Шатрын багийн ДАШТ-д Г.Занданшатарын нэрийг бүртгүүлжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 06 сарын 10

Өнөөдөр Их Британийн Лондон хотноо шатрын багийн ДАШТ-ий нээлтийн ёслол болно. Энэ сарын 16-ныг дуустал багийн рапид, блицийн ДАШТ үргэлжлэх юм.

Дэлхийн аль ч улсын шатарчид баг болон оролцож болох энэхүү тэмцээнд нийт 54 баг бүртгүүлсэн байна. Монголоос Mongolia-A, Mongolia-B, MongolZ гэсэн гурван баг бүртгүүлсэнийг албан ёсны цахим хуудаст тэмдэглэжээ.
 


Энэ тэмцээнд оролцох баг нь 6-ээс дээш, 9 болон түүнээс доош тооны гишүүнтэй байх ёстойгоос гадна дор хаяж нэг эмэгтэй шатарчин, мөн нэг шатар сонирхогч байх ёстой юм.

Шатар сонирхогч гэдэгт Дэлхийн чансаанд нэр нь орж байгаагүй, эсвэл рапид, блиц төрөлд чансааны 2000-аас дээш оноо авч үзээгүй шатарчинг тооцох ажээ. Нэг баг зургаан ширээн дээр өрсөлдөнө.
 


Mongolia-B багийн өгсөн мэдүүлэгт Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Г.Занданшатарын нэрийг бүртгүүлсэн нь тус тэмцээний албан ёны цахим хуудаст тэмдэглэсэн харагдана. Түүний чансааны оноог 1400 гэж тэмдэглэжээ. Гэхдээ Г.Занданшатар нь ойрын өдрүүдэд Монгол Улсын Ерөнхий сайдад МАН-ын Бага хурлаасаа нэр дэвшсэн тул тус тэмцээнд оролцох нэн эргэлзээтэй нь ойлгомжтой.

Тэмцээний шагналын сан 500 мянган евро. Үүний 310 мянган евро нь рапидынх, үлдсэн 190 мянган евро нь блицийнх ажээ.

Монгол шатарчдадаа амжилт хүсье!

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu