2026 оны хаврын улиралд Төв аймаг аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх, бүс нутгийн онцлогт түшиглэсэн тогтвортой бодлого хэрэгжүүлэх чиглэлээр томоохон ажлуудыг эрчимжүүлэхээр төлөвлөжээ.
Энэ хүрээнд Төв аймгийн Эрдэнэ суманд аялал жуулчлалын анхдугаар чуулга уулзалтыг зохион байгуулж, төр, хувийн хэвшил, аялал жуулчлалын байгууллагууд болон иргэдийн төлөөлөл оролцон салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдсан асуудал, хөгжлийн гарцыг хэлэлцлээ.
Төв аймгийн Эрдэнэ суманд болсох аялал жуулчлалын анхдугаар чуулга уулзалтад төр, хувийн хэвшил, аялал жуулчлалын байгууллагууд болон иргэдийн төлөөлөл оролцон салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдсан асуудал, хөгжлийн гарцыг хэлэлцсэн юм.


Эрдэнэ сум нь Улаанбаатар хоттой ойр байршилтай, байгалийн үзэсгэлэнт тогтоц, түүх соёлын дурсгалт газрууд олонтой тул аялал жуулчлалын голлох бүс нутагт тооцогддог. Сүүлийн жилүүдэд тус суманд аялал жуулчлалыг хөгжүүлэх, үйлчилгээний чанар, стандартыг сайжруулах чиглэлд бодитой ажлууд хийгдэж байгаа бөгөөд энэ удаагийн чуулганыг салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх чухал алхам гэж онцолж байна.
Эрдэнэ сум 2026 оны аялал жуулчлалын стратеги төлөвлөгөөг дөрвөн зорилт, 11 арга хэмжээтэйгээр батлан, хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Одоогийн байдлаар сумын хэмжээнд 65 жуулчны бааз үйл ажиллагаа явуулж, 56 өрхийн 220 гаруй иргэн аялал жуулчлалын чиглэлээр бизнес эрхэлж байна. Тухайлбал, “Женко тур бюро”, “Баянгол ресорт”, “Бугат ресорт”, “Есөн өрлөг”, “Монгол нохой чарга” зэрэг 10 гаруй аялал жуулчлалын үйлчилгээний газар жилийн дөрвөн улиралд тогтмол ажиллаж байна.
Өнгөрсөн онд Эрдэнэ суманд 300 мянга гаруй дотоод, гадаадын жуулчин, аялагч иржээ. Цаашид үйлчилгээний стандарт, дэд бүтцийг шинэ түвшинд хүргэснээр аялагчдад илүү чанартай үйлчилгээ үзүүлэх, жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх, орон нутгийн бизнес эрхлэгчдийг дэмжих, эдийн засгийн эргэлтийг тэлэх ач холбогдолтой гэж үзэж байгаа юм.
Чуулганы үеэр аялал жуулчлалын салбарын стандарт, шинэчлэл, хүний нөөцийн чадавх, дэд бүтцийн хүртээмж, авто зам, ариун цэврийн байгууламж, мэдээллийн нэгдсэн тогтолцоог сайжруулах асуудлыг түлхүү хөндөж байлаа. Мөн аялал жуулчлалын үйлчилгээний чанарыг нэмэгдүүлснээр бүс нутгийг зорин ирэх жуулчдын тоо өсөхөөс гадна орон нутгийн иргэдийн орлого нэмэгдэж, шинэ ажлын байр бий болох боломжтой гэдийг онцолсон юм.



Сэтгэгдэл ( 0 )