2010 оны Өвлийн олимпын наадмын хүрэл медальт, Норвегийн тамирчин Аудун Грёнволд аянганд цохиулж нас барсан эмгэнэлтэй явдал болжээ.
Энэ талаар Норвын Цанын Спортын Хорооноос өчигдөр буюу лхагва гаригт мэдэгдсэн байна. Грёнволд 49 настай байлаа. “Аудун Грёнволдын зуурдаар нас нөгчсөн тухай эмгэнэлт мэдээг гашуудалтайгаар хүлээн авлаа. Завиар аялж яваад аянганд цохиулж нас барсан гэсэн мэдээлэл бидэнд ирлээ” хэмээн Норвегийн Цанын Холбооны мэдэгдэлд дурджээ.
Аянганд цохиулсны дараагаар яаралтай эмнэлэгт хүргэж, тусламж үзүүлсэн ч өнгөрсөн мягмар гаригт өөд болжээ. Тэрээр эхнэр, гурван хүүхэдтэй. Эхнэр Кристин Хаугшо эмгэнэлт явдлын талаар сошиал хуудастаа “20 жилийн турш хамтдаа сайхан амьдарсан их хайр минь байлаа” гэж бичсэн байна. Мөн зуны амралтаар гэр бүлээрээ аялах үеэр золгүй явдал тохиолдсоныг дурджээ.
Сэтгэгдэл ( 0 )