WEEK in BRIEF: УИХ-ын дарга Унгарт айлчилж, ойн салбарынхан чуулав

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 03 сарын 09

Мэдээллийн ZINDAA.MN сайт өнгөрч буй долоо хоногт дэлхийд болон дотооддоо болж өнгөрсөн онцлох үйл явдлын тоймыг хүргэж байна.


-УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР УНГАР УЛСАД АЙЧЛАВ-

Унгар Улсын Үндэсний Ассамблейн дарга Көвер Ласлогийн урилгаар МонголУлсын Их Хурлын дарга Г.Занданшатар тус улсад айлчлав.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Унгар Улсын Үндэсний Ассамблейн дарга  Көвер Ласлотай албан ёсны яриа хэлэлцээ хийлээ.

Кевер Ласло хэлэхдээ, хоёр улсын харилцааг бүхийл салбарт хөгжүүлэхэд парламент хоорондын хамтын ажиллагаа хамгийн чухал гэж үзэж байна. Эрхэм УИХ-ын дарга Г.Занданшатарын манай улсад хийж буй энэхүү айлчлалаар хамтын ажиллах гэрээ, хэлэлцээнүүд биеллээ олж, эртний түүхт Унгар, Монгол Улсын хөгжил, дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна хэмээн илэрхийлэв.

УИХ-ын дарга Алтай судлалын чиглэлээр эрдэмтдийн хурлын талаар танилцуулаад Унгар дахь монгол судлал нь Европ дахь монгол судлалын эхлэлийг тавьсан гэж үздэг хэмээн онцолж, Унгарын Өтвөш Лорандын нэрэмжит их сургуулийн дэргэдэх Монгол судлалын төвийн үйл ажиллагааг өргөжүүлэхэд хоёр талын харилцан дэмжлэг чухал юм.

Мөн соёлын өвийн судалгаа шинжилгээ тэр дундаа Монголын археологийн дурсгалыг судлах, сурталчлах чиглэлд дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж байгаад талархал илэрхийллээ. 

Хэлэлцээний үеэр талууд эрчим хүч, боловсрол, эрүүл мэнд, соёл, спортын чиглэлээрх хамтран ажиллагааны талаар санал солилцсон юм.

Айлчлалын үеэр Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар тус улсын Ерөнхийлөгч Томаш Шүйокт бараалхаж, Алтай судлалын чиглэлээрх эрдэмтдийн хуралд илтгэл тавьсан юм.

 

- ОЙН САЛБАРЫН ҮНДЭСНИЙ II ЧУУЛГАН БОЛЛОО-

Өнгөрөгөч долоо хоногт Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Ой 9+” уриан дор зохион байгуулж буй Ойн салбарын үндэсний II чуулган Төрийн ордонд боллоо.

Чуулган нь “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн болон “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлогод тусгасан “Монгол Улсын ойгоор бүрхэгдсэн талбайн хэмжээг 2030 он гэхэд 9.0 хувьд хүргэх” зорилтыг хэрэгжүүлэх, ойн салбар дахь ололт амжилтаа дүгнэх, цаашдын зорилт, бодлогоо тодотгох зорилготой байв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх чуулганыг нээж үг хэлэхдээ, өнгөрсөн хугацаанд уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулахад ойн экосистемийн гүйцэтгэх үүрэг, ач холбогдлын талаар ард иргэд, аж ахуйн нэгжүүдийн ойлголт хандлага, сэтгэлгээнд ихээхэн өөрчлөлт гарч, мод тарьж, ургуулах, арчлан хамгаалах үйлсэд ард нийтээрээ хамтран зүтгэж байгааг онцоллоо.

Цаашид ойн салбарын бодлого, эрхзүйн орчин, бүтэц, зохион байгуулалт, хөрөнгө оруулалт, санхүүжилт, шинжлэх ухаан, технологийн чадавхыг сайжруулахад чиглэсэн дэс дараатай арга хэмжээ хэрэгжүүлэх шаардлагатайг хэллээ.

 “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн хэрэгжиж эхэлснээс хойш хоёр жилийн хугацаанд 41.5 сая мод тарьж ургуулаад байна. Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа мод үржүүлгийн газрын тоо 452 болж, 39 зүйлийн мод сөөгний 12 тонн үр, 63 сая ширхэг тарьц, суулгацын нөөц бүрдүүлжээ.

2023 онд 275 мянган га талбайн тэрбум орчим модыг хортон шавжнаас хамгаалж, доройтолд өртөн, хатаж хуурайшихаас сэргийлж чадсан бөгөөд энэ жил 300 гаруй мянган га талбайг ойн хөнөөлт шавжнаас хамгаалахад 20 гаруй тэрбум төгрөг зарцуулах юм.

Үндэсний хөдөлгөөний хүрээнд тарих нийт модны 50 гаруй хувийг уул уурхайн компаниуд тарих бол Монголбанк, арилжааны банкууд “Тэрбум мод сан” байгуулан төсөл, хөтөлбөрүүдэд ногоон санхүүжилт олгож байна.

-15 ЖИЛ АЖИЛЛАСАН БАГШ, АЖИЛТНЫ НЭГ ХҮҮХДИЙН СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙГ ТӨРӨӨС ХАРИУЦАХААР БОЛОВ-

Өнгөрөгч долоо хоногт Засгийн газрын ээлжит хуралдаанаар боловсролын ерөнхий хуульд төрийн болон орон нутгийн сургуульд тасралтгүй 15 жил ажилласан багш, ажилтны нэг хүүхдийг тэргүүлэх, эрэлттэй мэргэжлээр төрийн өмчийн их дээд сургуульд суралцахад сургалтын төлбөрийг төрөөс хариуцахаар болов.

Засгийн газрын хуралдаанаар дотоод гадаадын дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчдад зээл, тэтгэлэг олгох, эргүүлэн төлүүлэх, буцалтгүй тусламж олгох, дэмжлэг үзүүлэх зэрэг хэд хэдэн журам батлагдлаа.

Журамд Монгол Улсын сум, хороо бүрээс элсэлтийн ерөнхий шалгалтаар шалгарсан болон олон улсын олимпиадад медальт байрт шалгарсан суралцагчид Монгол Улсын Ерөнхийлөгчийн тэтгэлэг, дотоодын сургуульд тэргүүлэх мэргэжлийн дэд бакалавр, бакалавр, магистр, докторын үндсэн хөтөлбөрөөр суралцагч, Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгайлан заасан мэргэжлээр үндсэн хөтөлбөрт суралцагч, гадаадын дээд боловсролын сургалтын байгууллагад ахисан түвшний сургалтад суралцах төрийн албан хаагч, тэргүүлэх мэргэжлийн магистр, докторын үндсэн хөтөлбөрөөр суралцагч, техникийн боловсролын сургалтын байгууллагын олон улсын хөтөлбөрийг дотоодын сургуульд төгсөж, тухайн мэргэжлийн чиглэлээрээ гадаадын сургуулийн үндсэн хөтөлбөрт дэвшин суралцагчид Монгол Улсын Засгийн газрын тэтгэлэг олгохоор тус тус тусгажээ.

Мөн Засгийн газар хоорондын гэрээний дагуу Монгол Улсаас гадаад улсад, гадаад улсаас Монгол Улсад суралцах суралцагчид, Нийгмийн салбарын хүний нөөцийн хомсдолтой зарим эрэлттэй мэргэжлийн үндсэн хөтөлбөрөөр суралцагчид дотоодын дээд боловсролын сургалтын байгууллагын дэд бакалавр, бакалаврын үндсэн хөтөлбөрт тэтгэлэгтэй суралцахаар тусгасан байна.

-УЛСЫН ХЭМЖЭЭНД 3.1САЯ МАЛ ХОРОГДООД БАЙНА-

Улсын онцгой бхйдлын шуурхай штабын мэдээлснээр, 2024 оны хоёдугаар сарын 28-ны өдрийн байдлаар 13 аймгийн 58 суманд “Төмөр буюу шилэн зуд”, 17 аймгийн 139 суманд “Цагаан зуд” 18 аймгийн 69 суманд "Цагаанаар зудархуу " гэсэн үнэлгээ гарсан байна. 

Өвөлжилт хүндэрсний улмаас өнөөдрийн байдлаар 3.1 сая орчим буюу 3,089,420 толгой мал хорогдоод байна.

Энэ нь оны эхний мал тооллогын дүнтэй харьцуулбал 4.7 орчим хувийг эзэлж байна. 

Хэнтий, Дорноговь, Архангай, Сүхбаатар, Хөвсгөл, Төв зэрэг аймгуудад малын хорогдолт их байгаа юм. 

-“АВЛИГЫН ЭСРЭГ НҮБ-ЫН КОНВЕНЦИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ДАРАА АВАХ АРГА ХЭМЖЭЭ, ХЭРЭГЖИЛТ” СЭДЭВТ БАГА ХУРАЛ БОЛОВ-

Авлигатай тэмцэх газар НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албатай хамтран “Авлигын эсрэг НҮБ-ын Конвенцийн үнэлгээний дараа авах арга хэмжээ, хэрэгжилт” сэдэвт бага хурлыг 2024 оны 3 дугаар сарын 4-7-ны өдөр Авлигатай тэмцэх газрын “Олон нийтийн төв”-д зохион байгуулав.

Монгол Улсын Авлигатай тэмцэх газар өнгөрсөн онд авлигын гэмт хэргийн улмаас учирсан 238 тэрбум төгрөгийн хохирол нөхөн төлүүлж, 8 тэрбум төгрөгийн хахуулийг хураан авчээ. Мөн хамгийн сүүлд 12.2 сая америк долларын хулгайлагдсан хөрөнгийг АНУ, ИБУИНВУ-аас буцаан авчирсан байдаг.

Тэгвэл буцаан авсан хөрөнгийн зарцуулалт, хяналт олон улсад ямар байдаг, Монгол Улс юунд анхаарах талаар НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албаны Зүүн өмнөд Ази, Номхон далайн бүс нутгийн Авлигатай тэмцэх багийн ахлагч Анника Витес сэтгүүлчдийн асуултад хариулав.

Уг бага хурлыг зохион байгуулснаар Авлигын эсрэг Конвенцийн ахиц дэвшлийг үнэлэх, оролцогч талуудын чадавх, мэдлэгийг нэмэгдүүлэх, авлигатай тэмцэх санаачилгыг хэрэгжүүлэхэд шаардлагатай техник туслалцааг тодорхойлох, Конвенцийн хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар практик зөвлөмжийг боловсруулах, төрийн байгууллага хоорондын оролцоог бэхжүүлэх, Конвенцод хандах хандлага, сайн засаглал, тогтвортой хөгжлийн төлөөх авлигатай тэмцэх нийтлэг зорилгыг хэрэгжүүлэх итгэл үнэмшлийг бэхжүүлэх зэрэг ач холбогдолтой.

-ДЭЛХИЙН ТЭРГҮҮН БАЯЧУУДЫН НЭГ МУКЕШ АМБАНИГИЙН ХҮҮ ХУРИМЫН ӨМНӨХ ЁСЛОЛ БОЛОВ-

Өнгөрөгч долоо хоногт дэлхий дахиныг анхаарлын төвд дэлхийн тэргүүн баячуудын нэг Мукеш Амбанигийн отгон хүү Анант Амбанигийн хуримын өмнөх ёслол байлаа.

Дэлхийн тэргүүн баячуудын жагсаалтад цор ганц Ази хүн болон бичигдсэн Мукеш Амбани отгон хүүгийнхээ хуримын ёслолын өмнөх үдэшлэгт 1.2 тэрбум ам.доллар зарцуулжээ. 

Мукеш Амбанигийн отгон хүү Анант Амбани болон түүний сүйт бүсгүй Радика Мерчант нарын хурим ирэх 7 дугаар сард болно. Гуравдугаар сарын 1-3-ний өдрүүдэд зохион байгуулагдсан энэхүү ёслолд Майкрософт компанийг үндэслэгч Билл Гейтс, Мета компанийн тэргүүн Марк Зукерберг, АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампын охин Иванка Трамп зэрэг дэлхийн нөлөө бүхий эрхмүүд оролцжээ. Ирсэн зочид Анант Амбанигийн 3000 акр талбай бүхий Вантара амьтан хамгаалах төвд ширэнгэн ойн сэдэвт хувцастай зочилсон юм.

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top