Дорноговь аймагт үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниуд нөлөөллийн бүсийн малчдыг цалинжуулж, нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа нь сайн жишээ хэмээн үнэлэгджээ.
Дорноговь аймаг нийт 71919 хүн амтай. Аймгийн Нийгмийн даатгалын газар орон нутгийн 988 ажил олгогч аж ахуйн нэгж байгууллага, 24199 даатгуулагчдад үйлчилгээ үзүүлдэг.
Тус аймагт малчин 1379, 3 хүртэлх насны хүүхдээ асарч байгаа эх 497, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч байгаа эх эцэг 89 зэрэг сайн дурын даатгуулагч 3984 иргэн байна.
Мөн тэтгэврийн даатгалын сангаас тэтгэвэр авагч 10576 иргэн, өндөр настантай.
Нийгмийн даатгалын газрын 40 гаруй ажилтан албан хаагчид 14 суманд нийгмийн даатгалын үйлчилгээ үзүүлэхдээ иргэд даатгуулагчид руу чиглэсэн нөлөөллийн багагүй ажлуудыг хийж байгаа гэлээ. Түүний нэг нь ажил олгогч, албан журмын даатгуулагч, сайн дурын даатгуулагчдын дунд “Даатгуулагчдын зөвлөгөөн” зохион байгуулж 368 даатгуулагч иргэдийг хамруулжээ.
Мөн Дорноговь аймагт үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниуд нөлөөллийн бүсэд байгаа малчдаа цалинжуулж нийгмийн даатгалын шимтгэлийг төлж байгаа нь бусад аймгуудад нэвтрүүлж болох шинэлэг ажил байв.
Аймгийн Нийгмийн даатгалын газрын үйл ажиллагаатай танилцах үеэр хамт олны зүгээс өдөр тутмын үйл ажиллагаагаа танилцуулахын зэрэгцээ тулгарч буй асуудал бэрхшээлээ ярьж байсан юм. Тухайлбал ажиллах орчин, байрны асуудал хүнд, иргэд даатгуулагчдад зөвлөгөө сурталчилгаа хийхээр алслагдсан сум суурин газарт очих автомашины хүрэлцээ муу, 3 суманд нийгмийн даатгалын байцаагчгүй, аймгийн төсвөөс олгодог орон нутгийн нэмэгдлийг 2025 оны 2 дугаар сараас зогсоосон зэрэг бэрхшээлээ танилцуулж асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүссэн.
Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын байрыг түшиглэн дахин төлөвлөлт хийж, хөдөлмөр халамжийн үйлчилгээ, даатгалын үйлчилгээ, гэр бүл хүүхэд рүү чиглэсэн төрийн үйлчилгээг нэг цэгийн үйлчилгээ болгон зохион байгуулах хувилбарын талаар судлахаар ярилцлаа.
Сэтгэгдэл ( 0 )