Эв нэгдлийн шидээр 76 жилийн ган тайлсан Э.Батмагнайн түрүү

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 07 сарын 13

2025 оны Улсын их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд уламжлал ёсоор 512 бөх барилдсан ч үзүүр түрүүнд том цолтнуудаас ядаж нэг нь үлддэг уламжлал энэ удаад тасалдлаа. Уламжлалыг тасалсан “нөхдүүд” бол Баянхонгорын Жинст сумын уугуул, 24 настай Энхтүвшингийн Батмагнай, Сүхбаатар аймгийн Онгон сумын уугуул, 26 настай Нямдоржийн Өсөхбаяр нар.

Энэ хоёр залуугаас өмнө 1955 оны наадамд 256 бөхийг сугалаагаар барилдуулахад Төвийн Баян-Өнжүүлийн Самдангийн Оргодол, Булганы Тэшигийн Балжингийн Бадам хоёр үзүүр түрүүнд хүрч, олны нүдийг орой дээр нь гаргаж байсан юм билээ. Улсын цолгүй хоёр залуу бөх түрүү үзүүрт хүрчихээр хэн ч гайхах нь аргагүй. Энэ ганц удаагийн “галзуу” тохиолдлоос өөрөөр бол 1925 оноос хойш бүтэн 100 жилийн түүхэнд улсын наадмын үзүүр түрүүнд ядаж нэг улсын заан цолтон шалгарсаар өдийг хүрсэн юм. Тэгтэл энэ удаагийн үзүүр түрүүнд үлдсэн хоёрын том цолтой нь улсын начин байлаа.
 

Э.Батмагнай, Н.Өсөхбаяр нарын хувьд хоёулаа түрүүлнэ гэсэн сэтгэлзүйтэй, түүнийгээ нуудаггүй, ил цагаан хэлчихдэг. Тэгээд хэлсэндээ хүрч ч чадлаа. Монгол түмэн домогт Жигжидийн Мөнхбатыг л ам гарч байгаад хэлсэндээ хүрдэг аатай нэгэн байсныг мэднэ. Тэгвэл энэ хоёр залуу зарлаж байгаад үзүүр түрүүнд хүрчихлээ.

“Түрүүлнэ гэдэгтээ итгэлтэй байна. Хүлээж байгаарай” гэж Э.Батмагнай өгүүлж байсан бол Н.Өсөхбаярын гэргий ярилцлагадаа “Бид хоёр эхлээд арслан болно дараа нь аварга болно” гэж зорилгоо зоригтойхон хэлснийг олон түмэн сонссон л байж таарна.

Энэ хоёр залуутай шинэ үе түрэн гарч ирж, тэр шинэ үетэй шинэ хандлага, сэтгэл хөдлөлөө чөлөөтэй илэрхийлж чаддаг нээлттэй үеийнхэн ирж буйг бид өчигдөр бэлхнээ харлаа. Өмнө нь наадмаар өрсөлдөгчөө давчихаад хуруугаа гозойлгоход ч шүүмжлүүлдэг байлаа шүү дээ. Одоо бол гозойдог хуруу энгийн үзэгдэл, дэвжээн дээр сэтгэл хөдлөлөө сул тавих жирийн юм болжээ. Ирж буй цагаа бид байгаа чигээр нь хүлээн авч, хайрлан дэмжих ёстой биз ээ.
 


Э.Батмагнайг энэ наадамд нутгийн ах, улсын начин Дашдоржийн Цэрэнтогтох гурвын даваанд амлаж, гар амар нэг давуулснаар стратеги, тактикийн ажиллагаа эхэлсэн. Дараа нь дөрвийн нугалаанд улсын харцага Ц.Мөнхбаяртай таараад давахад тав дээр улсын заан Доржхандын Хүдэрбулга авч, дахин нэг даваа ядралгүйгээр гэтэлгэж, замыг нь засаж өгсөн.

Төв нутгийн заан 2022 оны наадмын тавын даваанд Ө.Батзул агсныг буюу чөлөөтийн дүүгээ амлаж начин цолны босго давуулж байсан бол энэ удаад чөлөөтийн өөр нэгэн дүү Э.Батмагнайгаа тав дээр авч, замыг нь засаж өглөө. Наадамд хоёр даваа гар амар давчихна гэдэг цаашдын ширүүн барилдаануудад хүчийг нөөж өгөх нь ойлгомжтой. Н.Золбоо харцага Ө.Батзул агсны зурагтай футболкатай ирсэн нь ч чөлөөтийнхний эв нэгдлийг харуулсаар, сэтгэл хөндүүрлэм хэрнээ хүндлэм санагдаж байлаа.
 


Ийнхүү тав давсан Э.Батмагнайг зургаагийн даваанд Цахилгаан Зоригоо хүлээж байлаа. Гэхдээ Хонгор нутгийн залуу энэ хавраас жин нэлээн нэмчихсэн, түүнийгээ дагаад бяр ч нэмэгдсэн болохоор хамж дайраад залгуулан тахимдаа болгоод тун эвгүй өрсөлдөгчөө давсан юм. Өнгөрсөн хавар нэгэн нэрэмжит барилдаанд энэ хоёр таарахад Цахилгаан Зоригоо буюу улсын харцага Б.Зоригтбаатар хэд хэдэн удаа цахилж, мэх угсруулан хийсэн ч эцэстээ унаж дууссан. Харин энэ удаад Э.Батмагнай мэх хийх боломж өгөлгүй, өөрөө өрсөж дайраад мөн л давлаа. Цаанаасаа багш дасгалжуулагчдынх нь өгсөн заавар тийм байсан биз.
 


Долоогийн даваанд Э.Батмагнай тунах нь гарцаагүй. Харин хэнтэй гэсэн асуултын хариуг Б.Пүрэвсайхан заан гурван бөхөөс ам авахдаа өгсөн юм. Ховдын хүчиm заан энэ даваанд Н.Өсөхбаярыг авснаар Баавгай заан Б.Бат-Өлзийтэй тулгасан. Э.Батмагнайгийн энэ давааны даваа тэртээ 2000 оны наадмаар Д.Сумъяабазарыг А.Сүхбат гар ачиж давдгийг санагдуулам. Даваа нь нэг, мэх нь ч адил. Гэхдээ мэдээж, жижиг деталиад өөр л дөө. Золгомогцоо эргэлзэлгүйгээр гар ачаад нисэлттэй маягтай унагаж, шөвгийн дөрөв рүү гараад явчихлаа.

Шөвгийн дөрөвт дархан аварга Н.Батсуурь нутгийн аварга П.Бүрэнтөгс, Э.Батмагнай хоёрыг орхиж, аймгийн арслан Н.Өсөхбаяр амласан. Э.Батмагнай хөлд нь дохиод буцаха П.Бүрэнтөгс аварга дарж авах гээд амжилгүй хий дарснаар хүчиндээ өөрөө уначихлаа. Биед нь хүрэхгүй давна гэдэг шиг л юм боллоо. Ө.Батзул агсан мөн яг ингэж орж буцаад өрсөлдөгчөө хий даруулж давж байсныг ч мөн санагдуулаад амжив.
 


Үзүүр түрүүнд Н.Өсөхбаяр гарч ирлээ. Тавын даваагаа л гэтэлчихвэл дээшээгээ гацаагүй гараад явчихна гэх Монгол түмний яриа яг биелж, улсын гарьд цолыг баталгаажуулчихаад гарч ирж байгаа нь энэ. Монголчууд бөхөө нарийн сайн мэддэг, нэг ёсондоо бүгдээрээ бөхийн мэргэжилтэн, экспертүүд гэдгээ Н.Өсөхбаяр дээр ийнхүү нотолгоосон.

Үзүүр түрүүнд Э.Батмагнай гар ачих гэсэн үү тонгойн ороход толгойг нь уургалаад элэг бүсний уяатайгаа холбоод доош дарчихсан Н.Өсөхбаярт улсын арслан цолны тэмдэгт хүрэхэд ердөө 10-хан сантиметр дутлаа. Тэр байрлалаас Н.Өсөхбаяр хүчилж дарж татахад  Э.Батмагнайгийн өвдөг зүлгэнд хүрэхэд их л бодож 10 сантиметрийн зай үлдсэн.

Толгой уургалж дарсан нь 2007 оны наадмаар Х.Мөнхбаатар хагалж цохиод И.Доржсамбууг дөрвөн хөллүүлээд цээжээрээ дарсаар байгаад давдагтай төстэй харагдсан. Булганы гарьд тэгэхэд яалт ч үгүй авдар шиг том цээж дороос босож ирж чадаагүй. Харин энэ удаад Э.Батмагнай цээжин дор нь бүрэн орчихоогүй тул толгой уургалж даруулсан хүнд байрлалаас босож ирсэн төдийгүй тун ч удалгүй өнөөх л гар ачаагаа хоёр хөл залгуулан хийж давснаар, улсын наадмын түрүү хүртлээ.
 


Э.Батмагнайгийн баярлан, гараа зангидан, дээш харан хашхирч буй, Н.Өсөхбаярын сөхөрч суугаа агшин бөхийн хорхойтнуудын ой тойноос хэзээ ч арилахгүй биз ээ. Ийм л арилшгүй мөр үлдээсэн сайхан наадам болж өнгөрлөө. Дараа нь хоёр залуу тэврэлдэн бие биедээ баяр хүргэж, гар гараасаа хөтлөлцөн индэр рүү алхаж, олон түмэндээ ч хоёулаа мэхийн ёсолсон. Энэ бол тэдний үе, энэ бол шинэ үе, энэ бол шинэ соёл, шинэ хандлага.

Э.Батмагнайн багш С.Мөнхдуулдахын гэртээ хэрхэн жаахан хүүхэд шиг үсэрч цовхчин баярлаж, дараа нь баярын нулимс унаган гэрээсээ гарч буй бичлэг, үзүүр бөх Н.Өсөхбаяр руу эхнэр нь хошуугаа цорвойлгон угтаж буй агшин, дархан аварга Н.Батсуурь түрүүлж үзүүрлэсэн залууст баяр хүргэж буй мөч гээд сэтгэл догдлуулсан олон сайхан агшнаар нүд, сэтгэл баясгалаа.
 

Ийнхүү 1949 оны наадамд Баянхонгор аймгийн Богд сумын уугуул Пагамын Аюуш түрүүлснээс хойш бүтэн 76 жилийн дараа Хонгор нутаг түрүү бөхөө сэтгэл дүүрэн баяр, нүд дүүрэн нулимстай угтан авлаа.

П.Аюуш арслангаас хойш 1990 оны наадамд Том хэмээх домогт Пунцагийн Сүхбат босоо дархалсан онцгой аварга Б.Бат-Эрдэнийг этэж суулгачихаад дэвэрч дэвхэрч үсэрсэн ч улсын арслан цолыг нь өгөөгүй юм. Тэгвэл одоо тэнгэрээс нутгийн хүүгийн  түрүүг харж, цээжиндээ шивүүлсэн арслангийн дүрс нь амилж, архирч буй биз ээ.

Том Сүхбат гэснээс Баянхонгорын бөхчүүдийн дэвжээг үүсгэн байгуулж, олон жил ахласан түүний үйл хэргийг залуус үргэлжлүүлж, өнгөрсөн хавар “Их богд” болон “Хонгор нутаг” дэвжээний бөхчүүд 100 хувийн саналаар хоёр дэвжээгээ нэгтгэж, “Тэргүүн богд” хэмээн нэрлэж, хамтран бэлтгэлээ базааж, нэг удирдлага, нэг санаа зорилго дор нэгдсэн юм. Э.Батмагнайн энэ түрүү бол тэрхүү эв нэгдлийн үр шим, шагнал нь.

Улсын харцага Д.Батболд, Н.Золбоо, улсын начин Ж.Чулуунбат гээд олон сайхан бөхчүүд мөн бөхдөө дуртай хүмүүс энэхүү дэвжээндээ сэтгэл санаа, үйл хэргээ нэгтгэж, хамтдаа байж чадсны гавъяа шагналаа ингэж хүртэв.  Монгол бөхийн их хийморь ивээх болтугай!

 

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Michael Gard(37.120.142.89) 2025 оны 07 сарын 27

ZNAM DA ĆETE MI KASNIJE ZAHVALITI NA OVIM INFORMACIJAMA...\nTOPLI POZDRAV LJUDIMA EUROPE, HRVATSKE, ZAGREBA, BOSNE, SRBIJE ITD. ”” OVO JE IZVRSNA PRILIKA ZA VAS DA DOBIJETE KREDIT OD ALLIANT KREDITNE UNIJE. PRUŽAM VAM PLATFORMU ZA DOVLAČENJE KLIJENATA I PONUDIT ĆU IM KREDIT U DOBROJ VJERI. Imate priliku dobiti kredit u bilo kojoj denominaciji od 2000 (€, $, KUNA) - 5.000.000 (€, $, KUNA) s mogućnostima otplate od 1 godine do 45 godina bez previše obveza.\nKONTAKT PODACI:\nWhatsApp: 385-9156-08706\nE-pošta: {hybridalliantcreditunion@gmail.com}

0  |  0
Зангараг(66.181.179.197) 2025 оны 07 сарын 15

Залуучуудыг цаасан малгай өмсгөж хөөрөгдөөд хэрэггүй, тэд даруухан байж амжилтаа ахиулаг.

0  |  0
Засуул засаг(66.181.179.197) 2025 оны 07 сарын 14

7 ийн даваанд Пүрэвсайхан заан үзүүр түрүүний 2 ыг тунааж болох байв гэвч тэгсэнгүй замыг нь заслаа. 8 ын даваанд Батсуурь аврага үзүүр түрүүний 2 залууг тунааж болох байв гэв тэгсэнгүй замы нь заслаа. 2 залуу хүчтэй байв уу, мөнгө хүчтэй байв уу замыг нь эртнээс зассан даа. Ингэж хардах эрх надад ч бий танд ч бий.

0  |  0
DR. ADITYA(102.89.83.66) 2025 оны 07 сарын 14

Эрхэм ноён/хатагтай,\n”Адитяпрадхан” эмнэлгийн бөөрний донор яаралтай шаардлагатай байгааг бид олон нийтэд мэдээлмээр байна. Бөөрөө өгөхдөө 100 хувь үнэнч, нухацтай ханддаг хүмүүс 780,000 ам.долларын нөхөн төлбөр авах боломжтой.\n\nСонирхсон хандивлагчдыг dr.pradhan.urologist.lt.col@gmail.com хаягаар бидэнтэй яаралтай холбоо барихыг зөвлөж байна.

0  |  0
zochin(103.212.118.156) 2025 оны 07 сарын 15

Мөнхжин сэтгүүлчдээ баярлалаа, сайхан бичсэн байна, сүүлийн үед ингэж бичдэг сэтгүүлчид ховорджээ

2  |  0
zochin(49.109.106.117) 2025 оны 07 сарын 14

gahaig yagaad baysaad baigaag oilgohgui yum hiam mantuu tharaitai nairaanii nuhdiig neeh taalah alba bna uls ornii hugjuld ymar nemergui tejeelgeh durtai gahainuud

0  |  2
Нэргүй(202.9.46.111) 2025 оны 07 сарын 14

Түвшинбаярыг аварга болж байхад хүмүүс яаж байлаа. Одоо бүгд мартсан аав ээж нь мартаагүй.\n

1  |  0
Жаргалбаяр(66.181.160.21) 2025 оны 07 сарын 14

Тиймээ энэ хавар Бөхийн Өргөөнд хэн сайн байсан гэвэл 1-рт Батмагнай л сайн байсан бөх сонирхогч Би Лхагвагэрэлийн улаан фенч энэ жилийн хувьд түрүүлэх ёстой хүн нь түрүүллээ гж бодж баярлаж байнаа үзүүрт хүч үзэх байсан Аврага Хангай 5ийн даваанд буруу ам авч унснаар Батмагнай хүүгийн зам нь засагдсан энэ нь ч түрүүлэх бөхийн ёндоо бизээ агуу Бат-эрдэнэ аврага 24 насандаа анхныхаа түрүүг авч байсан Баагий аваргын замаар хазайлгүй явж дархан аврага болоорой гэж ерөөе

2  |  0
Close menu