Карлсен: Шонхор харваж унагаахаар би нум сумаа бэлэн авч яваа

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 08 сарын 04

Дэлхийн шатрын чансааг олон жилийн турш тэргүүлсээр буй Магнус Карлсен Chess Esports World Cup-ийн анхны томоохон тэмцээнд түрүүлж, 250 мянган ам.доллар гардлаа.

Тэмцээний финалд Алиреза Фиружаг дөрөв хожиж, хоёр тэнцээд, нэг хожигдсон дүнгээр ялсан юм. Энэ ялалтынхаа өмнө өгсөн ярилцлагадаа “Би нум сумаа хэзээ л бол хэзээ гаргаж ирээд харвахад бэлэн авч яваа. Саяхан нэг шонхорыг харваад унагасан. Маргааш дахиад нэгийг унагана даа” хэмээн ёжтойхон өгүүлсэн юм.
 


Магнус Карлсений IQ-г 186 гэдэг. Энэ нь алдарт эрдэмтэн Альберт Эйнштэйнийхээс ердөө ганцхан оноо дутаж буй хэрэг.

Дэлхийн шатрын 13 дахь аварга Гарри Каспаров “Магнус бол байгалийн өвөрмөц үзэгдэл юм. Тархи нь маш олон хувилбарыг ургуулан тунгаан бодож чаддаг оюун ухааны итгэмээргүй чадвартай. Тиймээс өрсөлдөгчид нь үргэлж хүнд байх болно.
 


Шатрын нүүдлүүдийг нь харахад үзүүштэй, сонирхолтой гэмээргүй. Гэхдээ л хожил хамгийн чухал болохоор энэ тал дээрээ Карлсен дэндүү чадамгай.

Тоглолтын арга барил нь компьютерийн Фритц программыг санагдуулдаг гэж би өмнө нь хэлж л байсан. Өөрөөр хэлбэл, хэзээ жирийн нүүх, хэзээ энэрэлгүй дайрах, хэзээ түрэмгий байхыг маш сайн мэддэг юм” хэмээн өгүүлжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top