Хөнгөн атлетикт “хувьсгал” хийхээр Майкл Жонсон шинэ тэмцээн эхлүүлж байна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 04 сарын 03


Сүүлийн хэдэн жилийн турш хөнгөн атлетикийн спортын үзэгчдийн тоо буурч, уналтад орсон гэж дүгнэх хүмүүс цөөнгүй болсон. Тэгвэл олимпын 4 удаагийн аварга, 200 болон 400 метрийн зайн дэлхийн дээд амжилтыг тогтоож явсан АНУ-ын домогт тамирчин Майкл Жонсон “хувьсгал” хийхээр шийдэж, маргааш түүний санаачилсан Их дуулгын цуврал дөрвөн тэмцээний эхнийх нь Ямайкийн Кингстон хотноо эхлэх гэж байна.

Энэ тэмцээнд эрэгтэй эмэгтэй тус бүр шилдэг 48 тамирчин оролцохоор гэрээ хийжээ. 96 тамирчныг хэсгүүдэд хувааж, хэсгүүдийг тэргүүлсэн тамирчин бүрд 100 мянган ам.долларын шагнал амласан нь шилдэг тамирчдыг татах гол хөшүүрэг болох ажээ.

Хөнгөн атлетикийн спортын хувьд олон нийт зөвхөн Олимпын наадмын уралдаан тэмцээнийг л шохоорхон үздэгийг өөрчилж, энэ спортод дурлагчдад зориулан хамгийн шилдгүүдийг халз өрсөлдүүлэх санааг Майкл Жонсон хэрэгжүүлэхээр зэхсэн нь энэ юм.

Тэмцээний эхнийх нь Ямайкийн Кингстонд маргааш эхлэх бол удаахь нь АНУ-ын Майамид тавдугаар сарын 2-4-нд, тавдугаар сарын 30-наас зургаадугаар сарын 1-нд Филадельфид болно. Харин сүүлийнхийг нь Лос-Анжелест зургаадугаар сарын 27-29-нд товложээ.
 


Кингстон дахь тэмцээнд Парисын олимпын наадмын 32 медальтан оролцохоор бүртгүүлсэн байна. Гэхдээ зарим алдартай тамирчид оролцохоос цэрвэж, эхний ээлжинд ажиглагчаар байх гэнэ. Үүнийг ч Майкл Жонсон урьдчилан тооцсон тухайгаа ярьжээ. “Эхний жил шилдэг тамирчид бүгдээрээ ирнэ гэж байхгүй. Тиймээс ирээгүйд бус харин ирсэн тамирчдадаа та бүхэн анхаарал хандуулах хэрэгтэй. Үгүй бол үл хүндэлсэн явдал болно” гэжээ.

Тэгвэл олимпын аварга Ноа Лайлз “Намайг хөдөлгөдөг, хүсэл тэмүүлэлд хөтөлдөг ганц зүйл бол мөнгө биш. Эхлээд та бүхний ивээн тэтгэгч чинь хэн бэ гэдгийг мэдмээр байна. Хөнгөн атлетиктай холбоотой хүмүүс юм уу?” гэжээ. Мөн Рай Бенжамин “Би үүнийг бизнес гэж бодож байна. Эцсийн эцэст та бүхэн ашиг олохгүй бол энэ бизнес чинь дампуурна. Та нар хэр удаан оршин тогтнож чадах бол гэсэн асуулт байна. Хэрвээ энэ жил ашиг олохгүй бол ирэх жил бас олохгүй” гэжээ.
 


Үүний хариуд Майкл Жонсон “Би энэ насандаа хэд хэдэн бизнес эхэлж, амжилтад хүргэсэн. Гэвч тэдгээрээс маань нэг нь ч эхний жилдээ ашигтай байгаагүй.  Бизнес нэг жилийн ашгаас шалтгаалдаггүй юм. Гэхдээ Дэлхийн хамгийн шилдэг 48 тамирчин уралдаад, өрсөлдөөд эхлэхэд хүмүүс анхаарлаа нааш хандуулах нь ойлгомжтой” хэмээн мэдэгдсэн байна.

Одоогоор тэмцээнийг зохион явуулахад 30 сая ам.долларын хөрөнгө оруулалт татаад байгаа ажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu