Роналдо кино урлагт хөл тавилаа

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 04 сарын 12

Криштиано Роналдо хөлбөмбөгчийн замналаа өндөрлүүлээгүй байгаа ч гэлээ хэд хэдэн салбар, томоохон бизнест хөрөнгө оруулалт хийсээр байна. Энэ удаад тэрбээр кино найруулагч Мэттью Вонтой хамтран UR-Marv киностуди байгуулжээ.

Их Британийн кино найруулагч, продюсер, зохиолч, жүжигчин Мэттью Вон бол Layer Cake, Kick-Ass, X-men зэрэг уран сайхны киног найруулсан нэгэн. Мөн Германы алдартай загвар өмсөгч Клаудиа Шифферийн нөхөр.

Роналдо, Вон хоёр хамтран ажиллаад бас багагүй хугацаа өнгрсөн юм байна. Тэдний хөрөнгө оруулж, хамтдаа продюсероор нь ажилласан хоёр ч уран сайхны кино дэлгэцнээ гарахад бэлэн болжээ.

“Шинэ бизнес эхлүүлж байгаа болохоор миний хувьд тэсэн ядан хүлээсэн тун сонирхолтой өдрүүд ирээд байна” хэмээн Роналдо өгүүлсэн бол “Роналдо миний хэзээ ч бичиж, бүтээж чадахааргүй тийм түүхийг бий болгосон болохоор хамтдаа сэтгэл догдлуулсан бүтээлүүд гаргахаар яарч байна. Тэр бол жинхэнэ супер баатар” гэж Вон мэдэгдлээ.

UR-Marv киностуди нь киноны урлагийн уламжлалт хэв маягийг хадгалахын зэрэгцээ мөн шинэ дэвшилтэт технологийг ашиглаж буй гэнэ. Роналдо сүлжээ зочид буудалтай мөн Португалын томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болох Correio da Manha, Record-ийг эзэмшдэг. 2024 оны наймдугаар сард UR Cristiano ютүб суваг нээсэн нь богино хугацаанд олон сая хүнд хүрсэн билээ.

Харин одоо киностудитэй болсон нь хөлбөмбөгчийн замналынхаа дараагаар ямар замаар явах, юу бүтээхийг хүсч буйнх нь илэрхийлэл болж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu