Б.Түмэннасан: Монголчууд нэгдмэл байвал юунд ч хүрч чадна

Ч.Үл-Олдох | Zindaa.mn
3 цагийн өмнө

Монгол Улс Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 100 жилийн ойг тохиолдуулан герман хэлний багш, судлаач, орчуулагч Б.Түмэннасанг “Өглөөний зочин”-оор урилаа. Тэрбээр монголчуудын өнгөрсөн зууны баримт, тодруулбал, БНМАУ-ын 1960 оны түүхийг  уншигчдын алган дээр саяхан тавьж өгсөн юм. Түүний ачаар бид “Таван сумны нууц” нэртэйгээр бичиж үлдээсэн нууцлаг зохиолч, Ардчилсан Герман улс /тухайн үеийн нэрээр/-ын сэтгүүлч Курт Рюкманны “Таван сумны нууц” номыг эх хэлээрээ унших завшаан тохиов. Мөн энэ цагийн хөгжлийн суурийг тавьсан тэртээх он жилүүдийн түүхэн баримттай танилцах боломж олдож байна.

-Монгол Улсын 1960 оны түүхийг монголчууддаа дэлгэн барьсан танд уншигчдынхаа өмнөөс талархал илэрхийлье. Нууц номыг нээх хувь тохиол хэрхэн бүрдсэн талаар ярилцлагаа эхэлье?

-Баярлалаа. Энэ номыг бие даан орчуулан гаргаснаар тэртээх 40 жилийн мөрөөдлөө  биелүүллээ. Герман хэл сурч, хэлмэрч орчуулагчийн ажлыг олон жил  хийж ирсэн ч энэ хүртэл хар дээр цагаанаар буулгаад гаргачихсан өөрийн бүтээл надад байсангүй. Хамтын бүтээлүүдэд бол оролцож явсан. Энэ номтой би 2017 онд учирсан. Германд ажиллаж, амьдардаг монгол айлд уригдаж очтол “Та энэ номыг уншаач” гээд өгсөн. Уншаад үзтэл, үг хэллэг нь энгийн, ойлгомжтой, товч тодорхой. Дээрээс нь миний дотрыг хатгаж явсан зүйл “Өө энэ байна шүү дээ” гэсэн дохиог зүрх сэтгэлд өгсөн. Яагаад гэвэл, би өмнө нь ном орчуулах гэж  сүүлийн 15 жилийн дотор хоёр, гурван ч удаа оролдоод, дандаа талд нь хүргээд орхиод байсан. Учир нь ном орчуулахад эрхийн асуудал давхар яригддаг. Эхлээд мэдэхгүй орчуулаад, дараа нь  зохиогчийн эрхийн асуудал байдгийг ойлгож, болохгүй нь гээд орхиж байсан. Монголын тухай ном орчуулах гэсэн гурав дахь оролдлого маань энэ. Судалгааны түвшинд орчуулах боломжтой ном юм байна гэдгийг олж мэдэнгүүтээ шууд л өнгөрсөн өвөл орчуулчихсан. Гэхдээ редакторлох, хэвлэлд бэлтгэх, эрдэмтэн мэргэдээр шүүлгэх гээд энэ зуныг авсан. Тэгээд саяхан, өнгөрсөн есдүгээр сард 500 ширхэгийг хэвлүүлэн гаргаад Монголын соён гэгээрүүлэх телевиз дээр номынхоо нээлтийг хийлээ. Монголын үндэсний төв номын сан,  Д.Нацагдоржийн номын сан, МУИС-ийн номын санд номынхоо дээжээс өгсөн. Цөөн тоогоор, судалгааны түвшинд хэвлэсэн учраас судлаачид сонирхож байгаа. Одоогоор “Отгонтэнгэр” их сургууль, МУБИС, болон АНУ дахь Индиана мужид байдаг Монгол судлалын төв болон ХБНГУ-ын Бонн хотод байдаг Монгол судлалын төвд бүтээл маань хүргэгдсэн байгаа. Монголын түүх, хэл шинжлэл, аялал жуулчлал, сэтгүүлзүйн салбаруудыг хамарсан сонирхолтой ном гэж эрдэмтэн, судлаачид үзэж байна.

 

 

-Номын зохиогч Ардчилсан Германы сэтгүүлч Курт Рюкманн гэж хүн байж. Уншаад үзэхээр тагнуулчийн ажлыг ч давхар гүйцэтгэсэн мэт, Монголын бүхий л салбарын үйл баримтыг нарийн судалж бичжээ?

-Энэ номд Монголын тухайн үеийн нийгэм, улс төр, эдийн засгийн байдал, шинжлэх ухааны болон үйлдвэр, хөдөө аж ахуй, хэл, соёл, утга зохиол гэх мэт салбаруудын бүхий л мэдээлэл багтсан. Тиймээс номыг орчуулах явцад надад ч бас “Нэлээн том даалгавартай ирсэн хүн бичжээ. Монголын ахуй руу маш гүн гүнзгий орж, нарийн судалжээ” гэж бодогдсон шүү.

-Ингэхэд та зохиолчийн талаар  судалж үзэв үү?

-Зохиолч өөрөө маш сонирхолтой хүн. Миний хувьд Монгол Улсын тухай гэдэгт нь татагдаж орчуулах эрмэлзэл төрсөн болохоос зохиолчийг хэн болох тухайд төдийлөн бодоогүй. Харин дараа нь Г.Аким багш надад зохиолчийг судлах даалгавар өгсөн. Мөн Монголын түүхч, зураач, зохиолч Т.Мандир гуай ч тийм үүрэг өгсөн. Франкфурт ам Майн хотын төв номын сангаас уг хүний тухай мэдээлэл цуглуулахаар орсон ч олдоогүй. Одоо ч судалсаар, ахин дахин эрсээр л  байгаа. Германы зохиолчдын биографид  түүний тухай мэдээлэл огт байхгүй. Маш нууцлагдмал. Би  түүнийг тухайн үед Чех гаралтай хүн  байсан болов уу гэж бодсон. Хүйтэн дайны тэр үед Чехсловак гэдэг улс байснаас биш Чех, Словени гэж тусдаа улс байгаагүй. Тэгэхээр Чех юм уу, Словени гаралтай хүн байсан болов уу гэсэн бодол төрсөн. Зохиолынх нь 20 хувь  Берлиний Конгрессийн хэвлэлийн газарт хэвлэгдсэний  нэг нь миний орчуулсан “Таван сумны нууц” гэдэг ном юм. Гэтэл 80 хувь нь дандаа цэргийн хэвлэлийн газар хэвлэгдсэн байсан. Бүтээлүүдээс нь бараг дөрвөн ч кино гарсан юм билээ. Нэлээн дотортой зохиолч, маш нарийн мэдрэмжтэй хүн байсан нь бүтээлээс нь  анзаарагдсан. Түүний алдар нэрд гарсан бүтээлүүд нь XVIII зууны төгсгөл үеийн Америк, Испанийн дайны эхлэл болох алдарт “Майне”  хөлөг онгоцны дэлбэрэлт, Герман-Францын эвлэрэлийн тухай “Ээмсийн илгээмж” зэрэг кинонууд мөн Америкийн арьс өнгөний  үзэл, ялгаварлан гадуурхалтын талаар бичсэн “Миссисипи дэхь үхэл”, “Нууц найруулагчид” зохиолууд байдаг. Бас түүний ХБНГУ-ын үзэл бодлын судалгааны талаар бичсэн “Демоскопи аль эсвэл Демагоги уу?” гэдэг бүтээл нь олон хэл дээр орчуулагдан одоог хүртэл маш эрэлттэй байдаг. Монголын тухай “Таван сумны нууц”-ыг бичих үедээ Германы Корнгрессийн хэвлэлийн газар ажиллаж  байсан байж магадгүй. Дээр нь худалдааны том хэлэлцээрийн түвшний багт орж Монголд ирэхдээ хувь хүний мэдрэмж, мэдлэг, өөрийн ертөнцийг үзэх үзэл, мөн түүний өөрийнх нь чадвар нөлөөлж, дээрээс нь сонирхсон сэдэв нь түүний хувьд монгол овог, хөгшин Ази байж гэж ойлгосон. Яагаад тэр хүн Хятад яваагүй юм бэ, Монголыг яагаад онцолж ирсэн бэ гэдгээс харахад дэлхийн түүх, учирзүйн ухааныг сонирхдог хүн байсан нь анзаарагдаж байгаа юм.

-Манай улсын хувьд 1960 онд Үндсэн хуулиа шинэчлэн баталсан, хөгжлийн хувьд бас л түүхэн үе байсан...

-1960 он гэдэг бол эмзэг үе. Үндсэн хууль баталсны зэрэгцээ Монгол Улс НҮБ-д гишүүнчлэлээр элсэх он жилүүд давхацдаг. Гэтэл тэрийг эсэргүүцэж байсан талууд “Монгол бол Оросын дагуул” гэж үзэж,  дээр нь Чан Кайшигийн нөлөө бүхий том бүлэглэл Монголыг Хятадын харьяаны улс гэсэн үзэл суртлыг явуулж байсан. Тэгвэл Курт Рюкманн энэхүү “Таван сумны нууц” номдоо Монгол Улс бол тусгаар улс, цэвэр монгол орон гэж бичсэн байгаа юм. Тэр Монголыг маш томоор харж, онцгойлж бичсэн. Монголын талаарх үе үеийн ном зохиолд  ихэнхдээ хөгжилгүй, ядуу буурай гэж  гардаг. Гэтэл тэр хүн  Монголыг агуу үүх түүхтэй улс орон гэж бичсэнээрээ онцлог. 1960 онд бичсэн энэ номоор  Ардын хувьсгал ялснаас хойш 40-хөн жилийн дотор Монгол Улс Азид тэргүүлэх хөгжилтэй орон болсон байна гэдгийг тодорхойлсон байгаа юм. Ингэснээрээ  маш том цар хүрээтэй бүтээл болжээ. Монгол орны байдал, монгол хүний сэтгэл, тухайн цаг үеийг маш тод томруунаар “зурсан” бүтээл. Тэгвэл одоо тэр үетэй  харьцуулахад монголчууд хуумгай, хайнга болсон байна. Ухамсар, сэтгэхүй, хүмүүжил төлөвшил гээд энд олон юм бий. Тиймээс монголчууд энэ бүтээлийг уншаасай, өөртөө итгэлтэй болоосой, ихийг ирэлхийлээсэй, уншиж судлаасай гэж уг номыг орчуулах явцад  бодсон. Уг номыг орчуулсан миний бас нэг зорилго энэ байлаа.

 

 

-Ингэхэд та герман хэлийг хэзээнээс сонирхон судлав?

-Герман хэлийг үзээд 44 жил болж байна. Энэ хэлийг сурах, судлах  их дуртай. Би Төв аймгийн Борнуур суманд төрж өссөн. 1970-аад оны эхээр намайг дөрөвдүгээр ангид сурч байхад тухайн үеийн Германы Ерөнхий сайд манай суманд ирж билээ. Сургуулийн сурагчид жагсаж хүлээж авахад, цэцэг өргөсөн хоёр сурагчийн нэг нь би. Тэгэхэд орчуулга хийж байсан цагаан хослолтой өндөр сайхан эмэгтэйг олж хараад, энэ эгч шиг герман хэл сурч, орчуулга хийх юмсан гэж мөрөөдөх болсон. Тэр үед ээж минь сумын ерөнхий эмч байлаа. Манай суманд  30-аад герман хүн гэр бүлийнхээ хамт ирж, хөдөө аж ахуй, мал үржүүлэг, техникийн салбаруудад мэргэжилтнээр ажиллаж, амьдарч байсан юм. Борнуур сум 5000 гаруй оршин суугчтай байсан санагдаж байна. Нэг герман эмч, нэг монгол их эмч болон сумын эмнэлгийн ажилтнуудын хамт сумын хүн амын эрүүл мэндийг хариуцан ажиллаж байв. Герман мэргэжилтнүүд 400-800 үнээний ферм оруулж ирж байлаа, тэр үед. Борнуурын Хар тарлан үнээний ферм гэхээр хүмүүс андахгүй. Мөн нарийн сортын 2-3 төрлийн төмс, хүнсний ногооны сорт авчирч, нарийн ногооны шилэн хүлэмж барьж өгч байсан санагдана. Хүүхдийн сургуулийн дотуур байрыг герман тоног төхөөрөмж суурилуулж, тохижуулсан санагдана. Герман, Монголын Засгийн газар хоорондын гэрээгээр Төв аймгийн Борнуур сумыг үлгэр жишээ, загвар сангийн аж ахуй болгон хөгжүүлж эхэлж байх үед би тэнд өссөн юм. Манай ээж герман хэлээр нэг ч үг мэдэхгүй, герман эмч монголоор нэг ч үг мэдэхгүй. Тэгсэн атал тэр хоёр сумын хүн амыг эрүүл мэндийн талаас хариуцаж явсан. Анагаахын салбарын нэг гоё зүйл нь тэд хоорондоо латинаар бичгийн хэлээр ойлголцчихдог байсан. Хүүхэд болохоор бушуухан герман хэл сураад, ээждээ болон эмчид орчуулж өгөх юмсан гэж бодож явлаа. Хүүхдийн гэгээн хүсэл  тийм л байдаг хойно. 1980 онд  Германд очиж, түргэн сурах боломж миний хувьд Техник мэргэжлийн сургууль байсан учраас би наймдугаар ангиа төгсөөд ТМС-д сурах хуваарь авсан юм. Гэтэл ээж, аав минь явуулахгүй, “Сэхээтний хүүхэд ТМС-д явах гэлээ” гэж гурав хоног гэртээ цоожлуулж байлаа. Бөөн л юм болсон. Бүрэн дунд сургуульд 10 жилээ төгсөөд эмч бол, эсвэл багш болох ёстой гэдэг, тэр үеийн сэхээтнүүдийн үзэл тийм хязгаарлагдмал байсан. Би бол ТМС-д сурах гэсэн бөөн мөрөөдөл, явахын түүс болж байлаа. Ингээд Германд очиж газар дээр нь герман хэлийг сурсан даа.

-Герман хэл сурахад хэр амархан бэ?

-Герман хэл угтварын, монгол хэл бол дагавар нөхцөлийн хэл, төрөл бус. Тэгэхээр гарын алга, өвөр хоёр шиг тэс өөр. Герман хэл англи хэлийг бодвол зургаахан цагтай, угтварын хэл учраас анх сурахдаа заавал эр, эм эрс хүйс гэдгийг орос хэлтэй ойртуулж зааж өгч байсан. Анхнаасаа эр, эм, эрс гэдэг хүйстэйгээр үгээ сурж эхлэхгүй бол хувиргалт нь өөр болчихдогоороо онцлог. Бидний үед герман хэлний ном, сурах бичиг, толь бичиг маш ховор байсан, гэхдээ л тэр үеийн залуусын сурах эрмэлзлэл өндөр, хүсэл тэмүүлэл их оргилуун байсан мэт бодогддог. Чой.Лувсанжав багшийн ганц ногоон сурах бичиг нүдний гэм байж билээ.

-Таныг “Отгонтэнгэр” их сургуульд  багшилж байсан гэж сонссон. Хэр удаан багшлав?

-Миний Германд сурсан ТМС бол Хөдөө аж ахуйн агротехникч, механикч бэлтгэж байсан. Би сургуулиа төгсөхдөө Хөдөө аж ахуйн яаман дээр “Энэ хүүхэд цааш үргэлжлүүлэн техникумд сурч болно” гэсэн урилгатай ирж байлаа. Гэвч намайг буцааж явуулаагүй, яагаад гэхээр 10 дугаар  анги төгсөөгүй. Ингээд сумандаа очиж Хөдөө аж ахуйн засварын газар нэг жил орчим ажилласан. Ингэхдээ Жаргалантын 10 жилийн сургуулийг оройгоор дүүргээд буцаад оюутан болж хотод ирсэн. Манай ээж аавын мөрөөдөл бол намайг дээд мэргэжил эзэмшүүлж сэхээтэн болгох байсан юм. Би герман хэлэндээ дуртай. Конкурсээ одоогийн ШУТИС, тэр үеийн Политехникийн их сургуульд өгөөд тэнцээгүй ч оноогоор жагсаахад Санхүү, эдийн засгийн дээд сургуульд орж суралцсан. Төгсөөд нягтлан бодогчийн ажлыг таван жил хийсэн. Гэхдээ өөрийн минь дурласан зүйл, боддог бодол герман хэлийг л сайн сурах байсан болохоор 1990 он гарч, хил гааль чөлөөтэй болоход хувийн байгууллагад орчуулагчаар ажилд орж, тэр шугамаараа эргээд Герман руу явсан. 1992-1997 онд Германы нийслэл Берлинд амьдрахдаа  Техникийн их сургуульд  элсэлтийн шалгалт өгч тэнцсэн ч тэр үеийн нийгмийн өөрчлөлтөөр сурвал хичээлээ үзээд яв, нэгэнт сурч байгаа бол төлбөрөө төл гэсэн эдийн засгийн асуудалтай тулсан. Ингээд сургуулиа дүүргээгүй ч тэнд долоон жил амьдралын их сургууль төгссөн дөө. Германы их сургуульд орж байгаа оюутнуудыг элсэлтийн шалгалтад бэлдүүлж, түүгээрээ орлого олж амьдарч л байлаа. 1999 онд Монголдоо буцаж ирээд “Отгонтэнгэр” их сургуульд оюутан болж, Заах арга зүй, Боловсрол судлалыг сурахын зэрэгцээ герман хэлний багшаар ажилласан. Тэндээс анх удаа судалгааны ажил эхлүүлсэн. Тухайн үед Монголд багшлах боловсон хүчин ихээхэн дутмаг, герман хэлийг мэддэг хүмүүс зөндөө байсан ч өөрсдийн салбарыг чухалчилж ажилласан байх бас нөгөөтэйгүүр, чөлөөтэй урсгаж заадаг багш цөөхөн байлаа. Манай боловсролын салбар академик талдаа сайн. Гадаад хэлийг заахдаа бүтэц, дүрэм гээд  академик түвшинд маш сайн заадаг ч практик түвшинд бол тааруу. Яагаад гэвэл орчин байхгүй. Онол практикийг хооронд нь холбох холбоос муу. Тиймээс Германаас дөнгөж ирсэн, сурна гэсэн эрмэлзэл давуу байсан нь намайг “Отгонтэнгэр” сургуульд аваачсан. Тэнд ажиллах хугацаандаа “Отгонтэнгэр” сургуулийн гадаад харилцаа, Монгол, Германы хоорондын харилцаанд нэлээд гүүр болж өгсөн гэж боддог. “Отгонтэнгэр”  хувийн сургууль учраас чөлөөтэй, хөрвөх чадвартай зөвхөн эдийн засаг биш хуулийн чиглэлээр оюутнуудаа сайн бэлддэг. Олон ч төгсөгчид өнөөдөр ч олон салбарт амжилттай ажиллаж байна. Манай улс Германы хуулиудаас авсан зүйл их байдаг, тэр талаараа  харилцахад ойр дөт байсан.

-Судалгааны ажлыг хэл шинжлэлээр эхлүүлсэн үү, эсвэл?

-Нэгэнт герман хэлээ түлхүү  сонирхдог учраас орчуулга, тэр дотроо үндэсний онцлог, хэл шинжлэл тал руугаа нарийсгаж судлах болсон. Үндэсний онцлог бүхий хэлний орчуулга гэж юу вэ гэхээр хэзээ ч орчуулагдахгүй, тайлбар зүүлттэй явдаг тийм үгнүүд байдаг. Жишээлбэл, гэр гэдэг үг тэр хэвээрээ явна, айраг гэдэг үг орчуулагдахгүй. Германы канцлер гэдэг үг тэр хэвээр явахаас биш манайд хэзээ ч Германы ерөнхий сайд гэж хэлдэггүй шүү дээ, түүнтэй адил үндэсний онцлогтой үг хэллэгүүд бий. Тэрийг  сонирхож, хэл шинжлэлийн зэрэгцүүлсэн судалгаа хийх болсон. Түүний зэрэгцээ дэлхийн хөгжлийн чиг хандлага хурдацтай өөрчлөгдөж буй энэ үед Герман, Монгол хоёр адилхан, яг нэг системээс нөгөө систем рүү шилжиж байгаа, боловсон хүчин цөөнтэй, дэлхийн хөгжлийн тавцан дээр зэрэгцэж алхах хүсэл мөрөөдөлтэй, улс төр нь ч, эдийн засаг нь ч тийм, тийм цаг дор багшаа ч хийгээд, орчуулагчаа ч хийгээд, аялал жуулчлалын хөтөч тайлбарлагчаар ажиллаж, чөлөөтэй хөрвөх боломж надад олдож байсан юм. Амьдралын их сургуулийг төгссөн гэж яриад байгаа минь ийм учиртай. 1999-2011 он хүртэл “Отгонтэнгэр” их сургуульд багшлахдаа  Монгол-Германы хамтын ажиллагааны нийгэмлэгийн “Байгалийн нөөц-Тогтвортой менежментийн төсөл”-д хэлмэрч хийж байлаа. “Цолмон трэвел” компанид 25 гаруй жил хөтөч хийлээ. Энэ ажил маань гэхдээ улирлын чанартай, хавар эхлээд намар дуусдаг. Энэ мэт олон ажил зэрэг хийж, түүнийгээ хувь хүний хөгжил, төлөвшил гэж дотроо бодож, хичээж явсан. Одоо ч гэсэн хичээсээр л явж байна.

-ХБНГУ-д монгол судлал хэр хөгжсөн байдаг юм бол?

-Монголын тухай германууд маш их судалсан. Эрт дээр үеийн олон зохиол бүтээлүүд байдаг. Монголчууд германуудыг урьж хамгийн анхны газрын зургийг зуруулсан байдаг. Бас монгол нэр цөөнгүй тааралддаг. Атилла хааны үеэс л олон монгол хүн тэнд үлдэх нь үлдэж, үхэх нь үхэж, өв соёлын зүйлүүдээс нь ч үлдэж хоцорсон гэх ул мөр цөөнгүй бий. Тиймээс Монголыг олон зуун жилийн өмнөөс судалж байсан юм байна гэдгийг би эрж хайж явдаг. Хүннү нар ч гэдэг юм уу, Монголын эзэнт гүрэн, Юань гүрэн, Чингис хаан, Алтай судлал, нүүдэлчдийн соёл ч гэдэг юмуу, геополитикийн хувьд ч ухвал олон юм гарч ирнэ. Герман орон бол их сэтгэгчдийн орон, инженерүүдийн орон, агуу философичдын орон. Миний амьдарч байгаа Франкфурт ам Майн хотын музейд гэхэд л Монголын динозаврын скелет бий. Германы савхины музейд л гэхэд бүтэн тасаг эд өлгийн зүйлүүд байдаг. Бонн хотод Монгол судлалын төв бий. Герман хүмүүсийн санаачлан зохион байгуулсан олон төрийн бус байгууллагууд байдаг. Тэр бүхнийг хараад судлах юм их байна даа гэж боддог.

 

 

-Одоо та ХБНГУ-д амьдарч байна уу, ямар ажил эрхэлж байна вэ?

-ХБНГУ-д амьдарч байгаа, жилдээ 1-2 удаа эх орондоо ирдэг. Зүгээр суух хүсэлгүй, нийгмийн идэвхтэй хүн гэх үү дээ. Монголоо Германд сурталчлахыг их хичээдэг. Эргээд Германыг монголчууддаа  зөвөөр таниулахыг хүсдэг. Тэр нь юугаар илэрч байна вэ гэхээр жуулчин аваад хөтөч, орчуулагчийн ажлаар Монголдоо ирдэг. Улсын ажлыг нэгэнт хийж дуусаад тэтгэвэртээ гарсан хүн  одоо өөрийн хүсэж байгаа зүйлийг  хийж явах нь чөлөөтэй, бас сонирхолтой байдаг юм. Монгол хэл заадаг. Үзэсгэлэн яармагт ирж байгаа зочдод хэлмэрчилж, үйлчилж тэндээ бичил аялал жуулчлал эрхэлж байна даа.

-Таныг Монголынхоо урлаг соёлынхонтой ойр байж, тоглолтыг нь Германд зохион байгуулж өгдөг гэж сониноос уншиж байлаа. Энэ жил ямар тоглолт зохион байгуулав?

-Урлаг соёлын салбарынхныг ХБНГУ-д байгаа монголчуудтайгаа холбож өгөх ажлыг цөөнгүй удаа хийсэн. Төрийн шагналт дуучин Д.Болдын тоглолтыг зохион байгуулсан. Удам дамжсан урлагийн хүн болохыг нь мэдэх учир тоглолтын бэлтгэл ажлыг хийх явцдаа “Bold” нэртэй зочид буудал олж байлаа. Тэр зочид буудал Герман улсын хэмжээнд ердөө гуравхан байдаг, нэг нь Мюнхенд, нөгөө нь хоёр нь Франкфурт, Хамбург хотуудад байсан. Франкфур хотод “Bold”  зочид буудалд Төрийн шагналт дуучин Д.Болдыгоо буулгаж, монголчууддаа Франкфуртаа олигтойхон танилцуулах, нөгөөтэйгүүр, германуудад монголоо сурталчлах гэж бодож том театр хайсаар алдарт “Зууны театр”-ыг нь сонгож байлаа. Тэр тоглолтод 500 монгол үзэгч ирсэн. 2015 онд “The Hu” хамтлагийн продюсер, Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Дашдондогийн соло тоглолтыг зохион байгуулсан. Мөн Зууны манлай дуучин, Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Сарантуяа ирж тоглолтоо хийж байлаа, жүжигчин Т.Бархүү “Солиот эх” киногоо авчирч тэнд байгаа монголчууддаа үзүүлж байлаа. Дуучин Ану буюу Б.Мягмарсүрэнгийн тоглолтыг Шведэд очиж хийж байлаа. Дуучин, Монгол Улсын гавьяат жүжигчин С.Наран анхныхаа тоглолтыг Франкфурт ам Майн хотын “Олон улсын театрт” мэргэжлийн өндөр түвшинд тоглож, герман үзэгчдийг цөмийг нь босгож байхыг хараад үнэхээр бахархсан. С.Наран маань хоёр дахь удаагаа залуу уран бүтээлч Б.Баярцэцэгийг дагуулан ирж дахин тоглолтоо хийсэн. Монголын язгуур урлагийн “Хөх Монгол” хамтлагтай хамтран Монгол Улс тунхагласаны баярын тоглолтыг хийж явлаа гээд яривал урт түүх хөвөрнө. Энэ онд л гэхэд хоёр арваныг хамарсан “Камертон” хамтлаг Франкфурт хотод тоглолтоо хийлээ. Монголын олон сайхан залуусыг урагш нь хөтөлж, уриа дуудлага нь болсон тэр сайхан хамтлагийн бүх дууг монголчууд мэддэг юм байна билээ. “Хурд” хамтлагын тоглолтыг өнгөрсөн гуравдугаар сард зохион байгуулж, хэвлэлд бичүүлэв. Наймаас наян насны бүх хүн сонсдог учраас Герман дахь монголчууд бүгд ирж үзсэн. Тэднийхээ тэр  их энерги,  эрч хүчээр монгол хүн бүр хөглөгдөж, зүрх сэтгэл нь Монголынхоо төлөө цохилж байдаг гэж би боддог. Урлагийнхан тоглолтоо хийж, эрч хүч, энергиэ өгөөд буцахад тэрийг үзэх гэж олон зуун км-ийн цаанаас монголчууд маань хэчнээн хоногийн өмнөөс ажил албаа зохицуулж, онгоцны билет, зочид буудлаа захиалаад ирдэг. Тэрийг мэдэрдэг хүний хувьд тэднийхээ  хооронд гүүр болох гэж хичээж л явдаг даа.

-Та Монголынхоо соён гэгээрүүлэгчдийг ХБНГУ-д урих юмсан гэж хүсэж байна гэж ярьж байсан. Зохиолчид  бол Германы номын яармагт их очдог юм шиг байна билээ? 

-Олон жил орчуулга хийж явахад зөвхөн Герман ч биш герман хэлтэй орнууд, австри, швейцариудаас маш их юм сурдаг. Ялангуяа, жуулчны хөтөч хийж байхад тэднээс их зүйл сурдаг. Дээр нь Германд амьдарч байгаагийнх алхам тутамдаа л тэднээс суралцаж байдаг. Би түрүүнд хэлсэн дээ, ерөөс хүсэл зориг, сэтгэл минь юу байна гэхээр монгол орноо германуудад ойлгуулах, тийм л мөрөөдөлтэй залуу нас минь өнгөрчээ. Одоо эргээд Германыг монголчууддаа зөвөөр ойлгуулахсан гэж боддог болжээ. Ард түмэн нэг өөр, улс төр, эдийн засаг нь өөр, салбар, шинжлэх ухаан бүр өөр, түвшин түвшиндээ өөрийнхөөрөө ойлгоод явж байгаа. Гэтэл энгийн ард түмний ойлголт чухал шүү дээ. Миний амьдрал энэ чиглэлээр яваад ирсэн болохоор би сүүлийн үед ингэж бодох болсон. Өнөөдөр Монголын хүн амын хоёр хувь нь герман хэлээр ярьж байгаа. Тэрийг өнөөдөр хэн ч мэдэхгүй байна. Яагаад ийм зоригтой хэлж чадаж байна гэхээр би герман хэлний багшаар ажиллаж байхдаа 2012 онд Герман хэлний олон улсын хурлыг Улаанбаатарт зохион байгуулж байлаа. Тэгэхэд 150 гаруй багш, гадаадын 7-8 орноос багш ирж оролцож байсан юм. Энэтхэг рүү их, дээд сургуулиуд болон ЕБС-ийн багш нарыг авч эрдэм шинжилгээний хуралд явж байсан. Тэр үед  бид судалгаа гаргаж байсан юм. Тухайлбал, хүйтэн дайны үед Герман-Монголын харилцаа маш сайн байсан, энэ нь юугаар тодорхойлогддог вэ гэхээр тэр үед 40-50 мянган залуу мэргэжлийн боловсрол, ТМС, техникум, их дээд сургуульд судалгааны түвшинд очиж мэргэжил эзэмшиж суралцсан байдаг. Түүнээс хойш Монголын залуус 34 жил тасралтгүй тийшээ явж суралцаж байна. Эргэх холбоо маш сайн байна. Тэнд тодорхой түвшинд ажил хөдөлмөр эрхэлж, карьер хөөж, өөрийн гэсэн том брэндүүдийг бий болгосон нь ч байна. Ер нь Германд төгсөгчид Монголдоо сайн сайхан яваа. Өнөөдөр дэлхийн хөгжлийн чиг хандлага хаана яваа, хаашаа очсон бэ, монголчууд хаана нь байна вэ гэдгийг мэдээж хүн болгон л боддог байх. Би хувьдаа монголчууд чадсан, мэдсэн  болгоноо буцаагаад дэлхийд гаргаасай гэж хүсдэг.

-Одоо “Таван сумны нууц” номын тухай сэдэв рүүгээ эргэж оръё. Орчуулах явцад онцгой санагдсан ямар баримтууд байна вэ?

