“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болж байна

2 цагийн өмнө

Монголын уудам тал, говийн амьдралын салшгүй нэг хэсэг болсон тэмээ бол зөвхөн мал аж ахуйн нэг төрөл бус, нүүдэлчдийн соёл, тэсвэр хатуужил, байгальтай зохицон орших тод илэрхийлэл билээ.

Ардын уран зохиолч Пунцагийн Бадарч “Тэмээ – таван амьд эрдэнийн минь нэг” хэмээн яруу найрагтаа мөнхөлсөн шиг, тэмээ бол монгол ахуйн үнэт зүйл, амьдралын тулгуур болсоор ирсэн.

Мөн Ж.Шагдарын үг, Х.Сэргэлэнгийн ая, алдарт дуучин П.Адарсүрэнгийн дуулснаар ард түмний сэтгэлд хоногшсон “Тэмээн дээрээс наран ойрхон” дуу нь монгол хүний алсыг харсан ухаан, тэнгэртэй ойр орших гүн философийг илэрхийлдэг. Энэхүү сайхан нэршил өнөөдөр үндэсний хэмжээний өвлийн их наадмын нэр болон мөнхөрч байгаад бид бахархаж байна.

Энэхүү өвлийн их наадам нь монгол тэмээг сурталчлах, түүний ашиг шимийг эдийн засгийн эргэлтэд оруулах, аялал жуулчлалыг тэмээний соёл, спорттой уялдуулан хөгжүүлэх, соёлын өвийг түгээн дэлгэрүүлэхэд онцгой ач холбогдолтой юм.

Энэ удаагийн наадмаар дөрвөн насны хурдан тэмээний уралдаан, тэмээн харваа, тэмээн поло, тэмээн дээрээс шагай шүүрэх, буйл зорох, бурантаг томох, эмнэг тэмээний туйлаан зэрэг уламжлалт болон орчин үеийн тэмцээн, уралдаанууд зохион байгуулагдаж, шилмэл буур, шилмэл ингэ, сайхан тэмээтэй ганган хосыг шалгаруулж байна.

Мөн тэмээний сүү, цагаан идээ, ноос, арьсан бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, өвлөн уламжлагчдын тусгай үзэсгэлэн гарч буй нь тэмээний соёлыг олон нийтэд ойртуулан таниулах чухал алхам болж байна.

Тэмээчдийн V зөвлөгөөнөөр тэмээн соёлыг хадгалах, хамгаалах бодлого, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн нөлөө, аялал жуулчлалыг тэмээн соёлтой уялдуулан хөгжүүлэх чухал асуудлуудыг хэлэлцэн, бодитой зөвлөмж, шийдэл гаргана гэдэгт итгэлтэй байна.

Сүүлийн жилүүдэд улсын хэмжээнд тэмээний тоо толгой тогтвортой өсөж, 2025 оны байдлаар 501 мянгад хүрсэн нь монгол малчид, тэмээчдийн уйгагүй хөдөлмөрийн бодит үр дүн юм. Энэ бол бид уламжлалаа хадгалж, ирээдүй хойч үедээ өвлүүлэх баттай үндэс билээ.

Монгол Улсын Засгийн газар, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам үндэсний соёлын өвийг хамгаалах, өвлийн аялал жуулчлал, үндэсний спортыг хөгжүүлэх, орон нутгийн оролцоонд тулгуурласан тогтвортой хөгжлийг дэмжихэд онцгойлон анхаарч ажиллаж байна.

Энэхүү наадмыг өөрийн ивээл дор зохион байгуулж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Танд, Дундговь аймгийн Засаг дарга Ж.Мөнхчулуун, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, мөн хамтран зохион байгуулж буй бүх байгууллага, дэмжигчид, оролцогчдод чин сэтгэлийн гүн талархал илэрхийлье.

“Тэмээн дээрээс наран ойрхон” хэмээх энэ сайхан нэршил шигээ Монгол хүний алсыг харсан ухаан, тэмээний тэсвэр хатуужил, говийн соёл, нүүдэлчний өв уламжлал үеэс үед мөнхөд үргэлжлэх болтугай.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top