WEEK in BRIEF | Нийслэлчүүд толгойгоо тоолуулж, малчдын зээлийн хүүг төлнө

Б.Гантуяа | Zindaa.mn
2024 оны 03 сарын 02

Мэдээллийн ZINDAA.MN сайт өнгөрч буй долоо хоногт дэлхийд болон дотооддоо болж өнгөрсөн онцлох үйл явдлын тоймыг хүргэж байна.


-МАЛЧДЫН ЗЭЭЛИЙН ХҮҮГИЙН 220 ТЭРБУМЫГ ЗАСГИЙН ГАЗАР ТӨЛНӨ-

Манай улсад ойрын 60 жил тохиогоогүй хүнд өвөл болж, нийт нутгийн 80 гаруй хувьд төмөр болон цагаан зуд нүүрлэсэн хэцүү цаг үеийг бид туулж байна.

Засгийн газраас хаваржилт хүндэрч, зудын байдалтай болсонтой холбогдуулж гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн. Хаваржилт хүндэрсэн аймаг, сумдад өвс, тэжээлийн тусламж хүргэхээс гадна хүнд нөхцөл байдалтай нүүр тулж буй малчдын зээлийн хүүгийн төлөлтийг хойшлуулахаар боллоо.

Арилжааны банкууд дахь малчдын зээл 1,3 их наяд төгрөг байгаа бөгөөд зээлийн хүүгийн төлөлтийг нэг жилээр хойшлуулж, хүүгийн хуримтлал болох 220 тэрбум төгрөгийг Засгийн газраас төлнө.

-ДОРНОГОВЬ АЙМГИЙН УЛААНБАДРАХ СУМ ДАХЬ “ЭРДЭНЭС БАЯНБОГД” ОРДЫН ХАЙГУУЛЫН ЭРХИЙГ БНХАУ-Д ӨГЧ,  УЛААНБААТАР ХОТ МЕТРОТОЙ БОЛНО-

Өнгөрч буй долоо хоногт Улаанбаатарчуудыг метротой болгох талаар хотын дарга Х.Нямбаатар мэдэгдэж, албан ёсоор анх удаа олон улсад нээлттэй тендер зарлалаа.

Тэртээ 2013 онд нийслэлийг их багтаамжийн тээврийн хэрэгсэл буюу метротой болгох асуудал анх яригдаж байсан ч арав гаруй жилийн дараа ийнхүү ажил болон хийгдэж эхлээд байна.

Улаанбаатарчуудын хувьд зарим хэсэг нь метрог сонгууль угтсан “шоу” гэж харж байгаа бол нөгөө талаас метротой болно гэсэн итгэл, үнэмшилтэй хэсэг ч байна.

Энд сонирхуулахад, “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” нь Дорноговь аймаг Улаанбадрах сумын нутагт байрлах “Эрдэнэс Баянбогд” ордыг 100 хувь эзэмшдэг. Өмнөх хотын дарга Д.Сумъяабазар дээрх ордын хайгуулын эрхийг БНХАУ-д өгч, түүний оронд нийслэлийг метротой болгох “LRT” төслийнхөө санхүүжилтийг авсан гэгддэг.

-ГАВЬЯАТ ТАМИРЧИН Э.ЦЭНДБААТАР МЭРГЭЖЛИЙН БОКСЫН РИНГЭН ДЭХ 9 ДЭХ ЯЛАЛТАА АВЛАА-

Монгол Улсын Гавьяат тамирчин, сонирхогчдын боксын ДАШТ-ий хүрэл медальт, Ази тивийн аварга, Э.Цэндбаатар  мэргэжлийн боксын рингэн дэх ес дэх тулаанаа хийж, ээлжит ялалтаа авсан нь өнгөрсөн долоо хоногт болсон онцлох үйл явдлын нэг байлаа.

Түүний өрсөлдөгч Канадын тулаанч мэргэжлийн боксын 14 тулаанд ялалт байгуулж, хоёр удаа ялагдал хүлээсэн, зургаан удаа “Ко” буюу хүнд цохилтоор өрсөлдөгчөө ялсан амжилттай Мохамед Сумаоро байв. Харин манай тамирчин тулааны турш илүүрхэж, өрсөлдөгчөө буулгаж авснаар мэргэжлийн боксын рингэнд есөн тулаан хийхдээ есүүлэнд нь ялсан амжилт гаргасан юм.

-ГУРАВДУГААР САРЫН 15-НААС ХОТЫН ДАРГА  НИЙСЛЭЛЧҮҮДИЙН ТОЛГОЙГ ТООЛНО-

Өнгөрөгч долоо хоногт нийслэлийн төсвийн тодотголын хоёрдугаар хэлэлцүүлэг болж, хотын дарга Х.Нямбаатар автобусаар зорчигчдын толгойг тоолохоор болсон тухайгаа мэдэгдсэн юм.

Тэрбээр “Нийтийн тээврийн төлбөр тооцооны системийг олон нийтэд танилцуулж зугуухан шилжилт хийх гэж байна. Энэ хүрээнд хүний толгой тоолдог төхөөрөмжүүдийг бүх автобусанд суулгана. Ингэснээр нэгдүгээрт, тухайн хүний толгой тоологдоно, хоёрдугааарт төхөөрөмжид уншигдсан хоёр яв цав нийлнэ. Хэрэв зөрвөл бид жолоочид хариуцлага тооцно. Ний нуугүй хэлэхэд манай автобусны жолооч нар бүгд хажуудаа бэлэн мөнгөний хайрцагтай, түүнийгээ дэмбээ гэж нэрлэдэг болсон” хэмээсэн юм.

Тиймээс нийслэлчүүд энэ сарын 15-ны өдрөөс автобусаар зорчихдоо толгойгоо тоолуулна. Эдгээр толгойны тоо хоорондоо зөрвөл автобусны жолооч нар хариуцлагад татагдахаар болж байна.

НАВАЛЬНИЙН ЭЭЖ ЛЮДМИЛАД ХҮҮГИЙНХ НЬ ЦОГЦСЫГ ХҮЛЭЭЛГЭЖ ӨГЛӨӨ

Оросын сөрөг хүчний тэргүүн агсан Алексей Навальныйн гэр бүлийнхэн талийгаачийн цогцсыг авч, оршуулж чадахгүй байсан билээ.

Тэгвэл өнгөрсөн долоо хоногт Навальнийн ээж Людмилад хүүгийнх нь цогцсыг өгч, шүүх шинжилгээнийхэн түүний үхлийн шалтгааныг жам ёсны гэж тодорхойлсон нь олон улсад анхаарал татсан үйл явдал боллоо.

Хэдийгээр цогцсыг хүлээлгэж өгсөн ч Алексей Навальныйн гэр бүлийнхэн эрх баригчид Навальныйн цогцсыг өгөлгүй удааж, аллагын ул мөрийг устгахаар оролдож байна гэж шүүхэд гомдол гаргасан юм. Түүнчлэн Алексей Навальныйн хамтран зүтгэгчид түүний үхэл Навальныйг суллахаар яригдаж байсантай холбоотой байж болзошгүй гэж үзэж байна.

Навальный болон АНУ-ын хоёр иргэнийг ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын албаны офицер Вадим Красиковоор солилцох тухай асуудал яригдаж байсан гэж тэд мэдэгдээд байна.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин (202.9.46.246) 2024 оны 03 сарын 03

Нямбаатараа .... Автобусны жолоочийн карманд өдөр бүр сул орж буй 30000-40000 төгрөгөө тоолбол ямар вэ? 1000 жолоочийн карманд өдөр тутам 40,000,000 сая төгрөг орж байна. 10 өдөрт 400,000 сая, , 100 өдөрт 4,0 тэрбум төгрөг кармалж байна. Энэ бага мөнгө үү????

1  |  0
Зочин(59.153.113.55) 2024 оны 03 сарын 02

Хотын дарга мөшгөгч болхоор толгой хөл сайн тоолох нь өөр хэрэгтэй ажлаа сайн хийгээд өгөөсэй хугацаа энэ даргыг эхлүүлэхгүй шүү

0  |  0
Top