ОУВС: Монголын мал аж ахуйн салбарт бодлогын шинэчлэл хэрэгтэй

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 19

Олон улсын валютын сан Монгол Улсын мал аж ахуйн салбарт бэлчээрийн даац болон цаг уурын өөрчлөлт хамгийн том сорилт авчирна гэдгийг онцолжээ. Тус сангийн тайланд дурдсанаар ган гачиг, бэлчээрийн даац хэтэрсэн нь мал аж ахуйн салбарын бодлого шинэчлэл хийх нэгэн хүчин зүйл аж.

Түүнчлэн бэлчээрийн даац хэтэрсэн нь мал, амьтны халдварт өвчин дэгдэх үндэс болдог гэдгийг онцолжээ. Өнгөрсөн арван жилийн хугацаанд малын тоо толгой бараг 70 саяд хүрсэн ч хэрхэн зохицуулах вэ гэдэг дээр төрийн бодлого сул байсан нь бэлчээрийн даац хэтрэхэд нөлөөлсөн аж. Сүүлийн жилүүдэд Зүүн Азийн бүс нутагт “шар шороон шуурга” дэгдэж байгаа нь Монгол Улсад ч мөн нөлөөлж байгааг ОУВС-н судалгаанд  дурджээ.

“Манай сангийн зүгээс Монгол Улсад хэрэгжүүлж буй өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн дагуу хэд, хэдэн зөвлөмж өгсөн. Нэгдүгээрт, бэлчээр ашигласны татварыг малчин болон жижиг дунд үйлдвэрээс авдаг болох. Хоёрдугаарт, малын гаралтай бүтээгдэхүүнийг чанараар нь ангилж урамшуулалтай болгох. Гуравдугаарт, махны үйлдвэрлэлийг дэмжиж, тоог нь нэмэгдүүлэх. Энэ нь нэг талаар өсөн нэмэгдэж буй малын тоо толгойг тэнцвэртэй байлгах нэг арга бөгөөд нөгөө талаар малчдын орлого, хэрэглэгчдийн хэрэгцээг хангах нэг түлхэц болно” гэж ОУВС-ийн тайланд дурджээ.

Хэдийгээр төрийн зүгээс малын тоо толгойг бууруулах чиглэлэр улс орныхоо онцлогт тохируулан бодлого боловсруулсан ч хэрэгжилт сул байж, улмаар бэлчээрийн даац зөвшөөрөгдөх хэмжээнээс хоёр дахин их байгааг ОУВС онцолж буй юм. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top