Дэлхийн малчдын чуулган маргааш эхэлнэ

Б.Сэцэн | Zindaa.mn
47 минутын өмнө

"Дэлхийн малчдын чуулган, бага хурал"-ыг энэ сарын 14-15-ны өдрүүдэд Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага /ФАО/ хамтран Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна. Арга хэмжээнд дэлхийн 102 орны нүүдэлчид болон нүүдэлчдийн байгууллагууд, иргэний нийгмийн байгууллага, их, дээд сургуулиудын төлөөлөгч 240 орчим зочид, Монгол Улсаас 100 малчин оролцох юм.

Чуулганы нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Гадаад харилцааны сайд Батцэцэг, ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцийн (UNCCD) Ерөнхий нарийн бичгийн дарга Ясмин Фуад НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын дэд захирал, Мал аж ахуй, эрүүл мэндийн хэлтсийн захирал Тханават Тиенсин, НҮБ-аас Монгол Улсад суугаа суурин зохицуулагч Яап Ван Хиерден нар оролцоно.

Дэлхийн нийт газар нутгийн талаас илүү хувийг бэлчээр нутаг эзэлж, 200 гаруй сая хүн нүүдлийн мал аж ахуй эрхлэн амьдарч байна. Уламжлалт нүүдлийн мал аж ахуй нь дэлхийн эдийн засаг хүнсний аюулгүй байдал, тогтвортой хөгжлийн зорилтын хэрэгжилтэд чухал хувь нэмрээ оруулдаг.

Гэвч сүүлийн жилүүдэд нүүдлийн мал аж ахуйн салбар уур амьсгалын өөрчлөлт, хөрсний доройтол, газар ашиглалт, зах зээл, нийгмийн үйлчилгээнээс алслагдах зэрэг олон сорилттой тулгарч байгаа. Тиймээс энэхүү сорилтуудыг даван туулах зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх "Цагаан алт", "Хүнсний хувьсгал" зэрэг үндэсний хөдөлгөөнүүдийг санаачлан хэрэгжүүлж, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон мал аж ахуйн тогтолцоогоор хүнсний аюулгүй байдлыг хангах, малын түүхийн эдийн боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих бодлого хэрэгжүүлж байгаа юм.

Монгол Улсын санаачилгаар дэлхий нийтээр 2026 оныг "Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил" болгон зарлах тогтоолыг НҮБ-ын Ерөнхий Ассамблейгээс баталж, одоогийн байдлаар дэлхийн 102 гаруй улс, 550 гаруй байгууллага дэмжиж нэгдээд байна.

"Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил"-ийн албан ёсны нээлт 2025 оны 12 дугаар сард Ром хотноо НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага /ФАО/-ын Төв байранд болж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцсон юм. Тэрбээр, Монгол Улсын дэвшүүлсэн энэхүү санаачилга НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоол болж батлагдсан нь дэлхийн хүнсний аюулгүй байдлыг хангах, эко системийн тэнцвэртэй байдлыг хадгалах, бэлчээрийн тогтвортой менежмент, нөхөн сэргээлтийг дэмжих, нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн үнэлэмжийг дээшлүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой гэдгийг онцлон тэмдэглэсэн билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top