Хоол хүнсийг хэт өндөр хэмд боловсруулахад үүсдэг АКРИЛАМИД гэж юу вэ?

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 10 сарын 25

 

Хоол хүнсийг хэт өндөр температурт боловсруулах үед хэд хэдэн төрлийн аюултай химийн нэгдлүүд үүсдэг бөгөөд тэдгээрийн нэгэн төлөөлөл нь “акриламид” юм.

Акриламид нь хоол хүнс (ялангуяа нүүрс усаар баялаг, ургамлын гаралтай хоол хүнс)-ийг өндөр температурт шарах, хайрах, жигнэх процессын явцад эдгээрт агуулагддаг глюкоз, фруктоз зэрэг нүүрс уснууд болон аспарагин хэмээх чөлөөт амин хүчил хооронд явагдах урвалын (Майярын урвал) үр дүнд бий болдог.

2002 онд Швед улсын эрх баригчид шарсан төмс, хуурсан кофе, чипс болон хатаасан талх зэрэг хүнсний бүтээгдэхүүнд акриламид агуулагдаж байгааг олж илрүүлсэнээс хойш уг химийн нэгдлийг олон улсын хэмжээнд өнөөг хүртэл идэвхтэй судалсаар байгаа юм.

Учир нь акриламидын өндөр тун бүхий хүнсээр тэжээсэн туршилтын амьтдад хөх, уушиг, бамбай булчирхай болон нөхөн үржихүйн эрхтний хорт хавдрууд үүссэн байдаг.

Хэдийгээр акриламид нь хүнд шууд байдлаар хорт хавдар үүсгэсэн хэмээх нотолгоо судалгаа гарч ирээгүй боловч уг нэгдлийг албан ёсоор хүнд хорт хавдар үүсгэж болзошгүй химийн нэгдлийг ангилалд багтаадаг.

ДЭМБ, АНУ-ын ХЭЗГ болон ХСҮТ-ээс акриламидтай холбоотойгоор дараах зөвлөмжүүдийг хүргэдэг болно. Үүнд:

- Уг нэгдлийг их хэмжээгээр агуулдаг шарсан төмс, чипс, пицца, кофе, жигнэмэг, хайрсан болон хатаасан талх зэрэг хоол хүнсийг тогтмол хэрэглэхгүй байх

- Гэрийн нөхцөлд хоол хүнсийг бэлтгэхдээ 170℃-аас доош температурт боловсруулж хэрэглэх;

- Түлэгдсэн эсвэл хэт борлосон төмс, үр тарианы гаралтай бүтээгдэхүүнээс зайлсхийх;

- Түүхий төмсийг хөргөгчинд хадгалахгүй байх;

- Төмсийг шарахаас өмнө 20-30 минут усанд сойж хатаах

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top