Улсын Их баяр наадмын хүчит бөхийн барилдааны тавын даваанд аймгийн арслан цолтой 9 бөх шалгаран гарч ирснээс тав нь Улсын цолтны бүлд нэмэгдлээ.
Улсын аварга Оргихын Хангайг мордож дайраад хөл алдахад нь аймгийн арслан О.Наранбаатар дагуулж мушгиад, Улсын начин цолны босгыг давлаа.
Тэгвэл Улсын арслан Ц.Содномдоржийг аймгийн арслан М.Бямбадорж, Улсын арслан Э.Оюунболдыг аймгийн арслан Ш.Отгонтөгс, Улсын гарьд Б.Гончигдамбыг аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр, Улсын заан Д.Анарыг аймгийн арслан М.Бэлгүтэй нар тус тус давж, Улсын начин цолны босго даваад байна.
Эдгээр таван бөх цаашид цолоо ахиулах боломжтой. Ялангуяа Сүхбаатарын Онгоны уугуул, аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр бүр дээшээ даваанд хүрч магадгүй гэсэн таамаглалыг бөхийн хорхойтнууд дэвшүүлсээр ирсэн билээ.
Шинээр улсын начин цолны болзол биелүүлж, тав даваад буй бөхчүүд:
Дорноговь аймгийн Айраг сумын уугуул, аймгийн арслан Мөнхжаргалын Бямбадорж 34 настай.
Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын уугуул, аймгийн арслан Шаравдоржийн Отгонтөгс 34 настай.
Сүхбаатар аймгийн Онгон сумын уугуул, аймгийн хурц арслан Нямдоржийн Өсөхбаяр 27 настай.
Дорнод аймгийн Баян-Уул сумын уугуул, аймгийн арслан Мөнхжаргалын Бэлгүтэй 32 настай.
Өвөрхангай аймгийн Хархорин сумын уугуул, аймгийн хурц арслан Оюунгэрэлийн Наранбаатар 33 настай.
Сэтгэгдэл ( 0 )