-Энэ номын зохиогчийг 1960 онд  хөдөөний айлд очиход монгол өвгөн “Тахиа донгодсон ч үүр цайдаг юм. Донгодоогүй ч үүр цайдаг юм. Танайх тун удахгүй нэгдсэн сайхан Герман улстай болно” гэсэн нь номд бий. Гэтэл хоёр Герман хэчнээн жил салангид явлаа. Хэдэн жилийн дараа эргэж нэгдсэн билээ. Дөнгөж л Берлиний хана баригдаж байсан үе шүү дээ. Тэгэхээр хаа байсан 1960 онд тэгж хэлсэн гэхээр түүнээс монгол хүний ухаан харагдаж байна шүү дээ. “Монголын нууц товчоон”-д монгол хүний тухай нүүрэндээ галтай, нүдэндээ цогтой гэсэн байдаг. Түүн шиг Германы сэтгүүлч Курт Рюкманны “Таван сумны нууц” нэртэй энэ номд бичсэнээр бол тэр үеийн монголчуудын царайг маш эрүүл гэжээ. Мөн монголчуудыг маш сайхнаар гаргасан. Тэгэхээр өөрийн эрхгүй тэр зурвас үеийг бодоход  өнөөгийн хөгжлийн суурь нь тэнд тавигдсан гэдэг нь тодорхой харагддаг. Бидний ээж аав, өвөө эмээ тэр үед олон улстай мөр зэрэгцэн сурч, ажиллаж, амьдарч явсан тухай бичсэн байгаа юм. Бас нэг сонин зүйл бол МУИС-ийг тухайн үед Х.Чойбалсангийн их сургууль гэж нэрлэдэг байсан юм билээ. Газар шорооны ажил ид явагдаж, бүтээн байгуулалт эхэлж байхад Америкийн сэтгүүлч ирээд монгол залуугаас “Чи газар шорооны ажил хийгээд цагт хэдэн төгрөгийн цалин авдаг юм бэ” гэж асуухад “Юу ч авдаггүй” гэж хариулсан байгаа юм. Тэгэнгүүт сэтгүүлч энэ чинь мөлжлөг, боолчлол байна шүү дээ гэж барууны ертөнцийнхөөр л сэтгээд,  ахиулаад асуусан байгаа юм. Тэгэхэд монгол  залуу “Бид эх орноо хөгжүүлж байна. Би эх орноо босгож байна” гээд сөргүүлээд сэтгүүлчээс “Чиний наад өмсөж байгаа хувцас элэгдэж мууддаг биз дээ” гэж асууж. “Мууддаг” гэхэд нь “Тэгэхээр нь чи яадаг вэ” гэж, сэтгүүлч “Оёдолчинд очоод засуулдаг” гэж хариулж. Тэгсэн өөдөөс нь “Манай эх орон ийм болчихоод байна” гэсэн байгаа юм.

Манай гэдэг үгэн дотор бүгдийг багтаачихаж байгаа биз. Тэгэхээр аль ч цаг үед монгол хүн монголоороо байж чадсан. Ямар ч нийгмийн дарамт, шахалт, хэцүү үе тохиосон монгол хүн монголоороо байсаар ирсэн үнэн төрх энэ номд байна.Тиймээс “Түүхээ мэдэхгүй хүн ойд төөрсөн сармагчин лугаа” гэгчээр 1960 оныг үгүйсгэх ямар ч зүйл байж болохгүй гэж  би  үзэж байгаа. Тэр үеийн сэхээтнүүд ямар шат дамжлагыг давж, ямархан хэцүү үед бас ажиллаж, амьдарч байсан нь ч гарч ирж  байна. Жишээлбэл, уг номын зохиогч нь Гандантэгчэнлин хийдийн хамба лам Н.Эрдэнэпэл гуайгаас ярилцлага авсан байсан. Мөн тэр үеийн Ерөнхий сайд Ю.Цэдэнбал, их эрдэмтэн Ц.Дамдинсүрэн нараас ярилцлага авсан байгаа юм. Цааш нь гүнзгийрүүлэн бүр хуульч Сандаг хүртэл судалж, түүний “Чонын өчил” шүлгийг номдоо оруулсан. Тэгэхээр  энэ номыг би судалгааны бүтээл юм байна гэж үзсэн. Номын нэр “Таван сумны нууц”, зохиолч нь өөрөө нууцлаг, үгийн түлхүүр нь нэг байх, нэгдмэл байх гэсэн санаа. Хэрэв та нар нэгдмэл байх юм бол юунд ч хүрч чадна гэж үеийн үед лоозон болж явсан монголчуудын амь санаа энэ дотор байна. Тэр нь Алунгоо эхийн сургаалаар эхлээд, дуусах хүртэл тэр л утга нэвт шингэжээ гэж хэлэх байна. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top