Хадаа аваргын хүү хоёр давлаа

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 07 сарын 11

Монгол Улсын уул хад хүчирхэг хэрнээ хүүхэд гэнэн цайлган сэтгэлтэй эр явсан хэмээх домогт аварга Дагвацэрэнгийн Хадбаатарын хүү, аймгийн начин Х.Мягмарсүрэн улсын наадамд хоёр даваад байна.

Нэгийн даваанд аймгийн заан М.Лувсандоржтой оноолт таарч давсан бол хоёр давааны оноолтоор улсын гарьд Жанцангийн Бат-Эрдэнэтэй таарч, удаан барилдсаны эцэст давж чадлаа.

Ингэснээр гурвын даваанд гарах хамгийн бага цолтой бөх болоод байна. Төв нутгийн дархан аварга Ж.Мөнхбатын хөшөөг Төв цэнгэлдэхийн ард сүндэрлүүлчихсэн байгаа. Төв нутгаас төрсөн өөр нэгэн аваргын хүү ийнхүү хоёр давчихлаа. Магадгүй энэ жилийн наадмаар улсын цолны босго алхах ч магадлалтай юм.

Хавар улсын аварга О.Хангайг давж үзэгдсэн. Аав шигээ босоо өрж байгаад, чамбайхан атгаж, элбэгдүүхэн мэхээ хийдэг Х.Мягмарсүрэнг гурвын даваанд хэний аманд очихыг маргааш өглөө харцгаая.

Харин улсын гарьд Ж.Бат-Эрдэнийн хувьд том цолтнуудаас унасан эхний бөх боллоо. Түүнээс гадна улсын заан Ц.Мягмарсүрэн, Ц.Одбаяр, улсын харцага Ш.Уламбаяр, А.Цацабшир, Ө.Даваабаатар, Х.Гантулга нар хоёрын даваанд өвдөг шороодоод байна.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хмм(103.71.101.149) 2025 оны 07 сарын 11

Төв аймгиин Батмөнх заан 3т авах бх.\n4 өө өөрөө аргалчуул. Монголчууд тгд сэтгэлээрээ Аавыг нь бодоод дэмнэчихэд нээх уурлаж бухимдах хүн байхгүй л байх

1  |  0
Top