдэхүүн нийлүүлэх болон хог хаягдал дахин боловсруулсан бараа нийлүүлэх, орон нутагт үйлдвэрлэсэн бараа, материал, үзүүлж байгаа үйлчилгээг хамгийн их ашигласан тендер ирүүлсэн этгээд буюу дотоодын үйлдвэрлэгчдийг дэмжих нь зүйтэй гэж үзжээ.
Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгыг баталлаа
Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын ээлжит бус чуулганаар баталсан. Хуулийн төслийг холбогдох байнгын хороогоор хэлэлцэх үеэр дараах асуудлаар санал нэгдсэн байна.
1. Төслийн анхны хэлэлцүүлгийн үед өөрчлөхөөр дэмжигдсэн төслийн 4 дүгээр бүлгийн нэрийг “Татвараас зайлсхийхийн эсрэг ерөнхий дүрэм” гэж тодотгон хуулийн төсөлд тайлбар оруулах нь зүйтэй гэж үзжээ.
2. Маргаан таслах зөвлөлөөс болон шүүхээс татвар төлөгчийн нөхөн ногдуулалтын актад гаргасан гомдол, нэхэмжлэлийг татвар төлөгчийн талд эерэгээс эцэслэн шийдвэрлэсэн тохиолдолд энэ хуулийн 46.3-т заасны дагуу урьдчилан төлсөн татварын дүнгээс татвар төлөгчид буцаан олгох асуудлыг зохицуулсан заалтыг илүү тодорхой болгож найруулах нь зүйтэй гэж үзсэн байна.
3. Өртэй татвар төлөгчийн хөрөнгийг битүүмжлэх гэснийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нийцүүлэн томьёолохыг дэмжжээ.
4. Сумын татварын ажилтныг томилохдоо аймгийн татварын албаны дарга тухай шатны Засаг даргатай зөвшилцөн томилох нь зүйтэй гэж гишүүд үзсэн байна.
Дээрх асуудлаас гадна татвар төлөх хугацааны хөнгөлөлт эдлэхэд хөнгөлөгдөх татварын өрийн дүнг алдагдал болон хохирлын хэмжээгээр хязгаарлах зохицуулалтыг төсөлд туссаныг хасч, хугацааны хөнгөлөлт эдэлсэн тохиолдолд татварын алба хөрөнгийг битүүмжилсэн актыг хүчингүй болгох нь зүйтэй гэж Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх үзсэн байна.
Түүнчлэн татварын өртэй гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг татварын өрөө төлж дуустал улсын хилээр нэвтрүүлэхгүй байхаар эрх бүхий байгууллагад татварын алба хандах эрхтэй байхаар төслийн холбогдох заалтыг өөрчлөн найруулах нь зүйтэй хэмээн үзжээ.
Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дээрх саналуудыг дэмжсэн бөгөөд олонхын дэмжлэг авсан өөрчлөлтүүдийг тусган Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцэслэн баталлаа.
Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиуд 2020.01.01-нээс хэрэгжиж эхлэх юм.
ААН-ын болон Хувь хүний орлогын албан татварын хуулийн шинэчилсэн найруулгыг батлав
УИХ-ын ээлжит бус чуулганаар /2019.03.22/ Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.
Төсвийн байнгын хорооны хуралдаанаар төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх үеэр алслагдсан бүс нутагт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг дэмжихдээ нийслэл Улаанбаатар хотоос 500 км алслагдсан бол 50 хувиар, 1000 км алслагдсан бол 90 хувиар албан татварын хөнгөлөлт үзүүлэхээр холбогдох заалтыг өөрчлөн найруулжээ. Тэжээл, тэжээлийн ургамал, эрчимжсэн тахианы аж ахуйд үйлдвэрлэсэн мах, махан бүтээгдэхүүнд албан татварын хөнгөлөлт үзүүлэх болон найруулгын шинжтэй засвар өөрчлөлтийг нэмж тусгасан байна.
Дээрх саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжин Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулга болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг баталлаа.
Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг нэгдсэн хуралдаанаар явуулах үед ажлын хэсэг болон УИХ-ын нэр бүхий гишүүдээс гаргасан нийслэл Улаанбаатар хотоос алслагдсан аймаг, суманд оршин суудаг, тухайн орон нутагт бүртгэлтэй Монгол Улсын иргэн албан татвар төлөгчийн үйл ажиллагааны орлогод ногдох татварыг хөнгөлөх саналыг Байнгын хорооны эцсийн хэлэлцүүлгийн үед дахин хэлэлцэх чиглэлийг хуралдаан даргалагчаас өгсөн билээ. Түүний дагуу Төсвийн байнгын хорооны хуралдаанаар дээрх хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх үеэр УИХ-ын гишүүн С.Бямбацогт албан татварын хөнгөлөлтийн хэмжээг Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуулийн төсөлд тусгагдсантай адилтган 50, 90 хувиар хөнгөлөх гэсэн санал гаргасан байна. Дээрх саналыг нэмж тусгахыг Төсвийн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм.
Сэтгэгдэл ( 4 )
Баярцогт яахаараа 700 хуудас материал бэлтгэсэн байлаг билээ Эртнээс нууж байсан хөрөнгө хамгаалах зүйл бэлтгэж байсан бна
Sagsai chn harahaas hyatad hun bn shdee.3 ueiin tuuhiig harj ajild avch bmaar um.erloizjud bol mgl huniig hairlahguiee.
МИ ОВОГТ ЭРДЭНЭБАТ БЯМБАЦОГТ САЙДУУДТАЙГАА ДЭНДҮҮ ИХ БОХИР ДАРЖ БАЙЖЭЭ.
Иймэрхүү ”халуун” сэдвээр төрд ажиллаж байгаа томчуудын үүх түүх сөхөгдөж байгаа нь дараагийн хүмүүст сургамж болох байх. Жирийн иргэн болон төрийн томчуудын хэрэг нь хуулийн өмнө адил тэгш байх л хамгийн чухал.