ХУВЬ ЗАЯА | Гурван баатрын хийх үйлийг бүтээсэн Хөдөлмөрийн баатар 

Г.Ганчимэг | Zindaa.mn
2024 оны 08 сарын 21

Завхан аймаг үүсэж хөгжсөний 100 жилийн ойгоор ойрд уулзаагүй ахан дүүс, ураг төрөл учран золгож, билгэ ерөөлтэй үгсийг хэлэлцэн байхуйд дахин нэг Хөдөлмөрийн баатартай болж баяр дээр баяр нэмж, хөл хөөртэй, дэлгэр сайхан наадсан зун болсон, 2023 онд. Мөн онд Монгол Улсад мал эмнэлэг, үржлийн алба үүсч хөгжсөний 100 жилийн ой тохиосон юм. Зун нь ногоон, намар нь налгар, хүн зоны магнай тэнэгэр, давхар давхар баяртай сайхан жил болж өнгөрсөн юмдаг.

Алдар суутнуудын өлгий, ерөөл шүншигт Богд Очирваанийн зүг манай сурвалжлах баг хүлгийн жолоо залсны учир Хөдөлмөрийн баатар Л.Лхаасүрэн гуайн шинэхэн цолны найрыг угтаж, “Хөдөө аж ахуйн бизнес-Шинэ зуунд” эрдэм шинжилгээ, бизнесийн бага хурал зохион байгуулж, тус аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрээр Завхан аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрыг түүний нэрэмжит болгох хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулан намар, нар хоёрыг аргамжин байх шиг.

Найман аравныг элээсэн намтар түүхийг нь ном болгож баринтаглахаар баялаг Монгол Улсын Хөдөлмөрийн баатартай хууч дурсамж хөөрөлдөхөөр өглөө эртийн цагийг товлон өргөө гэрт нь очив. Өмнөх өдөр нь Лхаасүрэн гуай дээр дурдсан өөрийн нэрэмжит хурал болон Хүнс, хөдөө аж ахуйн газраас зохион байгуулсан хүндэтгэлийн ёслолдоо оролцож, үдэш нь Хөдөлмөрийн баатрынхаа цолыг мялаах найрын хойморьт налайн залуу халуун насныхаа зүтгэлт хөдөлмөрийн охь шимт дурсамжийг хуучлах гэсэн хамтран ажиллаж асан үе үеийнхэн хийгээд хол, ойроос ирсэн бусад зочинтой хөөрөг зөрүүлээд өчүүхэн ч чөлөө завгүй өнжсөн юм. Бид бага үд хүртэл гэрт нь яриа өрнүүлсэн нь хараахан дуусгалгүй өндөрлүүлсэн ярилцлагаа түүнийг Монгол Улсад мал эмнэлэг, үржлийн алба үүсэж хөгжсөний 100 жилийн ойн арга хэмжээнд Улаанбаатарт  ирэх үеэр нь үргэлжлүүлж байлаа. 

Нэг биш гурван баатрын хэмжээний ажил хийсэн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Лхаасүрэн тэртээ 1941 онд Лувсанбалдангийн ууган хүү болон мэндэлжээ. Завхан аймгийн Алдархаан сумын уугуул тэрбээр Монгол Улсын анхны зоотехникчдийн нэг. Шинэ цагийн боловсрол эзэмшсэн шавилхан залуу сургууль төгсөж ирсэн 1965 оноос өнөөг хүртэл мэргэжлээрээ ажиллахдаа аль хэдийнэ алдар нэрээ Алдархааны босго давуулан улс орон даяар дуурсгаж амжив. Ажлын гараагаа төрөлх сумынхаа Мал үржлийн станцад зоотехникчээр эхлүүлжээ. Улмаар сумынхаа Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, туршлагын станц, Эрдэнэхайрхан сумын нэгдэл, аймгийн ХААХҮ-ийн удирдах газар, Хоршоологчдын холбоо, Мал аж ахуй, үржлийн алба, Цөм сүргийн үржлийн төв зэрэг газрыг удирдан ажилласнаар түүний арвин намтар түүх хөвөрнө. Хөдөө аж ахуйн салбарт оруулсан хувь нэмрийг үнэлэн аймгийн 50, 60, 70, 80, 90, 100 жилийн ойн болон Хөдөлмөрийн хүндэт медаль, Алтан гадас одон, Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одон, Монгол Улсын гавьяат зоотехникч, Хөдөлмөрийн баатар цолоор шагнасан юм. 

Лхаасүрэн гуай айлын том хүүхэд атал 2-3 гэр дамжин өсчээ. Нагац ах Ламганжав нь лам хүн байж. Ганцаараа гурван давхар эсгийгээр бүрсэн гэрт амьдарна. Зунд Алдархаан сумын анхны Хүн эмнэлгийн барилга, Хантайшир уулын Тамгын газар байсан Өгөөмөр багт бага сургуулийн байшин барьсан, дарх, мужаан хийдэг хүн байжээ. Лам ахынх нь дүү хүүхэн Цэрэн мал аж ахуй эрхэлнэ. Хавар тэднийхээс нутгийн хүмүүс шүдлэн хонийг нь хоёр төлгөөр худалдан авч, шинэ шөл уудаг арвин ашиг шимтэй малтай айл байж. Цэрэн бүсгүй алдуул малаа айл амьтнаас асууж сурдаггүй, мөрөөр нь яваад эрлээ олоод ирдэг, ажигч гярхай нэгэн байжээ. Энэ хоёр ах дүүгийн дунд Лхаасүрэн хүү ажил хөдөлмөрийн А үсэг заалгаж, малд нүдтэй болсон байна. Бүр 4-5 настайгаасаа номхон чөдрийн морь ойртуулчихдаг байсан гэх. Хонь мал эргүүлсээр нэг мэдэх нь ээ мал адгуулдаг болчихсон ажилсаг хүү. Хонь саах үед бороо орвол хотны шавхайг хөл нүцгэн туулах дургүй. Бусад ажлыг бол сайн хийдэг байж.

Аав ээж хоёр нь ч ажил хөдөлмөрт гавшгай, нямбай хүмүүс байж. Ийм хүмүүсийн дунд өссөн учраас хэр баргийн хүний хийсэн зүйл Лхаасүрэн гуайн санаанд хүрдэггүй. Сэтгэлд нийцэхээр ажлын дөртэй хүн 20-30 хүн дотор ганц, нэгхэн гарч ирэх. Нөгөөхтэйгөө л нөхөрлөж хамтарна шүү дээ. Багаасаа л зүгээр сууж чаддаггүй, босон суун элдэв ажил амжуулж явсаар дандаа тоглоом наргиа эргүүлж, зүгээр суудаг хүмүүст дургүй болсноо учирлах.

Орь залуу нас, оюутан цагийн гэрэлт он жилүүд

Монголд мал аж ахуйн салбарыг онцгойлон хөгжүүлж байсан тэр үеийн нам, төрийн удирдлагууд Лхаасүрэнг суралцаж асан жилүүдэд Хөдөө аж ахуйн дээд сургуульд 180 хүн элсүүлж, 140 гаруйг төгсгөжээ.Лхаасүрэн оюутан ахуйдаа Сүхбаатарын цалинтай байгаагүй ч практик хичээлд  харин ч нэг толгой цохино. 14 хүн нийлээд под групп, 30 хүн нийлээд нэг групп болдог. Лабораторийн хичээл хийхэд оюутнууд түүнийг гайхасхийгээд харна. Лхаасүрэн гуай л хамгийн түрүүнд босоод хийгээд эхэлдэг. Ямар сайндаа л хамраасаа  амархан цус гардаг байдлаа хүртэл биохимийн шинжилгээнд цөөнгүй ашиглах вэ дээ. Тэрбээр оюутан ахуйдаа буюу II курсдээ гэр бүл зохиож, тэр жилээ Өмнөговь аймгийн Номгон суманд 45 хоног төл бойжуулах ажилд дайчлагдан дадлагат гарч байжээ. Тэр үед хилийн сумын амьдрал их хүнд. Тээр хол ганц, ганц гэр. Харин төгсөх жилээ Өвөрхангайн Хужиртад дадлагат гарчээ. Анхны хүүхдээ өлгийдөж аваад байсан үе. Тэнд үхрийн зохиомол хээлтүүлэг хийсэн байна. Дунд мэргэжлийн хамгийн өндөр цалин буюу 450 төгрөгийг Лхаасүрэнд, эхнэрт нь 400 төгрөг өгөөд хоёулаа сарын 850 төгрөгийн цалинтай болох нь тэр. Хөдөө байгаа оюутнуудад энэ бол их мөнгө. Сумаас гурван морь өгч. Түүгээрээ айлууд, тасгаараа явна. Үхэр тугал чацага алдахаас эхлүүлээд ажил их. Зоотехникч малын эмчийг давхар хийгээд явж байсан үе. Тэр үед мэргэжлийн хүмүүс ч цөөн. Гэдэс гүзээ нь дүүрэх зэргээр ойр зуурын өвчин туссан малыг мэргэжлийн номоо уншаад л төвөггүйхэн эмчилчихнэ. Заримдаа ном унших ч шаардлагагүй. Ахуй амьдралаас хэдийнэ сурчихсан байх. Иймэрхүү байдалтай зургаагаас аравдугаар сар хүргэжээ. Уртын дадлагат гарсан оюутнуудаа сургуулиас нь эргүүлэн дуудлаа. Амралт сувилалтай учраас Өвөрхангайн Хужиртад онгоц бууна. Эхнэр нь хүүхдээ аваад Улаанбаатар руу нисч, Лхаасүрэн гуай хонины зохиомол хээлтүүлэг хийхээр үлджээ. Тэр үеийн малчид маш хариуцлагатай. Мэргэжилтний хэлсэн зүйлийг цаг хугацаанд нь яс хийж биелүүлдэг байж. Дараа хавар нь залуу мэрэгжилтэнд дадлага хийсэн сумаас нь “Төл сайн хүлээн авсан” гэсэн сайхан мэдээг хэрэг болгон дуулгахад ажил мэргэжлээрээ бахархах.

Ийнхүү оюутан байхдаа онол практикийн нарийн эрдмийг өөрийн болгож, багшийн заасан хичээл бүрийг бүрэн дүүрэн сурч чадсан нь хожмоо ажил амьдралынх нь урт замд ихээхэн түлхэц болжээ. Социализмын чанга хатуу үеийн шинэхэн мэргэжилтэн тэрбээр Аймгийнхаа дарга удирдлагуудыг  “Үүнийг одоо яах вэ” гэхээр нь “Би ингэж хийнэ” гэж хэлэхэд бүгд толгой дохьдог байв. Зоотехникчийн амаргүй ажлаараа олон мянган суурь малд үзлэг, ангилан ялгалт хийж, хөдөө хөхөрч, гадаа ганддаг ч аймагт ирэхээрээ ерөнхийдөө байгууллагын ажлыг заасан маягтай явдаг үе ч байж.

Цэрэг дайны дараах үе учраас тэр үеийн боловсон хүчин буюу аймаг, сумын дарга нар ганц байгаа Офицерийн сургуулиа төгссөн байх. Харин тэр үеийн дарга нар анх ярилцаж хэлэлцсэн төвлөвлөгөөнийхөө дагуу ажлаа яс хийдэг, хийлгэдэг байсныг Хөдөлмөрийн баатар бахдалтайгаар дурсан сууна.

Түүний гэргий Бямбадолгор Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын уугуул. Чимиддорж гэдэг хүний ганц охин. Ээж ааваас хоёулхнаа. Ганц ахтай. Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын бага сургууль, аймгийн төвдөө 10 жилийн сургуулиа төгсчээ. Ингээд 1960 оноос Хөдөө аж ахуйн дээд сургуульд зоотехникчээр суралцсан байна. Нэг ангийн хоёр II курсээсээ дотносон нэг гэрт оржээ. Бямбадолгор “Тоонот гэртээ толгой холбож, тостой шөлөнд хошуу холбох хувь ерөөл байсан юм байлгүй дээ. Бид хоёр нийлж амьдраад 63 жил, би Завханд ирээд 61 жил болж байна. 20 гаруйхан настай айл гэр болж, анхны хүүхдээ өлгийдөн авч байлаа. Хөдөө аж ахуйн дээд сургуулиа төгсөхдөө нэг хүүхэдтэй болчихсон, дахиад нэгийг тээчихсэн том гэдэстэй ирж байлаа. Завхныхан намайг хүний нутгийн хүн гэж бодохгүй сайхан хүлээж авсанд баярлаж явдаг” хэмээн дурсав. Тэрбээр 1965 онд Алдархааны ууган нэгдэл “Партизан Чойбалсан”-д мал аж ахуй хариуцсан орлогч, ерөнхий зоотехникч гэсэн орон тоон дээр ажиллахаар томилогдон иржээ. Гурван жил шахуу ажиллаж байгаад ахиад хүүхэд гаргажээ. Тиймээс аймгийн төвд ирээд төрснийхөө дараа нэгдлийн хонь хариуцсан зоотехникчээр хэдэн сар ажиллаж. Нөхөр нь хөдөө ажилтай тул Алдархааны станцад лабораторийн эрхлэгчээр арга буюу томилогдох нь тэр. Станцад очоод 20-иод хүнийг удирдан ажилласан байна. 

Ноос, сүү, малын үрийн лаборатори байгуулав

Завхан аймагт 1965 онд 14 зоотехникч шинээр төгсөж иржээ. Анх удаа хөдөө, орон нутгийг дээд мэргэжлийн хүмүүсээр хангаж байгаа нь тэр.Түүнээс өмнө нь аймгийн хэмжээнд ердөө тав, зургаахан дээд мэргэжилтэн байв. Гэтэл нэг дор малын эмч гэхэд тав, зургаагаараа иржээ. Дандаа нэг үеийн шижгэнэсэн залуус. Аймаг, орон нутгийнхан ч “Мэргэжлийн хүмүүстэй боллоо” гээд бөөн баяртай хүлээн авч. Хөдөө аж ахуйн үйлдвэржилтийн туршлагын станц Алдархаан суманд байлаа. Бие даасан шинжлэх ухаанч байгууллага. Гэр бүлийн залуу хос их зүйл хийнэ гэсэн хүсэл мөрөөдлөөр жигүүрлэн “Шинжлэх ухаан, техникийн ололтыг хөдөө аж ахуйд нэвтрүүлнэ” гэсэн дэврүүн бодолтойгоор тийш зорьжээ. Тэр үед нэгдэлжих хөдөлгөөн ид өрнөж байж. Ер нь 1960 онд л манай улсын бүх юм цэгцэрсэн гэхэд хилсдэхгүй. Тэднийг 1965 онд төгсөж ирэхэд социалист хөдөө аж ахуй хэдийнэ бий болчихсон, малчид хувийн аж ахуйгаасаа нийгмийн мал хариулдаг болсон үе. Лхаасүрэн гуай малчдыг ерөөсөө загнаж зэмлэдэггүй. Харин мэргэжилтнүүд, дээд дарга нартай бол үзэлцэнэ. Түүнээс биш цаг наргүй, борви бохисхийлгүй хөдөлмөрлөж байгаа малчдыг их хүндэтгэдэг. Малчдын “Малаа ингэж маллана” гэсэн саналтай улс орноо хөгжүүлнэ гэсэн дэврүүн бодолтой залуу зоотехникчийн хийж буй ажил яв цав нийцдэг учраас малчин, мэрэгжилтэн бие биедээ сайн гэж жигтэйхэн. Яриа хөөрөө ч нийлэх нь урамтай. Тэрбээр малын үржил селекц хийхээс гадна Туршлагын станцад ирээд ноос, сүү, малын үрийн гэсэн гурван ч лаборатори байгуулжээ. Мал аж ахуйн салбарын шинжлэх ухаанч ажлыг хийхэд дээрх гурван лаборатори хэрэг болсон байна. Эхнэр Бямбадолгор нь лабораторийн ажлаа хариуцахын сацуу түүний  найдвартай түшиг тулгуур байжээ. Малын ашиг шимийн талаар судалгаа хийдэг Завханых шиг лаборатори улсад байсангүй. Яам, газар, хүрээлэнгийнхэн ч ирж биширнэ.

Жишиг ферм байгуулсан нь

Малын шилэн сонголт хийж, үржлийн ферм байгуулсан нь түүний хоёр дахь том ажил. Тэр нь үржил селекци хийж малын ашиг шимийг сайжруулах байгууллага байсан юм. Дунд мэргэжлийн 3-4 хүнтэй. Ийм цомхон хүн хүчтэйгээр 1971 оныг хүртэл ажилласан байна. Дараа нь Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, туршлагын станц гэж 1971 онд дахин өртгөтгөж  эрдэм шинжилгээний чанартай хөдөө аж ахуйд шинжлэх ухааны ололтыг нэвтрүүлэх, ашиг шимийн судалгаа шинжилгээ хийдэг чиглэлийг нэмсэн байна. Тэгтэл тэр нь малыг өвчнөөс урьдчилан сэргийлэх, төлийг амлуулах, үнээнд  хээл авахуулахын тулд малд бүрэн найрлагат эрдэс, тэжээл бэлтгэж өгөх, байнга үржлийн ажилд явах гээд ундарсан их ажилтай.

Анх төгсөж ирсэн жил нь аймгийн Хөдөө аж ахуйн газраас аймгийн Намын хянан шалгах хорооны дарга, аймгийн Ардын хянан шалгахын дарга, Аймгийн дарга нартай хөдөөгүүр 20-иод хоног явуулжээ. Алдархаан суманд үхэр “Ерөөсөө хээл аваагүй” гээд бөөн хэл үг үүсч, намын хянан шалгахын шалгалт орсон байна. Асуудал явсаар хамгийн сүүлд Лхаасүрэнд сонсгосон аж. Нөгөө үхрийн зохиомол хээлтүүлгийн ажлыг Лхаасүрэн сайжруулан хэл амыг таслахаар болж. Тэнд лабораторийн болон өөр нэг гэр барьж өгчээ. Ингээд зохиомол хээлтүүлгийн ажил руу ханцуй шамлан орох нь тэр.

Тэрбээр  урд жил нь Хужиртад байхдаа нойроо хасаж сурсан ч энд ирээд бүр унтахаа болив. Тасаг заводын ахмад саальчид шөнийн 12:30-01:00 цагт амарч, өглөө 03:00 цагт босоод үнээгээ саадаг. Лхаасүрэн саальчидтай уралдаж босоод л ороо нь орсон үнээг хээлтүүлэхээр бухаа туугаад явдаг ажилтай. Тэр жилээ улам дадлага туршлагатай болов. “Үнээ овоо хээл авч байна” гээд нөгөө айхтар хэл ам тасарч, аймаг сумаас ирсэн хүмүүс ахиж шалгаад “Ер нь болж байна” гэж дүгнэжээ. Алдархаан их том, 10 гаруй мянган үхэртэй, 4000 гаруй үнээтэй, 108 саальчинтай. Лхаасүрэн тэр жилийнхээ зун гурван удаа бүх айлд хяналтын саалт хийлгэсэн байна. Дээд талын сүү ихтэй үнээнүүдийг нэг том тасаг болгож, тааруухан шигийг нь нэг тасаг болгон ангилжээ. Тэр намраа л үнээг ийнхүү сүү сааль, бие бялдраар нь ялгаж үржлийнхээ ажлыг хийсэн аж. Дунд мэргэжлийн хоёр хүнээ дагуулаад, намар 20 гаруй хоног үхэртэй ноцолдох ажлыг өглөөн нарнаас үдшийн бүрий болтол хийнэ. Өглөөдөө сайн унд хоол идээд ажилдаа гарч, өдөржингөө үнээнүүдээ ангилан ялгаж, удам бүртгэл хийдэг байв. Тэргүүн, торгон дээд ангид орсон үнээнүүд таван литрээс дээш сүүний гарцтай. Дараагийнх нь 3.5-4 литр, түүний дараагийнх 2-3 литр гардаг. Хамгийн бага  нь хоёр  литрээс доош сүүтэйгээр нь ангилан ялгажээ. Саалийн дөрвөн сард нэг үнээнээс 600 литр сүү саана гэдэг нормтой. Лхаасүрэн гуай хожим “Залуу халуун насны зүрх зоригоор хийсэн ажил учраас тэр нормын үнээг авсан саальчинг өр төлбөрт оруулж байсан юм биш байгаа” хэмээн санаа зовиноод өдгөө өөртэй нь адил настан болсон саальчин Л.Энэбишээс “Тэр үед миний ангилсан үнээнээс 600 литр сүү гарч байсан уу. Чи сүүний өрөнд орж байв уу. Эсвэл саалийн нормоо давуулж биелүүлж байсан уу” хэмээн асуухад “Би сумын аварга саальчнаар гурав, хоёр удаа АИХ-ын депутат болсон. Яг л нормоороо гардаг байсан. Би хоёр ч удаа 800 литр сүү сааж байсан” гэдэг хариулт сонсоод санаа нь амарчээ.

Нэгдлийн тэр олон малыг ганц удаа үзээд ангилна гэдэг чанга. Аргагүй л хийж бүтээх ирмүүн хүсэл, сурч эзэмшсэн мэргэжлийнхээ эрдэм чадлаар тэр их ажлын ард гарсан болов уу. Олон суурь хонийг ч ялгаагүй мах, ноосны чиглэлээр нь ангилан ялгана. Тэр нь сум даяар өрнүүн их ажил болдог. Мэдээж, сайн малаа хүн рүү туулгаж байгаа хүн дургүй. Харин муу малаа өгчихөөд оронд нь сайн мал хүлээн авч байгаа хүн хачин их баяртай байдаг. Тэр үед улс даяар малыг ашиг шим, сүү, мах, ноосны гарцаар нь шилмэл I, II, III ангийн суурь гэж ангилан ялгаж байжээ. Тэр дундаа “Лхаасүрэн тэр сумын хонь, ямааг ангилан ялгаад ферм байгуулчихаж” гээд л хийсэн ажил нь аймаг, орон нутагтаа төдийгүй улсад жишиг болж байсан түүхтэй.

Тэрбээр 28 ферм байгуулжээ. Завхан аймгийн Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, туршлагын станц 35 ферм байгуулсны 28-ыг нь Лхаасүрэн байгуулжээ.

Тэрбээр хөдөө ажлаа хийхээр явахдаа багаж хэрэгсэл, бичиг журнал гээд ажилд шаардлагатай бүхий л зүйлээ зэхэхэд 70 кг-ын  тааран шуудайны хагас болно. Ингээд өөрөө дулаан хувцаслаад “царцаа ногоон”-нд сууна. Завхан аймаг хоёр “царцаа ногоон”-той. Суманд очоод өөрийн хийх ажилтай холбогдох тогтоол шийдвэр, захирамжаа эхлээд дарга нарт танилцуулаад, ажил руугаа ханцуй шамлан орно. Сумын дарга нар ч хэрэгцээтэй машин техник, гэр, хүн хүч гаргаад өгнө. Тэгээд л малчны хот, хээр хөдөө өдөржингөө нүүр, нүд рүүгээ шороогоор  балбуулаад л 2500-3000 толгой малд үзлэг хийнэ. Өдөртөө дээд тал нь 5000 мал үзэж байсан удаатай. Цэвдэгтэй газар удаан хугацаагаар гадаа сууж ажиллаж байгаад 2-3 удаа хоолой нь бооход хүрч байжээ. Ялангуяа хүйтэн сэрүүний улиралд тэр олон мянган малыг хурдан үзэж, ажлаа амжуулахын тулд газар нүх ухаж хөлөө хийж суугаад өмнүүрээ хонио гаргаж нэг бүрчлэн үздэг байж. Амьтан, хүний арга эв олохоос эхлээд багаж хэрхэн ашиглахыг нэгбүрчлэн зааж сургана гэдэг тийм ч санааны зоргоор бүтдэг ажил биш. 

Сонин хэвлэлийн баатар болов

Лхаасүрэн гуай их эртэч хүн. Өглөө 05-06 цагт босдог хэвшил нь одоо ч хэвээрээ. Оюутан ахуйгаасаа эхлээд 60 нас хүртлээ өглөөний гимнастик хийжээ. Эрүүл чийрэг, хөнгөн шингэн гэж жигтэйхэн. Өглөөний цайгаа сайн ууж ажилдаа гардаг тухай дээр өгүүлсэн дээ. Гадуур болсон, болоогүй идээ хүртэх, гуанз, цайны газарт хооллох дургүй. Оюутан байхаасаа л маш их уншина. Тухайн  үеийн хэвлэлд  гарсан бүх шинэ зүйлийг хэдийнэ уншаад мэдчихсэн явах. Зуны халуун, өвлийн жаварт хөдөөгүүр баахан малтай ноцолдож ирчихээд гэртээ ганц, хоёр хоног амрахдаа ч зүгээр суухгүй. Ном, сонин уншина, төрийн хэвлэлүүдэд нийтлэл өгүүлэл бичнэ.Тухайн үеийн сонин хэвлэлд 180 гаруй материал бичиж нийлүүлжээ. Эхлээд мэргэжлийн зөвөлгөө бичиж байгаад сүүлдээ нэлээд өргөн хүрээний сэдвээр бичдэг болсон байна. Тэрбээр “Би хүнд ажлаа залуудаа амжуулж биеэ зовоосон учраас өнөөдөр эрүүл мэнд маань гайгүй байна гэж боддог. Түмэн олныхоо дэмжлэгээр ажлаа ч зүй ёсоор хийсэн. Мал үржлийн ажил их сайхан, олон ч ажил маань амжилттай болсон. Эрдэмтэд Мал аж ахуй эрдэм шинжилгээний хүрээлэнд нэг арга зүй батлуулаад, түүнийгээ хийхийн тулд хамгийн сайн  нэг суурь юм уу, сумын нэг төрлийн мал дээр ажилласаар 30-40 жил болж нэг үүлдэр батлуулдаг. Харин би өөрөө арга зүйгээ бичиж очоод батлуулаад, шууд орон нутагтаа ирж эрдэм шинжилгээний ажлаа хийдэг байлаа. Хонины ноосоор л гэхэд нэг хүн эрдэм шинжилгээний хүрээлэнд шавилан сууж докторын зэрэг хамгаалдаг. Гэтэл би болохоор мал аж ахуйн үйлдвэрлэл дээр ажлаа хийж байхдаа ноос, мах, сүү бүгдийг нь судлан шинжилдэг байх жишээний. Ингэж байж тэр үүлдрийн бүх зүйл гардаг” гэв.

Лхаасүрэн гуай нөр их хөдөлмөрөөрөө Сартуул хонь, Завхан буурал ямаа, Тэс адуу гэсэн гурван үүлдэр гаргасан. Эрдэм шинжилгээний хүрээлэн дээр жилдээ нэг очиж тайлангаа тавина. Зөвлөмжөө бичүүлж аваад л эргээд явна. Зоотехникчийн ажлаа ч хийнэ. Ингэж практикт шинжлэх ухаанчаар ажиллаж байж Монгол оронд өргөн тархсан дээрх гурван үүлдрийг гаргажээ. Үүлдэр батлуултал сорилт, туршилтаас авахуулаад хүнд бэрх ажил, асуудалтай нүүр тулсаар, зүтгэсээр ард нь гарна. Түүний судалгаа шинжилгээний ажилтай холбоотой ярьсан олон зүйлийн захаас дурдахад хамгийн наад зах нь хонины хэвтэрт сөөм хэрийн зузаантай шигшсэн хуурай бууц байвал тэр айлын 500 хонь хэд хоног хэвтрээ норгохгүй байх вэ гэдгийг хүртэл тооцож гаргах жишээтэй. Тэрбээр “Энэ бол жижиг зүйл. Тэгсэн мөртлөө ач холбогдолтой. Намын төв хорооны томчууд, сайд нар их ирнэ. Тэднийг сурвалжлагч дагалдана. Аймаг сумын дарга нар тэднийг надтай л уулзуулна. Би ч хийсэн ажлаа үзүүлнэ. Ноос, мах, сүүний ашиг шимийн зөрүү гэдэг чинь улсад зөндөө орлого орно гэсэн үг. Үр ашигтай ажил хийж байгаа хүнд дарга нар дуртай. Тэгээд л Намын “Үнэн” сонин дээр гарна даа” гэв.  Тэр үед хэр баргийн хүн сонин дээр гарахгүй. Тэр тусмаа Намын “Үнэн” сонин дээр. “Хөдөлмөр”, “Залуучуудын үнэн” дээр ч түүний туршлага, амжилтыг бичиж байжээ. Сонинд өөрийнх нь тухай бичсэн 80-аад материалыг архивлан хадгалжээ. Өөрийнхөө бичсэнийг ч орхигдуулаагүй. Бусдын  бичсэн хэрэгтэй зүйлийг ч хаяагүй, хадгалсан байх юм. 

Монгол Улс 1975 онд анх удаа Өмнөговь аймагт мал аж ахуйн маш том зөвөлгөөн хийжээ. Тэр зөвөлгөөнд Завхан аймгаас 14 тэмээчин, мэргэжлийн хүмүүстэйгээ нийлээд 17 хүн “АН-24” онгоцоор шууд нислэгээр  Өмнөговийн төвд буусан байна. Зөвлөгөөний төлөөлөгч малчин, мэргэжилтнүүдийг Улаанбаатараар дайруулахгүйгээр шууд нисгэх Лхаасүрэн гуайн хүсэлтийг дарга нар ёсоор болгосон нь энэ. Ажилдаа зүтгэлтэй, хувийн зохион байгуулалт сайн, үр бүтээл арвин, шаардлага өндөртэй хүний хүсэлтийг биелүүлэх нь дарга нарын түүнд үзүүлсэн хүндэтгэл байсан болов уу.

Үүнээс гурван жилийн дараа буюу 1978 онд Завхан аймгийн Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, туршлагын станц мөн томоохон хурал зөвөлгөөн хийжээ. Станцуудад сайн үүлдрийн 10-аад бух, Орхон үүлдрийн 30-40 хуцтай л байсан үе. Тэр үеэр эхнэр Бямбадолгорийн лабораторид хийсэн шинжилгээ, нөхөр Лхаасүрэнгийн бүх сумаар явж таван төрлийн мал дээр хийсэн ажлын үр дүн гарч, улсын хэмжээнд нэвтрүүлэх туршлага болжээ. Хөдөлмөрийн баатар маань өдгөөгөөс 70 жилийн өмнө олон найрлагат тэжээл хийж байсан гэхээр хийж бүтээсэн ажлууд нь улс орон даяар тэргүүн туршлага болохоос ч аргагүй. Түүний ажилдаа хэрэгжүүлсэн арга туршлагаас сонирхуулахад хоёр хуц тавилаа гэхэд хоёр өөр өнгийн капсултай будаг өвчүүнд нь зүүчихдэг байж. Харайгаад буухад нь эм хонины ар дээр капсулын тэмдэг шахагдаад үлдэнэ. Өөрөөр хэлбэл, тэмдэгт хээлтүүлэг хийж байжээ. Хотоос ажил шалгахаар ирсэн дарга нар “Хүүе, энэ нөгөө манайд нэвтрүүлнэ гээд байгаа Австралийн туршлага юм биш үү. Үүнийг одоо бусад газар нэвтрүүлнэ” хэмээн дуу алдаж байсан гэдэг. “Тэр үеийн Улс төрийн товчооны гишүүд, ажилтай танилцаж яваа томчууд бас ч гэж юм мэддэг, мал, малчнаа гадарладаг байсны нэг жишээ энэ” хэмээн тэрбээр онцлов.

Мал үржлийн ажил бол малын ашиг шимийн чанарыг сайжруулдаг онцлогтой. Тиймээс ч Үнэ, стандарын улсын хорооныхон Завхан аймагт ирсэн л бол Лхаасүрэн гуайтай уулзахгүй явна гэж байхгүй. Наад зах нь 20 хоног, цаад тал нь хоёр сар гаруй бөөн шороон дотор малтай ноцолдсоор байгаад мал үржлийн ажлыг сум сумаар нь цэгцэлж өгсөн гавьяатан бол Лхаасүрэн баатар. Тэрбээр “Ингэж явахад гадаа суусаар байгаад нүүр, гар осгоруутах энүүхэнд. Гэртээ байх хэсэг хугацаандаа арьс хөрсөө жаахан зөөлрүүлж авна” хэмээн хуучилж, инээнэ. Тэрбээр төвд гэртээ ирэх үеэрээ мэдээж зүгээр суухгүй. Уншина, судална, бичнэ. Бичиг цаасны ажлаа амжуулна.

Галыг нь манасан гавшгай бүсгүй

Малын сайн үүлдэр гаргахад багагүй хугацаа шаардлагатайг дээр дурдсан даа. Тэгвэл гурван үүлдэр гаргасан “автор”-ын ахуй амьдрал, ар талыг даасан хүн бол түүний гэргий Бямбадолгор. Зөөлөн дуутай, хүлээцтэй, намбатай сайхан эмэгтэй. Тэрбээр таван хүүхэд төрүүлж, өсгөхийн зэрэгцээ нөхрийнхөө судалгааны ажлуудыг лабораторийн түвшинд хамт олонтойгоо хамтран судалж, хийдэг байж. Тухайлбал, нэг ямааны үүлдэр гаргахын тулд 20-иод жил тэр олон ямааг улирал болгон хавар, намаргүй жинлэнэ. Хяналтын самналт хийнэ. Самнахдаа ноолуурын урт, богино, микрон, гарц гээд бүгдийг тодорхойлдог. Тэр олон жилийн судалгаа, хөдөлмөрөөр материал бүрдэж байж нэг үүлдэр гарна. Хонь мөн ялгаагүй. Хонины ноосыг дотор нь дөрвөн төрлөөр ангилдаг. Ингэхдээ малчдад үзүүлэх сургууль хийнэ. Малчид ч малаа чанаржуулмаар юм байна, тийм ноостой хонь гаргамаар юм байна гээд жигтэйхэн их сонирхож, хамтран ажиллана. 

Бямбадолгор гуай “Бид хоёр ажил мэргэжил нэг учраас ойлголцоход амархан. Манайх хоёр охин, гурван хүүтэй. Одоо ач, зээ, гуч, зээнцэр нийлээд 30 орчим болж, дөрөв дэх үеэ үзээд байна. Манай хүний ажил их. Гэхдээ амьдралаа ор тас хаячихгүй. Хоол дуусч байгаа гэвэл хонь авчраад уячихна. Түлээ түлшгүй боллоо гэхэд машин түлээ буулгачихна. Тэгээд үлдсэн нь өөрөө хийдэгсэн үү, өрөөлтэй зохицоод учраа олдогсон уу, миний ажил болчихож байгаа юм. Юутай ч хүүхдүүдээ хоол ундтай, гэр орноо дулаан тохитой байлгана. Манай хүн архи дарс хэрэглэхгүй. Тоглоом наадам хөөцөлдөхгүй. Үргэлж ажил хийж явдаг. Ийм хүний ар талыг даахаас өөр аргагүй шүү дээ” гэв. Таван хүүхэд өсгөж, хүмүүжүүлнэ гэдэг амар биш. Бэлэн хувцас ховор байсан цаг. Шөнө орой болтол сууж хүүхдүүддээ  хувцас оёно. Хичээлийг нь хийлгэнэ. Ажил хөдөлмөрийн дөр суулгаж хүмүүжүүлнэ.

Сумын төвд дээд боловсролтой хүн ховор учраас хувь, хувьсгалын ажлын хажуугаар Эмэгтэйчүүдийн зөвлөлөөс эхлээд 10 гаруй сонгуульт ажилтай. Гэхдээ залуу гэр бүлийг ар талдаа бага санаа зовж, албаны ажлаа амжуулахад нь Бямбадолгор гуайн нагац их нэмэр болсон тухай хоёулаа дурсан сууна. Бямбадолгор гуай “Манай хадам ээж, миний нагац хоёр сайхан хөгшний буянаар манай хүүхдүүд хамрын ханиад ч хүрээгүй өссөн. Манай бага хүү Чой-Иш “Бид дэндүү тайван, амгалан сайхан өссөн шүү” гэдэг юм. Бид хоёр хэн хэн нь хүүхдээ зодох битгий хэл загнаж ч бараг үзээгүй. Сургах маягтай л хаа нэг үг хэлнэ.  Манай хүн их тайван. Хөндлөнгөөс  харахад, их ширүүн юм шиг санагддаг бололтой юм билээ” хэмээн айл гэрийн нандин сэдвээс хуваалцлаа. Харин ажил албаны тухайд Бямбадолгор гуай “Хамт олонтойгоо их сайхан байлаа. Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга учраас наймдугаар анги төгссөн хүүхдүүдийн ээж аав “Хүүхдээ яах вэ” гээд л хүрээд ирнэ. Дарга нартайгаа ярьж зөвлөөд лабораторидаа ажилд авна. Хавар мал ядрах үед өгөх уусмалуудын шил угаалгаж, ариутгахаас эхлээд давс нүдэх, төрөл бүрийн эмийн ургамал хандлах гээд хүүхдүүдээр хийлгэх ажил мундахгүй. Ядарсан малд өгөх бэлдмэлийн жор найруулахаас гадна малд өгөх заавар зөвлөгөөний талаар би өөрөө аймгийн “Туяа” сонинд бичнэ. Малчиддаа ч хэлж зөвөлнө. Аймаг болгон Үржлийн станцтай. Тэр станцууд дандаа манайхаас туршлага судлахаар ирнэ. Тэр бүгдийг зохицуулдаг байлаа. Дараа нь нэг бус хүүхдийг тодорхойлолт хийж өгч, сургуульд явуулсан даа” хэмээв. Тэрбээр сүүлд Эрдэнэхайрханд дөрвөн жил биологийн багш хийжээ. Тиймээс олон шавьтай. Лхаасүрэн гуай Эрдэнэхайрханы Засаг дарга хийж байгаад Аймгийн хөдөө аж ахуй эрхэлсэн орлогч даргаар томилогдсон байна. Тэр үед гэргий нь аймгийн захиргаанд Үнэ чанарын хэлтэст лабораторийн эрхлэгчээр ажиллажээ. Улсын комисс дөрвөн жилд нэг удаа ирж аттестатчилна. Завханы үйлдвэрүүдийн бүтээгдэхүүнүүд алтан медаль авч өнгөлдөг байсан нь түүний хэрхэн  ажилласан бэ гэдэг нэг үзүүлэлт мөн биз ээ.

Дэлхийд данстай үүлдрүүдийг бий болгосон нь

Шинэ үүлдэр бий болоход олон шат дамжлагатай. Эхлээд цөм сүргээ бүрдүүлнэ. Тэгээд үржлийн хэсэг болгоно. Дараа нь омгоор батлуулна. Омгоор батлуулчихаад дараа нь үүлдэр болгодог. Үүлдэр болгохоор Дэлхийн малын удмын генийн санд бүртгэгддэг. Өөрөөр хэлбэл, дэлхийд данстай болж байгаа юм. Лхаасүрэн баатар 1966 онд анх Сартуул хонин дээр ажиллаж эхлээд 2002 онд үүлдрээр батлуулжээ. Нэг насны амьдралаа зориулсан ажил нь. Ямаан дээр гэхэд 1973 оноос ажиллаж эхлээд 2015 онд Завхан буурал үүлдрийг гаргасан.

Монгол Улсад гурван төрлийн малыг үүлдэр болгож, түүнийхээ “автор”-оор батлагдсан хүн байхгүй. Ганцхан Лхаасүрэн гуай л дээр дурдсан Сартуул хонь, Завхан буурал ямаа, Тэс адуу гэсэн гурван төрлийн малын үүлдэр бий болгожээ. Ажиллаж байх хугацаандаа нэг төрлийн малаар дагнаагүй. Таван хошуу малын төрөл бүр дээр эрдэм шинжилгээний ажил хийсэн нь энэ хүний хөдөлмөрч, бүтээлч чанар. Харин одоо түүний гаргасан үүлдрийн малын удмын санг хамгаалах нь чухал. Тийм ч учраас Малын удмын сангийн үндэсний төвийн харьяа Цөм сүргийн үржлийн төв гэж 13 аймагт байдаг.

Завхан аймаг Сартуул үүлдрийн хонины цөм сүргийн үржлийн төвтэй. Зөвхөн Сартуул хонио л өсгөн үржүүлдэг. Сартуул үүлдрийн хонь мах, ноосны хосолмол ашиг шимтэй. Ноосны 80 орчим хувь нь ноолууртай байдаг. Сор үс, завсрын үс, ноолуур гэсэн гурван төрлийн үсний бүтэцтэйгээрээ онцлог. Хамгийн гол нь Монгол орны эрс тэс уур амьсгалд тэсвэртэй. Голдуу халзан, хар, бор нүдэн, хар, бор, хүрэн толгойтой, их бие нь цагаан зүстэй. Завхан аймгийн Эрдэнэхайрхан, Алдархаан суманд уг үүлдрийн хонины цөм сүргийг үржүүлж байна. Тархалт нь Завхан, Архангай, Булган, Хөвсгөл, Сэлэнгэ, Дархан-Уул  зэрэг аймагт сайжруулагчаар ашиглаж буй аж.  

Завхан буурал үүлдрийн ямааг Завхан голын сав дагуух найман суманд өсгөн үржүүлдэг. Гол цөм сүрэг нь Завхан аймгийн Дөрвөлжин суманд бий. Дөрвөлжингийн буурал гэдгээрээ бас алдартай. Хар, халтар зүс зонхилсон. Ноолуурын микрон нарийн. Дундаж нарийн нь 13.8 микрон метр голчтой байдгаараа Монгол Улсад өсгөн үржүүлж байгаа бусад ноолуурын ямаанаас давуу. Нарийн ноолуур, мах, сүүний хосолмол ашиг шимтэй. 

Тэс үүлдрийн адуу. Тэс адуу  Монгол даяараа алдартай. Эртнээс л “Тэсийн голын унага, Тэрхийн голын  хүүхэн” гэж ярьдаг байсан. Тэсийн голын ай савд буй гурван аймгийн сумдад өсгөн үржүүлдэг. Онцлог нь унлага эдэлгээнд маш зохицсон. Хурдны чиглэлээр ч өсгөн үржүүлдэг. Монгол адууг бодвол бие товируун. Тэс адууны үржил селекцийн ажлыг 1960 оноос шинжлэх ухааны үндэслэлтэй явуулж эхлээд 2019 онд үүлдэр болгосон. Монгол орны байгаль цаг уурын  эрс тэс уур амьсгалд маш сайн дасан зохицсон адуу юм. Улаан хээр, хээр, бор, хул, зээрд зүс зонхилсон. Түүнчлэн үүлдэр омог болох хэмжээнд хараахан хүрээгүй байгаа ч Завхан Хүнгүйн шилмэл тэмээг тус аймагт өсгөн үржүүлдэг. Мэргэжилтнүүдийн саналаар цаашид үржлийн хэсэг болгох зорилго тавин ажиллаж байгаа аж. Үүнийг Завхан аймгийн Ургамал сумын Засаг даргын Тамгын газар үндсэн ажлынхаа чиг үүрэгт тусгасан байдаг.  Мөн Завханы Борх, Буянт, Идэрийн голын үхрүүд бол нутгийн шилмэл хэсгийн үхрүүд. Бүгд өөр өөрийн давуу чанар, онцлогтой.

Эдгээр таван төрлийн малын гурвынх нь үүлдрийг бий болгосон “автор” Лхаасүрэнгийн тухайд аав ээжийн ачлалт хүү, дүү нартаа хүндлэгдсэн том ах, багш, эрдэмтдийн бахархалт шавь, хамт олноо манлайлан хошуучлагч, унаган нутгийнхаа суу алдрыг өргөгч, улс орондоо жишиг болсон Хөдөлмөрийн баатар билээ.  Цаг үеэ соргог мэдрэн шинийг санаачлагч, шалгуур хатуу, босго өндөр цаг үеийн хэвлэл мэдээллийн баатар гээд ганц бие багадахаар “олон дүр”-ийг амьдралд маш сайн, бүр төгс гэмээр урлан бүтээсэн онцгой төрсөн эрхэм.

Хүн бүхий л амьдралынхаа туршид тэгш дүүрэн, ажил амьдралын тэнцвэр сайтай явна гэдэг хэр баргийн хүнд заяахгүй содон хувь тохиол билээ. Ёстой л нөгөө “Садан төрлийн дуу”-нд эгшиглэдгээр “Хүний эх болсон нагац нар”-ынхаа хотноо сүүний үнэр нь гараагүй балчирхан жаалхүү хурга, ишигтэй ноцолдож асан цаг үеэс Хөдөлмөрийн баатар болох хувь тавилангаа зурж, зуралцаж, “Хүндлэгдэхийн эх нь болсон аав”-аасаа хүмүүн байхын их ухаанд суралцаа болов уу. Хожмоо ажил хөдөлмөрийн “их амт”, “ааг”-аар ир, бяр, бяд суун үр хойчдоо биеэрээ, үй түмэндээ үрсээрээ үлгэрлэн харуулсан хүмүүн судар юм даа хэмээн түүнийг тайлж уншив, өчүүхэн бичигч би бээр.

 

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Цагаан гэрүүд овогто(122.201.19.61) 2024 оны 08 сарын 21

Өвөөгийн минь хийсэн ажлыг өөрийн хийсэн ажил юм шиг бичжээ.

0  |  0
zochin(64.119.31.179) 2024 оны 08 сарын 21

Aduunii uulderiig neg hun bii bolgodoggui yum. Yajaj 2 ue ene ajild oroltsdog yum. Ene hun uuriiin ajlaa hiij bsan yum uu? Uulder gargaad l bsan uu. Olon jil darga hiisendee. Hudlaa bitgii yari. Tesiin aduug ard tumen bii bolgoson yum.

0  |  0
Top