Л.Бор: Хамтарсан Засгийн газар “ХАДАН ЦОХИОНЫ ИРМЭГ ДЭЭРХ ЦӨМИЙН ЗАМ” сонгох гэж байна

2024 оны 10 сарын 15

“Их Бага Баяншарга” ТББ-ын тэргүүн Л.Бортой ярилцлаа.

-Хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрт “Монгол, Францын хамтарсан ураны төслийг хэрэгжүүлнэ. Монгол Улсад атомын цахилгаан станц байгуулах эхлэл тавигдана” гэсэн зорилт дэвшүүлсэн. Та судлаачийн хувьд юу гэж үзэж байна?

-Эрх зүйт төртэй, Ардчилсан Монгол Улсын иргэд бид НҮБ-ын хүний эрхийн түгээмэл  тунхаглал, Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан хүний эрх, Монгол Улсын Үндэсний Аюулгүй Байдлын үзэл баримтлал /1.2.2/-д ”Төр, иргэний хамтын ажиллагаа: Үндэсний аюулгүй байдлыг хангах нь төрийн анхдагч үүрэг мөн. Иргэдээ аюулгүй байдлын асуудлаар өргөн мэдээлэл, мэдлэгтэй байх, аюулгүй байдлыг хангах үйл хэрэгт хувь нэмрээ оруулах боломжоор хангах, хамтран ажиллахад төр онцгой анхаарна” гэж хуульчилсан. Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн 13.2-т ”Төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж үндэсний аюулгүй байдлыг хангах төрийн байгууллага, албан тушаалтанд санал, хүсэлтээ тавьж шийдвэрлүүлэх эрхтэй”.

14.2.-т ”Монгол Улсын иргэн үндэсний аюулгүй байдалд хохирол учруулж болзошгүй асуудлаар төрийн зохих байгууллага, албан тушаалтанд санал, гомдлоо тавьж шийдвэрлүүлэх эрхтэй” гэж заасан. Энэ хүрээнд Монгол Улс Уран олборлох гэрээ хийх гэж байгаа  эгзэгтэй цаг үед  аюул эрсдэлийн талаар өргөн олноороо ярьж, хэлэлцэх нь зүйтэй гэж үзэж  байна.      

 

 

-Болгоомжлох, эсвэл шүүмжлэлтэй хандах ямар үндэслэлүүд байна вэ?

-Юуны өмнө Францын “Орано” групптэй яаран гэрээ хийхээс болгоомжлох ёстой. Ямар үндэслэлүүд байна гэвэл, юуны өмнө Улаанбадрах сумын асуудлыг шийдвэрлэх шаардлагатай. Дорноговь аймгийн Улаанбадрах суманд хэрэгжүүлэх ураны төслийн  Өмнөд (MV-018914), Зөөвч-Овоо(MV-018915), Дулаан-Уул (MV-018916), гурван ордын ТЭЗҮ, БОНБҮ-ний ажлууд эхлэл төдий байна. Монгол Улсын Үндсэн хууль, Цөмийн энергийн тухай хууль, Ашигт малтмалын тухай хууль, Усны тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд заасан байгаль орчны ерөнхий үнэлгээ, Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ, менежментийн төлөвлөгөө, эрсдлийн үнэлгээ, нөхөн сэргээх төлөвлөгөө, нийгмийн нөлөөллийн үнэлгээ, цөмийн болон цацрагийн болзошгүй ослын үед авах арга хэмжээний төлөвлөгөө зэргийг хийлгээгүй (Монголд байгаль орчин одоо болон ирээдүйн хүн амыг хамгаалах ийм шинжлэх ухааны үнэслэлтэй цогц том судалгаа, үнэлгээ хийх чадамжтай компани манайд  байхгүй). 

Захиргааны Ерөнхий хуульд заасан нөлөөллийн бүсийн  иргэдтэй сонсох ажиллагаа хийгээгүй, санал аваагүй зэрэг Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөж байгаа дээрх хуулиудын холбогдох олон зүйл заалт хангагдаагүй. Ийм байхад “Орано” группд цацраг идэвхит ашигт малтмал ашиглах гурван  тусгай зөвшөөрлийг улстөрчдийн шахалтаар олгосныг орон нутгийн иргэд, иргэний нийгмийнхэн эсэргүүцэж, шүүхийн шатанд олон жил тэмцсээр ирсэн.

 

Ураны салбарт төрийн хяналт алга

 

-Шүүхийн шатанд шийдвэрүүд нэгмөр болж  гараагүй юм уу?

-Улаанбадрах суманд хэрэгжүүлж буй ураны төслийн "Орано" группын туршилтын олборлолт”-оос хамааралтай байж болох байгаль орчны бохирдол, хүн малын эрүүл мэндийн ноцтой асуудлаар нутгийн иргэд,иргэний нийгмийнхэн Нийслэлийн захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсаны дүнд гадаадын хараат бус лабортори  оруулах шийдвэр гарсан ч төрөөс дэмжээгүй. “Эвийн хүч-эх нутаг хөдөлгөөн” ТББ, “Онги гол” хөдөлгөөнөөс өнгөрсөн зургаадугаар сард сонгуулийн үеэр  Дундговь аймагт ажиллаж байсан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд бүх баримтыг гардуулж өгсөн боловч өдийг хүртэл шийдвэрлээгүй байна.

Улаанбадрах суманд бодитоор үүсээд байгаа энэ ноцтой  асуудлыг шийдвэрлээгүй байж, “Орано” групптэй уран олборлох гэрээ хийх нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан хүний эрхийг зөрчиж, НҮБ-ын хүний эрхийн түгээмэл тунхаглалын есдүгээр зүйлийн 9.5-д ”Улс бүр өөрийн харьяа нутаг дэвсгэртээ хүний эрх,эрх чөлөөний зөрчил гарсан талаар үндэслэл бүхий мэдээлэл бүрийн дагуу шуурхай, хараат бус мөрдөн шалгах ажиллагаа явуулах буюу хяналт шалгалт хийх баталгааг хангах ёстой ”гэж заасныг зөрчсөн ноцтой гэмт хэрэг юм.

-Эрдэмтэд ураны тухай ярихдаа "Хүмүүс мэдэхгүйдээ эсэргүүцдэг. Мэдэхгүй зүйлийн цаана айдас байдаг. Гэтэл том төслүүд хөдөлж байж л улс орон хөгжинө” гэсэн. Хүмүүс  мэдээлэлгүй байгаатай та санал нийлэх үү?

-Би бол иргэдэд Үндсэн хуулиар олгогдсон эрх нь зөрчигдөж байгаа учраас мэдээлэл  хүлээн авах эрх нь хаалттай байна гэж харж байгаа.

Жишээ хэлье. “Арева” группын охин компани “Кожеговь”-ийн гүйцэтгэх захирал Тьези Плэзин 2012 оны аравдугаар сарын 15-ны өдрийн 2012/548 албан тоотоор Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах Төрийн бус байгууллагын шаардлагад хариу  өгөхдөө:

“...Одоогийн болон ирээдүйн хүн амын эрүүл мэндийг ионжуулагч цацрагийн нөлөөллөөс хамгаалах, хүрээлэн буй орчинд нөлөөлөх цацрагийн шарлагын хэмжээг “аль болох бага түвшинд” (ALARA-As Low As Reasonably Achievable) байлгах стандартыг хэрэгжүүлэхийг зорьдог гэсэн. Тэд ураны ионжуулагч цацрагийн хор хөнөөлийг дэндүү их мэдэх учраас ёс зүйгээ эрхэмлээд манайхан шиг “уран огт хоргүй” гэсэн  суртал ухуулга хийдэггүй. Гэтэл манай төрийн мэдээллийн “тархи угаагчид” ихэнх нь  физик, химийн ямар ч мэргэжилгүй сэтгүүлчид, зарим судлаач, эрдэмтэд гэх хүмүүс “Монгол Улсын хөгжил дэвшлийн ганц зөв гарц нь уран олборлолт”. Энэ маш их ашигтай, хүн ам, байгаль орчинд ямар ч хоргүй “шар нунтаг” олборлох нь “шар тостой” адилхан ам руугаа хийсэн ч болох мэт дэндүү өрөөсгөл худал хуурмаг зөвхөн нэг талыг барьсан мэдээллийг бүх ТВ, ФМ хэвлэл, мэдээллийн хэрэгслээр өгч, мөнгө цацаж, “тархи угааж” дэндүү ёс зүйгүй авирлаж  байна.

Уран олборлолтын эрсдэл, байгаль орчин одоо болон ирээдүйн хүн амд нөлөөлөх сөрөг нөлөөллийн мэдээллийг тас хааж, энэ талаар хэлсэн, бичсэн бүхнийг устгаж,төрийн эсрэг дайсан мэт үзэж,мөрдөн мөшгөж байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн 6.2 дахь “Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо болон ирээдүй үеийн иргэн бүрд эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулах...Иргэн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийнхээ хүрээнд газрын хэвлийн баялгийг ашигласнаар байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаар мэдэх эрхтэй” гэсэн заалтыг зөрчиж байна. Мөн 16.16 дахь  ”Итгэл үнэмшилтэй байх,үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх,үг хэлэх,хэвлэн гийтлэх,тайван жагсаал цуглаан хийх эрх чөлөөтэй” гэснийг, 16.17-д  заасан “Төр, түүний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад хамааралгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах эрхтэй...” гэсэн Үндсэн хуулиар баталгаажсан хүний эрхийг зөрчиж, ил тодыг эрхэмлэдэг, олон ургальч үзлийг дэмждэг ардчилсан орон эсэхэд эргэлзэхэд хүргэж байна.     

-Та “Ураны салбарт төрийн хууль зөрчсөн ноцтой гэрээ  хийгдсээр байна” гэж мэдэгдсэн байсан. Хаана, ямар компанид  ийм зөрчлүүд байна вэ?

-Сүхбаатар, Дундговь аймгийн  зургаан сумын нутгийг хамруулан олгосон Цацраг идэвхт ашигт малтмал ашиглах MV-020629, MV-020631, MV-020633, MV-020634 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийг хайгуулын охин  компани “Гурвансайхан” ХХК  болон  хувь хүмүүсийн байгуулсан шинэ компани Чехийн “Uranium Industry”-д олгосон байдаг. “ЦЭтХ-ийн 17 дугаар зүйлийн 17.3-д заасан “Ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэгчид тавих шаардлага, уран боловсруулалт, борлуулалтаар дэлхийн зах зээлд тогтвортой, тэргүүлэх байр суурь эзэлсэн, олон жилийн туршлагатай, дэвшилтэт, тэргүүний технологитой, цөмийн технологи нэвтрүүлэх чадвартай байх” гэсэн шаардлагыг хангахгүй байхад, мөн ЦЭтХ-ийн 21.2-д 20 жилийн хугацаагаар уран ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохыг заасан байхад 30 жилийн хугацаагаар олгожээ. Түүнчлэн  ЦЭтХ-ийн тавдугаар зүйлийн (5.2, 5.3; болон 5.4)-д 34-51 хувиас доошгүй хувьцааг үнэ төлбөргүй эзэмших заалтыг зөрчиж 15-хан хувийн хувьцаа эзэмших Монгол Улсад ноцтой хохиролтой гэрээ байгуулж, ураны стратегийн дөрвөн ордоо сул алдсан. Энэ хэрэг одоо  Олон улсын Арбитрын шүүхэд зарга үүсгэж, Монгол Улс өрөнд орохоор байгаа ч Уул уурхай хүнд үйлдвэрийн яам, Цөмийн энергийн комисс, Ашигт малтмал газрын тосны газруудын хуриуцлага хүлээсэн  нэг ч албан тушаалтан байхгүй. Авлигатай тэмцэх газар ч шалгадаггүй. Одоо Улаанбадрахын гурван ордын  гэрээг дээрхээс бүр дордуулж,  Монгол Улс 10-хан хувийн үнэ төлбөргүй хувьцаа эзэмших, 34 хувийн үнэ төлбөргүй хувьцаа эзэмших хуулиас татгалзана  гэх мэтээр эрх мэдэлтнүүд ярьж Монгол Улсын Үндсэн хуулийн аравдугаар зүйлийн 10.4 дэх  заалтыг зөрчиж, алдагдалтай ноцтой   гэрээ байгуулах эрсдэлтэй байна.

Ураны шар нунтаг-(давирхай) олборлосны дараа амьдрах аргагүй сүйрэл ландшафтыг үлдээдэг. Бүхий л амьдралыг устгасан баримт мэдээлэл, дэлхийн уран олборлосон ядуу буурай орнуудын баримт фактууд хангалттай байдаг.

Монголоос 30 жилийн дараа “Орано” групп ашгаа аваад гаргахад говийн нутаг, байгаль орчин, хүн ам 100 хувь, цацраг идэвхит хаягдлын шарлагаар (Эрчим хүчинд өргөн хэрэглэдэг уран 235-ын хоруу  чанар зөвхөн (half life) 50 хувиар буурах  хугацаа 700 сая жил байдаг) 700 саяас  4.5 тэрбум жил шарагдаж, бидний болон бидний олон үе үр садын маань амьдрах хугацаагаар  сэтгэвэл хор хөнөөл нь хэзээ ч арилахгүй, “мөнх”ийн зовлон гамшиг дагуулж мөхөх аюултай. Ийм аймшигтай учраас 10-хан хувийн үнэ төлбөргүй хувьцаа  эзэмших байтугай 51 хувийн хувьцаа үнэ төлбөргүй эзэмших нь даанч утгагүй, өчүүхэн гэдгийг шийдвэр гаргагчид ойлгож ухаараасай!

 

ОЛОН УЛСЫН ЦӨМИЙН ХАЯГДЛЫН “БУЛШНЫ ОРОН” БОЛОХ ЭРСДЭЛ БАЙНА

 

-Та “Ураны салбар авлига, ашиг сонирхлын зөрчилтэй” гэж хэлсэн. Ямар нотолгоо байна?

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2011 оны  есдүгээр сарын 7-өдрийн “Уран, газрын ховор элемент,эрчим хүчний үйлдвэртэй холбогдсон үйл ажиллагаанд хяналт тавих тухай” 181 дүгээр зарлигаар Үндэсний эрх ашиг,эдийн засгийн аюулгүй байдалд нөлөө үзүүлэх уран, газрын ховор элементийн хайгуул олборлолтын зөвшөөрөл олгох, эрх шилжүүлэх, эрчим хүчний үйлдвэр барих асуудлаар шийдвэр гаргахын өмнө Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэх, хяналт тавьж байхыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн даргад даалгасан байдаг.

Гэтэл Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчөөр ажиллаж  байхдаа, дээрх 181 дүгээр зарлигийг хүчингүй болгож, 2015 оны тавдугаар сарын 19-ний өдрийн “Цацраг идэвхит ашигт малтмал, газрын ховор элемент, газрын тостой холбогдсон үйл ажиллагааны тухай” 77 дугаар зарлигаар  Цацраг идэвхит ашигт малтмал, газрын ховор элемент, газрын тостой холбогдсон "зөвхөн бодлогын" асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлж байх, Цацраг идэвхит ашигт малтмал, газрын ховор элементийн хайгуул олборлолтын тусгай зөвшөөрөл олгох, эрх шилжүүлэх, мөн газрын тосны хайгуулын бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлүүлж байхыг үүрэг болгосон. Ц.Элбэгдоржийн 77 дугаар зарлигаар Ерөнхий сайд бөгөөд Цөмийн энергийн комиссын даргад бүх эрх мэдэл очсон. Эндээс харахад Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хяналтаас тусгай зөвшөөрөл олгохыг гаргасан нь ашиг сонирхлын зөрчил гэж үзэхээр байгаа  юм.

Ингээд Н.Алтанхуягийгаа огцруулж, улмаар  Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайд болгож, Цөмийн энергийн хууль, Ашигт малтмалын тухай хуульд  тус тус өөрчлөлт оруулж, Цөмийн энергийн газрыг татан буулгаж комисс болгосон. Түүнчлэн  Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс, Цөмийн технологийн газрын Цацраг идэвхит ашигт малтмалын хэлтэсүүд Цацраг идэвхит ашигт малтмал, газрын ховор элементийн хайгуул олборлолтын тусгай зөвшөөрөл олгох, эрх шилжүүлэх бичиг баримтыг судалж зөвшөөрөл олгодог болсноор "бантан хутгасан”. Холбогдох олон хуулийн шаардлага хангагдаагүй байхад “Арева” /Орано/ Улаанбадрахын гурван ордод 2015 онд, Гурвансайхан ХХК-ийн  дөрвөн ордод цацраг идэвхт ашигт малтмалын орд ашиглалтын тусгай зөвшөөрлийг 2016 онд олгосон байдаг.

Ийнхүү Монгол Улсын эрх зүйн орчин, хуулийг бүгдийг өөрчилсний дараа уран ашиглалтын долоон  лицензийг бөөндөж олгосон нь ҮАБЗ-ийн өндөр түвшний эрх мэдэлтнүүдийн авлига, албан тушаалын ноцтой эрүүгийн гэмт хэрэг байж болох ч Ч.Сайханбилэг, Ц.Элбэгдорж нар гадаадад тансаглаад, ураны асуудалд одоо ч АН-аараа  дамжуулан нөлөөлж байж болзошгүй.

-Тэгэхээр энэ салбарт төрийн хяналт алга гэж та хэлж байна уу?

-Ерөөсөө Монгол Улсын зүгээс ураны салбарт тавих хяналт хариуцлагын тогтолцоо байхгүй. Авлига,  ашиг сонирхлын зөрчилтэй этгээдүүд удирдах албан тушаалд ажилласаар ирсэн. Тухайлбал, “Мон-Атом” төрийн өмчит компанийн өмнөх захирлууд ураны салбарын эрх зүйн орчныг сайжруулж, хөгжүүлэхээр төрөөс олгосон хөрөнгө мөнгө, гадаадын төсөл хөтөлбөрийн хөрөнгө мөнгийг үрэн таран хийж, данс бүртгэл нь олдоогүй гэж Төрийн аудит хийхээс татгалзаж байсан. Хэн ч хариуцлага хүлээгээгүй, бүгд албан тушаал дэвшсэн байдаг. Одоогийн захирал нь дипломат ажил хийж байхдаа Европд хар тамхины наймаанд оролцсон гэж гадаад, дотоодын хэвлэл мэдээллээр гарсан гэмт хэрэгтэн байж болзошгүй.

Цөмийн энергийн /газар/ комисс ч цацраг идэвхит ашигт малтмал ашиглах төрийн бодлого, цөмийн энергийн тухай хуулийг засаж  боловсруулахдаа “цөмийн циклийг бүхэлд нь хөгжүүлэх (P5 шиг)” Монгол Улсад ахадсан заалтуудыг гадны төслөөр оруулж, “цөмийн хаягдал булшлах” бүр “цөмийн хаягдал дахин боловсруулах үйлдвэр барих”зэрэг гадаад, дотоод эрх зүйн орчныг бүрдүүлсэн байдаг нь Монгол Улс цаашдаа олон улсын цөмийн хаягдлын  булшны орон болох эрсдэлтэй байна.

Францын “Орано” групптэй Засгийн газар түргэн түүхий гэрээг энэ намрын чуулганаар УИХ-аар батлуулахаар яригдаж байна. Гэтэл шинээр байгуулагдсан УИХ-ын ихэнх гишүүд нь цөмийн энерги, цацрагийн аюулын талаарх мэдлэг, мэдээлэл хомс, хуучин УИХ-ын зарим гишүүн, улстөрчид гадаадын улс төр бизнесийн олигархи бүлэглэлийн нөлөөтэй, авлига, ашиг сонирхлын зөрчилтэй этгээдүүд Монгол Улсын Үндэсний аюулгүй байдалд  харшлах хууль  зөрчсөн гэрээг батлуулахаар бүх аргаар чармайж байгааг, нөлөөллийн бүсийн  иргэд олон нийтийн санал зөвшөлцөлгүй “золиос” болохыг эсэргүүцэхээс аргагүй.

 

МОНГОЛ УЛС ХӨГЖИХӨД УРАНААС ӨӨР СОНГОЛТ, ГАРЦ ОГТ ҮГҮЙ ГЭЖ ҮҮ? 

 

-Уг нь сайн талаас харвал, төсөл хэрэгжиж, үйлдвэрлэл бүрэн хүчин чадлаараа ажиллавал жилд 2500 тонн уран олборлож экспортлоно. Улс, орон нутгийн төсөвт нэг тэрбум ам.долларын татвар төлж, 1000 гаруй ажлын байр бий болно” гэсэн тооцоолол байгаа юм билээ?

-Тэрийг тооцохоос өмнө  ураны уурхайд гарч болох эрсдлүүдээ эхэлж тооцох учиртай шүү дээ. Жишээ нь, ураны хүдрийн агууламжаас хамаарч уурхайгаас олборлосон 0.065 агууламжтай 1000 кг буюу нэг тонн хүдэрээс  гэхэд л ердөө 65 грамм уран ялган авч бусад нь хаягдал болдог. Тэгвэл Улаанбадрахын ордын төсөл  30 жилийн хугацаанд 69.000 тонн уран олборлохоор яригдаж байна. Үүнээс барагцаагаар 160.000.000  тонн цацраг идэвхт хаягдал ойролцоогоор гарна гэвэл ийм их хаягдал газрын гүндээ бүгд үлдэх үү? Газрын дээр  цацрагтай  хаягдлын овоолго үлдэх үү? Говийн нутагт 3-4 сард үргэлжлэх 30-40 м/с хүчтэй шороон шуурга, угалз, түйрэнгээр ойр хавийн бүх нутаг ус бэлчээрийг цацрагтай шороогоор бохирдуулах эрсдэлийг тооцсон байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийгдсэн үү? Үүнийг зогсоох, хамгаалах ямар нэг  стандарт, технологи байдаг уу? 30 жилд ураны 69.000 тонн “шар нунтаг”ялган авахад хэрэглэх  говийн гүний усны боломжит нөөц байгаа юм уу? Говийн гүний ховор усыг ихээр хэрэглэж цацрагаар бохирдуулах эрсдэлээс хамгаалах стандарт технологи байна уу? Энэ бүхэнд хариулт мэдээлэл авах иргэд, олон нийтийн эрх хаалттай, “харанхуй” огт мэдээлэлгүй  байна.

Ураны уурхай, АЦС аль нь  ч хүний эрүүл мэнд, хувь заяа, байгаль орчин, эдийн засгийн хувьд бөөн эрсдэл. Чернобыль, “Фукушима”-г санахад л хангалттай. АНУ-ын ураны уул уурхайд улаан арьстан индианчууд даан ч дэндүү хэлмэгдэж, үйл олноороо устсан,  тэнд ч нийгмийн зовнил, хүний зовлон, шүүхийн хэргүүд 100 гаруй жил одоо ч үргэлжилсээр байна шүү дээ.

Бодит үнэн ийм байхад уран огт хоргүй гэж худал ярьсаар XXI зууны нүүдэлчид “Монгол индианчууд” мөхөх үү? Хүрээлэн байгаа орчин нь цацрагаар бохирлогдсон Монголд жуулчид ирэхгүй, мах болон бусад хүнсний зүйлээ эскпортолж чадахгүй, говийн хоёр бөхтэй тэмээ, ан амьтан, бэлчээрийн мал аж ахуй хүн амтайгаа генийн  хувьд мөхөлд орох аюултай. Ураны уурхай ашиглалтанд ороход говийн хэдэн бор залуус малаа хаяад уурхайн ажилчин болоод 5-10 жил ажиллаад хорт хавдартай болно. Эрүүл мэндийн яамны мэдээллээр жилд бараг 7000 орчим хоёр сумын хүн амтай тэнцэх хүн ам “хорт хавдараар” нас бардаг гэж мэдээлсэн, уран ашиглаад эхлэхээр  энэ  тоо маш хурдан нэмэгдэнэ  болно.

Өөрөөр хэлбэл, уранаа ашиглуулаад хөгжих байтугай эдийн засаг, үндэсний аюулгүй байдал, хүн амын эрүүл мэнд  талаасаа бүр сүйрэлд орж болзошгүй юм. Монгол Улс хөгжихөд уранаас өөр сонголт,  гарц огт байхгүй гэж үү? Энэ чинь Монголд төдийгүй олон улсад хор хөнөөлтэй.

-Тухайлбал?

-Ураны уурхайгаас  Монголд төдийгүй олон улсад учруулж  болох эрсдэлүүд их бий, энэ маш ноцтой. Монголын говьд  дэгдсэн түйрэн буюу шар шороон шуурга Хятадын ихэнх нутгийг дайрч, Солонгосын хойг, Японд улмаар Номхон далайг гатлан Канад, Хойд Америкт ч хүрч, аж үйлдвэрийн бүсээс элдэв төрлийн хорт бодисыг  хаман хаа сайгүй тараадаг гэсэн олон улсын судалгаанууд гарсан байдаг.

Эндээс дүгнэлт хийхэд Монголын говьд уран олборлох, цөмийн цахилгаан станцын цацраг идэвхит хаягдалтай  шороон шуурга агаарын урсгалаар зөөгдөн Монголын болон Хятад,Солонгосын хойг, Япон, Канад, Хойд Америк зэрэг  орнуудын нийгэм эдийн засаг, хүн амын эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх тул олон улсын хэмжээнд аюулгүй байдал талаасаа ярилцаж шийдэх асуудал гэж үзэхээр байна. Дээр нь газар хөдлөлтийн эрсдэл дагуулдаг.

 

Монголоос гадна олон улсын эрх зөрчигдөнө

 

-Уран газар хөдлөлттэй ямар холбоотой вэ?

-Монгол Улсын нутаг дэвсгэр нь Төв Азийн газар хөдлөлтийн өндөр идэвхжилтэй бүсэд ордог. Үүний нэг баталгаа нь манай улсад дэлхийн түүхэнд тэмдэглэгдсэн дөрвөн том газар хөдлөлт болсон байдаг.  Сүүлийн жилүүдэд газар хөдлөх явдал идэвхижиж байна.

Улсын хэмжээнд 2024 он гарсаар 3.5 магнитудаас дээш газар хөдлөлтийн чичирхийлэл 54 тохиолдол бүртгэгдсэн.

Хойноос урагшаа чиглэсэн газар хөдлөлтийн идэвхитэй голомтуудад Улаанбаатар хот орчим, говийн аймгууд ордог байна.

Тухайлбал, 2024 оны долоодугаар сарын 28-нд Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын  төвөөс баруун урд зүгт 59 км зайд 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон.

Дорноговь аймгийн Сайхандулаан сумаас зүүн зүгт 28 километрийн зайд 2024 оны гуравдугаар сарын 3-нд 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт тус тус болсон талаар Шинжлэх ухаан Одон орон геофизикийн хүрээлэнгээс мэдээлсэн. Монголын говийн  газар хөдлөлтийн идэвхитэй бүсийн эдгээр аймгуудад  ураны уурхай, цөмийн цахилгаан станц дэлбэрэхэд  монгол  тэр чигтээ газрын хөрснөөс арчигдаж сүйрэх болно. Одоогийн улс төрчид, эрх мэдэлтнүүд эцсийн хариуцлагыг  яаж  хүлээх юм бэ?

-Мэдээж том төсөл учраас хариуцлага, хяналтын тогтолцоог сайжруулж, төслийг урагшлуулах байх?

-Монгол Улсад ураны салбарт хяналт, хариуцлагын үндэсний чадавхи байхгүй. Монголд ураны уурхай цөмийн станцд ажиллаж байсан туршлага байхгүй, онолын мэдлэгээс хэтрэхгүй эрдэмтэн мэргэжилтэн цөөхөн хүний нөөцтэй /Казакстан шиг туршлага байхгүй/. Хариуцлагагүй, авлигажсан, уранд хаа хаанаа  хяналт тавих ямарч чадваргүй. Иргэдийнхээ эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хамгаалах төрийн чадавхигүй, ураны олборлох гэрээг яаран хийх нь Монголыг гэсэн онцлогийг харуулах “Нүүдлийн сонгомол соёл иргэншил,бэлчээрийн  мал аж ахуй сүйрч”, цөөхөн монголчуудыг үр удмаараа генийн хувьд индианчууд шиг мөхөх аюулд  хүргэнэ.

“Орано” компани ашгаа авч дуусаад гараад явахад цацрагаар хордсон үүрд мөнхийн “үхлийн тамын” газар нутаг үлдэх болно. Иймд, “Хадан цохионы ирмэг дээрх уран-цөмийн замыг” сонгохоо зогсоохыг Хамтарсан Засгийн газраас иргэд бид шаардах эрхтэй. Францын “Орано” групптэй Засгийн газар уран олборлох гэрээ хийх, эсэх талаар Монгол Улсын Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын тухай хууль, НҮБ-ын хүний эрхийн түгээмэл тунхаглалын хүний эрхийн заалтуудыг үндэслэж, “Нөлөөллийн бүсийн аймаг сумдын иргэд, орон нутгийн захиргаа, иргэний нийгмийн байгууллагуудын мэдэх эрхийг хангах санал авч, өргөн хэлэлцүүлэг зөвшилцөл хийхийг хатуу шаардаж байна гэдгээ энэ ташрамд хэлье.

