ЗИНДАА | Энэ 7 хоногт онцолсон нийтлэл, сурвалжлага, ярилцлага

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 05 сарын 05

ZINDAA.MN сайт энэ долоо хоногт онцлон бэлтгэсэн ярилцлага, нийтлэл, сурвалжлагаа уншигчдадаа нэгтгэн хүргэж байна.

ГАЗРЫН ТОСНЫ ҮНИЙН ӨСӨЛТ ШАТАХУУНЫ ҮНИЙГ ДАРАМТАЛЖ ЭХЭЛЛЭЭ

Манай улс хөрсөн дороо тостой гэдгээ мэдэж, анхны Ерөнхийлөгч дээлээ тосдож байснаас хойш олон он улирчээ. Яг өнөөдрийн тухайд бид хойд хөршөөсөө  газрын тосны бүтээгдэхүүний хэт хамааралтай хэвээрээ байна. Гэхдээ цаасан дээрх төслүүдийн нэг болох Газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн ажил урагштай явааг хэлэх нь зөв байх. Ашигт малтмал, газрын тосны газраас “Газрын тосны салбарын өнөөгийн байдал, хэтийн төлөв” хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Төр, хувийн хэвшлийн төлөөллүүд оролцсон уг арга хэмжээ нь 2027 он хүртэл төрөөс газрын тосны салбарт баримтлах бодлогын баримт бичигт заасан Монгол Улсын Үндэсний болон эдийн засгийн аюулгүй байдлыг хангах, стратегийн ач холбогдол бүхий газрын тосны салбарт эрэл, хайгуулын ажлыг эрчимжүүлэх, нөөцийг өсгөх, олборлолтыг нэмэгдүүлэх, бүс нутгийн хөгжлийг дэмжих, газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах, газрын тосны бүтээгдэхүүний хэрэгцээг тогтвортой хангах, хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх замаар газрын тосны үндэсний аж үйлдвэрийн суурийг бий болгох зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд болж буйг зохион байгуулагч АМГТГ-аас тодотгож байв. Хэлэлцүүлэгт оролцогч талуудын зүгээс газрын тосны салбар дахь алдаа хийгээд онооны аль алийг хөндөж байв. Тэрчлэн Газрын тосны хуульд яаралтай хоёр, гурван зарчмын өөрчлөлт хийх хэрэгтэй байгааг салбарын ахмад эрдэмтэн хэлж байлаа. ДЭЛГЭРЭНГҮЙ 

***

“ХУЛГАНА”-ТАЙ ТАРАГНЫ МӨРӨӨР: ИРГЭН Б СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТАД ГОМДОЛ ГАРГАЛАА

“Сүү” ХК-ийн бүтээгдэхүүнээс хулгана гарсан гэх хэрэглэгчийн мэдээллийн мөрөөр манай сурвалжлах баг эх сурвалжуудтай уулзаж, тодрууллаа. Нийтийн эрх ашиг, эрүүл аюулгүй хүнсээр хангагдах эрх, нөгөө талаас албан байгууллагын нэр хүнд, эрх ашиг хөндөгдөж буй энэ асуудалд Монголын томоохон үйлдвэрлэгч “Сүү” ХК-ийн ажлын байрны стандарт, үйлдвэрлэлийн шат дамжлагадаа алдаа гарсан уу, эсвэл хэрэглэгч бүтээгдэхүүнийг хадгалахдаа алдаа гаргасан уу, зориудаар худал мэдээлэл түгээсэн үү гэдгийг тогтоох хүртэл нь бид энэ сэдвийг үргэлжлүүлэн сурвалжлах болно. Хэрэглэгч худал мэдээлэл цацсан бол үүнийг нотлон тогтоох үүрэг бүхий талууд хуулийн хүрээнд ажиллана гэж найдаж байгаа ба үүнийг ч мөн хэвлэн нийтэлнэ. Нэг үгээр бол хэрэглэгчдийн таашаасан, хэрэглэж заншсан бүтээгдэхүүн баталгаатай эсэхэд итгэх хүртлээ энэ сэдвийг хөндөхийг зорьж байна. Учир нь иймэрхүү тохиолдолд ихэнхдээ хоёр тал хоорондоо зохицоод асуудлыг чимээгүй дарж өнгөрөөдөг. Энэ тохиолдолд нэгэнт цацагдсан мэдээллийн үнэн, худлын аль нь ч тодрохгүй үлдэж, өөр бусад хэрэглэгчийн эрх ашиг, итгэл гэх зүйл үнэгүйддэг учраас хэвлэл мэдээллийн үүргээ бид тууштай хэрэгжүүлэх нь чухал гэж үзэж байна. 

