Саймон Байлз дараагийн олимпод оролцох талаарх асуултад хариулав

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 04 сарын 22


Спортын “Оскар” хэмээн нэрлэгддэг Laureaus World Sports Awads ёслол Испанийн Мадрид хотноо өчигдөр боллоо.

Энэхүү ёслолд Олимпын 7 удаагийн аварга, Дэлхийн 23 удаагийн аварга, спортын гимнастикийн орь залуу домогт тамирчин Саймон Байлз оролцож, Оны Шилдэг эмэгтэй тамирчны шагналыг гардлаа. Тэрбээр ноднин Оны шилдэг замналаа сэргээсэн тамирчин шагналыг мөн гардаж байсан юм.
 


Түүнээс сэтгүүлчид гурван жилийн дараа эх оронд нь буюу АНУ-ын Лос Анжелест болох зуны олимпын наадамд оролцох эсэхийг асуусан байна. “Олимпын наадам тамирчны бие болоод сэтгэлзүйд их хохиролд учруулдаг тул би яг одоогоор биеийн болоод сэтгэлзүйн сэргээлтийн дасгал дээр төвлөрсөн. Гэр бүлдээ зарцуулах цаг хугацаа бага тул олдсон боломжоо дүүрэн ашиглаж, нөхөр, гэр бүл, найз нөхөдтэйгээ л олон цагаар хамт байхыг хичээнэ. Эргээд бэлтгэлдээ гарах эсэхээ аажимдаа шийднэ. Гэхдээ олимпын наадамд очихын хувьд бол очно. Харин тэмцээний талбарт уу, эсвэл үзэгчдийн суудалд уу гэдгээ шийдээгүй байна” гэж Саймон Байлз хариулжээ.
 


Серена Уильямс энэ шагналыг 4 удаа хүртсэн байдаг бол Саймон Байлз түүнтэй эн зэрэгцэж байгаа нь энэ юм. Харин нөхөр нь яагаад хамт ирээгүйг сонирхоход “Жонатан маань багийнхаа бэлтгэлд гарчихсан” гэжээ. Жонатан Оуэнс буюу нөхөр нь америк хөлбөмбөгийн “Chicago Bears” клубын тоглогч бөгөөд тэд хуримаа хоёр жилийн өмнө хийсэн.
 


Оны шилдэг замналаа сэргээсэн тамирчны шагналыг 25 настай бразил гимнастик Ребека Андрадэ гардсан байна. “Зарим талаараа Андрадэ надаас илүү. Тэр аугаа тамирчин. Тийм хэцүү замыг туулсан нь энэ тамирчны хичнээн гайхамшигтай вэ гэдгийг илтгэнэ. Түүнтэй хамт өрсөлдөх болгонд сайхан бас хэцүү байдаг. Ана мана өрсөлддөг болохоор тэр. Даанч өвдөгний чагтган холбоосын гэмтлийн улмаас хэд хэдэн ДАШТ-ийг өнжлөө. Хэрвээ тэр тэмцээнүүдэд оролцсон бол миний хүртсэнтэй адил тооны медальтай байх байсан гэдэгт итгэлтэй байна. Найз мөн өрсөлдөгчийнхөө өмнөөс би баяртай байгаа” гэж Байлз өгүүлжээ.
 


Оны шилдэг эрэгтэй тамирчны шагналыг Шведийн тулгууртай харайлтын тамирчин, олимпын аварга Мондо Дүплантист олгосон юм. 25 настай залуухан Дүплантис өөрийн тогтоосон Дэлхийн дээд амжилтаа Парисын олимпын наадмаар шинэчилсан билээ.

“Сүүлийн 25 жилийн хугацаанд энэ шагналыг хүртсэн тамирчдын нэрсийг харахад спортын аугаа түүх хөвөрч байна. Новак Жокович, Усэйн Болт, Рафаэль Надаль гээд аугаа тамирчдын замналаар явж буйгаа бодохоор бахархал аргагүй төрж байна. Дэлхийн хамгийн дээд зэрэглэлийн 69 тамирчны саналаар энэ шагналын эзэн тодордог болохоор бүр ч нэр төртэй шагнал юм” гэж Дүплантис хэлжээ.
 


Оны шилдэг клубын шагналыг Испанийн “Реал Мадрид”, Спортын цуутан шагналыг Рафаэль Надаль хүртжээ.
 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu