Кросбигийн ахалсан Канадын шигшээ 5 тоглолтод 28 гоолтой явна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 05 сарын 19


Хоккейн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/-ийг энэ жил Швед, Дани улс хамтран зохион явуулж байна. Энэ сарын 9-нд эхэлсэн тус тэмцээний аварга 25-нд тодрох юм.

Энэ удаагийн ДАШТ-д 16 улсын шигшээ баг, хоёр хэсэгт хуваагдан өрсөлдөж байгаа бөгөөд А хэсгийн тоглолтууд Шведэд, В хэсгийн тоглолтууд Данид болж байна.

А хэсгийг Шведийн шигшээ баг 6 тоглолтод бүгдэд нь хожсон дүнтэйгээр тэргүүлж яваа бол аман хүзүүнд Канадын шигшээ 5 тоглолтод мөн бүгдэд нь хожжээ. Таван тоглолтдоо нийт 28 гоол оруулж, 2 гоол алдсан үзүүлэлттэй байна.
 


Канадын алдарт хоккейчин Сидни Кросби оролцож, тэмцээнийг чимж байгаа. Тэрбээр 10 жилийн дараагаар ДАШТ-д дахин оролцож буй нь энэ юм. ДАШТ-д Канадын шигшээ хүчтэй бүрэлдэхүүнтэй ирсэн. Кросбитой хамт Натан Маккиннон хамт Шведэд ирээд одоогоор мэргэн буучдын жагсаалтыг 6 гоолтойгоор тэргүүлж явна.

Сидни Кросби Латвитай хийсэн тоглолтод довтлогч Мартиньш Зиеркальштай хоёр ч удаа мөчөөрхөн зодолдож, хоёр удаа торгуулийн сандалд сууснаар тэмцээнийг сонирхолтой эхлүүлсэн. Харин тав дахь тоглолтод Словакийг 7:0-ээр бут ниргэхэд 2 гоол, 2 гоолын дамжуулалт өглөө.
 


“Канадын шигшээ баг бол гайхамшигтай баг. Кросби, Маккиннон нарын эсрэг тоглож буйгаасаа таашаал авцгаа гэж би залуустаа хэлсэн. Бидэнд гоолын хэд хэдэн боломж гарсан ч хийж чадсангүй” хэмээн Словакийн шигшээ багийн дасгалжуулагч Павол Регенда өгүүлжээ.

“Кросбитой хамт тоглоход түүнийг тоглолтод ямар их үүрэгтэй оролцдгийг шууд мэдрэх юм. Харин эсрэг тоглоход бол байнгын түгшүүртэй шүү дээ. Тиймээс энэ удаад хамт байгаадаа сэтгэл амар, тоглож буйг нь харах сайхан байна. Өнөөдрийн тэр хүрэлтүүд, дамжуулалтууд, гоолуудаараа Кросби яагаад Дэлхийн шилдэг вэ гэдгээ харууллаа. Үнэхээр биширмээр юм” хэмээн Канадын хоккейчин Райан О`Райли өгүүлсэн байна.
 


В хэсгийг Швейцарийн шигшээ 5 хожил, 1 хожигдолтойгоор тэргүүлж байна. Тэд өчигдөр Унгарыг 10:0-ээр хожлоо. Энэ тоглолтод 41 настай Андрес Амбюль хет-трик хийсэн байна. Амбюль 10 дахь ДАШТ-даа ирээд буй нь энэ юм.
 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top