Шатрын эмэгтэйчүүдийн Дэлхийн аваргын өрсөлдөөн эхэллээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 04 сарын 03


Өнөөдөр БНХАУ-ын Шанхай хотноо шатрын эмэгтэйчүүдийн Дэлхийн аваргын төлөөх өрсөлдөөн Улаанбаатарын цагаар 15:00-д эхэлнэ. Хятадын 31 настай их мастер Жү Вэнжүн Дэлхийн аваргын титмээ хамгаалахаар элэг нэгт, үе тэнгийн их мастер Тань Жүнитэй наадах юм.

Тэмцээний шагналын сан 500 мянган евро. Хэрвээ 12 өрөгт ялагч тодорвол шагналын сангийн 60 хувийг, харин тай-брейк рүү шилжиж, аварга тодорвол 55 хувийг хүртэх юм.

Жү Вэнжүн 2018 оноос хойш Дэлхийн аваргын титмээ хадгалсаар байгаа бол Тань Жүни 2017-2018 онд Дэлхийн аваргын алдрыг хүртэж явсан тамирчин.

Түрүүн өгүүлсэнчлэн 12 өрөг наадах учиртай. Эхэлж 6.5 оноо авсан тамирчин ялагч болно. 40 дэх нүүдэл хүртэл тэнцэх санал тавих ёсгүй. Эхний 40 нүүдлийг 90 минутад багтаах ёстой. Үүний дараагаар өрөг дуустал 30 минут сунгаад нүүдэл бүр дээр 30 секундын нэмэлт хугацаа өгнө.  Тэмцээний эхний өргүүд Шанхайд, харин хоёр дахь хэсэг Чунчин хотод болох ажээ.

Дашрамд сонирхуулахад, дөрөвдүгээр сарын 1-нд гаргасанш шинэчилсэн чансаагаар Жү Вэнжүн 2561 оноотойгоор жагсаалтын аман хүзүүнд бичигдэж буй бол Тань Жүни 2555 оноотойгоор 3-т байна. Харин манай их мастер Б.Мөнгөнтуул 2361 чансааны оноогоор 82-т жагсчээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu