“Стандартын хэрэгжилт ба эрх зүйн орчин” хэлэлцүүлэг хоёр дахь өдрөө “Хүнсний салбарын стандарт ба эрх зүйн орчин” сэдвийн хүрээнд үргэлжилж байна.
Монгол Улсад хэрэгжиж буй хүнсний стандартуудын одоогийн нөхцөл байдал, цаашдын хэрэгцээ, шаардлагыг холбогдох төр, хувийн хэвшлийн байгууллагууд хэлэлцлээ.
Оролцогчид стандартыг батлах, мөрдөх, хянах үйл ажиллагаа Монгол Улсад хэрхэн хэрэгжиж байгаа талаар мэдээлэл солилцож, цаашид хяналт үнэлгээний тогтолцоог боловсронгуй, оновчтой болгох, лабораторийн хүчин чадлыг сайжруулах зайлшгүй шаардлага байгааг онцлов.
СХЗГ-ын дарга С.Батбаатар: “Улс орон бүр хүн амынхаа хүнсний хэрэгцээг аюулгүй хүнсээр хангахын тулд стандартыг хууль мэт ягштал мөрддөг. Гадаад орнууд руу экспорт хийхдээ олон улсад мөрдөгддөг бүхий л стандартыг нь хангаж, баталгаажуулалт хийгээд гаргадаг хэрнээ дотооддоо стандарт мөрддөггүй зарим асуудал манайд ажиглагддаг. Хил гаалиар нь аюултай хүнс орж ирсэн ч түүнийг нь шинжлэн судалдаг лаборатори нь ч цөөн. Хугацаа нь хэтрээгүй л бол импортоор оруулаад ирдэг асуудал мэр сэр байсаар байна. Олон улсын болон үндэсний стандартыг мөрдөх нь хүнсний аюулгүй байдлыг хангаад зогсохгүй үйлдвэрлэлийг дэмжих, экспортыг нэмэгдүүлэх, бүх нийтийн эрүүл мэндийг хамгаалах гол хүчин зүйл юм” гэж тодотголоо.
СХЗГ-ын ХАБҮЛЛ-ийн Ерөнхий захирал О.Нандин-Эрдэнэ: “Хүнсний бүтээгдэхүүний техникийн шаардлагын стандарт болон хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын үзүүлэлтийг лабораторийн түвшинд 100 хувь тодорхойлж чаддаг болсноор стандарт хангагдах юм. Мөн хүний нөөцийн бодлого зайлшгүй шаардлагатай байна. Учир нь мэргэшсэн, чадварлаг боловсон хүчнийг бүрдүүлж, үүнийгээ тогтоон ажиллуулах бодлого хэрэгтэй" гэдгийг хэллээ.
Хүнсний стандартаар дамжуулан хүнсний аюулгүй байдлыг хангаж, олон нийтийн эрүүл мэндийг хамгаалах нь нэн чухал юм.
Хэлэлцүүлэгт УИХ-ын Тамгын газар, МУ-ын Шадар сайдын ажлын хэсэг, Стандарт, хэмжил зүйн газар, ХХААХҮЯ, Мал эмнэлгийн ерөнхий газар, Монголын Хүнсчдийн нэгдсэн холбоо, Гаалийн ерөнхий газар, Үндэсний итгэмжлэлийн төв, Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори, тус салбарын мэргэжлийн холбоод, аж ахуйн нэгж, байгууллага, мэргэжилтэн, судлаачид зэрэг 100 гаруй төлөөлөл оролцлоо.
Сэтгэгдэл ( 0 )