Баянзүрх дүүрэгт амьдардаг иргэн Б энэ сарын 26-ны орой “Сүү” хувьцаат компанийн “Амтлаг” тарагнаас хулгана гарч ирсэн тухай мэдээлэл сошиал хуудсанд тавигдсан нь олон нийтийн сүлжээнд хуурай өвсөнд гал алдсан мэт хурдтай тархсан билээ. Мэдээллийн мөрөөр хохирогч гэх иргэн Б-тэй уулзаж, дараах тодруулгыг авлаа. Тэрбээр болсон үйл явдалтай холбогдуулж өргөдлөө өгөхөөр Сонгинохайрхан дүүргийн мэргэжлийн хяналтын газар очсон байх үеэр бид уулзсан юм. ДЭЛГЭРЭНГҮЙ

***

ТОМ ТӨСЛИЙН ТОЙМ | “ОЮУ ТОЛГОЙ”-ГООР СОНИН ЮУТАЙ ВЭ?

Өнөөгийн “Оюу толгой”-г бий болгосон нэрт геологич “Зэсийн Гарамжав” ил уурхайд нэрээрээ мөнхөрч, сум, орон нутагтаа ашгийнхаа тодорхой хувиас сургууль, цэцэрлэгийн цогцолбор байгуулж, сүүлийн үеийн технологийн ололт амжилтыг нэвтрүүлжээ. “Оюу толгой” ирэх жилүүдэд олборлолтоо нэмэгдүүлэн, далд уурхайгаа ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Хэрэв далд уурхай ашиглалтад орвол “Оюу толгой” дэлхийн гурав дахь том уурхай болно.

“Зэсийн Гарамжав”. Ухамсарт амьдралынхаа 73 жилээс 50-иас илүүг нь геологи, тэр дундаа зэс хэмжээх эрдэст зориулсан Д.Гарамжавыг “Оюу толгой” компани ил уурхайдаа мөнхөлж, ил уурхайгаа “Гарамжав” хэмээн нэрлэхээр боллоо. “Оюу толгой” орчимд 2000-аад оны эхээр геологи хайгуулын судалгаа эхэлж, хоёр ч удаа хайгуул зогсох хэмжээнд хүрч байхад Д.Гарамжавын зөвлөгөөгөөр одоогийн ил уурхайн 150 дугаар цооногыг ухах шийдвэрийг гаргаж байсан түүхтэй. Угтаа энэ л шийдвэрээс одоо улс эх орны татват бүрдүүлэлтийн ихэнх хувийг бүрдүүлэх болсон “Оюу толгой”-н олборлолт эхэлсэн түүхтэй. Түүний ажил хөдөлмөрийг үнэлж геологийн салбарын олон улсын хамгийн нэр хүндтэй “Тайер Линдслейн” нэрэмжит шагналыг хүртэж байсан юм. Чухамдаа түүнээс өөр Монгол хүн энэ шагналыг одоогоор аваагүй байна.

“Д.Гарамжав байгаагүй бол “Оюу толгой” төсөл хэрэгжих боломжгүй байлаа. Энэ гайхалтай хүмүүний залгамж халаа одоо ч манай компанид ажиллаж, хөдөлмөрлөсөөр байна. Түүний алдар, гавьяаг үр хойч нь үргэлж санаж, ажлынхаа зүг чиг болгоно гэдэгт итгэлтэй байна” гэж “Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирал Армандо Торрес ярьсан юм. ДЭЛГЭРЭНГҮЙ

***

АТГ-ЫН ДАРГА, ДЭД ДАРГАД НЭР ДЭВШИГЧИД АЖЛАА “60 ТЭРБУМ”-ЫН ХЭРГЭЭС ЭХЛҮҮЛЭХЭЭ МЭДЭГДЛЭЭ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс одоогийн АТГ-ын дарга, дэд даргыг албан тушаалаас нь чөлөөлж, оронд нь З.Дашдавааг АТГ-ын даргад, Ж.Батсайханыг АТГ-ын дэд даргад томилох саналыг УИХ-д зөвшилцөхөөр хүргүүлээд байгаа билээ. Харин өнгөрсөн гуравдугаар сарын эхээр Ж.Батзандан, Т.Аюурсайхан, Л.Болд, Ц.Гарамжав, З.Нарантуяа, Я.Содбаатар нарын 19 гишүүн дээрх асуудлаар Томилгооны сонсгол хийх саналыг УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлсэн байдаг.  Тэгвэл АТГ-ын дарга, дэд даргыг томилох асуудалтай холбогдуулан өчигдөр Төрийн ордонд Томилгооны сонсголыг зохион байгууллаа. Энэхүү Томилгооны сонсголыг УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан ахалж явуулсан бол иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд хоёр нэр дэвшигчээс асуулт асууж хариулт авсан юм. Энэ талаар УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан хэлэхдээ “УИХ-ын дөрвөн гишүүн асуулт асууж санал хэлсэн. Иргэний нийгмийн байгууллага болон иргэдийн зүгээс 23 хүн асуулт асууж, хариулт авлаа” хэмээн онцолж байлаа. Ингээд олныг нуршилгүйгээр АТГ-ын даргад нэр дэвшигч З.Дашдаваа, АТГ-ын дэд даргад нэр дэвшигч Ж.Батсайхан нарын хариултаас онцолж байна. ДЭЛГЭРЭНГҮЙ

***

Н.АЛТАНХУЯГ: БИ НАМААСАА ГАРЧ ЯВАХГҮЙ, ӨӨРЧИЛНӨ, ТЭМЦЭНЭ 

Монгол Улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг /2019.05.01/ мэдээлэл хийлээ.

-Таныг АН-ын гишүүнчлэлээс хассан гэх мэдээлэл цацагдсан. Энэ үнэн үү?

-Би Ардчилсан хувьсгалд МУИС-ийн багш байхаасаа оролцсон. Би С.Эрдэнээр намаасаа хасуулах гэж Ардчилсан хувьсгалд оролцоогүй. Намайг хассан гэх албан бичиг нь хаана байна. Би олж үзээгүй. Эд нар ингэж луйвар хийдэг байхгүй юу. Мөнгө төлж худлаа мэдээлэл цацдаг. С.Эрдэнэ луйвраар олсон мөнгөөрөө хүртэл сонин гаргадаг. Н.Алтанхуягийг, Ерөнхийлөгчийг хус. З.Энхболдыг хус гэж бичүүлдэг байхгүй юу. Энэ одоо юу гэсэн үг юм.

-Таныг намаас хөөх шалтгаан нь намын байр зарсан мөнгөнөөс хувьдаа завшсан гэж үзсэн юм байна?

-Би АН-ын даргаар зургаан жил ажилласан. Энэ хугацаандаа намайг намын байр “идсэн”, намын мөнгөөр ланд машин авч унасан гэж гүтгэсэн. Би 2008 -2014 оны хооронд АН-ын дарга, тэргүүн шатар сайд хийж байсан. Би ядарсан намынхаа мөнгөөр ланд автомашин авч унах хүн биш. Надад намын байрнаас нэг ч төгрөг авсан зүйл байхгүй. Би “Ардчиллын өргөөний барилгын суурийг дуудлага худалдаагаар худалдах ажлыг намын хэрэг эрхлэг газар, Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарьт даалгаж байсан. Энэ бол гүтгэлэг. Энэ хүмүүс ийм гүтгэлэг хийхдээ сурсан хүмүүс. Тухайлбал, намайг Ерөнхий сайд байхад маш их мөнгө цацаж “новш” болгосон. Яагаад гэхээр Оюутолгой, Тавантолгойн эрх ашгийн асуудал хөндөгдөж байсан. Тийм учраас хуулийн байгууллагад хандсан. Миний нэр хүндэд халдсан үндэслэлээр С.Эрдэнэд зөрчлийн хэрэг үүсгэсэн. ДЭЛГЭРЭНГҮЙ 

***

“БҮС БА ЗАМ”-ЫН ГОЛ ГУРВАЛЖИН: ХЯТАД, МОНГОЛ, ОРОСЫН КОРИДОР 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн долоо хоногт БНХАУ-д төрийн айлчлал хийж, үргэлжлүүлэн Бээжин хотноо “Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний хоёр дахь удаагийн чуулга уулзалтад оролцлоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувиар анхны төрийн айлчлалаа БНХАУ-д хийсэн нь монголчуудын анхаарлыг татсан бол олон улсын анхаарал “Бүс ба Зам” чуулга уулзалтад төвлөрсөн өдрүүд байлаа. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Казахстаны экс удирдагч Нурсултан Назарбаев зэрэг томоохон тоглогчдыг Бээжинд цуглуулсан “Бүс ба Зам” чуулганаар хөндөн ярилцсан сэдвүүдээс “Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридор”-ын асуудлыг Хятадын хэвлэлүүд №1-т онцолж байна. Монголын төрийн тэргүүний айлчлалын үнэ цэнийг өргөж буй энэ сэдвийг Ерөнхийлөгч Х.Баттулга чуулга уулзалтын төлөөлөгчдийн тэргүүн нарын дугуй ширээний уулзалтад оролцох үеэр хэлсэн үгэндээ мөн онцолжээ.

Тэрбээр “Гадаад орчны хувьд бүс нутгийн улсуудтай эдийн засгаар холбогдох чиглэлээр хамтран ажиллахаар ойлголцолд хүрч, зарим улстай тодорхой гэрээ, хэлцлүүд байгуулсан. Үүний нэг тодорхой жишээ нь, Орос, Хятад хоёр хөрштэйгөө хамтран хэрэгжүүлэх “Гурван улсын эдийн засгийн коридор” хөтөлбөр юм. Энэ хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэхээр миний бие ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, БНХАУ-ын дарга Ши Зиньпин нартай өнгөрсөн онд болсон гурван улсын тэргүүн нарын дөрөв дэх уулзалтын үеэр тохиролцсон болно” хэмээн мэдэгдсэн байна. Бүс нутгийн хамтын ажиллагааны асуудлууд дунд Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридор хэмээх шинэ гурвалжин цаашид илүү том, тодоор яригдах юм байна гэдэг дохиог Төрийн тэргүүний энэ удаагийн айлчлал болон цаг хугацааны хувьд айлчлалын араас залгасан “Бүс ба зам” чуулга уулзалтын үеэрх талуудын байр суурь дахин бататгаж байна гэж ажиглагчид дүгнэж буй. Хятадын өнөөгийн удирдагч Си Жиньпиний санаачилга болох “Бүс ба зам” хөтөлбөр дээрээ дээвэр байгууллагагүй явж ирсэн бөгөөд энэ удаагийн чуулга уулзалтын дараагаас дүрэм журам, олон улсын стандарттай болж үргэлжлэхээр болж буй юм байна. ДЭЛГЭРЭНГҮЙ

***

ЭДИЙН ЗАСГИЙН ЦЕНЗУР ДООРХ ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨ 

Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцоно. Энэ бол Монгол Улсын Үндсэн хуулийн 3 дугаар зүйл. Мэдээлэл бол мэдлэгтэй оролцооны үндэс бөгөөд иргэдийн шууд оролцоог хангана. Тухайлбал, Та улсад хүн амын орлогын, нэмэгдсэн өртгийн гэх мэт олон төрлийн албан татвар, хураамж, төлбөр төлдөг. Энэ татвар нь улсын төсвийг бүрдүүлж, төр, засаг, түүний байгууллагуудын үйл ажиллагаанд зарцуулагдана. Та халааснаасаа өгсөн мөнгөө хэн нэгэн албан тушаалтнаар үрэн таран хийлгэхгүйн тулд ХЯНАЛТ тавих үүрэгтэй. Үүний тулд танд мэдээлэл хэрэгтэй. Энэ бол Австралийн Олон Улсын Хөгжлийн Агентлагын санхүүжилтээр “Мэдэх эрх: Мэдээллийн эрх чөлөө” төслийн хүрээнд “Глоб Интернэшнл” ТББ-аас эрхлэн гаргасан гарын авлагаас авсан эшлэл юм. Гарын авлагаас цааш эшилье.

Та бол дангаараа ч ард түмэн мөн. Иймд Та ТӨРИЙН ЭЗЭН. Төрийг мэдэлдээ байлгах нь түүнийг өөрийнхөө төлөөлөгчөөр удирдуулах, хяналт тавих, үйл ажиллагаанд нь нөлөөлөх замаар хэрэгжинэ. Үүний тулд Танд дараах эрхүүдийг эдлүүлэхээр хуульчилсан. Үүнд: МЭДЭХ ЭРХ. Таны мэдээлэлтэй байх эрхийг МЭДЭХ ЭРХ гэж нэрлэдэг. Энэ нь таны Үндсэн хуульд заасан бусад эрхээ хэрэгжүүлэхэд шаардлагатай суурь эрх билээ. Чухам юуг мэдэхийг иргэд хүсдэг вэ? Үнэнийг!

Үнэн гэж юу вэ? Зах зээлд алив бараа, бүтээгдэхүүний үнэ хэрхэн бүрэлдэн тогтдогтой яг адилаар олон талын мэдээллүүдийн өрсөлдөөн дундаас ҮНЭН тогтдог. Яг одоо эргэлзээтэй санагдаж буй ямар нэгэн зүйл биднийг илүү бодитой, найдвартай мэдээллийг хайж олох тусам илүү ойлгомжтой болж болно. Үнэнээс хэн айдаг вэ? Өөрийнх нь тухай тааламжгүй үнэнийг түгээхээс айхдаа үг хэлэх эрх чөлөөг хязгаарладаг төр засаг бол эгээ л өөрөө харагдахгүй байя гэхээрээ нүдээ аньчихдаг бяцхан хүүхэдтэй адил загнаж байгаа хэрэг. Людвиг Верне. Үнэнийг, эсвэл үнэнд дөхүүлэх мэдээллээс төр засаг, түүний эрх мэдлийг хэрэгжүүлж буй албан тушаалтнууд эмээсээр ирсэн нь мэдээ, мэдээлэл, үзэл бодлыг нийгэмд түгээгч хэвлэл мэдээлэл, сэтгүүлзүй, сэтгүүлчидтэй харгалдсаар ирсэн. Энэхүү “хилийн шугам” дээр Хэвлэлийн эрх чөлөө оршин тогтдог. ДЭЛГЭРЭНГҮЙ

***

Х.МАНДАХБАЯР: МОНГОЛЫН ОНЦЛОГТОЙ СЭТГҮҮЛ ЗҮЙН ТӨЛӨӨ БҮГД ХАМТРАХ НЬ ЧУХАЛ

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр тавдугаар сарын 3-нд тохиолоо. Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл /МСНЭ/-ээс энэ өдөрт зориулж, “Хараат бус сэтгүүл зүй” үндэсний форумыг Соёлын төв өргөөнд зохион байгуулж байна. “Ардчиллын төлөө хэвлэл мэдээлэл-Хуурамч мэдээллийн эрин үе дэх сонгууль ба сэтгүүл зүй” үндсэн сэдэвтэй форумд хэвлэл мэдээллийн салбарын үе үеийн төлөөлөгчид оролцож байна. 

МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр форумын эхэнд “Үндэсний сэтгүүл зүйн шинэ дэвшилтэт хөгжлийн үзэл санаа” сэдвээр илтгэл тавилаа.

Тэрбээр илтгэлдээ "Зөрчлийн хууль гэж гаргаж ирээд сэтгүүлчдийг шүүхгүйгээр яллаж байгаа. Энэ хууль засагдах байх гэж найдаж байна. Хэвлэл мэдээллийн 15 байгууллага нэгдэж, ХЗДЯ-нд Зөрчлийн хуулийн 6-гийн 21-д байгаа заалтыг хасч өгөөч гэсэн маш тодорхой санал хүргүүлсэн.  Энэ чуулганаар Зөрчлийн тухай хуулийн энэ заалтыг эргэж хэлэлцэх байх гэж итгэж байна. Хэвлэлийн эрх чөлөөний өдрөөрөө энэ асуудлыг эрх баригчдад сануулан хэлэх нь зөв байх. Дараагийн бас нэг хуулийн асуудал бол Өргөн нэвтрүүлгийн хууль. Монголын хэвлэлийн салбарын орлого 50 тэрбум төгрөг юм байна. Үүнээс 60 хувь нь телевизийн салбарт оногддог. Монголд 100 гаруй телевиз үйл ажиллагаа явуулж байна. 30 тэрбумаа 100-д хуваагаад үзье. Гэтэл өргөн нэвтрүүлгийн нэг телевизийн жилийн зардал тэрбум давж байгаа. Хаанаас ийм мөнгө олох вэ, эсвэл хаанаас энэ мөнгө гарч байна вэ? Үүний цаана хэвлэл мэдээллийн хэрэгслийн хувьцаа эзэмшигчид, эздийн асуудал гарч ирнэ. Хувьцаа эзэмшигчид ил байх ёстой. Санхүүжилт ил байх ёстой.  Үүний дараа бид хараат бус сэтгүүл зүй гэж ярих ёстой юм. Хараат хэвлэлийн хэрэгслийн сэтгүүлчээс хараат бус зүйл хий гэж яаж шаардах вэ? Өргөн нэвтрүүлгийн хуулийг баталж, ний нуугүй хэлэхэд хэтэрхий даварсан энэ АйПи телевизүүдийн хазаарыг чангалахгүй бол Монгол Улсын хэвлэлийн эрх чөлөө тэнд хязгаарлагдаад байна. Кабелийн телевизээр нэвтрүүлгээ цацах гэж телевизүүд мөнгө төлж байгаа. Татвар төлж байгаа. Харин энэ контентийг тэд хэрэглэгчдэд зарж, мөнгө олж байгаа. Нийлүүлэгч, хэрэглэгч аль алинаас нь мөнгө авдаг ийм бизнес байдаг юм уу. Энэ бүхнийг эргэн харах болсон. Тэдэнд энэ талаар шаардлага хүргүүлнэ. Татварын мөнгийг контент үйлдвэрлэгч нарт шилжүүлж байж Үндэсний контент хөгжинө. Ингэж байж телевизүүд хөгжинө, улс төрийн нөлөө, мөнгө багасна. Эх үүсвэр нь тодорхойгүй санхүүжилт багасна. Ингэж байж сэтгүүлчдийн цалин өсөх юм. ДЭЛГЭРЭНГҮЙ

***

Б.УНДАРМАА ОХИНЫГ ХҮЧИРХИЙЛСЭН ГЭХ ЭТГЭЭД ЦУВРАЛ ХЭРЭГТЭН БАЙЖЭЭ 


Сэлэнгэ аймгийн Жавхлант сумаас өнгөрөгч дөрөвдүгээр сарын 14-ний өдөр Б.Ундармаа гэх 9 настай охин алга болсноос хойш 17 хоног өнгөрч байгаа билээ. Өнгөрсөн хугацаанд охиныг орон даяар эрэн сурвалжилсны дүнд уг хэргийг үйлдсэн байж болзошгүй сэжигтэн этгээдийг нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс саатуулан, шалгаж эхлээд байна. Сэжигтэн этгээд нь 35-40 орчим насны эрэгтэй бөгөөд түүнийг Налайх дүүрэгт үйлдэгдсэн хүчингийн хэргийн сэжигтнээр анхлан саатуулсан байжээ. Дээрх этгээд өнгөрөгч дөрөвдүгээр сарын 20-ны өдөр 11 настай Н гэх охиныг хүчирхийлж, хэргийн газраас оргон зайлаад байсныг цагдаагийн алба хаагчид эрэн сурвалжилж саатуулсан байжээ. Улмаар сэжигтэн этгээд мөрдөн байцаалтын явцад 11 настай охиныг хүчирхийлсэн хэргээ хүлээн зөвшөөрснөөс гадна Сэлэнгэ аймагт бага насны охиныг хүчирхийлсэн гэдгээ мэдүүлжээ.  ДЭЛГЭРЭНГҮЙ

***

ШҮҮХ: Б.МАХБАЛД НАЙМАН ЖИЛИЙН ЯЛ ТӨЛӨВЛӨЖЭЭ 

Өнгөрөгч оны наймдугаар сарын 9-10-нд шилжих шөнө Засгийн газрын 13 дугаар байр буюу Зам тээврийн хөгжлийн яамны байранд тус яамны газрын дарга нар архидан согтуурч, улмаар нэгнийхээ аминд хүрсэн харамсалтай хэрэг гарсан билээ. Хохирогч нь Зам, тээвэр хөгжлийн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэн байсан бөгөөд түүний амь насыг хөнөөсөн хэрэгт мөн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Махбалыг сэжиглэн, ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хориод байгаа юм. Улмаар хэргийн мөрдөн байцаалт дуусч, энэ оны нэгдүгээр сард шүүхэд шилжүүлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл шүүх хурал нийт таван удаа хойшлогдоод байна. Сүүлийн шүүх хурал нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр 10:30 цагт эхэлж, хоёр удаа завсарласны эцэст 15:00 цагт шүүх бүрэлдэхүүн  хурлыг тавдугаар сарын 1-ний өдрийн 10:00 цаг хүртэл хойшлуулах шийдвэр гаргасан. Учир нь, шүүгдэгчийн өмгөөлөгч н.Ганболд улсын яллагч болон шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан юм. Түүнчлэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Өнөрцэцэг нь өөрийн сонгон авсан таван өмгөөлөгчөөс татгалзсан тул шүүхээс шүүгдэгч Б.Махбалд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ийнхүү хойшлууллаа. ДЭЛГЭРЭНГҮЙ

***

АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: УРЛАГАА “УРГУУЛСАН” ХӨХ ХОТ 

Хэн хүнээс илүү миний л мэдэрч чадах, үүндээ ч өөрөө итгэл дүүрэн байдаг ганц зүйл бол Улаанбаатар хотын амьдрал. Амьдралдаа энэ хотоос илүү хот, энэ хотын өгдөг мэдрэмжээс илүү мэдрэмжийг амсаагүй явсан учраас саяхныг хүртэл ийн бодож иржээ. Улаанбаатарын тухай цэвэр тунгалаг бодол минь сүүлийн үед шавар шавхайтай хутгалдаж байгаа нь намайг хамгийн ихээр эмзэглүүлэх болсон юм. Хавирган сарнаас цан хүүрэг савсана. Улаанбаатарын иргэд жаргалтай, жаргалгүй аж төрнө. Хавирган сар байшингийн дээврээс зүүгдэх Улаанбаатарын үдшийн зураглал нүдэнд дасал болсоор хуучирч муудсан хувцас шиг санагдах болжээ. Үүнээс л болж надад энэ хотоос холдох, холын хол явах хүсэл төрөх болсоор багагүй хугацааг үдсэн байв. Нөгөөтэйгүүр бидний “амьдрал” гэж нэрлэдэг хоорондоо ямар ч ялгаагүй эдгээр өдөр хоногуудаас оюун санаа минь залхаж эхэлсэн. Орон хот гэдэг миний хувьд толгой хоргодох дөрвөлжин сууцаас илүү үнэ цэнэтэй. Хуучин хувцас, хуучин бодол гээд амьдралын минь ихэнх орон зай хуучнаар дүүрчихсэн байсныг мэдрээд яах учраа олохгүй явахад минь энэ бүхнээс түр ч атугай холд гэсэн шиг өмнөхөөсөө ямар ч ялгаагүй гэж бодсон энгийн нэгэн өглөө энгийн биш эхэлсэн юм. ДЭЛГЭРЭНГҮЙ

***

СҮМО: ШИНЭ ОЗЭКИТЭЙ ЗУНЫ ТЭМЦЭЭНИЙ БАНЦҮКЭ

Японы сүмо бөхийн холбооноос ирэх сарын 12-нд Токио хотын Кокүгикан ордонд эхлэх Зуны тэмцээний шинэ банцүкэг зарлалаа. Банцүкэгийн гол онцлог нь шинэ озэки Такакэйшёо юм. Такакэйшёо Токио хотноо хэвлэлийн бага хурал хийлгэж, сэтгэлийн үгээ сэтгүүлчидтэй хуваалцлаа. Тэрбээр “Багаасаа л озэки болохыг хүсдэг байлаа. Банцүкэгээ хараад одоо л озэки болсноо жинхэнээр мэдэрч байна. Шинэ озэки цолтойгоор Рэйва эриний анхны башёд зодоглох гэж байгаадаа баяртай байна. Шинэ эринийг төлөөлсөн бөх болохыг хүсч байна. Зорилго 15 давах” гэж хэлжээ. 2006 оны Зуны тэмцээнд Хакүхо шинэ озэки цолтой түрүүлж байсан бөгөөд Такакэйшёо ч их аваргын амжилтыг давтахыг хүсч байна. ДЭЛГЭРЭНГҮЙ

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top