 

 

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Болор-Эрдэнэ (202.126.88.180) 2024 оны 11 сарын 03

Цөмийн булшны орон болох үүд хаалга нээх гэж байгаа эдгээр түшээд бол бүгд урвагчид юм.

0  |  0
Болор-Эрдэнэ (202.126.88.180) 2024 оны 11 сарын 03

Уран бол аюул.\nЭнэ аюул одоо бидэнд мэдэгдэхгүй ч үр хүүхдүүд ирээдүйд маань удашлын том аюул нүүрлэх мөхөл юм.

0  |  0
Шинжээравдан(66.181.184.224) 2024 оны 10 сарын 24

Уран цөмийн цацраг идэвхт бодисыг бид өнөөдөр оролдох ч дээ аюулд орно шүү. Бусад их баялгаа ухуулаад яаж бна бөөн хулгай авлигал. Уран бол алт нүүрс биш шүү.

1  |  0
monhchuluu(66.181.161.184) 2024 оны 10 сарын 24

mongol ulsiin gazr nutag bvren bvten baih hergte uul uurhaigaas bolj gazr nutag vgvi bolj bn mal malchin 2 baih gazrgvi bolj bn

2  |  0
Эгэл жирийн иргэн(103.212.117.33) 2024 оны 10 сарын 24

Чухам үнэнийг өгүүлжээ. Одоогийн төр засаг зандалчин шинжтэй, зарж болох юу байна бүгдийг нь зарах сонирхолтой хүний адгууд байгаа юм даа. Тэнд байгаа мал яах вэ, малчид яах бол, уух ус нь яах вэ гэж огт бодохгүй л байгаа юм даа\n

3  |  0
Монгол хүн үнэтэй.(202.179.26.115) 2024 оны 10 сарын 24

Монгол улс хөгжих олон боломж бий. 3000 Уул уурхайн зөвшөөрөл олгогдсоны 1700 орчим ашиглалтын зөвшөөрөл авсан уурхайтай,үүнээс 500 орчим алтны уурхай,бусад 100 гаруй орд баялаг,33 газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээтэй,үүний 20 гаруй нь хятадын мэдэлд байдаг.Баялгаа 30 жил зөөлөө. Цөөхөн ард түмэн яагаад ядуу,улс хөгжилгүй өртэй байдаг бэ? Гэтэл уран ухахаар гэнэт гэрэл тогоор хангагдаад ”суг” хөгжих үү? Франц, Орос хэн ухаснаас үл хамаарах ураны цацраг гэдэг эрсдэл гамшиг адилхан цөөхөн монголчууд ”золиос” болох гэж үү? ...

2  |  0
Хуульч(103.212.119.39) 2024 оны 10 сарын 24

Зөв ярьжээ

2  |  0
Ард(204.137.100.96) 2024 оны 10 сарын 24

Монгол улс баялагаа зүй зохистой ашиглаж хөгжих ёстой биз дээ. Казахстан уранаа олборлож жилд хэдэн тэрбум доллар олж болоод байхад бид болохгүй гэдэг ямар учиртай юм бэ? Нөгөөл монголыг хөгжүүлэхгүй байх гэсэн орос улсаас санхүүждэг хүн яриад байх шиг бна.

1  |  2
mnbvcб(176.66.87.78) 2024 оны 10 сарын 24

Энэ авгай оросын даалгавар гүйцэтгэж байна орос бууны нохой хорлон сүйтгэгч бас нэг урвагч....

1  |  2
иргэн(202.9.46.163) 2024 оны 10 сарын 17

УЛС ОРНОО БОДДОГ БОЛ ХАМТРАХ НЬ ЗӨВ. 30 ЖИЛ ТАМЫН ТОГООНД ЧАНАГДСАН...ДАХИН ЧАНАГДВАЛ МОНГОЛ СЭХЭХГҮЙ БОЛНО....

1  |  1
МОНГОЛ(43.242.242.141) 2024 оны 10 сарын 24

УРЬД НЬ ОГТ МЭДЭЭГҮЙ ЯВЖ. ЭНЭ ХҮНИЙ ҮГИЙГ СОНСООСОЙ. АЙМААР ЮМ .

2  |  0
Top