Унгарын эгч дүү гурван Полгарын тухай шатар сонирхогчид төдийгүй спортын хорхойтнууд андахгүй. Эгч дүү гурав гурвуулаа их мастерууд, гурвуулаа улсаа төлөөлөн шатрын олимпиадын эхний гурван ширээнд зэрэгцээд суучихна.
Тэднээс отгон дүү Юдит Полгар Дэлхийн хамгийн залуу их мастераар 15 насандаа тодорч байлаа. Алдарт Роберт Фишерийн амжилтыг нэг сараар ахиулж дуулиан тарьсан юм. Жаахан охин мандаад гараад ирэхэд зарим нь угтан урам өгөвч Гарри Каспаров мэтийн угаасаа ааштай, адайр зантай шатарчид таагүйхэн хүлээн авчээ.
“Шатрын үнэхээр гайхамшигтай авъяастай нь авъяастай юм аа. Гэхдээ эмэгтэй хүн шүү дээ! Эмэгтэй хүн байгалиасаа төгс бус болохоор олон цагийн тулааныг тэсэж тэвчиж гарч чадахгүй” гэж Дэлхийн 13 дахь аварга Гарри Каспаров өгүүлж байв.
Харин Михаил Таль “Юдит Полгар эрэгтэйчүүдтэй шатраар өрсөлдөөд Дэлхийн аварга болох ч боломжтой” гэж урам өгч байлаа.
17 настай Юдит эрэгтэй шилдгүүдтэй Линарест тулах анхны урилгаа авсан юм. Тэгэхэд Гарри Каспаровтой таарсан байдаг. Тэр өргийн явцад Каспаров нэг удаа нүүдлээсээ буцаж, “Энийг тооцохгүй шүү” гэж хэлсэн түүхтэй. Үүгээр Гарри Каспаровын нэр хүнд навс унаж байлаа. Юдит тэр агшинд шүүгчийг нүдээрээ хайсан ч үзэгдсэнгүй.
АНУ-аас оргон гарсан Бобби Фишер 1993 онд хэсэг хугацаанд Полгарын гэрт амьдарсан гэдэг. Фишерийг баривчилж хорих гээд байсан учир оргож, нуугдаж явсан үе нь. Тэр хугацаандаа Полгарын охидтой байнга шатар тоглож, анализ дүгнэлт маш сайн хийдэг болоход нь тусалсан гэх яриа бий. Юдитын ээж Фишерийг “Их найрсаг зантай хүн байна лээ” хэмээн магтсан удаатай ч юм.
1993 онд Юдит Дэлхийн шатрын Хаан титмийг зүүж явсан Борис Спасскийг хожсон. Харин 1995 онд Дэлхийн шилдэг 10 шатарчны тоонд орсон анхны эмэгтэй шатарчин болсон билээ.
“15 настайдаа би Фишерийн дээд амжилтыг эвдэж, Дэлхийн хамгийн залуу олон улсын их мастер болсон. Шатрын олимпиадад Унгар улсаа төлөөлөн найман удаа оролцсон. Мөн найман удаа Унгарын эрэгтэйчүүдийн шигшээ багт багтан олимпиадад оролцсон. Спасский, Карпов, Каспаров, Топалов, Ананд, Карлсен нарын зэрэг Дэлхийн аваргуудыг хожиж байлаа.
2011 онд Дэлхийн эмэгтэй шатарчдын чансааг 50 дахь удаагаа тэргүүлж үзлээ. Шатрын “Оскар”-ыг 7 удаа хүртлээ. 2000-аад онд малын эмч мэргэжилтэй, гайхамшигтай сайн хүн Гуштав Фонттой гэрлэсэн. Оливер, Ханна гэдэг хоёр хүүхэдтэй болсон. Ингэснээр миний намтар улам баяжсан. 2012 онд би өөрийн нэртэй сан байгуулж, Дэлхийн олон улс орны хүүхдүүдэд шатрын мэдлэг олгох дээр анхааран ажиллах болсон” хэмээн тэрбээр өгүүлжээ.
25 жилийн турш Дэлхийн чансааг тэргүүлснийхээ дараагаар 2014 онд Юдит албан ёсны тэмцээнд оролцохоо больж буйгаа зарласан юм. Тэглээ ч одоо хүртэл Дэлхийн хамгийн шилдэг шатарчдын нэгд зүй ёсоор тооцогддог.
“Надад хожигдохоороо л эрэгтэй шатарчдын толгой нь өвдөж байсан гэдэг юм. Ер нь л бие нь муу байсан болохоор сайн бодож чадаагүй л гэнэ. Тэгэхээр би хэзээ ч цоо эрүүл эрэгтэй шатарчинг хожиж үзээгүй болж таардаг юм. Эрчүүд хожигдчихоод босохдоо гар барихгүй тохиолдол ч бий. Гар барихдаа хүртэл их таагүй байгаа нь мэдрэгддэг.
Шатар бол баян ядуу, эрэгтэй эмэгтэй, хөгшин залуу гэж ялгадаггүй гайхамшигтай чанартай. Үе үеийн хүмүүсийг уулзуулж, нэгтгэдэг гайхамшигтай тоглоом. Шатар бол аль ч улс оронд ойлголцож ярилцаж болох нэгэн хэл юм” хэмээн Юдит Полгарын хэлсэн үгээр төгсгөе.
Сэтгэгдэл ( 3 )
Гайхалтай хувь тавилан байна
ҮҮндэсний бөхөөр барилдсан бол олон удаа түрүүлэх байжээ ! Монголд төрөөгүй нь их юм !
Гайхалтай спорт