Саммер Макинтош Дэлхийн дээд амжилтад 0.18 секунд дутаад **** гэж хараав

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 08 сарын 01

Сингапурт усанд сэлэлтийн ДАШТ үргэлжилсээр байна. Өнөө цагийн төдийгүй усан спортын түүхэнд мөнхрөх амжилт үзүүлсээр буй Канадын 18 настай Саммер Макинтош хувийн дүнгээр Дэлхийн аваргын гурван алтан медаль хүртээд амжлаа.

Өчигдөр 200 метрийн эрвээхэй сэлэлтээр алтан медаль зүүхдээ Дэлхийн дээд амжилтад тун ойртож, энэ төрлийн түүхэн дэх хоёрдахь цагийг тэмдэглүүлсэн юм.

2009 онд Хятадын тамирчин Лю Чигэ 200 метрийн эрвээхэй сэлэлтэд 2:01.81 минутаар Дэлхийн дээд амжилт тогтоосон нь одоо хүртэл хөндөгдөөгүй. Энэхүү дээд амжилтыг эвдэхийг Макинтош хичээсэн ч 2:01.99 минут буюу ердөө 0.18 секундээр хоцорч барианд хүрлээ. Сүүлийн дайралтдаа хурд алдсан канад бүсгүй барианд ормогцоо цаг хараад бухимдан **** гэж хараасан юм.

“Сүүлийн 15 метрт болж өгсөнгүй гэдгээ би мэдэж байна. Гэхдээ ерөнхийдөө бол сэтгэл хангалуун үлдлээ. Харамсалтай нь зорилгодоо хүрч чадсангүй” гэж Саммер Макинтош өгүүлжээ. Гэхдээ Макинтош хоёрдугаар байрт орсон тамирчнаас бүтэн 3 секундээр тасарсан байна.

Хятадын 12 настай Юү Жиди 200 метрийн холимог сэлэлтэд мөн дөрөвдүгээр байр эзэллээ.

“Францын Фелпс” хэмээх хочит Леон Маршан лхагва гаригт 200 метрийн холимог сэлэлтэд Райан Лохтэгийн удаан тогтсон Дэлхийн дээд амжилтыг эвдэж, 1:52.69 болгож шинэчилсэн.

Румын улсын 20 настай тамирчин Давид Попович 100 метрийн чөлөөт сэлэлтэд 46.51 секундын амжилтаар Пан Жанлэгийн Дэлхийн дээд амжилт руу нэлээн дөхлөө.

Олимпын аварга Попович ялалтынхаа дараа “Айдсаасаа болоод асар их дарамтанд орчихсон болохоор л сая санаа амарлаа. Ялах, ялагдахын тухай айдас минь үүгээр төгслөө. Цаашид айдасгүй уралдах болно. Би их зан гаргаж байгаа юм биш шүү. Харин өөрийгөө хөгжүүлж чадаж буйдаа сэтгэл дүүрэн байна” гэжээ.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top