Гурван өрөг дутуу байхад Жү Вэнжүн Дэлхийн аваргын титмээ хамгааллаа

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 04 сарын 17


Дэлхийн шатрын эмэгтэйчүүдийн Аварга шалгаруулах халз тоглолт 9 дэх өрөг дээрээ өндөрлөлөө. Хятадын 34 настай их мастер Жү Вэнжүн 6.5:2.5-аар Тань Жүньиг илт давамгайлснаар ялалт байгуулсан юм.

2018 онд Тань Жүньиг ялж аварга болсноосоо хойш Дэлхийн аваргын титмээ дөрөв дэхээ хамгаалж буй нь энэ бөгөөд 300 мянган евро шагналд хүртлээ. Харин Тань Жүньи 200 мянган еврогоор шагнуулслаа.
 


2017 онд Дэлхийн аваргын төлөө анх тулахад Тань Жуньи ялсан бол хойтон жил нь Жү Вэнжүн даагаа нэхэж, титмийг нь авч байлаа. Тэгвэл энэ удаад хайнаа хагалж, сүүлийн 7 жилийн турш Дэлхийд ноёлов.

Тань Жуньи эхний хоёр өрөгт нэг хожиж, нэг тэнцэж амжилттай эхлүүлсэн ч Жү Вэнжүн 5-8 дугаар өрөгт дараалан хожсоноор тоог холдуулж, аваргаа хамгаалах нь тодорхой болсон юм. Ингэснээр тэрбээр Дэлхийд тав дахиа түрүүлж, Вера Менчик, Нона Гаприндашвили, Майя Чибурданизе нарын зэрэг домогт шатарчидтай эн зэрэгцэж ирлээ.
 


Жү Вэнжүн Дэлхийн аваргын титмээ өмнө нь гурван удаа хамгаалахдаа эхлээд 64 шатарчин оролцсон нокаут тэмцээнд түрүүлсэн. Дараа нь ОХУ-ын Александра Горячкина, Хятадын Лэй Тинжи нартай сүүлчийн өрөг хүртлээ өрсөлдөж байсан юм. Харин энэ удаад гурван өрөг дутуу байхад аваргаа хамгаалсан нь өрсөлдөгчөөсөө илт илүү байгааг харуулсан явдал боллоо.

Эмэгтэйчүүдийн чансааг тэргүүлж буй Хоу Ифань шатраасаа хөндийрч буй тал түүний дараагаар бичигдэж буй Жү Вэнжүний ноёрхлыг хэн, хэзээ зогсоож чадах нь тодорхойгүй байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu