Гавьяат тамирчин, уулчин Г.Өсөхбаяр, уулчин Б.Онон нар өнгөрсөн наймдугаар сарын 1-ний өдөр Памирын нурууны ноён оргилуудын нэг Корженевской (7105 м) оргилд амжилттай авирсан бол үргэлжлүүлэн наймдугаар сарын 15-нд 7495 м өндөртэй Коммунизм (Исмоила Сомони) оргилыг эзэлсэн билээ. Дэлхийн гурав дахь том уулсын бүс болох Дундад азийн Тянь-Шань, Памирын нуруунд 7000 метрээс дээш өндөртэй таван оргил сүр хүчийг гайхуулан оршдог. Тянь-Шаний нуруунд Хан Тэнгэр (7010м), Жениш чокусу буюу Победа (7439м) оргилууд байдаг бол Памирын уулсад Коммунизм (7495м), Ленин (7134м), Корженевской (7105м) оргилууд бий. Эдгээр таван оргилд бүгдэд нь амжилттай авирсан уулчдад “Цасны барс” цол хүртээдэг хөтөлбөр одоо ч уулчдын хамгийн ихээр татагддаг сэдэв хэвээр байна. Нэг сарын хугацаанд Памирын нурууны Коммунизм (7495 м), Корженевской (7105 м) оргилуудад үргэлжлүүлэн авирсан Гавьяат тамирчин Г.Өсөхбаярыг “Өглөөний зочин”-оор урьж ярилцлаа.
АНХ ЭВЕРЕСТ РҮҮ ЯВЖ БАЙСАН ШИГ НЭГ ТИЙМ ХҮЧТЭЙ МЭДРЭМЖИЙГ, САНДРАЛЫГ, БАЯР БАХДАЛЫГ ШИНЭЭР МЭДЭРСЭН...
-Памирын уулсыг зорьсон нь гэнэтийн мэдээ байлаа. Тийшээ явсан хойно нь л сонссон. Гэнэтийн шийдвэр байв уу. Эсвэл төлөвлөсөн авиралт уу?
-Ер нь төлөвлөж байсан. Өөрийгөө жаахан хөгширсөн гэж бодсон чинь дажгүй сайн яваад ирлээ. Хар залуу байхаас бодогддог байсан авиралтуудын нэг л дээ. Ленин, Победа, Хан тэнгэр, Коммунизм, Корженевской оргилуудыг 1990-ээд оны үеэс мэддэг, очихыг хүсдэг байсан. Энэ таван оргилд бүгдэд нь гарсан уулчинд “Цасны барс” гэж цол олгодог. Хуучин ЗХУ-ын үеэс л эхэлсэн, одоо ч хэвээрээ. Анх “Цасны барс” гэж энэ нэршил нь их гоё санагддаг байлаа. Ямар гоё нэр вэ л гэж боддог байсан. Яваандаа “Хэрвээ чи уулчин л юм бол Памирын энэ сүрлэг, хүчирхэг уулс руу явж, өөрийгөө сорих хэрэгтэй” гэдгийг ойлгодог болсон. Энэ удаагийн дараалсан хоёр авиралт амжилттай болсноор таван оргилын дөрөвт нь очоод ирлээ. Өдий насан дээрээ (Инээв).
Манай уулчдыг дэмждэг А.Батсүх ах саяхан ярьж байна. “За, Өсөхөө чи гараад ирлээ шүү, болж байна” гэнэ. Тэгэхээр нь “Насны залуугаараа л давлаа” гээд бид хоёр хөхөрч байлаа. Ард Аюушийн хэлсэн үг шүү. 56 настайдаа есөн эрүүг давчихаад, настай аав дээрээ очихдоо “Насны залуугаараа л давлаа” гэсэн шиг (Инээв).
-Сүүлийн гурав, дөрвөн жил 7000, 8000 м-тэй ууланд яваагүй. Энэ удаагийн авиралтын мэдрэмж ямар байв. Айдас, болгоомжлол хэр байсан бэ?
-2018 онд уулчидтайгаа хамт Хан тэнгэр (7010м), 2019 онд Гавьяат тамирчин Д.Эрдэнэтогтох, МУҮХ-ны Өндөр уулын хорооны гишүүн Б.Онон хоёртойгоо хамт Ленин (7134м) оргилд авирсан. Түүнээс хойш өвдөгний бэртэл, бас бус эмчилгээнээс шалтгаалаад өндөр ууланд явах жаахан хориотой байсан. Энэ хугацаанд “За би ч одоо уулсад зорихоо больё доо. Ер нь сайхан алхдаг хүн л болъё” энэ тэр гээд янз бүрийн юм бодогдож байлаа. Яг үнэнийг хэлэхэд, сая жаахан айж байсан. Том уулс шүү дээ. Өмнөх шигээ том зүрх цохилохгүй байгаа ч юм шиг. Жаахан тийм өөрийгөө чагнасан тал байсан. Мэдээж өндөр дээр очих сайхан байсан. Тэр сайхан нь юу байсан гэхээр анх яг Эверест явж байсан шиг нэг тийм хүчтэй мэдрэмжийг, сандралыг, баяр бахдалыг шинээр мэдэрсэн ч юм шиг санагдсан.
-Жин хассан байна. Сар гаруй явсан болохоор арьс ч багагүй гэмтэж, халцарсан байна?
-Харин тийн. Туранхай, хар бор хүн болоод л ирлээ.
УУЛ ХЭЗЭЭ Ч НҮҮХГҮЙ. БАЙРАНДАА БАЙЖ Л БАЙНА. БАС УУЛ ХЭЗЭЭ Ч БӨХИЙЖ ӨГӨХГҮЙ...
-Одоо Победа оргил үлдлээ?
-Тэглээ.
-Хан тэнгэр, Ленин рүү явахын өмнө К2 (8611м) оргилыг зорьсон ч харамсалтай нь зогсоохоос аргагүй болсон. 2017 он билүү?
-Тийн, 2017 оны тав, зургаадугаар сард явсан.
-Тэр авиралтыг дуусгаж чадаагүйдээ одоо ч харамсдаг хэвээрээ юу. Эсвэл энэ авиралтын харууслыг өнгөрсөнд нь үлдээж чадсан уу?
-К2 юу... Дэлхийн хоёр дахь өндөр уулсын бүс шүү дээ. “Алуурчин уул” гэж сүрдмээр яригддаг ч яах аргагүй л уулчдыг соронзон мэт таттаг оргил. Пакистаныг бодохоор одоо ч дотор харанхуйлдаг. Нүл харамсал. Нулимс... Би хэзээ ч амьдралдаа уулнаас тэгж буцаж үзээгүй. Хамт явсан пакистанчууд цаашаа явахгүй гээд буухад би ганцаараа 6450 м дээр бүх ачаатайгаа үлдэж байсан яг тэр үе бол аймаар хүнд ш дээ. Цаашаа ганцаараа явж болохгүй, өндөр эрсдлүүд үүссэн учир буухаас өөр сонголт үлдээгүй. Үнэндээ, тэр үеэс хойш өндрийн авиралтаас бага багаар холдсон байна. Өндөр уулын жаргал, зовлонгоос тойрч, тайвширч, зүгээр л сайхан алхах өдрүүд олон байлаа. Гэхдээ манай Б.Гангаамаа К2-д гарсан, 2018 онд. Тэр нь сайхан.
-Уулын зам, цаг агаарын байдал ямархуу байсан бэ. Энэ удаагийн авиралтад танд хамгийн хүнд хэцүү нь юу байв?
-Хэзээ ч амархан авиралт гэж байхгүй. 7000-тай уул гэдэг бол тэнгэрийн юм байхгүй юу. Бид нарын зугаацах зүйл биш. Хүний тоглоом биш. Алхам бүр нь хэцүү. Алхам бүр нь амьдрал. Үлдэх үү, эс үлдэх үү. 7000-тай уулсад өмнө бид авирч байсан уу, авирч л байсан. Гэхдээ Памир гэдэг бол шал ондоо асуудал юм байна. Би хар багаасаа л ЗХУ-ын уулчдыг шүтдэг байсан. Агуу Балыбердиныг шүтдэг, агуу Анатолий Букреевыг шүтдэг. Тэр хүмүүс Памирын уулсын энэ таван оргил ямар агуу болохыг харуулсан. Бүх уулсад очсон уулчид. Тэдний эзэлсэн энэ сүрлэг оргилуудад хүрнэ гэдэг миний үнэхээр мөрөөдөл байсан. Сайн явлаа, ирлээ. Товчхондоо бол өмнөх Ленин, Хан тэнгэрийн авиралтуудаас Хан тэнгэр үнэхээр чанга байсан. Саяын хоёр авиралт бол бүр овоо чанга байлаа. Авиралтын зам, саад тотгор гэхээсээ илүү өөр хүндрэлтэй зүйлс ч байлаа. Сая ганцаараа биш бид багаараа явсан. Багаараа явахын давуу тал ч байна, хэцүү тал ч байна. Хэцүү нь юу вэ гэхээр хүний амь насыг би хариуцаж байгаа нь. Зөвхөн өөрийгөө бодож явж болохгүй, тийм дүрэм ууланд байх ёсгүй. Дураараа шийд гаргаж болохгүй. Нэг бол хүнийг дураар нь байлгаж болохгүй... Ийм үеүд байлаа. Бид зургаа, долуулаа явсан. Хоёр хэсэг болж бэлтгэл, авиралтуудаа хийсэн. Гэхдээ бүгдээрээ оргилд хүрч хараахан чадсангүй. Б.Ононтойгоо хамт дээшиллээ. Оргилд амжилттай хүрлээ. Магадгүй, би заримыг нь гомдоосон байх. Учир нь тэдний авиралтыг зогсоох шийдвэр гаргасан. Заримыг нь би буцаасан. Баг ахалж явахын хэцүү нь энэ. Хүний мөрөөдлийг таслан зогсоох болдог. Энийг одоо юу гэж тайлбарламаар юм бэ дээ. Их хүнд... Дотор жаахан буглаад л яваад байгаа. Хүний амь насаар дэнчин тавьж болохгүй. Үнэхээр цааш явах боломжгүй бол, эрсдэлтэй бол түүнийг зогсоох ёстой газар нь зогсоох л ёстой. Г.Өсөхбаяртай л хамт явбал болчихно гэсэн зүйл байхгүй шүү дээ. Гэхдээ яахав ээ, эцэст нь бид бүгд өнөөдөр эрүүл саруул, энх тунх байна. Уул хэзээ ч нүүхгүй. Байрандаа байж л байна. Бас уул хэзээ ч бөхийж өгдөггүй. Үүнийг бид бодож явах ёстой... Сая нээрэн, Э.Уранболор гэж маш сайн уулчныг олж нээлээ. Бид нараас түрүүлж очсон байсан. Тэвчээртэй, хүнлэг, сайн уулчин болохоор санагдсан.
-Эрэгтэй юу, эмэгтэй хүн үү?
-Эмэгтэй. Корженевскойд гарсан Монголын анхны эмэгтэй уулчин. Памирын уулсын дөрөвт нь гарчихсан байна. Бид хоёр адилхан “Цасны барс” болгодог ууланд зорьж явна даа (Инээв). Мундаг охин байна лээ.
ЭВЕРЕСТЭД ОСОЛДСОН ХОЁР УУЛЧНЫ МИНЬ НЭГИЙНХ НЬ ЦОГЦОС ТЭНД ҮЛДСЭН. БУУЛГАЖ АВЧРАХ ЮМ САН ГЭЖ БОДСООР ЯВАА...
-Саяын авиралтаар та нар уулнаас уруудахдаа цогцос буулгаж, өөр багийнханд тусалсан байсан. Тэр ямар осол болсон юм бэ?
-Яг уруудахдаа ч таараагүй юм. Бид нар авиралтаа дуусгачихсан, дор амарч байсан. Осол болсныг сонсоод, буцаж дээшлэн, цогцсыг буулгасан. Монгол хүний зүрх гэж нэг том зүйл байдаг. Яг л бид нартай адил зэрэгцээд оргилыг зорьж явсан уулчин осолдсоныг мэдчихээд зүгээр л сонсоод өнгөрч чадаагүй.
-Хэдэн метр дээр осолдсон байсан бэ?
-6500 метрийн хавьцаа.
-Авиралтын үеэр таарч байсан уулчин уу?
-Уулзаж байсан. Бүр удаан ярилцаж, танилцаад, нөхөрлөсөн уулчин. Харамсалтай л даа. Осол гээд ингээд ярихаар надад одоо бодогдоод байгаа нэг зүйл байна л даа. Боломж олдох, үгүйг мэдэхгүй байна. Гэхдээ үнэхээр хиймээр байна.
-Юу юм бол?
-Эверестэд осолдсон хоёр уулчны маань нэгийнх нь цогцос үлдсэн. Буулгаж авчрах юмсан, ар гэрийнхэнд нь хүргэж ирэх юмсан гэж бодсоор яваа. Боломж хайж байна. Бид явах л юм бол буулгаж чадна аа, чадах байх.
-Энэ тухай уулчид та нар ойрын хүрээндээ ярилцсан уу, эсвэл одоо л ярьж байна уу?
-Олон хүнтэй ярилцаагүй ээ. Бодож л яваа юм. Зардал, санхүүгийн асуудал байна. Ганцаараа биш багаар явах болно. Эверестэд авирахын дайны зардал гарна. Мэдээж зорилго нь Эверест биш, оргил биш. Хүн чанар, зүрх сэтгэлийн дайралт. Хүнээ авчрах авиралт байх болно. Даалгавар ч гэж хэлж болох юм. Уулчид маань бүгд л үүнийг хүсэх байх. Тэнд үлдэх тийм ч сайхан биш шүү дээ. Гэр бүлийнхэнд нь хэцүү байгаа.
-Энэ бүтвэл их сайхан үйлс болох нь ээ... Цааш нь асуухад, Победа оргилд буюу Памирын уулсын тав дахь авиралтаа та хэзээ хийнэ гэж бодож байгаа вэ?
-Ирэх жил. Нэг жил бэлтгэл хангаж байгаад үзнэ дээ. Манайхаас “Цасны барс”-ын дөрвөн оргилд хүрсэн хоёр, гурван уулчин байгаа байх. Надаас гадна. Бид бүгдээрээ л зорино доо. Памирын нурууг эзлэх монгол уулчид олон төрөх нь эр зориг, тэсвэр хатуужлын сайн үлгэр жишээ болно шүү. Тэр тусмаа манай Монголын эмэгтэй уулчид маш мундаг байгаад бахархаж явдаг.
-Та одоо дахин Эверестэд авирах тухай ер нь боддог уу? Оргилд зорьсон гурав дахь авиралтыг?
-Боддог болсон (Инээв).
-Сайхан сонсогдож байна...
-Охиноо том болохоор дагуулаад явах юмсан гэсэн нэг мөрөөдөл нэмэгдсэн. Охинтойгоо хамт явах. Тэгэхэд би хэдтэй ч байх юм... (Инээв ) Гэхдээ л охиндоо Эверест үзүүлнэ гэж бодож байгаа.
-Таны охин Үүлэн аялах дуртай юу?
-Дуртай. Бид хоёр ойр зуур аялна. Богд ууланд алхана. Одоо харин нэгдүгээр ангид ороод, жаахан зав муутай болсон (Инээв).
АРИУН УУЛ КАЙЛАС ӨНДӨРТ ТЭМҮҮЛЭХЭЭС ҮЛГЭРИЙН МЭТ ӨӨР ЕРТӨНЦ
-Энэ хавар, зуны хувьд эхлүүлсэн Төвдийн ариун уул Кайласын гороо монголчуудын анхаарлыг татсан аяллын нэг байлаа. Энэ талаар асуух зүйлс байна?
-Ариун уул Кайлас. Миний бас л олон жилийн мөрөөдөл. Авиралтаас, өндөрт тэмүүлэхээс огт өөр ертөнц.
-Анх хэзээ очиж байсан бэ?
-Энэ жил л анх очсон. Кайлас уулын түүх явсаар байгаад Монголтой холбогддог юм билээ. Дарцгийн овоо гэж байдаг. Энэ овоог монгол хүн анх очиж, адислаж байсан. Монгол ламын сүм ч гэж бий. Анхны горооны замыг нь гаргалцсан гэж ярьдаг. Түүх, соёлыг нь сонсоход үнэхээр сайхан. Дэлхийн дөрвөн том мөрөн тэндээс эх авч байна. Ганга мөрөн эх авч байна. Хүн ер нь энэ амьдралдаа заавал ариун Кайласт хүрч, гороолох ёстой юм билээ. Тэгж л санагдсан. Бурхан шашин, шүтлэг гэдэг талаасаа биш. Тэнд ертөнцийн ямар нэгэн гайхалтай энерги байна. Тэрийг мэдрээсэй гэж хүмүүст хэлмээр байгаа юм. Энэ зун Ааяатай хамт Кайлас явлаа. Ааяа гэж “Харанга”-ын Х.Лхагвасүрэн ах. Бид хоёр анх 20 жилийн өмнө энэ тухай ярьж байсан. Тэгтэл 20 жилийн дараа мөрөөдлөө биелүүлж, хамт Кайласт горооллоо. Тэр хүний сүсэг бишрэл гэж үнэхээр агуу зүйл байна аа. Яг л ариун уулын ер бусын зүйлсийг бие, сэтгэлээрээ мэдэрч чадаж байна. Өмнө нь Лхаст очоод буцаж байсан юм билээ.
-Та хоёрын аялал тэр чигтээ л гоё байсан байх даа. Хоёр “этгээд сонин” хүмүүс. Надад их сонирхолтой санагдсан?
-Лхагваа ах нээрээ үнэхээр “ядаргаатай” гоё хүн юмаа гэдгийг дэргэдээс нь алхам тутамдаа л мэдэрч явлаа. Сагсуу нь хүртэл сак. Цаанаасаа нэг тийм тэнгэрлэг хүн гэж байдаг даа.
-Хар савхитайгаа, тэгээд бүр урт савхитайгаа гороолсон байсан. Уулын хувцас өмсөхгүй гэж байна уу?
-Өмсөөгүй. Гутлаа ашгүй сольсон. Ковбойтойгоо явна гэх вий л гэж айж байлаа (Инээв). “Би энэ хар савхиа хаана ч явсан тайлахгүй” л гэж байна лээ. Кайласыг нэг тойрч гороолоход 52 км. Энэ хугацаанд Лхагваа ах үнэхээр тэр урт савхиа ерөөсөө тайлаагүй. Тэнд яваа мэргэжлийн гороочдыг харсан уу. Үнэндээ гайхмаар. Бид сонирхогчид учраас уулыг нэг тойрч гороолоход болно. Ахын сүсэг бишрэл, ертөнцийг харах өнцөг, ухааныг үнэндээ шүтэж яваад ирсэн. Ярихад сайхан байна.
-Харин тийн, яриулмаар байна?
-Дотоод мөн чанар, оюун бодол нь өөр түвшний хүн. “Харанга” хамтлаг мөнхөд орших болтугай. Монголчууд минь эрүүл энх байгаасай гэж залбирдаг. Өөрийнхөө төлөөх нэг ч залбиралгүй. Нэг ч хүсэлгүй. Өчүүхэн ч шуналгүй. Ерөөсөө л монгол хүн мөнх оршиг... Монгол минь гэж залбирч байсан.
-Анх Лхаст очоод ирэхдээ “Нарыг хайрла” гэж алдарт дуугаа зохиож байсан гэдэг. Сая тэндээс ямар нэгэн онцгой зүйл бодож л ирсэн байх даа. Энэ тухай ярьсан уу?
-Сая бид Эверестийн үндсэн бааз дээр очсон ш дээ. Тэнд “Тэнгэр” гээд тосгон байдаг юм. Тэр тосгонд яг наад дууг чинь дуулахгүй юу. Тэнгэрийг хайрла... Үүлсийг ч бас хайрла... Нарыг хайрла гээд л дуулсан чинь тэнд байсан хүмүүс залбирч, мөргөөд сүйд болсон. Би дагаж хөөрч, омогшоод, бүр юу болсон гээч. Дуу, уран бүтээлийн хувьд бол би яг сайхнаар хэлж мэдэхгүй байна. Мундаг юм хийх байх аа. Их бодож, бясалгасан. Тэр ариун, гойд газраас хоосон ирэх хүн биш шүү дээ.
-Та хоёр хэр ярилцаж байв. Горооны бусад үед, чөлөөт цагаараа юу хийдэг байсан бэ?
-Яриад яриад дуусаагүй. Лхагваа ах маш их уншдаг хүн ш дээ. Мулдашевийн тухай, бурхны тухай, уулын тухай, Түвд, Лхасын тухай, хорвоогийн тухай. Авьяас билэг, ухамсрын өндөр түвшний хүн болохоор жирийн хүмүүсээс үнэхээр өөр ярьдаг. Энгийн л нэг харилцан яриа биш. Бид нар хамт Бутала ордон орсон. Тэр аялал их сонирхолтой байсан. Тэгэхэд Бутала ордны эргэн тойронд байдаг бүх нарийн, нандин түүх, дурсгалыг Лхагваа ах бүгдийг нь мэдэж л байсан. Уншчихсан л байсан. Лхагваа ах дандаа л гоё өөдрөг, өөдтэй зүйл ярьж явдаг, жинхэнэ ханьтай хүн шүү дээ. Холын замд яриа нь өөдтэй биш хүнтэй явахад хэцүү байдаг биз дээ.
-Өндөр уулсын авиралт, ариун уулын гороо... Энэ хоёр өөр ертөнцийн ялгаа ямар нэгэн онцгой мэдрэмж төрүүлсэн үү? Аюулгүй, эрсдэлгүй, амгалан тайлан алхах горооны үеэр юуг их тунгааж бодов?
-Ариун уулыг гороолоход хүн зүгээр өөрөө өөрийгөө л их цэгцэлдэг юм байна. Айдасгүй, алдаа гаргах вий гэсэн болгоомжлолгүй, сэтгэл зүй тайван. Ер нь бүх зүйл амгалан. Нэг тийм хүнд хэцүү хайрцагнаас гарч ирээд, урт гүнзгий амьсгаа авч байгаа ч юм шиг. Нүд нээгдэж байгаа ч юм шиг. Өндөрт гарах хүч өгсөн байх, энэ зун явсан ариун уулын гороо. Тийм болоод ч сая зорьсон авиралтууд амжилттай болсон байх. Юу гэмээр юм бэ дээ... Сэтгэл, зүрхэнд хүч өгсөн... Тэгж хэлж болох юм байна. Зүрх, сэтгэлийн хүч...
Сурв: Монгол уулчдын Дундад азийн уулсад оргилдсон энэ зуны амжилтууд
Корженевский (7105 м)
Хантэнгэр (7010 м)
Коммунизм (7495 м)
Сэтгэгдэл ( 6 )