Өнгөрч буй долоо хоногт улстөрийн хүрээнд өрсөнсөн үйл явцыг тоймлон хүргэж байна. Энэ долоо хоногт УИХ болон Засгийн газрын түвшинд хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлуудаа цаг тухайд нь хэлэлцэн шийдвэрлэснийг онцлууштай. Тухайлбал, УИХ-аас С.Зориг агсны хэргийг шалгах Түр хороог байгуулж, Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Хэмжил зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, холбогдох байнгын хороонд шилжүүлсэн. Мөн Засгийн газрын ээлжит хуралдаанаар 2020 онд Монгол Улсын нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн баримт бичиг, 2020-2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2023 он хүртэлх Засгийн газрын өрийн удирдлагын стратегийн баримт бичгийг баталлаа. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын БНХАУ-д хийж буй төрийн айлчлал онцлох сэдэв байв.
Гэхдээ энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцсэн Харилцаа холбооны багц хуулийн төслийг хэлэлцэх үеэр ойлголцлын зөрүү гарч регистрийн дугаараар фэйсбүүк зэрэг олон нийтийн сүлжээнд нэвтрэх тухай асуудал хөндсөн нь ярианы сэдэв болсон юм.
* * *
ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА ТӨРИЙН АНХНЫ АЙЛЧЛАЛАА БНХАУ-ААС ЭХЛЭВ
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар 2019.04.24, 25-ны өдрүүдэд БНХАУ-д Төрийн айлчлал хийж, 2019.04.26-28-ны өдрүүдэд Бээжин хотод болох “Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний хоёр дахь удаагийн уулзалтад оролцож байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга анхны Төрийн айлчлалынхаа хүрээнд БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзаж, албан ёсны хэлэлцээ хийсэн бөгөөд хоёр орны харилцааны асуудлаар санал солилцож өнөөгийн Иж бүрэн стратегийн түншлэлд хүрсэн нь өнгөрсөн хугацааны харилцааны үр дүн болохыг дурдаад, цаашид энэхүү түншлэлээ бүхий л түвшинд тасралтгүй хөгжүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр санал нэгдэв.
Уулзалтын хүрээнд БНХАУ-аас Монгол Улсад олгосон буцалтгүй зээл, тусламжийг богино хугацаанд үр дүнтэй хэрэгжүүлэхэд хоёр талаасаа анхаарч, зөвхөн уул уурхайн бүтээгдэхүүн бус нэмүү өртөг шингээсэн, түүний дотор хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхэд голчлон анхаарч ажиллахаар болсон юм. Тухайлбал, Монгол Улсын баруун бүсээс Хятадад экспортлох махны хориг, улсын зүүн болон баруун бүсээс хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг экспортлох нөхцөлийг бүрдүүлэх зэрэг саналыг БНХАУ-ын дарга Ши Жиньпин хүлээн авч, энэ хүрээнд ажлын хэсэг гарган тодорхой ахиц гаргахаа илэрхийллээ.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын дэвшүүлсэн “Зүүн хойд Азийн цахилгаан эрчим хүчний нэгдсэн супер сүлжээ”, энэхүү сүлжээний бүс нутгийн байгууллагыг бий болгох санаачилгыг БНХАУ дэмжиж байгаа хэмээн байр сууриа илэрхийлэв.
Дээрх төслөөс гадна ОХУ-БНХАУ-ын хооронд байгалийн хий дамжуулах шугам, Төмөр замын дамжин өнгөрөх тээврийн хамтын ажиллагааны хэлэлцээр, зарим боомтын ажиллах цагийг уртасгах зэрэг хоёр орны худалдаа эдийн засаг, гурван талт хамтын ажиллагаа, соёл боловсрол, олон улс, бүс нутгийн зэрэг өргөн сэдвээр албан ёсны хэлэлцээ хийлээ.
* * *
МАН: ЗАСГИЙН ГАЗРЫН МӨРИЙН ХӨТӨЛБӨРИЙН БИЕЛЭЛТ 50.5 ХУВЬТАЙ БАЙНА
УИХ дахь МАН-ын бүлэг энэ долоо хоногийн эхэнд хуралдахдаа Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хэлэлцэн 50.5 хувийн биелэлттэй байна гэж дүгнэсэн юм. Хурлын талаарх мэдээллийг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн танилцуулсан. Тэрбээр “Бүлгээс УИХ-ын гишүүн, МАН-ын Бүлгийн дэд дарга Я.Содбаатараар ахлуулсан ажлын хэсэг гаргах нь зүйтэй гэж үзсэн. Ажлын хэсэг хоёр чиг үүрэгтэй. Хоёр чиг үүргийн нэг нь Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтэд үнэлэлт, дүгнэлт өгөх, хоёр дахь нь одоо үлдэж буй жил гаруйн хугацаанд Засгийн газар юун дээр түлхүү анхаарч ажиллах вэ гэсэн чиглэл гаргах” хэмээсэн юм. Д.Тогтохсүрэн дарга үргэлжлүүлэн “Эцэслэж, шийдээгүй асуудлыг хэрэгжээгүй гэж үзсэн. Тухайлбал, бид Үндсэн хуулийн асуудлыг гурван жил ярилаа. Судлаад, дүгнээд л яваад байна. Гэтэл үүн дээр 0 дүн тавиад ороод ирсэн байна лээ. Яагаад гэвэл, УИХ-д өргөн баригдаагүй, эцэслэн шийдэгдээгүй учир 0 тэгж орж ирж байгаа юм. Харин ч бид энэ удаагийн дүгнэлтийг өмнөх жилүүдийнхээс бодитой байна гэж үзсэн. Цаашид анхаарч ажиллах асуудал олон байна” гэсэн юм.
* * *
ТӨРИЙН ОРДОНД “ДЭЛХИЙН НОМЫН ӨДӨР” ӨДӨРЛӨГ БОЛЛОО
Энэ долоо хоногт тохиосон “Дэлхий номын өдөр”-ийн /2019.04.23/ хүрээнд УИХ-ын Тамгын газраас санаачлан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Оюуны өмчийн газартай хамтран “Дэлхийн ном, Зохиогчийн эрхийг хамгаалах өдөр” өдөрлөгийг Төрийн ордонд зохион байгууллаа.
Номын өдөрлөгт УИХ-ын гишүүд, УИХ-ын Тамгын газрын удирдлагууд, эрдэмтэн зохиолчид болон УИХ-ын Тамгын газар, намын бүлгийн ажилтнууд, УИХ-ын гишүүдийн зөвлөх, туслахууд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Төр, засгийн үйлчилгээ эрхлэх газрын ажилтнууд оролцсон юм. Номын өдөрлөгийн үеэр төрийн байгууллагын ажилтнуудад шинээр хэвлэгдсэн ном зохиолуудыг танилцуулах, нэг дороос өргөн сонголттойгоор ном худалдан авч байгаа нь онцлог байлаа.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Учрал “Номоо солилцъё” төслийн бичил номын санг УИХ-ын Тамгын газрын Захиргаа, аж ахуйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга П.Цэрэнд хүлээлгэн өглөө. Бичил номын санг ерөнхий боловсролын сургууль, их дээд сургууль, төрийн байгууллага, хувийн хэвшил, эмнэлэг, цэцэрлэг зэрэг нийт 26 газар байрлуулаад байгаа юм байна. Бичил номын сан нь “Нэг ном аваад нэг ном өгөх” гэсэн үйл ажиллагааны энгийн дүрэмтэй. Хүн бүр энэ дүрмээ биелүүлж, уншсан номоо буцаагаад хийдэг, авсан номынхоо оронд нэг ном өгдөг байх хэрэгтэйг УИХ-ын гишүүн Н.Учрал хэлсэн юм. Ийнхүү номын сангийн хэрэглээг нийтэд хүртээмжтэй, нээлттэй болгосноор хүүхэд залуучууд төдийгүй иргэдийн ном унших хандлага нэмэгдэж, оюунлаг нийгмийг бий болгох үндэс гэж төслийг хэрэгжүүлэгчид үзэж байсан юм.
* * *
ЕРӨНХИЙ САЙД ТӨВ НОМЫН САНГИЙН ШИНЭ БАРИЛГЫГ ТҮРГЭН ДУУСГАХЫГ ҮҮРЭГДЭВ
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх мягмар гарагт /2019.04.23/ Үндэсний номын санд ажиллаж, тус номын сангийн Төвд номын сан, Монгол судлалын танхим, Архив, Үнэт, ховор номын музей, Уншлагын танхим зэрэгтэй танилцаж, ажилтнуудтай нь уулзаж ярилцлаа.
Төвд номын сан нь нэг сая 500 гаруй ховор, хуучин ном, судартай. Монголчууд ном судраа дээдэлдэг ард түмэн. Сүүлийн хоёр жилд иргэд олон түмний хандиваар 35 мянган судар баринтагласан гэж Үндэсний номын сангийн захирал Б.Ичинхорлоо Ерөнхий сайдад танилцуулсан. Эдгээр судар номыг цахим хэлбэрт оруулж, судлах ажил ид хийгдэж буй ажээ.
Манай улсад жилд 15000 орчим шинэ ном, товхимол хэвлэгдэн гарч байна. Эдгээрийн дөнгөж 7,5 хувийг нь худалдаж авах төсөвтэй байгаа гэж Б.Ичинхорлоо захирал хэллээ. Мөн залуучууд сүүлийн үед ганц монгол биш англи, орос, хятад гэхчлэн нэг номыг хоёр, гурван хэлээр харьцуулж уншиж байна. Энэ боломжийг бүрдүүлэх хүсэл номын санчдад байдаг ч төсөв санхүүгийн бэрхшээл тулгардаг тухайгаа тэд Ерөнхий сайдад хэллээ.
Номын сангийн барилга хуучирч муудсанаас Архив зэрэг өрөө, тасалгаанд нь ус орж, хүндрэл учирч байгаа гэнэ. Иймд Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монголын Үндэсний номын сангийн шинэ барилгын ажлын явцтай танилцаж, үүрэг даалгавар өгсөн юм.
Тус барилгын гүйцэтгэгчээр “Акмихолдинг” ХХК ажиллаж байна. 2014 оноос барилгын ажил эхэлсэн ч газрын маргаан, санхүүжилт зэрэг асуудлаас болж хугацаа алдаж өнөөг хүрсэн гэж тэд тайлбарлалаа.
Энэ хавар, зун, намар цаг хугацаатай уралдан ажиллаж, Үндэсний номын сангийн шинэ барилгын ажлыг энэ онд багтаан дуусгахыг Ерөнхий сайд компанийн удирдлагуудад үүрэг болголоо. Шийдвэр гаргах сайд, дарга, мэргэжилтнүүд Ерөнхий сайдтай хамт энд ажиллаж байна. Барилгын ажил амжилттай үргэлжлэхэд ямар хүндрэл, саад учирч байна. Энэ хүмүүстэй уулзаж, асуудлаа шийдүүл гэлээ. Сангийн яам, Барилга хот байгуулалтын яам болон нийслэлийн удирдлагуудад барилгын ажлыг урагшлуулахад гарч буй хүндрэлтэй асуудлуудыг нь даруйхан шийдвэрлэж, компанийн ажилд дэмжлэг үзүүлэхийг мөн үүрэг болголоо.
* * *
2020-2023 ОН ХҮРТЭЛХ ЗАСГИЙН ГАЗРЫН ӨРИЙН СТРАТЕГИЙГ БАТАЛЛАА
Засгийн газар энэ долоо хоногийн ээлжит хуралдаанаараа 2020 онд Монгол Улсын нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн баримт бичиг, 2020-2022 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэн УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтсон байна. Мөн 2020-2023 он хүртэлх Засгийн газрын өрийн удирдлагын стратегийн баримт бичгийг баталжээ.
Монгол Улсын нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлд 2020 онд эдийн засгийн өсөлтийг зургаан хувь байна гэж тооцжээ. Инцляцийн төвшинг найман хувьд тооцож байгаа бол гадаад худалдааны тэнцлийг нэг тэрбум ам.долларын ашигтай байхаар тооцсон байна. Харин төсвийн алдагдлыг ДНБ-ий 5.1 хувь байхаар тооцсон нь 2019 оноос 0.3 хувиар сайжрах үзүүлэлт аж. 2020 онд нийтдээ 37 их наяд төгрөгийн санхүүжилттэй 400 гаруй төслийг хэрэгжүүлэх санал ирснээс 10 их наяд төгрөгийн 116 арга хэмжээг үндсэн чиглэлд тусгасан байна. Үүнээс улсын төсвөөс 3.4 их наяд төгрөгийн санхүүжилт хийх бол урсгал зардалд 1.3 их наяд төгрөгийн арга хэмжээг авч хэрэгжүүлэх боломжтой гэж үзжээ.
Төсвийн хүрээний мэдэгдлийн хүрээнд цалин, тэтгэврийг инфляцийн төвшинтэй уялдуулж нэмэгдүүлэхээр оруулж ирэх ба Төрийн албаны тухай хууль, бусад хуультай уялдуулахаар тогтсон байна. Хөрөнгө оруулалтын зардлыг 2019 онд өндөр дүнтэйгээр тавьсан бөгөөд сонгуулийн жилээс урьтаж бүтээн байгуулалтыг өрнүүлэх гэсэн бодлого болохыг Сангийн сайд хэллээ. Тэрбээр Байгалийн түүхийн музей, Үндэсний төв номын сан, Үндэсний их театрын барилгын хөрөнгийг улсын төсөвт суулгах ёстой гэлээ. Мөн төсвийн бүх зардлыг бууруулж тооцсон болохыг хэлж байлаа.
Монгол Улсын төсвийн зарлагын нийт хэмжээг ДНБ-ий 32.4 хувь байхаар төсвийн зарлагын өсөлтийн хэмжээг ДНБ-ий дөрвөн хувь болгон бууруулахаар тооцсон байна.
Засгийн газрын өр 2016 оны төгсгөлд ДНБ-ий 78.8 хувь байсан бол 2018 оны төгсгөлд 58.9 хувь болж буурчээ. Засгийн газрын зүгээс өрийг бууруулах үүднээс өрийн дарамт учруулж байгаа барих, шилжүүлэх нөхцөлтэй концессийн гэрээг хийхгүй байхаар шийдвэрлэсэн байна. Мөн арилжааны нөхцөлтэй дотоод, гадаад бондыг авахгүй байх бодлого баримталж ажиллахаар болжээ.
Нийгмийн даатгалын сан болон Эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгө арилжааны банкуудад байршдаг байсныг 2020 оноос эхлэн Төрийн санд төвлөрүүлэх бодлого баримталж ажиллах талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл өглөө. Тэрбээр “Капитал банкны дампуурал эрсдэл үүсгэхийг харууллаа. Бид арилжааны банканд байршуулж тодорхой хэмжээний хүү авлаа ч гэсэн эрсдэл үүсэхээр байна. Төрийн санд байршуулснаар аливаа эрсдэлгүй явна гэж Засгийн газраас үзсэн” гэсэн юм.
Монгол Улс 2019, 2020 онд төлөх томоохон өр байхгүй ч 2021 оноос төлбөрийн хугацаанууд эхэлж байгааг сайд онцолсон. 2021 онд “Мазаалай” бондын 600 сая ам.доллар, 2022 онд “Чингис” бондын нэг тэрбум ам.доллар, 2023 онд “Гэрэгэ” бондын 800 сая ам.доллар, 2024 онд “Их хуралдай” бондын 800 сая ам.доллар гээд нийтдээ 2.9 тэрбум ам.долларын өр төлөх учиртай. Сангийн яамны зүгээс эдгээрийг төлөхдөө эдийн засагт дарамт учруулахгүй байхаар төлөх стратегийг боловсруулж байгаа аж.
Засгийн газрын өрийн удирдлагыг сайжруулах бодлогын хүрээнд Засгийн газрын үнэт цаасыг шууд иргэд, аж ахуйн нэгжүүдэд худалдаалах боломжтой болгохоор төлөвлөжээ. Сангийн сайд “Өр ДНБ-ий 93 хувьтай тэнцэж байсан үе бий. Өр нь эдийн засагт ихээхэн дарамт учруулдаг байсан алдааг дахиж давтахгүй байхад анхаарч ажиллана. Бодлогын хүрээнд ажилласнаар өр ДНБ-ий 54 хувьтай тэнцэх тооцоо гарсан” гэлээ.
* * *
ЧУУЛГАН: С.ЗОРИГ АГСНЫ ХЭРГИЙГ ШАЛГАХ ТҮР ХОРОО БАЙГУУЛАВ
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2019.04.25/ С.Зориг агсны хэргийг шалгах Түр хороо байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, 88.6 хувийн саналаар баталлаа.
С.Зориг агсны хэргийг шалгах Түр хорооны гишүүдэд Ж.Батзандан, Л.Болд, Х.Нямбаатар, Я.Санжмятав, Ц.Нямдорж, А.Сүхбат, Ө.Энхтүвшин нар багтаж байна.
Монголын төр, нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг Улсын дээд шүүхээс 2017 онд эцэслэн шийдвэрлэсэн ч уг шийдвэрийг дагасан маргаан Монгол Улсын иргэдийн дунд төдийгүй Олон улсын хүний эрхийн хороо, Олон улсын парламентын холбооны Удирдах зөвлөлийн анхаарлын төвд байгаа билээ. 2018 оны гуравдугаар сард Олон улсын парламентын холбооны удирдах зөвлөлөөс Монгол Улсын парламентад ирүүлсэн албан бичиг /шийдвэр/-т "2017 онд шийдэгдсэн С.Зориг агсны хэргийг шүүн тасалсан ажиллагааг Олон улсын хүний эрхийн хэмжүүрийн дагуу зайлшгүй хийгдэх ажиллагаа болон шударга шүүхийн зарчимд нийцүүлж явуулаагүй тул хууль ёсны болон итгэл төрүүлэхүйц болсон гэж үзэхгүй байна. Эрх мэдлийн хуваарилалтын зарчмаа хүндэтгэхийн сацуу уг хэргийг шударга шүүхээр шийдвэрлэсэн бөгөөд цаашид ч шийдвэрлэнэ гэдгийг баталгаажуулах үүднээс УИХ дэргэдээ парламентын хянан шалгах чиг үүргийг хэрэгжүүлэх шинэчилсэн хороог байгуулахыг уриалж байна, мөн УИХ-аас авсан арга хэмжээ, гарсан үр дүнг Олон улсын парламентын холбоонд тогтмол мэдээлнэ гэдэгт найдаж байна” хэмээн дурдсан байна.
Энэ хүрээнд Түр хороо байгуулах шаардлагатай байгаа юм. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд Түр хороо байгуулах асуудал жил гаруй саатаж, цаг хугацаа шаардсан, нэлээд хэдэн чуулган дамжсан. УИХ өмнө нь Хууль зүйн байнгын хороо, Тусгай хяналтын дэд хороон дээр хоёр ч ажлын хэсэг байгуулан ажилласан ч хууль эрх зүйн хязгаарлалтад орж, үйл ажиллагаа нь мухардалд орсон юм. Иймд Үндсэн хууль, УИХ-ын тухай хуулийн дагуу энэ асуудлаар Түр хороо байгуулах шаардлагатай гэсэн шийдэлд хүрээд энэ асуудлыг өргөн барьсан. УИХ-аар энэ асуудлыг яаралтай хэлэлцэж, санал, дүгнэлтээ гаргах цаг нь болсон. С.Зоригийн хэргийн асуудлаар Олон улсын парламентын холбооны 50 гаруй тогтоол болон ойрын өдрүүдэд болж байгаа ОУПХ-ны Хүний эрхийн хорооны хуралдаанаар ч энэ асуудлыг хэлэлцэж, санал дүгнэлт гарч байгаа хэмээж байлаа.
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Энэ түр хорооны ажил эрүүдэн шүүсэн асуудлыг судлах ёстой. УИХ-ын гишүүд хардаж байна гэж ярьдаг. Би энэ үгийг хэрэглэж үзээгүй. Төрийн асуудлыг хардах эрх УИХ-ын гишүүдэд байхгүй. Баримттай ярих үүрэгтэй. Бид чимээгүй сууж байгаад энэ улсыг гяндан болгох юм уу” хэмээсэн бол УИХ-ын дарга Г.Занданшатар “Түр хороо ажлаа хийх ёстой. Үүнд тусгай хяналтын хорооны гишүүд оролцоно. Гишүүдийг бүлгээс шийднэ” гэлээ.
* * *
МАН ХАРИЛЦАА ХОЛБООНЫ БАГЦ ХУУЛИАР ЗАВСАРЛАГА АВЛАА
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2019.04.04.26/ Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх байсан ч МАН-ын бүлгийн хүсэлтээр дөрөв хоногийн завсарлага авав.
Хуулийн төслүүдийн хүрээнд ажлын хэсэг нийт дөрвөн удаа хуралдаж, хуулийн төслийн үзэл баримтлалын хүрээнд зарчмын зөрүүтэй саналыг хуулийн төсөл тус бүрээр бэлтгэн Байнгын хороонд танилцуулсан байна. Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн хүрээнд зарчмын зөрүүтэй, найруулгын шинжтэй нийт 28 саналыг боловсруулсан бөгөөд нийгмийн сүлжээнд нэрээ нуусан хаягнаас бусдын нэрээр орохыг болиулах, хориглох арга хэмжээ авах зорилгоор харилцаа холбооны үйлчлэгч нь хэрэглэгчийг регистрийн дугаараар нь бүртгэх, зах зээлд давамгай хуулийн этгээд хамаарал бүхий этгээдэд хөнгөлөлттэй нөхцөлийг олгож, өрсөлдөөний тэгш бус байдал үүсгэж байгааг хязгаарлах зохицуулалтыг төсөлд нэмж тусгажээ.
Мөн харилцаа холбооны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага зургаан асуудлаар бодлого боловсруулж, хэрэгжилтийг хангахаар төсөлд тусгасан боловч уг бодлогын баримт бичгүүдийг батлах субьект тодорхойгүй, олон тооны бодлогын баримт бичгийг тус тусад нь батлахаар ойлгогдож байсан тул Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуульд нийцүүлэн Засгийн газраас батлах үндэсний хөтөлбөрийн хүрээнд дээрх бодлогын баримт бичгүүдийг Засгийн газар батлахаар өөрчлөн найруулсан байна.
Эдгээр асуудлуудад гишүүдийн зүгээс нэгдмэл бус байр суурьтай байгаа учир ийнхүү бүлэг дээр хэлэлцэхээр болсон байна. Гишүүдийг төлөөлж УИХ-ын гишүүн Б.Жавхлангийн "Нийгмийн сүлжээнд нэрээ нууцалсан хаягнаас бусдын нэрээр орохыг болиулах, хориглох арга хэмжээг авах зорилгоор харилцаа холбооны үйлчлэгч нь хэрэглэгчийг регистрийн дугаараар бүртгэх, зах зээлд давамгай хуулийн этгээд, хамаарал бүхий этгээдэд хөнгөлөлтэй нөхцөлийг олгож, өрсөлдөөний тэгш бус байдлыг үйсгэж байгааг хязгаарлах зохицуулалтыг төсөлд нэмж тусгана" хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.
Сэтгэгдэл ( 2 )
алцайсан гичий минь бага алцагнаарай
Аль дивангарын үед Түр хороогоо байгуулахгүй юугаа хийж байсан мондиуд вэ? Ард түмнээр илэрхий тоглож байх шив, төр засгаа ... гэж?