10 жилийн ял сонсож, амжилтаа ч хориулсан хүчтэн

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 04 сарын 16

Урт гарт хэмээх Маамын Лхагва арсланд улсын аварга цол олгуулах тухай хүсэлтийг одоогоос 22 жилийн өмнө Үндэсний Бөхийн Цэцдийн зөвлөлийн хурлаар хуралдуулахаар Завхан нутгийнхан санал оруулж байсныг санаж байна. Тэгэхэд ямар нэгэн шалтгаанаас болоод энэ асуудлыг хойш тавьсан.

Тэгвэл энэ бямба гаригт М.Лхагва арслангийн нэрэмжит 256 бөхийн барилдааны тов зарлаж, Монгол Бөхийн Өргөөний суудлын 70 хувийнх нь тасалбар нэгэнтээ борлогджээ. Өөрөөр хэлбэл, үзэгч дүүрэнтэй байх нь. Мөн том цолтой, ид ирэн дээрээ яваа бөхчүүдээс ч барилдахаа илэрхийлсээр байна.

МҮБХ ойрд Цагаан сараас бусад бүх барилдаанд 128 бөх зодоглуулж байгаа. Харин энэ удаад 256 бөх барилдуулж, 11:00 цагт барилдаанаа эхүүлэх болсны шалтгааны талаар буюу Маамын Лхагва хэмээх арслангийн талаар лавлахаар улсын начин Б.Адъяахүүгээр дамжуулан Завхан аймгийн Идэр сумын Нутгийн зөвлөлийн дарга Д.Батсайхантай холбогдон тодруулсан юм.

М.Лхагва арслан 1907 онд Зөвхөн аймгийн Идэр суманд төржээ. 1931 оны наадмаар буюу Ардын Хувьсгалын 10 жилийн ойгоор үзүүрлэсэн ч заан цол өгсөн байна. 1930-аад он бол Хувьсгал ялсны дараа ангийн дайсан гэж хутагт хувилгаад, лам, ламхай нарыг хэлмэгдүүлэн хөнөөж, барьж хорьж байсан хэцүү цаг үе гэдэг. Тиймээс ч М.Лхагва хэмээх лам хүн үзүүрлэсэн тул бууруулж заан цол олгосон бололтой.

Харин 1933 оны наадамд 10 даван түрүүлснээр улсын арслан цолд хүрчээ. Одоогийн цолны тогтолцоогоор бол улсын аваргын болзлыг хангачихлаа гэсэн үг. Үүнээс 6 жилийн дараагаар 1939 оны наадамд ес даван түрүүлсэн ч дайны жил учир цэргийн хүү Б.Түвдэндоржийг түрүүлсэнд тооцсон гэнэ. Ингэж албан бичиг баримтад бол нэг түрүү, хоёр үзүүртэй, нийтдээ 12 шөвөгтэй, тухайн үеийнхээ аргагүй том хүчтэн явжээ.

Урт гарт гэхийн учир нь гараа унжуулаад зогсоход өвдгөө давдаг байсан гэж хууччуулын яриа ам дамжсаар өдийг хүрчээ.

Арслангийн ахыг М.Мамбар гэнэ. 1932 оны наадамд ах дүү хоёр хоёулаа барилдаан наадмын шөвгийн дөрөвт шалгарч байсан түүхтэй. Төрсөн ах дүү хоёр тийнхүү улсын наадмын шөвгийн дөрвийн тэн хагасыг нь эзэгнээд гарч ирсэн нь орчин цагийн түүхэнд лав үгүй.

Харамсалтай нь 1939 оны наадмаар түрүүлсэн бөхийг үзүүрлэсэнд тооцлоо гэж маршал Х.Чойбалсанд хатуу үг чулуудсан тул 10 жилийн ял сонсож, 7 жилийг нь үүрээд гарч ирсэн тухай Идэр сумын Нутгийн зөвлөлийн дарга Д.Батсайхан хүүрнэсэн юм. “Маршалын мэлмийг муудсан л гэж хэлсэн гэдэг юм. Амжилтаа зүй ёсоор тооцуулаагүйдээ харуусаж, бухимдсан энэ үг хувьсгалын эсэргүү гэх үндэслэл болж, хорьсон гэдэг” хэмээн Д.Батсайхан өгүүлэв.

Монгол бөхийн орчин цагийн түүхэнд хүртэх ёстой цолоо хүртээгүй яваа, сэтгэлдээ гомдолтой бөхчүүд хэд хэд бий. Тухайлбал, хожуу үеийнхнээс улсын наадамд гурвантаа үзүүрлэсэн Б.Гантогтох, улсын наадмын дайтай том барилдаанд түрүүлсэн улсын заан Б.Бат-Өлзий гээд нэрлэнэ. Харамсалтай нь ард олноо Том Сүхбат хэмээн хайрлуулан хүндлүүлсэн Пунцагийн Сүхбат хүсэн хүлээсэн арслан цолоо цээжиндээ сийлүүлсэн ч албан бичиг дээр гарьдаар хорвоог орхисон. Хууль бол шинэчлэгдэх тусмаа ард иргэд, олон нийтдээ илүү тустай, хэрэгтэй байх ёстой гэдэг. Гэвч зарим тохиолдолд шаардлагагүй үед өмнөхөөсөө чангарч, үе үе хэн нэгэн, хэсэг бүлгээрээ хэлмэгдсээр ирлээ.

Монголын төр хожим М.Лхагва арсланг цагаатгасан ч 90-ээд жилийн өмнө ид сайхан барилдах үеэ өргөст торны цаана өнгөрүүлжээ. Одоо арслангийн үр удам бий. Тиймээс оройтсон ч гэлээ өгөх ёстой цолыг нь өгөөд, өвөг эцгээ зүй ёсоор нь аварга гэж дуудах эрхийг нээж өгвөл юутай шударга.

Ийм л ээдрээтэй амьдралыг туулсан хүчтэний нэрэмжит барилдаан учраас энэ сарын 19-нд олон цолтон цуглаж, олон түмэн цугларч, түрүү бөхийн 12 саяыг хэн хүртэх, түмнээс ялгарч автомашины азтанаар хэн тодрохыг харахыг хүсэж байгаа ажээ.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(203.91.115.46) 2025 оны 04 сарын 20

Түүхийн л будан юм даа.Өөр бас Л.Чимэд, О.Аюур, Д.Лувсанжамц нарын хүчтэнгүүд аварга цолоо авч чадаагүй. Үзүүлсэн амжилтаараа яалт ч үгүй Лхагва арслан энэ хэд дотроо магнайлна.

0  |  0
Засаг(103.212.118.171) 2025 оны 04 сарын 20

Дамдингийн Баяраа гарьд бас арслан цолны болзол хангасан шүү.

0  |  0
Уншигч(66.181.161.19) 2025 оны 04 сарын 16

Цолыг нь нөхөн олгох хэрэгтэй

0  |  0
Зангараа(103.212.118.171) 2025 оны 04 сарын 20

Б.Гантогтох, Д.Баяраа, П.Сүхбат, Б.Бат-Өлзий нарт арслан цолыг нь өгөх ёстой. Чойбалсан гэдэг алуурчинд зандалчуулж хэлмэгдсэн урт гарт Маамын Лхагва арсланд даян аварга цолы нь өгөх цаг болсон.

2  |  0
Close menu