Бат-Эрдэнийн Мөнгөнзул хэмээх 20 нас дөнгөж шүргэж яваа монгол охин шатрын Азийн Аварга Шалгаруулах Тэмцээнд эхний найман өргийн турш хожигдол гээчийг умартан, ялалтын морь хүлэглэн, эх орныхоо нэрийг цуурайтуулж, элгэн саднаа догдлуулан баярлуулж, олон түмнийхээ магнайг тэнийлгэлээ.
Энэ сарын 7-ноос эхлэн АНЭУ-ын Аль Айн хотноо монголчуудынхаа сэтгэлийг уясан Б.Мөнгөнзул эхний өдрөөс эхлэн хожсоор дөрвөн өргийн дараагаар бүгдэд нь ялж, тэргүүлэгчдийн тэргүүн эгнээнд гарч ирсэн юм. Үүний дараагаар хоёр тэнцээд, дахин хоёр хожоод, ойрын өрсөлдөгчөөсөө бүтэн оноогоор тасран, магнайд гарч ирсэн.
Энэ удаагийн шатрын ААШТ-д түүхэнд байгаагүй олон орны олон шилдэг шатарчин оролцлоо. ОХУ-ын шатарчдыг тус тэмцээнд оролцохыг Азийн Шатрын Холбоо зөвшөөрсөн тул өрсөлдөөн улам ширүүссэн. Ийм ширүүн өрсөлдөгчидтэй том тэмцээнд хоёрдугаар байр эзэлсэн нь улам өндрөөр үнэлэх дүн юм.
Б.Мөнгөнзул сүүлчийн өрөгт өөрөөсөө рэйтинг харьцангуй өндөртэй Энэтхэгийн Вантика Агравалтай хараар тоглож, харамсалтай нь хожигдлоо. Хэрвээ хожих юмуу тэнцсэн бол Азидаа түрүүлэх байв.
Харьцангуй рэйтинг багатай, залуухан шатарчин гэхэд олон өдрийн хүнд тулаанд шандас зааж, чанараа харуулсаар мөнгөн медаль хүртсэнээр Монголын шатрын түүхэнд амжилтын шинэ хуудас нээлээ. Үүнээс өмнө ААШТ-ээс хоёр эмэгтэй шатарчин /Т.Мөнхзул, Б.Мөнгөнтуул/ хүрэл медаль хүртэж байсан бол медалийн өнгийг өөрчилж мөнгө болгож чадлаа.
Б.Мөнгөнзул тэмцээний сүүлчийн дүн гарсны дараа “Сүүлд тэмээ нь орж ирэх нүүдлийг ерөөсөө бодоогүй. Ингээд л тэнцээ болчих байх гээд хэтэрхий хүлээчихсэн. Гэхдээ анх удаа оролцоод ийм том амжилт үзүүлнэ гэж бодоогүй ч Дэлхийн цомын эрх авах зорилгоо дотроо бодоод явж байсан. Маш их баяртай байна” гэж өгүүлсэн юм. Бүтэн тивийн мөнгөн медаль гэдэг чамлах биш чанга атгах том амжилт билээ.
Б.Мөнгөнзулын угтах урт замналд нь эрүүл энх, өндөр амжилт хүсэн ерөөе! Их мастер болж, Дэлхийн шатрын Хатан хаан болоорой!
Мөн тэмцээний туршид www.zindaa.mn-ий мэдээлэлд тусалж, хэрэгтэй мэдээллээр байнга тэтгэсэн их мастер, дасгалжуулагч С.Билгүүнд талархал илэрхийлье!
Их мастер С.Билгүүн АНЭУ-руу хөдлөхийнхөө өмнө “Бид Дэлхийн цомын эрх авах зорилготой” гэж мэдэгдсэн. Тэр ч зорилгодоо Монголын шатарчид хүрч чадлаа!
Сэтгэгдэл ( 5 )
Гайхалтай сайхан амжилт үзүүлсэн байна. Улам их амжилт хүсье.
Ёооё бүр баярлаад багтраад бүр алт авчаасай гээл хүлээсэн гэхдээ л мундагааа одоо ийм байгаам чинь улам сайжрах нь гарцаагүй.
Баяр хүргэе Мундаг .Кино ,хошин шог,херо Баатарын,Алтаншагай,Дөлгөөн яашка нарыг дэмждэг Номин авгайг одоо харж л байя энэ бол юун алиа салбадайнууд оюуны асар их хүч хөдөлмөр улам их амжилт
Мундаг охин байна. Амжилт хүсье
баяр хүргье. Томоос том ихээс их амжилт гаргаарай...