Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны Ажлын албаны дарга С.Даваасүрэн болон мэргэжилтнүүд өнөөдөр /2025.06.12/ ОХУ-ын “Дакратранс” ХХК-ийн төлөөллийг хүлээн авч уулзав. Тус компанийн инженер Анна Баширова, Монгол дахь албан ёсны төлөөлөгч Б.Мягмардорж нар бүрэн автомат халаалтын системээ танилцуулав.
Блок модульчлагдсан уурын зуух нь төрөл бүрийн хатуу түлшээр ажилладаг бөгөөд хүчин чадлыг дулаанаар хангах талбайн хэмжээнд тохируулан үйлдвэрлэх боломжтой. Тус зуух нь түлшийг бүрэн шатаадаг, 95 хувийн ашигт үйлийн коэффициенттай, 10 жилийн баталгаат хугацаатайг үйлдвэрлэгчид танилцуулав. Зуухыг гар утасны апплейкшнаар удирддаг учраас нэг ажилтан хэдэн ч зуухыг ажиллуулах боломжтой аж.
“Дакратранс” ХХК-ийн зүгээс өөрийн хөрөнгөөр нийслэлийн тодорхой байршилд уурын зуухаа байршуулж, туршилт хийх саналыг тавьж байна.
Ажлын албаны дарга С.Даваасүрэн Засгийн газрын тогтоолоор Улаанбаатар хотод түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон бөгөөд 2025-2026 оны халаалтын улиралд технологийн шийдлээр агаарын бохирдлыг бууруулах томоохон алхам хийхээр ажиллаж буйгаа дуулгав.
Хатуу түлш түлж байгаа тохиолдолд утаа тодорхой хэмжээгээр гарна. Тиймээс нүүрсний хэрэглээг хориглосон нийслэлд зуух байршуулж, туршилт хийх боломжгүй. Харин орон нутагт ашиглах нь нээлттэй бөгөөд хэрэглээний хувьд тохиромжтой сумыг судалж, холбож өгөхөөр тохиролцов.
Тус уулзалтад Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны Ажлын албаны мэргэжилтэн А.Батмөнх, Г.Намхайдорж, Т.Болорчимэг нар оролцлоо.
Сэтгэгдэл ( 0 )