Ардчилсан хөдөлгөөний удирдагч, төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны мэндэлсэн өдөр тохисон болоод ч тэр үү, энэ долоо хоногт улстөрийн хүрээнд өрсөнсөн үйл явц С.Зориг агсны хэрэгтэй холбоотой байлаа. УИХ дахь намын бүлэг, зөвлөлийн хэлэлцсэн асуудал С.Зориг агсны хэрэгтэй холбоотой шийдвэр гаргасан бол энэ долоо хоногт хуралдсан чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн томилгооны асуудлууд С.Зориг агсны хэрэгтэй холбогдож байлаа. Түүнчлэн УИХ-ын таван гишүүний Улсын ерөнхий прокурорт хандсан албан бичигт ч С.Зориг агсны хэргийг шалгах асуудал багтаж байсан юм. Ингээд өнгөрч байгаа долоо хоногт өрнөсөн улстөрийн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.
Дашрамд дурдахад, С.Зориг агсан 1962.04.20-нд мэндэлсэн бөгөөд 1998.10.02-ны өдөр бусдын гарт хэрцгийгээр амиа алдсан юм. Тэрээр амьд сэрүүн байсан бол 57 нас хүрэх байв.
С.ЗОРИГИЙН ХЭРГИЙГ ЗАМХРУУЛАХЫГ АН ХЭЗЭЭ Ч ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХГҮЙ ГЭВ
УИХ дахь АН-ын зөвлөлөөс өнгөрөгч долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх гол асуудлуудаар байр сууриа нэгтгэх үеэрээ ийн мэдэгдэв. Энэ талаар АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат танилцуулав. Тэрбээр “136 арга хэмжээний биелэлт өнөөдрийн байдлаар 32.3 хувьтай явж байна. Сонгуулийн бүрэн эрхийн хугацаа дуусахад ганцхан жил үлдлээ. Эдийн засгийн асуудлууд хэрэгжилт муутай байна. Эрх баригчид өнгөрсөн хугацаанд хоорондоо л эрх мэдэл булаацалдлаа. Цаана нь Монголын ард түмэн хохирч байна. Тэгэхээр бид АН-ын зөвлөлөөс үндсэн чиглэлд онцгой анхаарах хэрэгтэй гэж үзэж байна.
Мөн уул уурхайн том төслүүд бүгд зогсоод байна. 2018.06.29-нд УИХ-ын 73 дугаар тогтоол гарч Тавантолгойн нүүрсний орд газрыг эрчимжүүлэх ажлыг Засгийн газар 2018 ондоо багтаан хийх байсан. Өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явсангүй. Өнөөдөр нүүрсний үнэ өндөр байгаа тулдаа л яваад байна. УИХ-аас эхлээд Тавантолгой-Гашуунсухайтынхаа төмөр замыг барь гэдэг чиглэл өгсөн. Энэ ажил одоо болтол хэрэгжсэнгүй.
Түүнчлэн эрүүдэн шүүсэн асуудал бол хүний эрх зөрчсөн ноцтой асуудал. Гэхдээ эрүүдэн шүүсэн хэргийн цаана С.Зориг агсны хэргийг замхруулах вий гэдэг болгоомжлол бидэнд байна. Энэ хэргийг бүхэлд нь авч үзэх хэрэгтэй. Энэ хэргийн захиалагчийг Ц.Нямдорж сайд зарлах хэрэгтэй. С.Зориг агсны хэргээр дуулиан үүсгээд ардуур нь С.Зориг агсны хэргийг замхруулахыг АН хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй.
Өнөөдөр УИХ ганцхан бүлэгтэй болсон. Өөрөөр хэлбэл, сөрөг хүчингүй болсон. Үндсэн хуулийг өөрчлөх чадамжаа алдсан гэсэн үг. УИХ-д суудалтай болон суудалгүй, улстөрийн бүх хүчин нэгдмэл санал дээр суурилах ёстой. Харин үнэмлэхүй олонхоороо сөрөг хүчингүй парламент Үндсэн хуулийг өөрчилнө гэвэл бид эсрэг байр суурьтай байх болно” гэсэн юм.
* * *
ЭЛЧИН САЙД Б.ДЭЛГЭРМААГ ЭГҮҮЛЭН ТАТАХ САНАЛ ХҮРГҮҮЛЛЭЭ
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга /2019.04.15/ УИХ-ын дарга Г.Занданшатарт “Элчин сайдыг эгүүлэн татах асуудлаар зөвшилцөх тухай” албан бичиг илгээв.
Элчин сайдыг эгүүлэн татах асуудлаар зөвшилцөх тухай албан бичигт:
“Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Банзрагчийн Дэлгэрмаа нь “улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч төрийн албан тушаал эрхлэх хугацаандаа улс төрийн аливаа нам, эвсэл, хөдөлгөөний үйл ажиллагаанд ямар нэг хэлбэрээр оролцохгүй байх үүрэг хүлээнэ, хуулиар зөвшөөрснөөс бусад тохиолдолд аливаа хэлбэрээр оролцохыг хориглоно” гэж заасан Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4, 39 дүгээр зүйлийн 39.1.5 дахь заалтыг тус тус зөрчиж, улс төрийн намын үйл ажиллагаанд оролцон, намын дэд даргаар сонгогдсон байна.
Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Гучин гуравдугаар зүйлийн 5, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 3, Дипломат албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Банзрагчийн Дэлгэрмааг эгүүлэн татах саналыг зөвшилцөхөөр өргөн мэдүүлж байна” гэжээ.
Дашрамд дурдахад, Манай улсаас гадаад улсад суух Элчин сайдуудын асуудал хураагдаад байгаа юм. Тодруулбал, 18 улсын Элчин сайд болон байнгын төлөөлөгчийн газрын тэргүүний томилгооны асуудал яригдаж байна.
* * *
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗӨВЛӨХ Д.ЖАРГАЛСАЙХАН НАР АН-ААС ГАРАВ
Ерөнхийлөгчийн үндэсний аж үйлдвэрийг хөгжүүлэх асуудал хариуцсан зөвлөх Д.Жаргалсайхан тэргүүтэй АН-ын зарим гишүүн /2019.04.16/ намаасаа гарч байгаагаа зарлалаа. Ардчилсан хувьсгалд оролцож, Монголын ардчилсан намыг байгуулалцаж явсан ардчилсан холбооны анхдагчид болох эдгээр хүмүүс намаас гарах болсон шалтгаанаа “Ардчилсан хувьсгалд оролцож байхдаа хүмүүнлэг, энэрэнгүй ардчиллыг бий болгоно гэж 30 жил зүтгэж явсан. Өнөөдөр эргээд харахад Ардчилсан нам эгэл жирийн гишүүдийнхээ хүсэл тэмүүлэл дээр гишгэж, өөрсдөө баяжих хэрэгсэл болгосон нь АН-ын үе үеийн дарга нар юм. Улс оронд авлигажсан, хамжлагат нийгмийг бий болгосон, нийтийн өмчийг хулгайлахад манлайлж оролцсон. Тиймээс Ардчилсан намаас гарч, хөгжлийн төлөө хамтдаа зүтгэх улс төрийн намын төлөө хамтдаа зүтгэх болно” гэж байлаа.
Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх Д.Жаргалсайхан хэлэхдээ “АН-ыг албан тушаалын наймаа болгож хувиргасан. Үндэсний зөвлөлдөх хороонд ороход улирал тутамд гурван сая төгрөг төлөх ёстой. УИХ-ын сонгуульд нэр дэвшигчээс 250 сая төгрөг, ИТХ-ын сонгуульд нэр дэвшихийн тулд 50 сая төгрөг өгдөг. Тухайлбал, намайг “Цахилгаан тээвэр” компанид ажиллаж байхад халсан. Эргээд оръё гэхэд 50 сая төгрөг нэхэж байсан. Гаальд ажилд оръё гэхэд 40 сая төгрөг нэхдэг нь ил болсон. Тиймээс бид авлигажсан ардчилал бус ард түмний ардчиллыг бий болгох ёстой. Ийм ардчиллыг дэмжих улс төрийн нам, хүчнүүдтэй хамтарч ажиллана” гэлээ.
* * *
НҮҮРС ТЭЭВЭРЛЭЛТТЭЙ ХОЛБООТОЙ АСУУДЛЫГ ЦОГЦООР НЬ ШИЙДВЭРЛЭНЭ
Тавантолгой-Гашуунсухайт боомт чиглэлийн нүүрс тээвэрлэлтэд үүсч байгаа хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэх, тээврийн жолооч нарын хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах зорилгоор Монгол Улсын Засгийн газар хугацаатай Албан даалгавар гаргалаа.
Юуны түрүүнд төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, нэгдсэн удирдлагаар хангах үүрэгтэй Засгийн газрын төлөөлөгчийг Гашуунсухайт боомтод ажиллуулах талаар судалж, зургадугаар сарын 1-ний дотор шийдвэрлэхийг сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэд даалгав. Өмнөговь аймгийн Цогтцэций суманд баригдаж байгаа “Тээвэрчдийн хотхон”, Гашуунсухайт боомт орчимд барьж байгаа “Тайван зогсоол”-ыг ашиглалтад оруулахад шаардагдах хөрөнгийн дэмжлэг үзүүлэх, хотхон, зогсоолд төрийн үйлчилгээг нэг цэгээс үзүүлдэг болгохыг үүрэг болгов.
Тавантолгой-Гашуунсухайт боомт чиглэлийн авто замыг засч, тэмдэг, тэмдэглэгээг нь хоёрдугаар улиралд багтаан сайжруулахыг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөл, “Гашуунсухайт авто зам” ХХК-ийн гүйцэтгэх захиралд даалгав. Мөн хоёрдугаар улиралд багтаан “Гашуунсухайт авто зам” компанийн бүтцэд авто замын засвар, арчлалтын нэгж байгуулж, тоног төхөөрөмж, техник хэрэгслээр хангахаар боллоо. Тавантолгой-Гашуунсухайт авто замын дагуу эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх суурин болон явуулын баг ажиллуулж, шаардагдах зардлыг нь гаргахыг сайд Д.Сарангэрэл болон “Эрдэнэс Монгол”, “Эрдэнэс Тавантолгой”, “Тавантолгой”, “Энэржи ресурс” компанийн удирдлагуудад даалгав.
Жолооч нарын хоол, хүнсний хангалт, эрүүл ахуй, аюулгүй байдалд байнгын хяналт шалгалт хийж, архи, согтууруулах ундааг зөвшөөрөлгүй худалдаж, үйлчилж байгааг таслан зогсоохыг холбогдох байгуулагын удирдлага, аймгийн Засаг даргад даалгав. Авто замд хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж байгаа цагдаагийн алба хаагчдыг тээврийн хэрэгсэл, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангахаар боллоо. Уурхайн гадна болон хилийн боомт, авто замд тээврийн хэрэгслийн урт дараалал үүсгэхгүйн тулд уурхайн ачилт, зөвшөөрлийн бичиг олголт, гаалийн бүрдүүлэлтийг Хятадын талаас нэг өдөрт хүлээн авах нүүрсний хэмжээ, автомашины тоотой уялдуулахыг холбогдох дарга нарт даалгав. Жолооч нарын эрх ашгийг хамгаалах зорилгоор Монгол Улсаас БНХАУ-ын Хөх хотод суугаа Ерөнхий консулын газрын салбарыг Ганцмод боомтод байгуулах шаардлага, боломжийг судалж, зургадугаар сарын 1-ний дотор танилцуулахыг сайд Д.Цогтбаатарт даалгав.
Уул уурхайн бүтээгдэхүүний борлуулалтын орлогын тодорхой хэсгийг жолоооч, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагад ажиллаж байгаа хүмүүсийн эрүүл мэнд, нийгмийн халамжийн үйлчилгээнд зарцуулдаг болох талаар судалж танилцуулахыг сайд Ч.Хүрэлбаатар, С.Чинзориг нарт даалгав.
Ачаа тээвэрлэх зөвшөөрлийн бичиг олголтыг ил тод болгох, тээвэр зохион байгуулалтыг сайжруулахаас гадна мэргэшсэн жолооч бэлтгэх, шалгалт авах зэргийг чанаржуулахыг сайд Б.Энх-Амгалан, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын захирал П.Дэлгэрнаран нарт даалгав. Ачаа тээвэрлэх зөвшөөрлийн бичгийг дамлан худалддаг тухай асуудлыг шалгаж, таслан зогсоохыг тагнуул, цагдаагийн байгууллагын дарга нарт даалгалаа.
Тавантолгой-Цагаан хад-Гашуунсухайт боомт чиглэлд 176 аж ахуйн нэгж, байгууллага 12918 тээврийн хэрэгслээр нүүрс тээвэрлэж байна.
* * *
Ц.НЯМДОРЖ: ТҮР ХОРОО С.ЗОРИГИЙН ХЭРГИЙГ СУДЛАХ ҮҮРЭГТЭЙ
Энэ долоо хоногийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Л.Болд нарын зургаан гишүүний өргөн мэдүүлсэн “Түр хороо байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.
Олон улсын парламентын холбооны удирдах зөвлөлөөс Монгол Улсын парламентад ирүүлсэн шийдвэрийг судалж, санал дүгнэлт боловсруулан чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулах чиг үүрэг бүхий Түр хороог УИХ-ын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасны дагуу байгуулан нарийн судлан, үзэх шаардлагатай гэж үзэн УИХ-ын тогтоолын төслийг боловсруулсан байна.
С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шийдвэрлэсэн асуудлаар Олон улсын парламентын холбооны удирдах зөвлөлөөс ирүүлсэн шийдвэрийг судалж, холбогдох санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Түр хорооны бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан, Я.Санжмятав, Ц.Нямдорж, А.Сүхбат, Л.Оюун-Эрдэнэ нар ажиллахаар төсөлд тусгасан байна. Тус түр хорооны бүрэлдэхүүнээс УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг хасч, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, Х.Нямбаатар нарыг оруулахыг байнгын хорооны гишүүд дэмжээд байсан юм.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж холбогдох тайлбарыг хийсэн юм. Тэрбээр “С.Зоригийн хэргийг нууцаас гаргах гэж найман сарын ажил болсон. Асар их ажил болж байж Улсын Ерөнхий прокурорын газрын архивт өгчихсөн. Тэгсэн мөртлөө прокурорын хуучин удирдлагууд хав дарсаар өнөөдрийг хүрсэн. Одоо шинэ прокурор нь хэргийг нууцаас гаргасан асуудлыг хууль номынх нь дагуу танилцуулах байлгүй дээ. Энэ хэрэгтэй танилцчих юм бол хэргийг худлаа болохыг ойлгоно. Энэ хэргийг будлиантуулсан хүмүүс хариуцлагаас зугтаад хав дараад хэвтээд байгаа юм. Хүмүүс ял авчихаад байхад хэрэгтэй танилцахад хууль зөрчих зүйл байхгүй. Нууцлаад байх зүйл байхгүй. Хүн тамлаад хуурамч хэрэг бүрдүүлснийг л нууцлах гээгүй бол нууцлаад байх зүйл байхгүй. Тодорхой хэргийн тухайд байгуулагдаж байгаа түр хороо хууль яаж зөрчсөн байна, яаж хэлсээр хэрэг хүлээлгэсэн болохыг судлах үүрэгтэй. Эрүүдэн шүүсэн нь үнэн. Хэлмэгдүүлсэн нь үнэн. Үүнээс илүү аймшиг байдаг эсэхийг би мэдэхгүй. Энэ ажлын хэсэг Монголын түүхэнд дахиж ийм балмад хэрэг болохыг таслан зогсоох дүгнэлтийг УИХ-д танилцуулах ёстой” гэсэн юм.
* * *
ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА 2019-2020 ОНЫГ “ХҮҮХДИЙН ХӨГЖИЛ, ХАМГААЛЛЫН ЖИЛ” БОЛГОН ЗАРЛАЛАА
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга /2019.04.17/ 2019-2020 оныг “Хүүхдийн хөгжил, хамгааллын жил” болгон зарлав. Энэ хүрээнд Засгийн газарт чиглэл өгөх тухай:
* * *
М.ЧИНБАТ, С.АЛИМАНЦЭЦЭГ НАРЫГ ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ОРЛОГЧООР ТОМИЛЛОО
УИХ-ын чуулганы энэ долоо хоногийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогчийн албан тушаалд Максимын Чинбат, Содонгийн Алиманцэцэг нарыг томилох асуудлыг зөвшилцөхөөр хүргүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцэн дэмжив.
Чуулганы хуралдааны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин зургадугаар зүйлийн 2, Прокурорын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсгийг тус тус үндэслэн “Албан тушаалд томилох тухай” хоёр зарлиг гаргаж, Максимын Чинбат, Содонгийн Алиманцэцэг нарыг Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогчоор тус тус томилов.
Максимын Чинбат нь:
Содонгийн Алиманцэцэг нь:
* * *
ДУУЛИАНТ 23 ХЭРГИЙГ ШАЛГУУЛАХААР ЕРӨНХИЙ ПРОКУРОРТ ГИШҮҮД ХАНДЖЭЭ
УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар, Л.Болд, Т.Аюурсайхан нар Монгол Улсын Ерөнхий прокурор, хууль цаазын тэргүүн зөвлөх Б.Жаргалсайханд хандан албан тоот илгээжээ. Албан тоотод дурдсанаар, “Иргэд, албан байгууллагаас өндөр давтамжтайгаар гишүүд бидэнд ирүүлсээр байгаа асуудлуудыг нэг мөр хянан шийдвэрлүүлэхээр УИХ-ын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.15, 7.1.17-д заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Танд хандаж байна” гэжээ.
УИХ-ын гишүүд С.Зориг агсны амийг хөнөөсөн хэрэгт буруутгагдан ял эдэлж байгаа Д.Содномдаржаа, Т.Чимгээ нар нь хилс хэрэгт хэлмэгдсэн эсэх талаар хэргийг дахин шалгах, хууль зөрчин эрүүдэн шүүсэн хүмүүст хариуцлага тооцох, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-аас баталгаа гаргаж, Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас их хэмжээний зээл авсан “Жаст” группийн захирал Ш.Батхүү нарын хэрэг болон зээлийг эргэн төлүүлэх зорилгоор иргэн Ш.Батхүүгийн өмч хөрөнгө, эрхийг битүүмжилсэн боловч зарим этгээд дундаас нь завшсан гэх асуудал, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 49 хувийг хууль бусаар “Монголиан коппер корпорейшн” ХХК-д шилжүүлсэн асуудал, Генерал Б.Хурцын иргэд, аж ахуйн нэгжүүдийг рекэтлэсэн болон УИХ-ын гишүүдийг заналхийлсэн асуудал зэрэг нийт 23 асуудлыг шалгаж, үнэн зөвийг тогтоохыг хүсчээ.
Сэтгэгдэл ( 1 )
Прокурор, АТГ, Цагдаа, Тагнуул оролцсон 23 ажлын хэсэг байгуулж нэг хэргийг нэг ажлын хэсэг хийхээр зохион байгуулж ажиллуулаад л болоо шүү дээ. Хамгийн гол нь хурдан шуурхай ажиллах л хэрэгтэй.