Хамгийн залуу баг Дэлхийн аварга боллоо

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 05 сарын 26

Швед, Дани улсын хамтран зохион явуулсан Хоккейн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний аваргаар АНУ-ын шигшээ баг тодорлоо.

Финалын үндсэн гурван үе гоолгүй тэнцээгээр өндөрлөж, нэмэлт үе рүү шилжихэд Тэйж Томпсоны оруулсан ганц гоол АНУ-д 1933 оноос хойш үгүйлэгдсэн Дэлхийн аваргын алдрыг эргүүлэн авчирсан юм.

Сүүлийн 92 жилийн түүхэнд АНУ-ын шигшээ баг ДАШТ-д ихэвчлэн сулхан баг илгээсэн ч гэлээ хааяа тун хүчтэй бүрэлдэхүүн явуулж байсан удаатай. Гэвч Дэлхийн аварга болж чадалгүй маш удсан байв. Гэтэл дундаж нас нь 24.5-тай энэ тэмцээний хамгийн залуу баг АНУ-ын шигшээ ийнхүү аварга болж чадлаа.

Харин Швейцарийн шигшээ баг 4 дэх удаагаа ДАШТ-ий финалд гарсан ч 4 дэхээ хожигдлоо.

 

 

АНУ-ын шигшээ багийг Сэм Ворсофски хэмээх 38 настай дасгалжуулагч удирдлаа. Тэрбээр NHL-д цоо шинэ нэр. 2024/25 оны улиралд “Сан Хосэ Шаркс”-ын дасгалжуулагчаар ажиллах болсноор лигийн хамгийн залуу дасгалжуулагч болсон юм. Ийнхүү залуу дасгалжуулагч залуу багтайгаа ирээд Дэлхийн аваргын цомыг өргөж байна.

“Ямар гайхамшигтай сайхан мэдрэмж вэ! Манай багийнхны бүгдийнх нь хичээл зүтгэлээр алтан медаль зүүцгээлээ. Өнөө орой маш хүчтэй бүрэлдэхүүнтэй Швейцарийн шигшээ багийг хожлоо. Энэ ялалтыг бид олон жил дурсан баярлах болно” хэмээн Ворсофски өгүүлсэн байна.
 


Харин алтан гоолын эзэн Тэйж Томпсон “Тун сонирхолтой сайхан тэмцээн боллоо. Ийм сайхан залуустай хамтдаа нэг баг болж энд ирээд, том амжилтад хүрсэндээ баяртай байна. Алтан гоолын тухайд юу хэлэхээ үнэндээ мэдэхгүй байна. Үнэхээр их баярласан, маш их догдоллоо. Бодит биш юм шиг л санагдсан. Одоо ч гэсэн бүрэн итгэж чадахгүй нь. Хувцасны өрөөнд ороод багийнхантайгаа баяраа тэмдэглэхэд ямар сайхан байв аа.
 


Бид ДАШТ-д ирэх тоолондоо аварга болохыг зорьдог байсан. Олон жил аварга болж чадаагүй ч гэлээ энэ залуустай хамт ийм сайхан уур амьсгалтай баг бүрдүүлж ирсэн болохоор боломж байгаа гэдэгт итгэсэн. Бид эхний өдрөөсөө л боломж байгааг мэдэрч байсан” хэмээн өгүүлсэн байна.
 


Тэйж Томпсон өмнө нь хоёр удаа ДАШТ-д оролцсон ч тус бүр ганц гоолтой буцсан юм. Харин энэ удаад зургаан гоол орууллаа.

Хүрэл медалийн төлөө тэмцээнийг зохион явуулагч хоёр орон Швед-Дани тулж, Скандинавын энэхүү тулаанд шведүүд 6:2-оор ялалт байгуулсан.
 


ДАШТ-ий MVP-ээр Швейцарийн шигшээ багийн хаалгач Леонардо Женони тодорлоо.

Тэрбээр энэ удаагийн тэмцээний дөрвөн тоглолтод гоол алдаагүй юм. Ийнхүү хоёр ДАШТ дараалан MVP-ээр Швейцарийн шигшээгийн багийн тоглогч нэрлэгдэж байна. Өмнөх  ДАШТ-ий MVP-ээр Швейцарийн шигшээгийн довтлогч Кевин Фиала тодорч байлаа.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu