ТОЙМ: Оюутолгойн нууц материал, томилгоо тойрсон долоо хоног

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 12

Монголын улс төрд өнгөрөгч долоо хоногт өрнөсөн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна. Өнгөрөгч долоо хоногт Төрийн ордонд хэд хэдэн томилгоо хийгдсэн бол ярианы сэдэв нь Оюутолгойн шалгалтын нууц материал алдагдсан гэх хэрэг байлаа.



ТОМИЛГОО: Аудит, Дээд шүүх, Байнгын хороодын даргыг томилов

Өнгөрөгч долоо хоногт УИХ болон хууль, хяналтын байгууллагуудад хэд хэдэн томилгоо хийгдэв. Бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон УИХ-ын дөрвөн байнгын хорооны даргыг чөлөөлөх, томилох асуудлыг намын бүлэг, байнгын хороо, чуулганаар хэлэлцсэн.

Байнгын хороодын хувьд ажлаа хангалттай сайн гүйцэтгэж байгаа гэж үзэн УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны даргаар М.Оюунчимэгийг, Төсвийн байнгын хорооны даргаар Б.Чойжилсүрэнг улираан томилсон юм. Харин УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны даргаар Ж.Ганбаатарыг, Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар Х.Болорчулууныг томилохыг УИХ-ын гишүүд дэмжлээ.  

Мөн Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарыг Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн зээл авсантай нь холбогдуулан албан тушаалаас нь түдгэлзүүлсэнтэй тул Татварын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Занданбатыг Ерөнхий аудитороор томилов. Түүнчлэн УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмонг өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөний дагуу УИХ-ын дарга Г.Занданшатарын саналаар УИХ-ын даргын ахлах зөвлөх Л.Өлзийсайханыг томилохыг гишүүдийн олонх дэмжсэн.

Өнгөрөгч долоо хоногт Ерөнхийлөгчийн зүгээс Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Х.Батсүрэнг томилов. Монгол Улсын Үндсэн хуулийн 51 дүгээр зүйлийн 2, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Улсын дээд шүүхийн санал болгосноор Х.Батсүрэнг Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд томилсон юм.

* * *

ГОЛ СЭДЭВ: “Оюутолгой”-н шалгалтын нууц материал алдагдсан эсэх

Өнгөрөгч долоо хоногийн улс төрийн гол сэдэв “Оюутолгой”-н шалгалтын нууц материал УИХ-ын гишүүдээс түрүүлж "Рио Тинто"-д очсон гэх шуугиан байв. “Оюутолгой” төслийн 66 хувийг эзэмшдэг “Рио тинто” компани Засгийн газар болон парламентад хандаж “Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд нэг ч цэг, таслалын өөрчлөлт оруулахгүй” хэмээн мэдэгдэл гаргаснаар уг асуудал “дэвэрсэн”. УИХ-ын гишүүдийн зүгээс Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир “Рио тинто”-гийн удирдлагуудтай уулзах үеэрээ Оюутолгой ордын хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгах Ажлын хэсгийн “нууц материал”-ыг дамжуулсан хэмээн шүүмжилж байв. Д.Дамба-Очир гишүүн үүнд “УИХ-ын дарга Г.Занданшатарын үүрэг болгосноор “Рио Тинто”-гийн удирдлагуудтай уулзсан нь үнэн. "Оюутолгой"-н дүгнэлттэй холбоотой 43 хуудас материал нууцтай холбоогүй” хэмээн тайлбарлаж байгаа билээ.

 

* * *
ТОМИЛОЛТ: Ерөнхий сайд Хэнтий аймгийн бүтээн байгуулалтад анхаарав

Өнгөрөгч долоо хоногт Ерөнхий сайд тахимын зарим гишүүний хамтаар Хэнтий аймагт ажиллаж орон нутгийн бүтээн байгуулалтад анхаарсан юм. Томилолтынхоо хүрээнд Ерөнхий сайд Хэнтий аймгийн Чингис хотод шинээр барьж буй 2012 онд эхлүүлсэн 8.3 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй Хөгжимт драмын театрын барилгыг энэ онд багтаан ашиглалтад хүлээлгэн өгөхийг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгосон. Мөн Чингис хот-Бэрх-Дадал чиглэлийн 265 км хатуу хучилттай авто замын барилгын ажлыг эхлүүлж, “Бэрх" дулааны станцыг яаралтай шинэчлэхийг үүрэгдэв.

* * *

НАМУУД: АН-ын гишүүд С.Эрдэнийг огцрохыг шаардлаа

АН-ын гишүүд, дэмжигчдээс бүрдсэн “Онц их хурал зохион байгуулах хороо”-ноос өнгөрөгч долоо хоногт АН-ын дарга С.Эрдэнийг огцрохыг шаардаж 15 үндэслэлийг нэрлэсэн. Мөн АН-ын Онц их хурлыг энэ долоо хоногт зарлан хуралдуулахыг шаардсан албан бичиг үйлдэн “Хэрэв шаардлагыг биелүүлэхгүй бол ардчилал, шударга ёс, үнэт зүйл, үзэл санаа болон АН-ын ирээдүйн төлөө эрс шийдэмгий, хатуу тэмцэл өрнүүлэх болно” хэмээсэн юм.

АН-ын “Онц их хурал зохион байгуулах хороо”-ноос Монголын улс төрийн манлайлагч хүчин АН-ыг “МАНАН-Мафи”-ийн хамсаатан болох С.Эрдэнэ удирдсан мөчөөс эхэлсэн улс төрийн алдаатай бодлого, үйл ажиллагаанаас үүдэн нам хагаран хуваагдаж, намын гишүүд, дэмжигчдийн итгэл алдарч, олон нийтийн дэмжлэг огцом буурч байгаа тул дараах 15 үндэслэлээр огцрох шаардлага хүргүүлж байна” гэсэн байв.

Уг шаардлагад “C.Эрдэнэ, Д.Эрдэнэбат та нар МАН-ын “60 тэрбум”-ын бүлэглэлийг өмгөөлсөн улс төрийн байр суурь илэрхийлж, М.Энхболдыг хамгаалсан санал өгч, шүүх, прокурор, АТГ-ын авилгач удирдлагыг өмөөрсөн мэдэгдэл, үйлдлүүдээрээ “МАНАН-Мафи”-ийн хамсаатан болохоо удаа дараа нотоллоо”, “Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг худалдаж авах давуу эрхээсээ Монгол Улсын Засгийн газар татгалзаж, Худалдаа хөгжлийн банкны хамаарал бүхий компанид өгөхөд С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат нар Засгийн газрын гишүүнээр ажиллаж байсан бөгөөд өнөөдрийг хүртэл энэхүү хууль бус, луйврын үйлдлээ зөвтгөн хамгаалсаар байна” зэрэг огцрох 15 үндэслэлийг дурдсан байлаа.

* * *

ЧУУЛГАН: Хоёр удаа санал хураасан ч Ашигт малтмалын хуулийг дэмжсэнгүй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай, Газрын тосны тухай, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн “Түгээмэл тархацтай ашигт малтмалын зөвшөөрлийг Ашигт малтмалын газар өгөхөөр заасан учраас би дэмжихгүй” гэсэн бол Г.Тэмүүлэн “Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашигт малтмалаа эцсийн бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ хангасны дараа экспортод гаргана гэж заасан нь хүндрэл чирэгдэл учруулах талтай” гэсэн юм. Харин Н.Амарзаяа гишүүн “Стратегийн ордыг ашиглах зөвшөөрөл эзэмшигч нь аймгийн Засаг даргатай, стратегийн бус ордыг ашиглах зөвшөөрөл эзэмшигч нь сумын Засаг даргатай гэрээ байгуулахаар оруулж иржээ. Орон нутгийн төсвийн эрх мэдлийг нэмэгдүүлж байж уул уурхайн хөгжлийг хангана. Уул уурхайн зөвшөөрөл авсан компаниудын нийгмийн хариуцлагын асуудлыг хуульд тусгах нь зүйтэй” гэв. Мөн Б.Баттөмөр гишүүн “Бид өнгөц өөрчлөлт хийгээд байна. Газрын тос, ашигт малтмалын салбарт 30 жил төрийн бодлогогүй, төлөвлөлтгүй явж ирлээ. Баялгийн өгөөж ард түмэнд хүртээлгүй. Төрийн бодлого алга болохоор ард түмэн ядуу байна” хэмээн байр сууриа илэрхийлсэн.

Улмаар санал хураалт явуулахад Ашигт малтмалын тухай, Газрын тосны тухай, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг гишүүдийн олонх дэмжээгүй юм. Иймд УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр УИХ-ын даргад хандан "Зарим гишүүн хэвлэлийнхэнд ярилцлага өгөөд санал хураалтаас хоцорчихлоо. Та дахин санал хураалт явуулж өгөөч" гэсний дагуу дахин санал хураалт явуулахад  гишүүдийн 51.9 хувь нь татгалзсанаар хууль санаачлагчид төслийг буцаалаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top