ЭНЭ ДОЛОО ХОНОГТ: Улс төрийн онцлох 7 сэдэв

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 11

Энэ долоо хоногт Монголын улс төрд ахмадын тэтгэврийг төрөөс нэг удаа тэглэх асуудал гол сэдэв байв. ҮАБЗ-ийн зөвлөмжийн дагуу даваа гарагт Засгийн газар хуралдаж, хуулийн төслийг УИХ-д өргөн барих шийдвэр гаргаснаас хойш энэ сэдэв өдөр бүр олны анхаарлын төвд байлаа. Түүнчлэн айсуй сонгуулийг угтсан үйл явдлууд болон хууль эрхзүйн орчинд томоохон шийдвэрүүд өнгөрч буй долоо хоногт гарсныг бид онцолж байна. Ингээд энэ долоо хоногт болж өнгөрсөн ОНЦЛОХ ДОЛООН үйл явдлыг тоймлон хүргэж байна.


ЧУУЛГАНЫ ТАНХИМ: Ахмадын тэтгэврийн зээлийг тэглэх хуулийг БАТАЛЛАА

УИХ-ын чуулганы баасан гараг /2020.01.10/-ийн нэгдсэн хуралдаанаар Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, 81.8 хувийн саналаар баталлаа.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийг хэрэгжүүлэх хүрээнд Засгийн газраас өргөн барьсан хуулийн төсөлд тэтгэвэр барьцаалсан зээлийн үлдэгдлийг төрөөс нэг удаа төлөх дээд хэмжээг зургаан сая төгрөгөөр тогтоох, тэтгэвэр барьцаалсан зээл аваагүй иргэдэд нэг сая төгрөгийн үнэт цаасыг эзэмшүүлэх, тэтгэвэр барьцаалсан зээлийг цаашид зургаа хүртэл сарын хугацаатайгаар, жилд нэг удаа авах тухай тусгасан юм. Тухайлбал,

1. Зургаан сая төгрөг хүртэлх тэтгэврийн зээлтэй иргэдийн зээлийг тэглэнэ.

2. Тэтгэврийн зээлгүй 194 мянган ахмадад нэг сая төгрөгийн үнэ бүхий үнэт цаас олгоно.

3. Нэг сая төгрөг хүртэлх тэтгэврийн зээлтэй иргэдийн мөнгөн дүнгийн зөрүүг үнэт цаас хэлбэрээр олгоно.

4. Жилд нэг удаа тэтгэврийн зээлийг зургаан сарын хугацаатай олгоно.

Нийгмийн даатгалын сангаас 2019 оны арванхоёрдугаар сарын байдлаар 421.1 мянган иргэн тэтгэвэр авч байна. Улсын хэмжээнд дундаж тэтгэвэр 376.9 мянган төгрөг байгаа бөгөөд тэтгэвэр авагчдын 53.8 хувь нь тэтгэврийн доод хэмжээ буюу 270-370 мянган төгрөг авч байгаа аж. 2019 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар тэтгэвэр авагчдын 54.5 хувь буюу 229.4 мянган хүн 763.3 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байгаа юм. Тэд арилжааны банкнаас өрх гэрийн санхүүгийн хэрэгцээг хангах, хүүхдийн сургалтын зардлыг санхүүжүүлэх, бусад зээлийн өр, хүү төлбөрийг төлөх зэрэг зорилгоор зээл авчээ.

* * *

НАМ, ХӨДӨЛГӨӨН: МАН нэр дэвшигчдэд МӨНГӨ бус ЁС ЗҮЙН шаардлага тавина

Дөрвөн жилийн давтамжтай болдог УИХ-ын ээлжит сонгууль болоход хагас жилийн хугацаа л үлдлээ. Хэдийгээр өнөөгийн парламент Сонгуулийн тухай хуулийг баталж, айдгаа авдартаа хийсэн ч "сонгууль" одоо л эхэлж байна. Өөрөөр хэлбэл, энэ өдрүүдэд улс төрийн нам, эвслийн "сонгууль" хөшигний ард ид өрнөж байна. Учир нь, улс төрийн том хийгээд жижиг нам, эвсэл хуульд заасан хугацаандаа хэнийг хаана нэр дэвшүүлэх вэ гэдгээс эхлүүлээд ээлжит сонгуульд ямар арга, тактикаар оролцохоо тодорхой болгох шаардлагатай юм.

Тэгвэл улс төрийн нам, эвслүүд эхнээсээ УИХ-ын ээлжит сонгуульд хэрхэн оролцох нь ил болж эхэллээ. УИХ дахь МАН-ын бүлэг энэ долоо хоногийн пүрэв гарагт /2020.01.09/ хуралдаж, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн нэр дэвших горилогчдод тавих шаардлагыг сонсов. Тэрбээр "Энэ 2020 оны сонгуульд МАН нэр дэвшигчдээс мөнгө, дэнчин гэж авахгүй. Намд мөнгө хандивлаж түүнийхээ хариуд тойрог горилох, улс төрийн ашиг хонжоо хардаг байдлыг бүр мөсөн зогсооно. Зөвхөн өндөр ёс зүйтэй, олон нийтийн итгэл даах хүмүүсийг МАН-аас 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлнэ. Нэр дэвшигчдийг ёс зүйн шалгуур, судалгааны үр дүнд үндэслэн тодруулна. Судалгааны дүнгээр олон нийт дэмжихгүй байгаа нь харагдвал нэр дэвшихгүй байх хэрэгтэй. МАН төрийн бодлого боловсруулах өндөр чадвартай, мэдлэг боловсролтой, ёс зүйтэй хүмүүсийг л УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх болно" гэсэн байна.

* * *

ЖАГСААЛ, ЦУГЛААН: Чуулганы индэр дээрээс ШААРДЛАГАА уншлаа

Шударга иргэдийн нэгдсэн нам /ШИНЭН/-аас баасан гарагт Тэтгэврийн зээлийг тэглэх тухай хуулийн төслийг эсэргүүцсэн жагсаалыг Сүхбаатарын талбайд зохион байгууллаа.

Жагсаалын үеэр УИХ-ын гишүүн Л.Болд “Биднийг цуглаан зохион байгуулахад албан ёсны зөвшөөрөл өгсөнгүй. Ирэх долоо хоногт бид албан ёсны зөвшөөрлөө авч байгаад бүх нийтийн цуглаан, бүх нийтийн ажил хаялтыг өдөр болгон зохион байгуулна. Бид ахмадууддаа 3 сая төгрөгийг нь авч өгнө” гэв. Улмаар ШИНЭН-аас Салхитын ордын бондын үр өгөөжийг бүр ахмадад жигд хүртээхийг шаардан шаардлагаа чуулганы индэр дээрээс уншсан юм.

Энэ талаар ШИНЭ намын дарга Ж.Батзандан "Өнөөдөр Сүхбаатарын талбайд олон мянган ахмад жагсаж төрийн гурван өндөрлөгт шаардлага хүргүүлж байна. Заримд нь зургаан сая төгрөг өгдөг, заримд нь нэг сая төгрөг өгөхийг олон түмэн эсэргүүцэж байна. Баялгийн тэгш хуваарилалтыг олон түмэн шаардаж байна” хэмээлээ.

* * *

СОНГУУЛЬ-2020: Улстөрчдийн ЧАНСААГ ТОГТООСОН мэдээлэл гаргахыг хориглоно

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийн төлөө газраас пүрэв гарагт /2020.01.09/ дээрх мэдэгдлийг хийлээ.

Тэдний ярьж байгаагаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийн төлөө газар нь Сонгуулийн тухай хуульд заасан чиг, үүргийнхээ хүрээнд гурван чиглэлд хяналт тавьж ажиллаж байгаа аж. Энэ талаар Т.Батцэцэг "Сонгуулийн хуулийг баталж, мөрдөж эхэлсэн. Энэ хуулиар ШӨХТГ нь гурван чиглэлд хяналт тавьж ажиллахаар хуульчлагдсан байна. Сонгуулийн жил эхэлснээс хойш олон нийт, хэвлэл мэдээллийн байгууллага ямарваа нэгэн нам, эвсэл болон улстөрчийн чансааг тогтоосон мэдээ, мэдээллийг явуулахыг хориглосон. Сонгуулийн сурталчилгааны үеэр ямар нэгэн нам, эвслийн мэдээллийг түлхүү тараах, эсвэл ямар нэгэн улстөрчийн мэдээллийг огт тараахгүй байх гэрээ хийхийг хуулиар хориглосон. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэвтүүлж байгаа мэдээлэл нь нэг талыг барьсан байхыг хориглосон байна. Эдгээр заалтыг зөрчсөн тохиолдолд тухайн хэвлэл мэдээллийн байгууллагыг үйл ажиллагааг түр зогсоох эрх нь бий" хэмээн онцоллоо.

* * *

ХУУЛЬ ЭРХЗҮЙ: Хөөн хэлэлцэх хугацаа дууссан 2017.07.01-нээс хойших хэргүүдийг сэргээнэ

УИХ-ын чуулганы баасан гарагийн /2020.01.10/ нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр нь баталлаа.

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл батлагдсан тохиолдолд гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох журам өөрчлөгдөх юм. Үүнтэй холбогдуулж 2017 оны долоодугаар сарын 1-ний өдрөөс 2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдрийн хооронд хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр мөрдөн байцаалтын шатанд, прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй болсон Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан гэмт хэргийг сэргээн шалгахаар төсөлд тусгасан байна. Түүнчлэн дээрх хугацаанд шүүхийн шийдвэрээр хэрэгсэхгүй болсон Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан гэмт хэргийг сэргээн шалгахаар төсөлд тусгаад буй. Мөн мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд шалгагдаж байгаа гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй байхаар, Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлд Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлд заасан хуулийг буцаан хэрэглэх зохицуулалт үйлчлэхгүй байхаар төсөлд тус тус тусгасан болохыг ажлын хэсгээс танилцуулав. 

Дашрамд дурдахад, 2017 оны долоодугаар сарын 1-ний өдрөөс хойш хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан 2018 онд дөрөв, 2019 онд есөн хэрэг хэрэгсэхгүй болжээ.

* * *

БАЙГАЛЬ ЭХ-ХАРИУЦЛАГАТАЙ УУЛ УУРХАЙ: 10 аймаг, 100 гаруй суманд экологийн цагдаа ажиллана

Монгол Улсын Засгийн газраас даваа гарагт /2020.01.06/ цагдаагийн байгууллагын дэргэд Экологийн цагдаагийн нэгж байгуулах шийдвэр гаргав. Экологийн цагдаа нь хүрээлэн буй орчныг хамгаалах, энэ төрлийн гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, байгаль экологид учрах хохирлыг бууруулах чиг үүрэгтэйгээр ажиллах бөгөөд байгаль экологийн хувьд эрүү, хэв журмын нөхцөл байдал хүндэрсэн, ойн сан бүхий болон хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж, нөхөрлөл ихтэй аймаг, сумдад ажиллах юм байна.

Энэ талаар ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж “Экологийн цагдааг эхний ээлжинд байгаль эх сүйдээд байгаа гол арваад аймаг, 100 гаруй сумдад байгуулна. Ерөнхий хариуцах ажил нь байгаль орчин, уул уурхайн олборлолттой холбоотой экологийн аюулгүй байдлыг хангаж ажиллана. Экологийн гэмт хэрэгт сүйтгэгдсэн газрууд, шалгагдах шаардлагатай газрууд их бий. Монгол шиг байгалийн баялаг ихтэй оронд экологийн цагдаа байх ёстой гэж Засгийн газар үзсэн. 170-аад хүний орон тооны асуудал бий. 2020 оны төсөвт оронтоо, төсвийн зардлын асуудал шийдэгдсэн. Хэрэгжүүлэхэд асуудал гарахгүй. Өнөөдрөөс Ерөнхий сайд гарын үсэг зураад, би гарын үсэг зураад Засгийн газрын тогтоол хүчинтэй болно. Тэгээд хэрэгжүүлэх ажил шууд эхэлнэ. Бэлтгэл хангагдсан” хэмээн мэдээлсэн юм.

* * *

ГАДААД ХАРИЛЦАА: Монгол, АНУ, Япон пуужин харвахгүй байхыг БНАСАУ-д уриаллаа

Монгол, АНУ, Япон улсын төлөөлөгчид баасан гарагт /2020.01.10/ АНУ-ын Вашингтон хотноо хуралдаж, баллистик пуужин харвах зэргээр өдөөн хатгалга явуулахгүй байх, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолоор хүлээсэн үүргээ биелүүлэх, Сингапурт болсон АНУ, БНАСАУ-ын дээд хэмжээний уулзалтын шийдвэрийг хэрэгжүүлэх үүднээс бодит яриа хэлэлцээг эхлүүлэхийг уриалав.

Талууд БНАСАУ-ын үй олноор хөнөөх зэвсэг, баллистик пуужингуудыг олон улсын хяналт дор бүрэн хураах үйл явцыг хэрэгжүүлэх  үүднээс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн холбогдох тогтоолуудын бүрэн хэмжээгээр хэрэгжүүлэхийн чухлыг онцлон тэмдэглэсэн байна.

Уулзалтад монголын талаас ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, АНУ-ын талаас Төрийн Департаментын Зүүн Азийн асуудал хариуцсан туслах ТНБД Д.Стилвэлл, японы талаас ГХЯ-ны Ази, Номхон далайн газрын Ерөнхий захирал Ш.Такизаки нар тэргүүлж оролцжээ.

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун, АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп 2019 оны зургаадугаар сарын 30-нд Панмунжомд хийсэн уулзалтаар 2019 оны хоёрдугаар сард болсон Ханойн дээд хэмжээний уулзалтаас хойш зогсоод буй цөмийн зэвсгээс ангижрах асуудлаарх ажлын түвшний яриа хэлэлцээг сэргээх тохиролцоонд хүрсэн билээ. Тохиролцооны дагуу 2019 оны аравдугаар сарын 5-нд АНУ, БНАСАУ-ын төлөөлөгчид Стокхолм хотноо уулзаж, хоёр талын харилцааг хэвийн байдалд оруулах асуудлыг хэлэлцсэн ч Вашингтон, Пёньяны хооронд яриа хэлэлцээг сэргээх асуудал дээр тохиролцоонд хүрч чадаагүй юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(197.234.221.19) 2020 оны 01 сарын 11

Hello mrs and lord\nWe are a financial structure that offers loans between individuals to enable them to realize their dreams.\nIf you have a personal project; Or need financing.\nIf you are interested, contact us directly and tell us the amount you want to borrow and the repayment term.\nContact us by email: matildalecoustre@gmail.com\nwhatsapp: 0033 7 52 89 40 37

0  |  0
Top