Д.Оюу: Тасралтгүй суралцах соёлоороо бид бахархдаг

Г.Ганчимэг | Zindaa.mn
2024 оны 10 сарын 01

Голомт банкны Хүний нөөцийн удирдлагын газрын Үйл ажиллагааны хэлтсийн захирал Д.Оюутай жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг “Нээлттэй ажлын байрны өдөрлөг”-ийн талаар ярилцлаа.

-Голомт банкнаас жил болгон “Нээлттэй ажлын байрны өдөрлөг” зохион байгуулдаг уламжлалтай. Энэхүү арга хэмжээ уламжлал ёсоор энэ жил ирэх сарын эхээр зохион байгуулагдана гэж сонслоо. Энэ жилийн арга хэмжээ өмнөх “Нээлттэй ажлын байрны өдөрлөг”-үүдээс ямар онцлог ялгаатай байх бол? 

-Ажил хийж байгаа ч ажлын байраа солих бодолтой яваа хүмүүс болон ажлын байран дээр хараахан гараагүй байгаа шинэ төгсөгчид, мөн ажил идэвхтэй хайж байгаа хүмүүст зориулж “Голомт” банкнаас “Нээлттэй ажлын байрны өдөрлөг” буюу “Job fair” арга хэмжээг жил бүрийн намар зарладаг. Голомт банк Улаанбаатар хотод 70 гаруй, орон нутагт 30 гаруй салбартай. Өдөрлөгийн үеэр хот, орон нутаг ялгаагүй банк, санхүүгийн салбарт ажил идэвхтэй хайгч өөрт ойрхон салбар дээр очоод ажилд орох хүсэлтээ гаргаад анкет бөглөх боломжтой юм. Бүр амжихгүй бол цахимаар Голомт банкны анкетыг бөглөхөд 10-хан секунд шаардагдана.

“Шангри Ла”-д аравдугаар сарын 2,3-нд буюу хоёр өдрийн турш манай Голомт банкны “Нээлттэй ажлын байрны өдөрлөг” болно. Ажил идэвхтэй хайж байгаа болон сонирхсон хүн бүр хүрэлцэн ирэхэд нээлттэй. Энэ удаагийн өдөрлөгийн онцлог ялгаа нь гэвэл Голомт банк болон “Голомт капитал”-ын мэдээллүүдийг дэлгэрэнгүй авч, ажилд ороход танд нээлттэй байх болно. Дээрээс нь бүтээгдэхүүн, үйлчилгээтэй танилцаж, дэлгэрэнгүй мэдээлэл авч болох юм. 

-Манай улсын хувьд хүний нөөцөө барьж тогтоож чадахгүй гадагшаа их алддаг. Банкны салбарын хувьд хүний нөөц хэр хангалттай байдаг вэ. Мэдээж, Монголдоо байхгүй хүний нөөцийг гадаадаас оруулж ирэхэд болохгүй зүйлгүй л дээ. Харин хүний нөөц нь байсаар байтал ч юм уу бэлэн байгаа нөөцөө өөр салбарт “алдчихаад” байдаг шүү дээ. Иймэрхүү бэрхшээл банкны салбарт хэр тохиолддог юм бол?

-Банкны салбарын хувьд иймэрхүү асуудал харьцангуй гайгүй. Ер нь Монгол Улсын эдийн засагт банкны салбар өөрөө гол нөлөөлөгч салбаруудын нэг. Тиймээс энэ салбарт байнгын идэвхтэйгээр ажилд орох хүмүүсийг хайдаг. Манай Голомт банкны хувьд энэ жил 400 гаруй орон тоо нэмсэн байгаа.

-“Ажиллахад хамгийн таатай газар”-аар Голомт банк хоёр жил дараалан шалгарчээ. Энэхүү шалгаруулалтыг хаанаас хийдэг юм бол?    

-Голомт банк “Great Place To Work” олон улсын батламжийг 2023 онд хоёр дахь жилдээ авсан. Энэхүү батламжийг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн “Great place to work institute”-ээс шалгаруулдаг юм билээ. “Ажиллахад хамгийн таатай газар” батламжийг хоёр дахь жилдээ авахдаа манай үзүүлэлт хоёр функтээр ахисан байсан. Бид үүнийг манай давуу тал юм байна гэж харж байгаа. Энэ батламжийг 2022 онд Монгол Улсын банк, санхүүгийн салбараас анхлан авч байсан бол “Ажиллахад таатай газар” гэдгээ 2023 онд бататгаж, жил дараалан авсан анхны байгууллага болсон. Голомт банкны 2400 гаруй ажилтан өнгөрсөн онд энэхүү судалгаанд оролцож, үнэлгээ өгсөн юм билээ. Энэ нь ажилтнуудын сэтгэл ханамжийн баталгаа юм. Мөн дэлхийд тэргүүлэгч, томоохон байгууллагуудтай эн зэрэгцэн хүний нөөцийн бодлого, байгууллагын соёл, менежмент оновчтой хэрэгжиж байгаагийн илрэл. Харин одоо бид  2700-уулаа болоод ажиллаж байна. 

