АНЭУ-ын Аль Айнд маргааш шатрын Азийн АШТ эхлэх гэж байна. Тэмцээн энэ сарын 6-16-нд болох юм.
Монголоос эрэгтэй 5, эмэгтэй 12 шатарчин, хоёр дасгалжуулагчийн хамт өрсөлдөнө. Энэ тэмцээнд 33 улсын шатрын мастерууд цуглаж буй нь өмнө байгаагүй өргөн хүрээг хамарснаараа дээд амжилтад тооцогдож байна. 53 эрэгтэй их мастер, 19 эмэгтэй их мастер, 69 эрэгтэй олон улсын мастер, 19 эмэгтэй олон улсын мастер Аль Айнд цуглан өрсөлдөх тухай Азийн Шатрын Холбооны ерөнхийлөгч Шэйх Султан бин Халифа Аль Вашваши мэдэгджээ.
Тэмцээний эхний 10 байрт шалгарсан эрэгтэй, эхний 2 байрт шалгарсан эмэгтэй шатарчид Олон Улсын Шатрын Холбооны Дэлхийн цомд өрсөлдөх эрхээ авах юм.
Азийн АШТ-д дасгалжуулагчаар оролцох их мастер С.Билгүүнтэй ярилцлаа.
-Энэ удаагийн Азийн АШТ-д манай улсаас хэдэн тамирчин, дасгалжуулагч оролцох вэ?
-Эрэгтэй 5, эмэгтэй 12 шатарчин оролцоно. Их мастер Б.Мөнгөнтуул, Т.Мөнхзул, Д.НоминЭрдэнэ, Ү.Үүрийнтуяа, Б.Мөнгөнзул, ФИДЕ мастер Э.Энхрий, ФИДЕ дэд мастер Э.Эмүжин, Б.Буянхишиг, Ч.Нандинжигүүр, Х.Баясгалан, мөн залуу шатарчин З.Нарансолонго, З.Наранзаяа нарын зэрэг эмэгтэй шатарчид оролцох бол эрэгтэйчүүдээс Олон улсын мастер С.Ган-Эрдэнэ, Г.Амартүвшин, ФИДЕ мастер Н.Содбилэгт, С.Чингүүн, Г.Мөнхбаяр нар оролцоно. Дасгалжуулагч С.Ган-Одын хамтаар би дасгалжуулагчаар ажиллана.
-Азийн АШТ-д манай тамирчид ямар амжилт гаргаж байв?
-Эмэгтэй шатарчдаас их мастер Т.Мөнхзул, Б.Мөнгөнтуул нар хүрэл медаль хүртэж байсан. Эрэгтэй шатарчдаас их мастер Ц.Батчулуун дөрөвдүгээр байрт орж байлаа.
-Манай шатарчид ямар зорилго тавьж оролцох вэ?
-Энэ тэмцээнд эрэгтэйчүүдээс эхний 10-т орсон, эмэгтэйчүүдээс эхний 2-т орсон тамирчид Дэлхийн цомын тэмцээнд оролцох эрхээ авах юм. Бид Дэлхийн цомын эрх авахыг зорьж оролцоно.
-Тамирчдаас хэнд илүү найдлага тавьж байна вэ?
-Бүгдэд нь итгэж, найдлага тавьж байгаа. Эрэгтэй, эмэгтэй шатарчид маань амжилттай оролцох боломжтой.
-Энэ тэмцээний онцлог юу байна?
-ОХУ-ын шатарчид оролцож буйгаараа онцлог. Орос-Украины асуудлын улмаас тивийнхээ тэмцээнд оролцох эрхгүй болсон ч Азийн Шатрын Холбоо бол ОХУ-ын тамирчдыг оролцуулахад асуудалгүй гэж үзсэн юм шиг байна.
-Манай их мастер Б.Мөнгөнтуултай Гран Прид өрсөлдсөн А.Горячкина зэрэг тамирчид нь очих уу?
-А.Горячкина эрэгтэйчүүдийн ангилалд өрсөлдөхөөр болсон байсан. Харин П.Шувалова зэрэг шилдэг шатарчид нь өрсөлдөнө.
Сэтгэгдэл ( 0 )