ТОЙМ: Энэ долоо хоногт ДЭЛХИЙ ДАХИНАА

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 23

Энэ долоо хоногт 29 жил тасралтгүй Казахстан улсыг удирдсан Казахстаны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев төрийн тэргүүний албан албан тушаалаа өгөх болсноо мэдэгдсэн нь тус улсыг төдийгүй бүс нутаг, олон улсыг шоконд оруулав.

Тэрбээр энэ тухайгаа шууд эфирээр ард түмэндээ хандан мэдэгдэхдээ “Би Ерөнхийлөгчийн албан тушаалаасаа огцрох шийдвэр гаргалаа” гээд яагаад огцорч буйгаа тодорхой тайлбарласангүй.

79 настай Назарбаев нь Казахстаны анхны бөгөөд цорын ганц Ерөнхийлөгч юм. Түүний бүрэн эрхийн хугацаа 2020 оны дөрөвдүгээр сард дуусах байв.

Түүний энэ шийдвэрийн шалтгааныг улс төр судлаачид, ажиглагчид өөр өөрсдийн өнцгөөс тайлбарлаж байна. Казахстаны нэгэн улс төр судлаачийн хэлснээр өнөөдөр Казахстан улс нийгэм, эдийн засгийн асуудалтай тулгараад байгаа бөгөөд магадгүй үүнийг шийдвэрлэхэд Назарбаевт хүнд байсан байх. Нуруун дээрээ үүрч буй хариуцлагаас залхсан ч байж болох. Сүүлийн үед түүний нэр хүнд унаж эхэлсэн бөгөөд залуучуудын дунд түүнийг эсэргүүцэх уур амьсгал бий болсон. Гэхдээ тэрбээр улс төрд хэвээр үлдэж, чухал албан тушаалуудаа хадгалан үлдсэн гэж дүгнэсэн бол зарим судлаачид Назарбаев огцорсон нь бус харин эрх мэдлээ Сенатын спикер Касын-Жомар Токаевт шилжүүлсэн нь анхаарал татаж байна гэж шинжээчид онцлов. Энэ бүхэн Ельцин Путинд эрх мэдлээ шилжүүлж байсан тэр үйл явдлыг санагдуулав.

Зарим ажиглагчид түүнийг “Казахстаны Брежнев” болохыг бус Казахстаны Дэн Сяопины дүрийг сонголоо гэж дүгнэж байна. Нас болон эрүүл мэндийн хүчин зүйлс энэхүү зоригтой шийдвэр гаргахад шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн байх магадлал мөн өндөр байгаа юм.

Нурсултан Назарбаев огцрох болсноо мэдэгдсэний маргааш нь /2019.03.21/ Касым-Жомар Токаев тангараг өргөж, Назарбаевын том охин Дарига Назарбаева тус улсын Сенатын танхимын дарга болов. Казахстаны улс төрийн тогтолцооны хоёр дахь том албан тушаалд түүний нэрийг шинэ Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев дэвшүүлсэн юм. Казахстаны Сенатын танхимын гишүүд 55 настай Дарига Назарбаеваг даргын албан тушаалд томилохыг санал нэгтэйгээр дэмжсэн билээ.

- Дэлхийн усны өдрийн босгон дээр ЮНЕСКО, НҮБ-ын ундны ус, эрүүл ахуйн үйл ажиллагааг зохицуулах газраас ээлжит илтгэлээ танилцуулав. Илтгэлд дурдсанаар манай гараг дээр хоёр гаруй тэрбум хүнд усны хомсдол нүүрлэж, эрүүл ахуйн хүнд нөхцөлд амьдарч байна.

Дэлхий дээр арван хүн тутмын гурав нь ундны цэвэр усны гачигдалд амьдарч байгаа бол арван хүн тутмын зургаа нь эрүүл ахуйн үйлчилгээ авч чадахгүй байна. Есөн хүн тутмын нэг нь ил задгай газар бие засдаг гэнэ. Усны найдваргүй эх үүсвэрээс ундны усны хэрэглээгээ хангаж буй хүмүүсийн тал нь Африкийн Сахара цөлөөс өмнө зүгт амьдарч байна. Энэ бүс нутгийн нийт хүн амын дөнгөж 24 хувь нь усны найдвартай эх үүсвэрээс ус хэрэглэдэг бол 28 хувь нь эрүүл ахуйн байгууламжийг дангаараа эзэмшдэг аж. Үүний сацуу, улс орон дотроо, ялангуяа хүн амын баян, ядуу давхаргын хооронд ундны эх усвээрийн хүртээмж ихээхэн ялгаатай байна.  

Үүнээс гадна усны эх үүсвэртэй холбоотой мөргөлдөөний тоо өсч байна гэж шинжээчид анхааруулж байна. 2000-2009 оны хооронд энэ төрлийн 94 тохиолдол бүртгэгдэж байсан бол 2010-2018 оны хооронд мөргөлдөөний тоо 263 болж, өссөн байна.

Байгаль орчны доройтол, дэлхийн ундны усны эх үүсвэрийн хомсдол энэ хурдаар үргэлжилбэл, 2050 он гэхэд дэлхийн ДНБ-ний 45 хувь, дэлхийн буудайн үйлдвэрлэлийн 40 хувь эрсдэлд орно. Энэ нь ядуу болон эмзэг бүлэгт хүчтэй нөлөөлснөөр улам бүр нэмэгдэж буй тэгш бус байдал нэмэгдэнэ гэж Олон улсын хөдөө аж ахуйн хөгжлийн сангийн ерөнхийлөгч Жилбер Унго мэдээлжээ.

урав гаруй мянган жилийн туршид тэмдэглэгдэж буй Наурызын баярыг энэ жил 300 гаруй сая хүн дэлхий даяар тэмдэглэн өнгөрүүлэв. Афганистан, Албани, Энэтхэг, Иран, Казахстан, Турк, Туркменистан улсын хүсэлтээр 2010 онд Нэгдсэн Үндэстний Байгууллага гуравдугаар сарын 21-ний өдрийг Олон Улсын Наурызын Өдөр болгосон билээ.

Перс хэлээр Шинэ Өдөр гэсэн утгатай Наурыз/Навруз нь Зороастрын нарны тооллын шинэ жилийн баяр юм. Эхэн үедээ Наурыз нь эртний Ираны тариаланчдын баяр байжээ. Үеийн үед хаврын өдөр шөнө тэнцэх өдрийг тариаланчид хаврын тариалалт эхэлж буйг тунхаглан, арвин ургац хураахыг билэгдэн холбогдох зан үйлийг гүйцэтгэж, өргөнөөр баяр хөөртэй угтдаг байжээ. Зороастризм буюу нарыг тахих үзэл дэлгэрч, одон орон судлал бий болсноор энэхүү зан үйлийг нарны тойрогт зориулах болсон байна. Ингэж хаврыг угтах энгийн ардын баярын үйл ажиллагаа илүү шашны зан үйлийн агуулгатай болжээ.

Наурызаас гадна бараг бүх шашинтай холбоотой баярууд байгалийн үзэгдэлтэй холбоотой байдаг бөгөөд хөдөө, тосгоноос гаралтай байдаг байна.

- Европын Холбоо Их Британи Еврпын Холбооноос гарах буюу Брекситийн хугацааг энэ оны тавдугаар сарын 22-ныг хүртэл сунгав. Гэхдээ Их Британийн парламент ирэх долоо хоногт “салалтын” гэрээг батлах ёстой юм. Эс бөгөөс Их Британи Европын Холбооноос энэ оны дөрөвдүгээр сарын 12-ны өдөр гарах ёстой болно гэж ЕХ-ны дээд хэмжээний уулзалтын үр дүнгээр гарсан дүгнэлтэд онцолжээ.

Хэрэв хэлэлцээр Нийтийн танхимын дэмжлэгийг авч чадахгүй бол Брекситийн хугацааг 2019 оны дөрөвдүгээр сарын 12-ныг хүртэл сунгах юм. Энэ хугацаанд Их Британи Европын зөвлөлөөр хэлэлцүүлэх цаашдын алхмаа тодорхойлох ёстой.

Ройтерс агентлагаас явуулсан судалгаанд оролцсон эдийн засагчдын дийлэнх олонхи буюу 54-ийн 51 нь энэ сарын 29-нд товлогдсон Брексит хэрэгжихгүй гэж үзэж байсан нь биеллээ оллоо. Өөрөөр хэлбэл энэ хугацаанд Их Британи ЕХ-ноос гарч чадахгүй гэж үзээд Брекситийн хугацаа энэ оны долдугаар сар хүртэл хойшлогдоно хэмээн таамаглаж байв. Хилийн маргаанаас гадна талууд худалдааны болон гаалийн асуудлаар тохиролцоонд хүрч амжаагүй л байна.

Их Британи ЕХ-ноос гарснаас үүдэлтэй сөрөг талууд тодорхой байгаа ч давуу тал нь өнөө хэр бүрхэг байна гэж ажиглагчид дүгнэж байна.

Брекситийн үр дагавар Европын хүчтэй болон сул гишүүн орнуудад өөр өөр тусна. Грек болон Зүүн Европын эдийн засгийн хувьд сул улс орнууд санхүүгийн тусламж, хөнгөлөлтийг илүү шаардах бол Герман, Франц, Итали, Хойд Европын улс орнууд эсрэгээр бодлогоо чангатгаж эхэлнэ. Энэ нь Бүх Европын “завийг” ганхуулах замыг нээнэ гэсэн үг юм. Брекситээс хойш британичуудад тулгарах гол асуудал бол гаалийн хямрал. Брюссель, Лондон хоёр худалдааг зохицуулах асуудал дээр тохиролцоонд хүрч чадсан тохиолдолд ч хүндрэлүүд гарсаар байх болно. Брекситийн үр дагавар Европын хүчтэй болон сул гишүүн орнуудад өөр өөр тусна. Грек болон Зүүн Европын эдийн засгийн хувьд сул улс орнууд санхүүгийн тусламж, хөнгөлөлтийг илүү шаардах бол Герман, Франц, Итали, Хойд Европын улс орнууд эсрэгээр бодлогоо чангатгаж эхэлнэ. Энэ нь Бүх Европын “завийг” ганхуулах замыг нээнэ гэсэн үг юм гэж шинжээчид үзэж байгаа юм.

-Энэ долоо хоногт Хар хайрцагны бичлэг Боинг 737 МАХ онгоцны ослууд төстэй байсныг нотолж, Индонез улсад 74 удаа буудуулсан орангутан амьд гарч, Бельгид шуудангийн тагтаа 1.25 сая еврогийн үнэд хүрч, Спилберг Стоунхенжийн дэргэд кино зураг авалтын объект барихыг зөвшөөрөл авсан зэрэг үйл явдлаар дүүрэн долоо хоног байлаа.

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top