Шатрын улсын аваргад С.Билгүүн, Б.Мөнгөнзул нар тэргүүлж явна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 09 сарын 12

Есдүгээр сарын 3-нд Баянхонгор аймгийн төвд Монгол Улсын Шатрын Аварга Шалгаруулах Тэмцээн эхэлсэн.

Эрэгтэй, эмэгтэй тус бүр 12 шилдэг шатарчин шалгаран оролцож буй тэмцээний найман өрөг өнгөрөөд байна. Найман өргийн дараагаар эмэгтэйчүүдээс олон улсын мастер Бат-Эрдэнийн Мөнгөнзул 7 оноотой тэргүүлж эхэллээ. Түүний араас Х.Баясгалан хагас оноо дутуу нэхэж, 6 оноотой хоёр их мастер Т.Мөнхзул, Б.Мөнгөнтуул нар 3-4 дүгээр байрт явна.
 


Б.Мөнгөнзул 6 хожиж, 2 тэнцээд байгаа юм. Өчигдөр 8 дугаар өрөгт их мастер Т.Мөнхзулыг хожсоноор тун чухал оноо авлаа. Их мастер Б.Мөнгөнтуулыг 6 дугаар өрөгт их мастер Т.Мөнхзул хожиж, бүтэн оноогоо авсан ч дараа нь Б.Мөнгөнзулд ийнхүү хожигдлоо.

Б.Мөнгөнзул үлдсэн гурван өрөгтөө Э.Хүслэн, Х.Баясгалан, Э.Энхрий нартай тоглох болно. Энэ жил форм сайтай, өргөөс өрөгт улам чангарсаар буй Б.Мөнгөнзул энэ янзаараа үргэлжлүүлбэл улсын аварга болоход ойрхон байна.
 

Эрэгтэйчүүдээс их мастер Сумъяагийн Билгүүн, олон улсын мастер М.Амилал нар тус бүр 6 оноотой тэргүүлж явна. С.Билгүүн 4 хожиж, 4 тэнцсэн бол М.Амилал 5 хожиж, 2 тэнцэж, 1 хожигдоод байгаа юм. 10 дахь өрөгт хоёр мастер хоорондоо таарсан байгаа. Их мастер С.Билгүүн цагаанаар наадах болно.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top