Монгол Улсын Засгийн газраас ирэх дөрвөн жилд 14 мега төсөл хэрэгжүүлэхээр баталсны нэг нь Монгол Францын хамтарсан Ураны төсөл.
Улмаар энэ оны нэгдүгээр сард Монгол Улсын Засгийн газар, Франц улсын “Орано Майнинг С.А.С” компанитай уран олборлох хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурж “Хамтарсан Засгийн газар гурав дахь мега төслийг ийнхүү гараанаас хөдөлгөлөө" хэмээн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцолсон байдаг.
Гэвч том төслүүд хөдөлж эхлэхэд эрх ашиг нь хөндөгдсөн бүлэглэл хөдөлгөөнд орж, хөлсний жагсагч, тэмцэгчдийг талбай руу гаргадаг уламжлалтай болоод удаж буй.
Хамгийн сүүлийн жишээ бол “Ураны эсрэг” жагсагчид бөгөөд Цэнхэр үст Цэрэн тэргүүтэй хүмүүс 20 гаруй хоног талбай тойрч, иргэдийн гарын үсэг цуглуулж байна.
Хэдийгээр Монгол Улсын иргэн бүр жагсах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй ч Францын талын төлөөлөгчийн биед халдаж, танхайрах үйлдлүүд гаргаж эхэлсэн нь байх ёстой хэм хэмжээг давж, цаашлаад хоёр улсын харилцаанд нөлөөлөхүйц ноцтой байдалд хүргэж эхэллээ.
Таны эрх бусдын эрхээр хязгаарлагдана гэдэг. Тэгвэл “хөлснийхөн” өөрийн эрх ашгийн төлөө, олон нийтийн санаа бодлыг зориуд худал мэдээллээр төөрөгдүүлж, улс төр, эдийн засгийн зорилгоор ашиглаж буй явдал нь эх орноо гэсэн сэтгэл яавч биш бөгөөд харин ч эсрэгээрээ олон улсад монголын нэр хүндийг унагаж, гадаадын хөрөнгө оруулагчдыг үргээж байгаа хэрэг.
Гэтэл тэдний эсэргүүцэж буй төслийн тухайд, гадаадын шууд хөрөнгө оруулалт тэр дундаа эрчим хүчний хөрөнгө оруулалтыг монгол руу татах эхлэл болсон төсөл юм.
Энэ төслийн хүрээнд ногоон эрчим хүч болох цөмийн эрчим хүчний түүхий эд 68.9 мянган тонн ураныг үйлдвэрлэж, уламжлалт нүүрсэнд суурилсан цахилгаан станцуудтай харьцуулахад улс орнуудын хүлэмжийн хийн ялгарлыг 3.9 тэрбум тонноор бууруулна.
Хамгийн чухал нь монголчуудад 5 орчим тэрбум ам.долларын ашиг авчрах бөгөөд орон нутгийн хөгжлийн санд Баялгийн сангаар дамжуулж 44 сая ам.долларыг шууд шилжүүлж, орон нутгийн иргэдэд дэмжлэг үзүүлэх, боловсрол, эрүүл мэнд нийгмийн хөгжилд оруулах боломж бүрдэнэ.
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн дагуу уг төсөл хэрэгжиж эхэлсэн цагаас Үндэсний баялгийн сангийн Хуримтлалын сангийн иргэдийн хадгаламжийн дансанд шууд төвлөрч эхлэхээр тусгагдсан юм. Өөрөөр хэлбэл, энэ төсөл хэрэгжиж эхэлмэгц иргэд шууд үр дүнгээ хүртэж эхэлнэ гэсэн үг.
Тиймээс одоо бид мэргэжлийн жагсагчдын зохиосон хоёр гурван толгойтой хонь хурганы үлгэрээс сэрж, аливаа асуудалд шинжлэх ухаанчаар хандаж, бодит нөхцөл байдлыг дүгнэхгүй юм бол утаа униар, түгжрэл хямралтайгаа үлдэхээр болоод байна.
Сэтгэгдэл ( 2 )
ANUSDI BOOBN XXNO VANXANDI SEKSDI80955877
Уранаа боль