-“Great place to work institute” нь ямар чиг үүрэгтэй байгууллага вэ?

-Дэлхийн 90 гаруй улсад салбартай “Great place to work institute” нь байгууллагын соёлыг үнэлэх, тооцоолох аргыг боловсруулж, дэлхийн хэмжээний байгууллагуудтай харьцуулалт хийж, жишиг тогтоох чиглэлээр 30 гаруй жилийн хугацаанд ажилласан туршлагатай. “Итгэлцэл дээр суурилсан, өндөр гүйцэтгэлтэй байгууллагын соёл”-ыг бий болгох зорилгоор судалгаа хийж, зөвлөх үйлчилгээ үзүүлдэг тусгай эрх бүхий байгууллага юм. Тодруулбал, таван тулгуур үзүүлэлт буюу итгэлцэл, хүндлэл, шударга байдал, бахархал, нөхөрлөл гэх үзүүлэлтээр ажилтнуудаас судалгаа авч, ажилтны сэтгэл ханамж, ажиллах орчин, манлайлал, соёл, хамтын ажиллагаа, удирдах ур чадвар зэрэг олон хүчин зүйлийг хараат бус байдлаар хөндлөнгөөс үнэлж, дүгнэсний үндсэн дээр “Ажиллахад хамгийн таатай газар” батламжийг жил нэг удаа олгодог.

-Банкны салбарт орохсон гээд ажил идэвхтэй хайж байгаа хүнд сайхан сонсогдохоор, таатай мэдээлэл байна шүү. 

-“Ажиллахад хамгийн таатай газар” гэхээр бүхий л үзүүлэлт ордог. Цөөн үгээр хэлэхэд, бид амьдралынхаа ихэнх цагийг ажил дээрээ өнгөрүүлдэг шүү дээ. Тиймээс ажлын орчин, байгууллагын соёл, хамт олны харилцааны уур амьсгал, ажилтныхаа дуу хоолойг сонсож байгаа байдал, хүмүүс ажлаа дурлаж хийж байна уу гэх мэт олон үзүүлэлтээр үнэлж дүгнээд энэхүү батламжийг өгсөн учраас ажил идэвхтэй хайж байгаа хүмүүст таатай байх болов уу.     

-Зарим хүн салбараа солихгүй ч ажлын байраа солиод л яваад байдаг. Голомт банканд өөр банкнаас хүмүүс хэр орж ирдэг вэ. Магадгүй, хүйтэн сэрүүний улирлаас өмнө мэргэжлээ солихгүйгээр илүү таатай орчин нөхцөлтэй газарт ажилд орчихмоор санагдаж яваа, дотроо ийм бодол тээж яваа хүмүүс ч байж болох. Ийм хүмүүст танай “Нээлттэй ажлын байрны өдөрлөг” боломж олгодог юм болов уу?

-Мэдээж, хүний амьдралд байх л зүйл. Гэхдээ бид бүх сул орон тоогоо иймэрхүү байдлаар дүүргэхгүй гэдэг нь ойлгомжтой. Одоо цахимаар бүх зүйл нээлттэй, ил тод болчихсон шүү дээ. Тиймээс ажил идэвхтэй хайж байгаа хүмүүс маань тэр болгоныг харьцуулаад өөрөө сонголтоо хийх бүрэн боломжтой. Бид бусад өрсөлдөгч байгууллагаасаа тасралтгүй суралцах соёлоороо ялгарч бахархдаг. Манай байгууллагын соёлын салшгүй нэг хэсэг нь хүн бүр тасралтгүй суралцах юм. Ялангуяа шинэ төгсөгч маань ирээд “Би дөрвөн жил сурсан. Одоо болно” гэж бодож байвал үгүй. Ерөөсөө амьдралынхаа туршид бид мундаг туршлагатай, өндөр мэдлэгтэй дараагийн үеийн хүмүүс орж ирсэн ч гэсэн бие биеэсээ тасралтгүй суралцсаар байдаг. Дээрээс нь ажилтнуудынхаа эрүүл мэндэд маш их анхаарал тавьдаг. Хүн эрүүл байж аз жаргалтай, аз жаргалтай хүн ажлаа илүү эрч хүчтэй, бүтээлч хийнэ. Үүнээс гадна өрсөлдөхүйц цалин хөлс, хөнгөлөлт урамшуулал, хангамж гээд бусад олон зүйл бий.

-Ажиглаад байхад, ажлаас халшрах хам шинж нийгэмд түгээмэл болжээ. Өмнө нь бид ийм нэршлийг ч мэддэггүй байлаа. Хүний нөөцийн хувьд та энэ талаар ямар бодолтой явдаг вэ. Тухайлбал, та банкны салбарт хэдэн жил ажиллаж байна вэ. Иймэрхүү шалтгаанаар ажлаас гарах үзэгдэл банк, санхүүгийн салбарт хэр байдаг бол?

-Би 20 дахь жилдээ банкны салбарт ажиллаж байна. Ажлаас гарч байгаа, ажлаа сольж байгаа хүн болгоны шалтгаан харилцан адилгүй. Ажлаас халшрах ч хүмүүс байдаг. Эсвэл өөр ажил хийх, огт өөр карьер төлөвлөх зэргээр сонголт янз бүр шүү дээ. Гэхдээ хүний нөөцийн хувьд харж байхад ажилтнууд маань ажлаасаа гараад өөр салбарт орж хэсэг байснаа буцаад банк руугаа орж ажилладаг тохиолдол сүүлийн үед нэмэгдэж байгаа. Банк бол хүмүүсээ маш сайн сургаж хөгжүүлдэг, бүр хүмүүжүүлж төлөвшүүлдэг ч гэж хэлж болно. Ёс зүй өндөртэй, дэг журам, сахилга баттай болчихдог. Эдийн засагт голлох нөлөө үзүүлж байгаа салбарын нэг учраас бид дандаа нэг алхмын өмнө явахыг хичээдэг. Тиймээс тасралтгүй суралцаж, тасралтгүй сайжруулалт хийгдсээр байдаг нь хүнээ эргүүлж татдаг байх. Бид ажилтнуудаа өдөр бүр эрч хүчтэй, урам зоригтой ажиллахад нь анхаарч, тухтай бүсэд орохоос нь сэргийлж, сургалтын хөтөлбөрүүд, сэлгээний бодлогыг баримталдаг. Ялангуяа удирдах ажилтнуудын хувьд дөрвөн жилийн хугацаатайгаар банкныхаа өөр, өөр нэгжид сэлгэн ажиллаж, ур чадвараа сорьж, хөгжих боломжоор хангадаг.

-Голомт банкны шинэ салбарууд хаана, хаана нээгдсэн бэ. Энэ жил 400 орон тоо нэмэгдсэн гэлээ. Шинэ ажлын байр нэмэгдэж байгаа нь шинэ салбар нээгдэж байгаатай холбоотой байх. Эсвэл үйл ажиллагаа тэлж байна уу?

-Бизнес тэлж, өргөжиж байна. Энэ хэрээр шинэ салбар тооцооны төвүүд нээгдэж байгаа. Тухайлбал, Хан-Уул дүүрэгт манай Голомт банкны хоёр салбар шинээр нээгдлээ. Хотын төвд VIP салбаруудаа нээж байна. Хэнтий аймаг, Зүүнхараа гээд орон нутагт ч шинэ салбар нээгдсэн гээд бизнес, үйл ажиллагааны тэлэлт нэмэгдэж байгаа. Голомт банк анх 1995 онд дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй Соёлын төв өргөөнд байгуулагдаж байсан. Ирэх жил 30 жилийн ой тохионо. Энэ хугацаанд бизнесийн, хүний нөөцийн гээд нэгж, салбар бүрдээ маш их туршлага хуримтлуулжээ.

-Банканд ажилладаг хүмүүсийг ихэнх нь тоо бодоод юм уу мөнгө тоолоод сууж байдаг хүмүүс гэж төсөөлдөг байх. Гэхдээ аливаа албан газар, байгууллагад янз бүрийн мэргэжилтэй хүмүүс хэрэгтэй болдог. Тэгэхээр “Ажлын байрны нээлттэй хаалганы өдөрлөг”-т өөр салбарын мэргэжилтэй хүмүүс ирж болох уу?

-Дийлэнх нь банк, санхүүгийн салбарын мэргэжилтэй хүн хэрэгтэй боловч эрхзүйч ч гэдэг юм уу, эсвэл захиргаа, аж ахуйн нэгж, салбарын боломжтой орон тоондоо ажилд авах нь нээлттэй байгаа. Иймээс банкны салбарт ажилд оръё, энэ салбарт ажилламаар байна гэсэн хүмүүс ирээд л үзэх хэрэгтэй. Нэг хэсэг бид огт өөр мэргэжилтэй хүмүүсийг сургаж, теллер хийлгэхээс эхлүүлээд их, дээд сургуулиудтай гэрээ байгуулан мэргэжлийн ангийг нь төгсгөн банкандаа авч ажиллуулж байсан. Энэ туршлагаас харахад хувь хүний хүсэл эрмэлзэл, хичээл зүтгэл гээд өөрөөс нь маш их зүйл шалтгаалдаг. Бид сүүлийн үед туршлага харахаас гадна зан төлөвт суурилсан сонгон шалгаруулалт их хийдэг болсон. Мэргэжил туршлагаас гадна банканд ажиллах гэсэн чин сэтгэл маш чухал. 

-Сургууль төгсөөд ирсэн ч бай, тодорхой хэмжээний ажлын туршлагатай  хүнийг сургаад шилдэг ажилтан болгоод авах нэг хэрэг.  Харин нийгмийн хариуцлагын хүрээнд болон хуулийн дагуу хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажлын байраар Голомт банк хэр хангадаг вэ? 

-Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг ажилд авна гээд холбогдох холбоодтой байнга хамтарч ажилладаг. Мөн улсад төлөх ёстой татвараа байнга төлөөд явдаг. Нийгмийн хариуцлагын хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажилд авахаас гадна сайн үйлсийн аяныг манай ажилтнууд өөрсөөд уриалаад маш олон удаа зохион байгуулсаар ирсэн. Голомт банкны уриа “Сайн сайхныг санхүүжүүлнэ”. Иймээс ч оюутан залуустаа 20  жил тасралтгүй сургалтын төлбөрийн тэтгэлэг олгосоор ирсэн. Үүнийгээ дагаад зөндөө олон сургалт, дэмжих хөтөлбөр зарлагддаг. Мөн өнчин хүүхэд, ахмад настны асрамжийн газруудад мөнгөн болон мөнгөн бус тусламж, дэмжлэгийг сүүлийн гурван жил тасралтгүй өгч ирлээ.  Саяхан бид цусны донорын аян зохион байгуулсан. Энэхүү арга хэмжээ мөн л сүүлийн гурав, дөрвөн жил тасралтгүй хэрэгжиж байгаа.  Олон хүний амь насыг аварч, эрүүл мэндийг дэмжихэд манай Голомт банкны ажилтнууд өөрсдийнхөө санал санаачилгаар оролцдог юм. Мөн сүүлийн хоёр жилийн хугацаанд ахмад настнуудынхаа туршлагыг бусадтай хуваалцдаг хөтөлбөр гаргаж ажилласан. Өөрөөр хэлбэл, зөвхөн банкны салбарт ажиллаж байсан ахмад настнуудыг урих биш ер нь Монгол Улсын хэмжээнд зарлаад маш олон салбарын ахмадыг урьж ажиллуулсан туршлага байгаа.  

-Хөдөлмөрийн насны хүн амын бүтцээр залуучуудын эзлэх хувь ирэх 10 жилийн хугацаанд 40 хувийг давна гэдэг. Голомт банкны хувьд энэ үзүүлэлт ямар байдаг вэ?

-Нийт ажилтны 33 хувийг Z үе, үлдсэн 60 гаруй хувийг Y буюу шинэ мянганыхан бүрдүүлж байгаа бөгөөд банкны цар хүрээ тэлж буйтай холбогдуулан 2023 онд 750 гаруй ажлын байр шинээр зарлаж, ажилд авснаас 30 орчим хувийг шинэ төгсөгч залуусаар бүрдүүлсэн. 2023 оны байдлаар банк, санхүүгийн салбарт нийт 16 мянган хүн ажиллаж байгаагаас 15 хувийг нь Голомт банкны ажилтнууд эзэлж байна. Үүнээс дүгнэхэд банкны систем маань нийт 16 мянган хүнийг ажлын байраар хангах багтаамжтай гэхээр ажлын байрны эрэлт их байгааг харуулж байна. Банк бол харилцагчийн итгэл дээр суурилан үйл ажиллагаагаа явуулдаг маш чухал, хариуцлагатай салбар гэдгээрээ онцлог. Манай шинэ ажилтнуудын 30-40 хувь нь их дээд сургуулиа дөнгөж төгсөгчид, залуучууд байдаг.

Аливааг маш хурдан сурдаг, ажил хийх эрмэлзэл дүүрэн байдаг учраас оюутан залуучуудыг бид ажилд авах дуртай. Шинэ гишүүнээ бид бүрэн бэлтгэлтэйгээр халуун, дотноор хүлээн авдаг. Туршилтын хугацаанд дасан зохицох гурван сарын хөтөлбөрт хамруулдгаараа онцлогтой. Энэ нь тухайн ажилтан манай байгууллагад тохирох хүн мөн үү, тухайн хүнд бас манай байгууллага тохирох уу гэдгийг мэдэх боломж олгож буй хугацаа юм. Энэ хугацаанд нэгжээс томилогдсон “buddy” буюу чиглүүлэх ажилтан тухайн ажлын байранд шаардлагатай дотоодын бүхий л зүйлийг зааж зөвлөдөг. Түүнчлэн шинэ ажилтнуудаа байгууллагын соёлд нэгтгэх, бэлтгэн чиглүүлэх, дасан зохицоход нь дэмжлэг үзүүлэх олон төрлийн цогц хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Үүний нэг нь “New talent” арга хэмжээ юм. Харин шинэ удирдах ажилтнуудаа “Менторшип” хөтөлбөрт хамруулдаг. Шинэ ажилтнууд эсвэл дотооддоо шилжилт хөдөлгөөн хийсэн ажилтнуудад ч мөн дасан зохицох хугацаа шаардлагатайг тооцон эдгээр хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлдэг. Үүний үр дүнд нийт ажилтны маань банкандаа ажиллаж буй дундаж хугацаа нь долоон жил байгаа бөгөөд энэ нь сайн үзүүлэлт төдийгүй цаашид ч өсгөх нөхцөлүүдийг банкны зүгээс бүрдүүлэн ажиллаж байна.

-Ажилтнууддаа Голомт банк үнэ цэн бий болгож чаджээ?

-Бид ажил олгогч байгууллагын хувьд брэндинг, байгууллагын соёлоороо тэргүүлэгч хамт олон. Тиймээс маш олон ажил идэвхтэй хайгч Голомт банкыг сонгож, бидэнд ханддаг. Ажилтнуудаа ч мөн карьерын хувьд торон замналаар буюу өөр, өөр чиглэлд өөрийгөө сорих боломжийг маш сайн бүрдүүлсэн. Тухайлбал тухайн ажилтан маркетингийн чиглэлээр ажилладаг бол хүний нөөцөөр ажиллах, дараа нь борлуулалт зэргээр өөрийгөө сорьж, байгууллага дотроо салбар, чиглэлээ солиод ажиллах бүрэн боломжтой. Цалин хөлсний тухайд бид нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, ажилтны чадамжид суурилан жил бүр нэмэх бодлого барьдаг төдийгүй  хөдөлмөр, амжилтыг нь үнэлж, хагас жил тутамд урамшуулал олгодог. Үүнээс гадна тасралтгүй суралцах соёлын талаар өмнө дурдсанчлан олон улсын жишиг бүхий “Global growth institute”-ийн албан ёсны Монгол дахь төлөөлөгч “Гүрүн” академитай хамтран “Дэлхийн түвшний менежер” манлайллын сургалтууд, мэргэжлийн болон ерөнхий ур чадваруудыг хөгжүүлэх 400 гаруй онлайн контентоос сонгон суралцах боломжтой. Бид ажилтнуудаа олон улсын хурал, арга хэмжээнд хамруулж, мэргэжлийн чиглэл чиглэлээр нь мэргэшсэн зэрэг авах боломжийг ч мөн олгодог. Түүнчлэн банк ажилтнуудынхаа хүүхдүүд болон жирэмсний амралтаа авсан ээжүүддээ зориулж, тусгай сургалт хөтөлбөр, аав ээжийнх нь ажилтай нь танилцуулах өдөрлөг зэрэг үйл ажиллагааг зохион байгуулдаг. Энэ бол манай ажилтнуудын хамгийн дуртай арга хэмжээнүүдийн нэг. Ажилтнууд маань төрсөн өдрөөрөө цалинтай амрах, 14 хүртэлх насны хүүхдийнхээ төрсөн өдрөөр хоёр цагийн цалинтай чөлөө авах гэх мэт дурдвал олон боломж бий. Хүн тухайн байгууллагадаа 2-3 жил болоод ирэхээр ажилдаа мэргэшиж, үр өгөөжөө өгдөг. Бид олон жил ажилласан ажилтнууддаа 5, 10, 15, 20, 25 дахь жилд нь үнэнч, тууштай ажилтны бэлэг өгч, талархал илэрхийлдэг.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top