Унгарын домогт гурван эгч дүү Полгарын том Жужанна буюу Жужа Полгар орчин үеийн шатрын ноён оргил Магнус Карлсен мөн Дэлхийн аваргын титмийг саявтархан хүртсэн Энэтхэгийн Гүкэшийн тухай бодлоо дэлгэжээ.
“Анх Магнус Карлсенийг 16 орчим настай байхад нь уулзаж, цөөн хэдэн үг сольж үзсэн юм. Би түүнээс өдөрт хэдэн цаг шатрын бэлтгэл хийж байгааг нь асууж билээ. Гэтэл над руу нэг их гайхширсан ч юм шиг харснаа “Юун сонин асуулт вэ? 24/7 боддог ганц юм маань шатар” гэж хариулсан юм даг” хэмээн Жужа Полгар өгүүлсэн байна.
Орчин үеийн эмэгтэй шатарчид Дэлхийн чансааны эхний тавд буюу эрчүүдийн дундуур дээш өгсөн бичигдэх боломж бий эсэх тухай ярихдаа “Хүн өөрийгөө яаж үнэлж, ямар зорилго тавихаас л шалтгаална. Хүйсээс үл хамааран өөрийгөө Дэлхийн шилдгүүдийн нэг болж чадна гэж бодож буй бол том зорилго тавих хэрэгтэй. Гэвч өнөө цагийн шилдгийн шилдэг эмэгтэй шатарчид хүртэл Магнусыг хожъё гэж бодох ч үгүй юм. Эмэгтэйчүүдийнхээ дундаа л шилдэг болох тухай бодохоос биш Дэлхийд эхний 10-т бичигдэх тухай бодохгүй. Тийм учраас эрчүүдийн дундуур дээш гарч бичигдэнэ гэдэг бүтэшгүй. Эрчүүдтэй адил улайран бэлдэж, Дэлхийн шилдэг 10-т заавал багтана гэх зорилго тавьж ажиллах эмэгтэй шатарчин гарч иртэл энэ байдал хэвээрээ л байна. Орчин цагийн эмэгтэй шатарчид сайн тогловол хангалттай мөнгөн урамшуулал авдаг учир түүндээ сэтгэл ханачихдаг. Үүнд л гол асуудал байгаа юм” хэмээн Жужа ярьжээ.
Тэгвэл Дэлхийн шинэ аварга, Энэтхэгийн их мастер Гүкэш Доммаражүг үнэлж буйг эсэхийг нь лавлахад “18 настай Дэлхийн аварга болно гэдэг нь өөрөө итгэмээргүй гайхамшигтай амжилт юм. Энэ хүүгийн өөртөө итгэлтэй зан чанар сайхан санагддаг. Бусад залуу шатарчдад түүгээрээ их үлгэр дуурайлал болно. Өөртөө итгэлтэй хэрнээ их зан гаргахгүй байж чадаж буй нь бүр олзуурхмаар. Хүмүүжил сайтай, даруухан залуухан аваргатай болсон нь бидний хувьд азтай л хэрэг” гэж Жужа Полгар өгүүлсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )