Францын эмэгтэйчүүдийн шатрын аваргаар трансжендер тодорлоо

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 09 сарын 09

Дэлхийн шатрын түүхэнд эмэгтэйчүүдийн улсын аваргаар трансжендер тамирчин шалгарсан хоёр дахь тохиолдол өнгөрсөн амралтын өдөр боллоо.

Францын эмэгтэйчүүдийн шатрын аварга шалгаруулах тэмцээнд 37 настай Ёоша Иглесиас түрүүлсэн байна. Түүнээс өмнө 2003 онд Германы эмэгтэйчүүдийн шатрын аваргаар Аннемариа Майер шалгарсан нь анхны трансжендер тамирчин болж бүртгэгдсэн юм.

Тэгвэл энэ удаа Аннемариа Майер Францын шинэхэн аваргад баяр хүргэж,  зурвас илгээсэн байна. “Трансжендерүүдийг нийгэм хүлээн авах ёстойг, тэдний эрхийг дээдлэх ёстойг тод томруунаар илтгэн харуулж, дохио өгсөн явдал боллоо. Шатарт трансжендер тамирчдыг гадуурхахгүй, айдаст автуулахгүй байх талаар уриалга гаргах болно” хэмээн Аннемариа Майер мэдэгджээ.

Францын аварга Ёоша Иглесиас “Шатар, хүсэл хоёрынхоо алийг нь сонгох вэ гэсэн хэцүү сонголттой залуу трансжендерүүд тулгарах шаардлагагүй болж буйд би нэн тэргүүнд баярлаж байна. Надад тохиолдож, намайг шаналгасан шиг хайртай шатраа үргэлжлүүлэн тоглохын тулд трансжендер чанараасаа татгалзах шаардлагагүй боллоо. Одоо залуус тийм хэцүү сонголттой тулгарахааргүй болсон нь сайхан хэрэг” хэмээн мэдэгджээ.

Ёоша Иглесиас 2021 онд хүйсээ солиулсан юм байна. Үүнээс хойш трансжендерүүдийн эрхийн төлөө тууштай тэмцсээр, үгээ хэлсээр өдийг хүрчээ. Хоёр жилийн турш эмэгтэйчүүдийн тэмцээнд оролцохыг нь хориглож байсан гэнэ. Үүнээс болоод сэтгэлээр унаж, амиа хорлох тухай ч бодож байснаа ярьсан удаатай ажээ.

“Хүйсээ солиулснаар их үзэн ядалт, гадуурхалттай тулгарна гэдгээ би мэдэж байсан. Гэвч энэ бүхнийг илүү хатуужиж, илүү өсөн дэвжих боломж гэж бодсон. Азаар Францын шилдэг шатарчин эмэгтэйчүүд ихэвчлэн миний найзууд. Найзууд маань дэмжсэн нь сайхан санагдлаа” хэмээн ярьсан Ёоша Иглесиас цаашдаа Олимпын наадамд Франц улсыг төлөөлж оролцох мөрөөдөлтэй гэнэ. Мөн Европын багийн АШТ-д оролцохыг зорилгоо болгожээ.

“37 настайдаа би шатарчны замналынхаа оргилд хүрлээ. Энэ нь хүссэнийнхээ төлөө зориглож чадвал жинхэнээсээ цэцэглэж болдгийг харууллаа. Цаашид би улам их хичээх болно” гэжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top